Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/957

 

 

    2024         9            03                                         2024/ШЦТ/957

           

           

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал,

улсын яллагч Д.Энхбаяр,

хохирогч Э.Ш , түүний өмгөөлөгч Т.Мөнхболд,

шүүгдэгч Б.А , түүний өмгөөлөгч Э.Уянга,

шүүгдэгч П.Х , түүний өмгөөлөгч Ө.Учрал нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А, П.Х нарт холбогдох эрүүгийн 2306 03523 3315 дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Б.А, Монгол Улсын иргэн,

П.Х, Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А , П.Х  нар нь бүлэглэн 2023 оны 06 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Ш г “таксины мөнгөө өгөөгүй” гэх шалтгааны улмаас түүний биед халдаж баруун дээд, доод зовхи, баруун гуяанд цус хуралт, хэвлийд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.А  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2023 оны 6 дугаар сарын 19-ний орой 23 цаг өнгөрч байхад дүү болох Х ийг Шангрилагийн зүүн талаас аваад цаашаа явж байхад Ш эгч нэг эрэгтэй хүнтэй хамт зогсож байсан. Тэгээд тэр хоёрыг “хаа хүрэх юм” гэж асуухад “13 дугаар хороолол” орно гэсэн. Тэгээд зам дагуу юм байна гэж бодоод машиндаа суулгаад цаашаа явсан. 13 дугаар хорооллын Ану-Үжингийн ард 23 цаг 40 минутын үед очиж зогссон. Тэгээд Ш эгч хамт явж байсан залуутайгаа юм яриад,” гэр лүү нь оръё” гэхэд нөгөө залуу нь “оруулахгүй” гээд тэр хоёр 30, 40 минут хэртэй маргалдаж суусаар 00:00 цаг өнгөрсөн. Бид 2 “цаг орой болчихлоо, та таксиныхаа мөнгийг өгөөд энэ газраа буучих” гэхэд нөгөө залуу нь дүү бид 2-ыг ярилцаж байх хооронд Ш гэдэг эгчийг хаяад машинаас буучихсан. Гэтэл Ш эгч бараг “та 2-оос болж надтай хамт явж байсан хүн намайг хаяж явлаа, би одоо орох оронгүй болчихлоо, намайг Яармаг руу хүргэж өг” гээд шууд уурлаж эхэлсэн. Тэгээд “та ядаж эхлээд таксиныхаа мөнгийг өгчих”гэж хэлсэн. Надад Ш гэдэг хүнийг цаашаа авч явах бодол байгаагүй. Яагаад гэвэл энэ хүн маш их согтолттой байсан. Нөгөө залуутайгаа нэлээн маргалдаж суусан. Тэр үед манай дүү хажуу талаас огт юм яриагүй. Би Ш эгчийг таксиныхаа мөнгийг өгөөд эндээ буу гэхэд буухгүй 20-оод минут болсон. Сүүлдээ энэ эгч намайг хэл амаар доромжилж эхэлсэн. “Чи яг хэн болчхоод надтай ингэж харьцаад байгаа юм, чам шиг пизданууд надад пизда царайлж долигонож байгаад надаас мөнгө авдаг, чи бараг л миний энэ өмсөж хэрэглэдэг юмыг өмсөж хэрэглэсэн үзсэн үү, чи фэндигийн цүнх барьж үзсэн үү” гэх мэтчилэн хэл амаар маш их доромжилсон. Мөн намайг жолооны хүрдний ард сууж байхад миний зүүн талын мөрнөөс удаа дараа татаж хойшоо өөр лүүгээ эргүүлж хэрүүл хийж намайг оролдсон. Тэгээд Ш эгч согтуу байсан учраас би зогсож байхдаа 102 дугаар луу буюу цагдаа руу “энэ хүн таксиныхаа мөнгийг өгөхгүй байна” гэж залгасан. Би сүүлдээ таксиныхаа мөнгийг өгөхөө болиод буу гэж гуйсан. Тэгэхэд энэ хүн машинаас буугаагүй. Тэгээд цагдаад хэлэхэд “Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр хүргэж өгнө үү” гэж хариулсан. Бид Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийг мэдэхгүй байсан учир шууд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хэлтэс рүү явсан. Замд явж байх хооронд энэ эгч “Чамаас болж надтай хамт явж байсан хүн намайг хаяж явлаа, чи намайг орох оронгүй болгосон учир гэрт минь аваачиж өг, манай гэр Яармагт байдаг, чи явах ёстой, чи хэлсэн үгээр минь хийх ёстой” гээд хэл амаар доромжилсоор л байсан. Ану-Үжингийн ард зогсож байхдаа би энэ эгчтэй шууд хэрүүл хийгээгүй. Зөндөө тэвчсэн. Энэ эгч сүүлдээ намайг “янхан, гичий” гээд намайг тарган бүдүүнээр минь дуудаж доромжилсон. Тэгээд “чи гуйлгачиндаа шөнө ингэж явж байгаа биз дээ” гээд нэлээн согтуу над руу агсраад байсан. Би аргаа бараад цагдаа дуудаж цагдаад өгье гэдэг шийдэлд хүрсэн. Энэ хүнийг Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс рүү аваачиж өгөх гээд замд явж байх хооронд энэ хүн миний зүүн талын мөрнөөс татаад “утсаар бичлэг хийж байна” гээд утсаа миний хацар дээр авчирч наагаад машин барьж явахад үнэхээр хэцүү байсан. Би цагдаад дуудлага өгсөөр явсан. Тэгээд Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр хашаа руу нь орж зогсчхоод дүү Х ийг “чи цагдаа руу ороод энэ эгчийг агсам тавиад байна гээд жижүүрийнх нь цагдааг дуудаад гаргаад ир” гэж хэлсэн. Манай дүүг гарч ирэх хооронд энэ эгч зугтаах гэж оролдож байсан. Машин дотор маш их хэл амаар доромжилж янз бүр болчхоод шууд “хөөе хаалгаа онгойлго” гээд хойноос машины түшлэг рүү өшиглөөд байсан. Би машинаасаа буугаад хаалгыг нь дарж зогсоод “цагдааг гарч иртэл байж бай” гэж хэлсэн. Би энэ хүнийг үнэхээр дийлээгүй. Энэ хүний баруун хөлөө хавчсан гээд байгаа асуудлын хувьд энэ хүн машины хаалгыг дотроос нь түгжээг нь онгойлгоод гарч ирэхдээ өөрийнх нь тухайн үеийн үйлдлээс болсон байх гэж бодож байгаа. Би тэр үед халаасгүй цахилгаантай хар өнгийн тамирын цамц өмссөн байсан. Намайг машины хаалга түлхэж байхад энэ хүн гараа гаргаж ирээд намайг татаж байхдаа миний майкыг урсан. Тэгээд би энэ эгчийг дийлэхгүй алдаад явуулчихсан. Тэгээд тэр хооронд манай эрэгтэй дүү гарч ирэхэд нь би “Төгөлдөрөө тийшээ нөгөө эгч чинь явчихлаа, цагдаа нь яасан юм” гэж асуухад “цагдаа нь дуудлага өгөхгүй бол гарч ирэхгүй гэж байна, дуудлагаа өг гэж байна” гэж хариулсан. Тэгээд энэ эгч өөр такси бариад цагдаагийн газраас явчихсан. Бид 2 цаашаа Нарантуулын урдуур  явъя гээд явж байсан чинь энэ эгч зугтахдаа барьсан такси болох улаан өнгийн приус 30 загварын таксиныхаа гадаа сууж байсан. Харин таксины жолооч нь машиндаа сууж байсан. Манай эрэгтэй дүү “нөгөө эгч байна, энэ эгч мөнгөгүй юм чинь тэр таксины жолоочийг хол явуулж бас нэг хүн хохироогоод яахав тэр ахад очоод хэлчхээд ирье” гээд манай дүү буугаад явсан. Гэтэл энэ эмэгтэй над дээр хүрч ирсэн. Би тэр үед “таксиныхаа мөнгийг ч өгөхгүй, намайг хэл амаар доромжлоод, миний хувцсыг урчхаад яагаад зугтаагаад явчхаж байгаа юм бэ, одоо цагдаа иртэл байж бай” гээд машинаасаа буугаад Ш-ийн алга болсон гээд байгаа утас гарт нь байхаар нь булааж аваад машиныхаа жолоочийн нөгөө талын суудал руу шидсэн. Тухайн үед манай эрэгтэй дүү хойно нөгөө таксины хажууд зогсож байсан. Гэтэл энэ эгч гэнэт асгараад уурлаад “чи миний утсыг аваад ир, чи яахаараа ингэдэг юм” гээд дахиад намайг доромжилж эхэлсэн. Хамгийн муухай хэлсэн үг нь адилхан эмэгтэй хүн байж байж намайг “чам шиг юм ийм хар шөнө янхандаж явахаас өөр юу хийх вэ, чи бүүр амьдрах эрхгүй дээ, амьдрах чадамжгүй дээ чи таксинд яваад надаас ингээд пизда царайлаад мөнгөө авах ёстой байхгүй юу чи миний утас цүнх хоёрыг авчихлаа, чи ийм утас барьж үзсэн үү, чи ийм цүнх барьж үзсэн үү, чамд ийм цүнх, утас барих заяа байхгүй,  чи өөрийнхөө байгаа байдлыг хар даа” гэж намайг аймаар доромжилсон. Тэгээд би тэр бүгдийг нь “уучихсан согтуу хүн юм чинь” гэж бодоод чимээгүй гүрийгээд байсан. Тэр үед маргалдаад, цагдаа иртэл Ш эгчийг байлгах гэж зөндөө үзсэн. Тухайн үед би машины хаалга онгойлгочихсон бүтэн биеэрээ Ш эгч рүү харчихсан сууж байсан. Намайг машинаас буулгаж утсаа авах гээд миний 2 гарын шуу руу зууван засуулчихсан хумсаа аймаар шигтгээд байсан. Би хөдлөх ямар ч боломжгүй байсан бөгөөд маш их өвдөж байсан. Би эрэгтэй дүүгээ дуудаад “энэ эгчийг ирээд аваадах” гээд орилсон. Тэр үед манай дүү хүрч ирээд Ш эгчийг татаад надаас салгасан. Ш эгч нэлээн согтолттой байсан учраас хойшоо 2, 3 алхаж байгаад баруун талаараа унасан. Тэгээд уначхаад босоод ирэхээр нь би “арай ч муухай юм боллоо” гээд “та ядаж цагдааг иртэл машинд сууж бай” гээд машиндаа суулгаад эргүүлийн цагдаа ирж байгаа юм болов гээд харахад замын эргүүлийн цагдаа явж таарсан. Тэгтэл Ш эгч орилоод “хүүе ээ энд хүн аллаа, хүүе цагдаа” гээд аймаар орилсон. Тэгээд нөгөө цагдаа нь ирээд юу болсон талаар асуухад би “энэ эгч таксиныхаа мөнгөө өгөхгүй агсам тавиад байгаа юм, би цагдаад дуудлага өгчихсөн учраас цагдааг хүлээж байна” гэтэл нөгөө 2 цагдаа яваад өгсөн. Тэгээд тэрнээс хойш 12 минутын дараа Ш эгч машины жолооны ард сууж байхад цагдаа ирсэн. Цагдаа ирэх хүртэл Ш эгчийг машинд суулгаж байсан. Цагдаа ирээд “Энэ хүн ийм нөхцөл байдалтай бид 2 луу агсам тавиад байна, тэгээд би аргаа бараад цагдаа дуудлаа” гэхэд 2 цагдаа ирээд Ш эгчийг манай машинаас буулгаад аваад явсан. Би “наад хүн чинь цүнх, утсаа нэхээд байгаа, сая өөрөө машинд суусан, утсаа яасныг нь би мэдэхгүй байна, ямартай ч явах гэж байгаа юм чинь цүнх, утас нь байна уу үзээд машин шалгачхаад яв” гээд эргүүлийн цагдаагаар машинаа шалгуулаад, эргүүлийн 2 цагдаа Ш эгчийг авч явсан. Тэгээд бид 2-ыг Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр очиход Ш эгч байгаагүй. Эргүүлийн 2 цагдаа нь Ш эгчийг эрүүлжүүлэх рүү аваад явчихсан гэсэн.” гэв.

Шүүгдэгч П.Х  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би тэр өдөр эгчийгээ намайг Шангрила дээрээс ирээд авчих гэж хэлсэн. Тэгээд эгч намайг авчхаад 2 хүн гараа өргөж байхаар нь авсан. Тэгээд “хаашаа явах вэ” гэж асуухад “13 угаар хороолол руу явна” гэж байсан. Манай гэр зүүн зүг рүү болохоор бид 2 тэр 2 хүнийг аваад явсан. Тэр 2 хүнийг 13 дугаар хорооллын тэнд хүргэж өгсөн. Тэгээд энэ эгч, тэр ах 2 машинаас буухгүй жоохон маргалдаад байсан. Маргалдаж байгаад нөгөө ах нь хаяад буугаад явчихсан. Тухайн үед энэ эгч жоохон ууртай байсан. Бас манай эгчийг доромжлоод байсан бөгөөд би тэр үед юу ч яриагүй, хөмсөг зангидаад  сууж байсан. Тэгээд манай эгч өөрийг нь доромжлоод байхаар нь “цагдаа дуудъя” гэсэн. Тэр эгч манай эгчийн хойноос олон янзаар хараасан. Эгчийн хэлдгээр “гичий, юу яадаг” гээд байсан. Тэгээд манай эгч сүүлдээ “цагдаа дуудаад ирэхгүй юм байна Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 эсвэл 2 дугаар хэлтэс рүү явъя” гээд явсан. Замд явж байхад  энэ эгч манай эгчийг хараагаад “ийм тийм” гээд, араас нь татаж чангаагаад байсан. Би тухайн үед цонх руугаа шигдэж суучхаад энэ эгчийг бараг хараа ч үгүй. Тэгээд цагдаагийн хэлтэс дээр очоод эгч намайг “чи гялс ороод цагдаа дуудаадах” гээд би цагдаагийн хэлтэс рүү орсон. Ороод цагдааг нь дуудсан чинь “та нар дуудлага өгч байж наад хүнээ ингэнэ, тэгнэ” гэсэн хариу өгсөн. Намайг цагдаа руу орчихоод гараад ирсэн чинь энэ эгч цаашаа гүйгээд явж байсан. Би эгчид цагдаа руу ороод яаснаа хэлээд энэ эгчийн араас гүйсэн чинь энэ эгч автобусны буудлаас улаан приус 30-д суугаад явчихсан. Тэгээд “за за хая хая” гэчихээд бид 2 “нэг тойрчихоод харья” гээд явж байтал нөгөө улаан приус 30 машин зогсож байсан. Энэ эгч тэр машины хажууд жолоочтой нь зогсож байсан. Тэгэхээр нь би “энэ эгч мөнгөгүй юм чинь өөр хүнийг хулхидуулаад яах вэ, очоод хэлчихье” гээд би буугаад явсан. Би нөгөө таксины жолооч ахтай “ахаа наад хүн  чинь ингээд таксины мөнгөө өгч чадахгүй ээ, сая ийм асуудал болоод бид 2-ыг хаяад зугтаад явчихсан юмаа” гээд юм яриад зогсож байсан чинь манай эгч “энийг салгаадхаач ээ, аллаа” гээд хойноос орилсон.  Би эхлээд энэ эгчийн биед нь шууд гар хүрээгүй. “Эгчэээ та манай эгчээс холд оо” гээд өчнөөн шаардлага тавьсан боловч холдоогүй. Тэгээд эгчээс холдохгүй байхаар нь би холдуулах гээд түлхсэн чинь дийлээгүй. Бас өргөх гэж үзсэн боловч дийлээгүй. Тэгээд би эгчийгээ хамгаалах гэж урдуур нь ороход энэ эгч өөрөө миний 2 гарыг түлхчихээд цаашаа 2, 3 алхаж байгаад унасан харагдсан. Эгч намайг цаашаа байж бай гэхээр нь би буцаад холдоод зогссон. Намайг холоос ажиглаж байхад энэ эгч машин дотор суугаад юм нэгжээд тонгочоод байх шиг байсан. Бас машин нүдээд байхаар нь машинд суулгасан гэсэн. машин үзээд байхаар нь суулгасан. Намайг хол холоос харж байхад эгч намайг “цагдаа дуудаадах” гэхээр нь би цагдаа дуудсан. Цагдаа ирчихлээ гэж бодсон чинь замын 2 цагдаа байсан. Сүүлд нь дуудлагаар 2 цагдаа ирээд манай машины тээшийг онгойлгож шалгаж байгаад явсан. Тэгээд энэ эгчийг цагдаа нар аваад явсны дараа би эгчээсээ юу болсон талаар асуухад “цагдаа нь аваад явчихлаа, хоёуланг нь цагдаа дээр хүрээд ир гэж байна” гээд бид цагдаагийн газар руу явсан. Биднийг цагдаа дээр очиход энэ эгч байхгүй байсан. Нөгөө 2 цагдаа нь энэ эгчийг эрүүлжүүлэх аваад явчихсан гэсэн байх.” гэв.

Хохирогч Э.Ш  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн өдөр би Шангрилагийн хажуу талын Олимпик Резиденсэд арга хэмжээнд оролцсон. Тэр үед би оргилуун дарс уусан. Тэгээд 13 дугаар хорооллын Ану-Үжингийн ард гэр нь байдаг Золоо гээд найзтайгаа хамт такси бариад найзыгаа гэрт нь хүргэж өгөөд цааш явна гэж бодоод такси барьсан. Золоо гэрийнхээ гадаа буугаад би цаашаа нисэх рүү явах гэхэд “энэ хүртэлх таксиныхаа мөнгийг төл” гээд би таксины мөнгөө төлөх гэсэн боловч тухайн үед Хаан банкны аппликэйшн шинэчлэлт хийгээд гацаад байсан уу, эсвэл миний утасны дата маань болохгүй байсан уу мэдэхгүй таксиныхаа мөнгийг төлж чадаагүй. Тэгээд би маш олон удаа төлөх гэж оролдсон боловч чадаагүй. Сүүлдээ*******д утсаа өгөөд үнэнээ хэлээд банкны апликэйншныхаа блокийг гаргуулахын тулд регистрээ хэлж өгсөн. А дараа нь тохиролцъё гэж ярьж байхдаа энэ талаараа хүлээн зөвшөөрсөн. Миний регистрийг цээжээрээ хэлж байсан. “Би бүр регистрийн чинь дугаарыг хүртэл цээжилсэн шүү дээ” гээд миний регистрийг цээжээрээ хэлж байгаа, тохиролцъё гэж уулзахдаа хийсэн миний бичлэгт бичигдсэн байгаа. Тухайн үед би таксиныхаа мөнгийг төлөх гэж маш олон удаа оролдсон.*******д утсаа өгөөд өөрийнхөө регистрийн дугаарыг хийлгэж үзсэн ч төлж чадаагүй. Би тухайн үед хүүтэйгээ хоёулхнаа амьдардаг байсан. Бас шөнө болж байсан учраас надад ийш тийшээ залгаад мөнгө авах боломж байхгүй байсан. Би дараа нь төлье гэж үнэн учраа хэлсэн. Маш олон удаа оролдсон ч банкныхаа аппликэйшн рүү орж чадаагүй. Намайг таксины мөнгөө төлж чадахгүй болсон чинь “мөнгөө төлж чадахгүй бол яах гэж такси барьдаг юм” намайг хэл амаар доромжилж эхэлсэн. Би “утас маань болохгүй байна” гэж хэлсэн. Би мөнгөө төлж чадахгүй байсан учраас энэ хүнд утсаа өгсөн. Тэгээд өөрийн регистрийн дугаараар банкны апплекэйшныхаа блокыг гаргуулах гэж утсаа өгсөн бөгөөд миний регистрийн дугаарыг энэ хүн олон хийж үзээд намайг мөнгөө төлөөгүй учраас энэ хүн миний утсыг авчхаад буцааж өгөөгүй. Энэ асуудлаас болоод би “утсаа авна, миний утсыг буцааж өг” гээд маргаан эхлээд зууралдсан асуудал болсон. Зууралдаад байж байсан чинь дүү нь ирээд намайг салгасан гэж ярьж байна. Ийм зүйл болоогүй. Миний баруун дээд талын зовхины гэмтэл үүссэн шалтгаан нь  миний утсыг булааж аваад машинд шидэх үед үүссэн. Эрэгтэй дүү нь миний араас цээжээр тэвэрч 2 гар хөдөлгөөнгүй болгоод эмэгтэй нь энэ хооронд миний гар утсыг гараас булааж авахдаа гар толгой хэсэг рүү гараараа цохиж баруун хөл хэсэг рүү хөлөөрөө өшиглөж гар утас булааж авсан. Энэ 2 хүн гар утсыг маань булааж авах явцдаа энэ гэмтлийг надад учруулсан. Тохироцъё гэх үедээ эрэгтэй нь намайг хойноос нь цээжээрээ тэвэрсэн гэдгээ хүлээсэн. “та чинь аягүй хүчтэй юм байна лээ, таны цээжээр өвдөөд байгаа чинь манай дүү таны хойноос цээжээр чинь тэврээд цээж чинь өвдчихсөн байх”. Ингээд тэр тохиролцъё гэж ярьж байхдаа хэргээ хүлээгээд намайг тэвэрсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн талаар миний гар утсан дээ бичлэг нь байгаа. Гар утас булааж авах явцдаа энэ хүмүүс энэ хохирлыг надад учруулсан.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар   

Хохирогч Э.Ш гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Таксины жолооч эмэгтэй бас хамт явсан эрэгтэй нь хамт эдгээр гэмтлүүдийг учруулсан. Баруун дээд, доод зовхины цус хуралтыг бол намайг машинд сууж байхад эрэгтэй нь цохиж учруулсан, баруун гуяны цус хуралтыг бол эрэгтэй эмэгтэй хоёулаа учруулсан, намайг машинаас буу гэж татаж чангааж байхдаа хоёулаа хаалга савж миний баруун хөлийг хавчиж баруун гуянд цус хуралт үүсгэсэн, харин хэвлийн зулгаралтыг эрэгтэй нь намайг хөдөлгөөнгүй барьж байх үед эмэгтэй нь цохиж самардаж учруулсан. ...Би гомдолтой байна... 2023 оны 6 дугаар сарын 19-20-ны шилжих шөнө 01 цаг өнгөрч байхад би Шангриллагийн зүүн талаас такси бариад 13 дугаар хороолол руу явсан. Таксиний жолооч нь эмэгтэй хүн байсан ...хажууд нь эрэгтэй хүн сууж байсан. Тэгээд би 13 дугаар хорооллын Ану-үжин худалдааны төвийн гадна ирээд буцаад нисэх явах гэтэл одоо энэ хүрсэн таксины мөнгөө эхлээд төл гэж хэлсэн. Тэгээд би төлөх гээд интернэт банк руугаа ортол кодоо буруу хийж байгаад инернет банкаа блоколсон. Тэгээд имй зүйл болчихлоо гэж хэлээд таксины жолоочдоо дараа мөнгийг нь өгье гэтэл үгүй гэхээр нь би үнэхээр би гар утасаа блок хийчлээ гэхэд итгэхгүй байхаар нь би гар утсаа өгөөд код хийгээд үзээ гэж хэлсэн. Тэгтэл тэр жолооч эмэгтэй миний гар утсыг аваад код хийхэд бас болохгүй байсан. Тэгээд чи мөнгөө өгөх чадваргүй юм байна гээд миний гар утсыг авсан. Би гар утасаа авах гэтэл өгөхгүй байсан. Тэгээд хоорондоо маргалдсан, намайг машинаасаа тэр хоёр хүн татаж буулгах гээд байхаар нь би үгүй буухгүй, би гар утасаа авна гэтэл тэр хоёулаа хаалга савж баруун хөл гуя хэсгийг маань хаалганд хавчуулсан. Тэгээд татаж чангаагаад намайг нүүр болон миний нүүр болон цээж рүү цохиж алгадаад байсан, намайг чирж буулгасан. Тэгэхээр нь би гар утасаа авна гээд жолоочийн суудал дээр суугаад арай гэж гар утсаа буцааж авсан. Тэгтэл дахиад хоёр талаас татаж буулгасан. Тэгээд буулгачихаад эрэгтэй нь миний гарыг хойд талаас хөдөлгөөнгүй болгож барих хооронд эмэгтэй нь миний гар утсыг булааж аваад миний гар хөл нүүр, хэвлий хэсэг рүү цохиж өшиглөсөн. Тэгээд эрэгтэй нь газарт түлхэж унагасан. Тэгээд би цагдаа дуудна гэж орилж хашгирсан. Тэгтэл тэр хүмүүс цагдаа дуудсан. Таксины жолооч эмэгтэй бас хамт явсан эрэгтэй нь хамт эдгээр гэмтлүүдийг учруулсан. Баруун дээд доод зовхины цус хуралтыг бол намайг машинд сууж байхад эрэгтэй нь цохиж учруулсан, баруун гуяны цус хуралтыг бол эрэгтэй эмэгтэй хоёулаа учруулсан. Намайг машинаас буу гэж татаж чангааж байхдаа хоёулаа хаалга савж миний баруун хөлийг хавчиж баруун гуянд цус хуралт үүсгэсэн. Харин хэвлийн зулгаралтыг эрэгтэй нь намайг хөдөлгөөнгүй барьж байх үед эмэгтэй нь цохиж самардаж учруулсан. Уг гэмтлүүдийг тухайн хоёр хүн хоёжл нийлж учруулсан...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9, 72, 140-141 дүгээр хуудас),

Б.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “Тухайн өдөр би дүү Х ийн хамт таксинд явж байсан. Шангриллагийн зүүн талаас согтуу эмэгтэй такси барьсан. Тухайн эмэгтэй 13 дугаар хорооллоос эхэлж хэрүүл ам хийгээд таксины мөнгөө өгөхгүй дараа төлнө гээд агсараад байсан. Тэгээд надад агсан тавиад байхаар нь би машинтайгаа тэр чигтээ яваад Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс дээр ирсэн. Тэгээд тухайн Ш гэх эмэгтэйг агсан тавиад байна гэж цагдаад гомдол гаргах гэтэл Ш зугатаасан. Тэгэхээр нь би дүүгийн хамт явья гээд Нарантуул захын урдуур явж байтал Ш гэх эмэгтэй соггуу зам дээр сууж байсан. Тэгэхээр нь очтол намайг хүргээд өг гээд хэрүүл хийгээд байхаар нь би чи ямар их агсан тавьж зугтдаг юм, таксиныхаа мөнгийг өгч чадахгүй бол яах гэж ингэж гай болоод байдаг юм бэ гээд гарт нь байсан гар утсыг булааж аваад машин дотор руугаа шидсэн. Тэгээд Х дүүгээ  цагдаа дууд гээд 102 руу дуудлага өгсөн. Тэр хооронд Ш гэх эмэгтэй агсан тавиад гар утсаа авъя гээд дайраад машин тэрэг цохиод байсан. Тэгтэл манай дүү Х араас нь тэвэрч аваад холдуулсан тэгтэл өөрөө газар унасан. Тэгээд цагдаа нар ирээд тухайн эмэгтэйг танхайрсан гэж 200.000 төгрөгөөр, харин манай дүү Х ийг бусдын биед гар хүрсэн гэж 100.000 төгрөгөөр торгосон, Ш-ийн торгуулийн мөнгийг нь би төлсөн. Ш гэх эмэгтэй өөрөө согтуу агсан тавиад байсан. Өөрөө их согтуу байсан. Тэгээд таксины мөнгөө өгөхгүй, дараа өгнө гээд л агсан тавьж эхэлсэн, би өөдөөс нь тэсэхгүй маргалдсан. Тэгээд машин дотор маргалдаж байгаад би шууд цагдаа дээр иртэл Ш зугатаасан. Тэгэхээр нь за ярьшиг даа гэж бодоод Нарантуул захын урдуур явж байтал Ш согтуу зам дээр сууж байхаар нь би очоод яагаад агсан тавьж хэл амаар доромжилж, таксины мөнгөө өгөөгүй байж зугатаагаад явчихав гэтэл бас өөдөөс нилээн хэл амаар доромжлоод байхаар нь би тэр эмэгтэйг зугатаалгахгүй гэж гар утасыг нь булааж аваад машин руугаа шидсэн, тэгээд дүүгээ цагдаа дууд гэж хэлсэн. Тэр хосронд дүү бид хоёрт агсан тавиад машин тэрэг цохиж өшиглөөд байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дугаар хуудас),

П.Х ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...тухайн шөнө эгч А бид хоёр таксинд явж байсан. Эгч жолоо бариад би хамт хажуд нь сууж явсан ... шангриллагаас нэг согтуу эмэгтэй аваад 13 хүртэл явсан. Тэгтэл таксины мөнгөө өгөхгүй байсан, манай эгчийг хэл амаар доромжлоод би мөнгө өгөхгүй, байхгүй гээд манай эгчийг хэл амаар доромжлоод байхаар нь манай эгч уурлаад цагдаа руу явна гээд шууд Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс рүү ирсэн. Тэгтэл тэр согтуу эмэгтэй зугатаагаад явсан. Тэгээд эгч бид хоёр за хая хая гээд нэг тойроод харья гэж бодоод Нарантуулын урд талын замаар явж байтал тухайн согтуу эмэгтэй зам дээр согтуу сууж байсан. Тэгэхээр нь эгч бид хоёр очоод чи таксины мөнгөө өг, зугтаж явлаа гэтэл бас эгч рүү агсраад эгч тухайн эмэгтэйтэй уулзаад маргалдаад байх шиг байсан. Би тэр эмэгтэй дээр бууж очоод тэр эмэгтэйг боль холд гэтэл холдохгүй байхаар нь би гарнаас нь татаж холд гэтэл улам агсраад байхаар нь би араас нь тэвэрч эргүүлээд холдуултал тэр эмэгтэй өөрөө газар унасан. Тэгээд цагдаа ирээд би хүний биед халдаснаар 100.000 төгрөгөөр торгуулж, харин тэр согтуу эмэгтэй бусдын эд хөрөнгөд халдаж танхайрсанаар 200.000 төгрөгөөр торгуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дугаар хуудас),  

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №8347 дугаар: “...Э.Ш гийн биед баруун дээд, доод зовхи, баруун гуянд цус хуралт, хэвлийд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас),

Шинжээч эмч Б.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих хүчний үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Тус бүрдээ гэмтлийн зэрэгт хамаарахгүй нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун дээд, доод зовхины цус хуралт нь унах үед үүсэх боломжгүй, бусад хэсгийн гэмтлүүд нь уналтаас үүссэн байх боломжтой...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43 дугаар хуудас),

Гэрч Ц.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2023 оны 6 дугаар сарын 19-20-ны өдөр шилжих шөнө*******, Шүрмээ, Х гэх хүмүүс маргалдсаны улмаас Цагдаагийн байгууллагад хандаж 13 дугаар хорооны нутагт хэрэг гарсан учир би уг хүмүүсийн материалыг авч гомдол, мэдээллийг бүртгэн шалгасан. ... хэрэг учрал болсон гэх газрын камерын бичлэгт үзлэг хийхэд Ш-г Х , А нартай маргалдаж байхад хажуу талаас нь тэвэрч өргөөд зүүн гар тал руугаа биеэс холдуулж газар тавих үед Ш нь хөл алдаж унаж байгаа нь бичигдсэн байсан. Энэ асуудал дээр Ш гэгч нь Шүүх шинжилгээний ерөнхий газар үзүүлэх үү гэхэд үзүүлэхгүй, зөрчлөөр асуудлаа шийдүүлье гэж өөрийн гараар тайлбар бичиж өгсөн тул хялбаршуулсан журмаар Х ийг Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100.000 төгрөгөөр торгож, Ш А-ийн цамцыг урсан асуудалд Зөрчлийн тухай хуулийн 8.8 дугаар зүйлийн 1-д зааснаар 200.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн. ... Хэрэг учрал болсон гэх газар нь Нарны зам дагуу Чулуун овооноос баруун тийш М-Ойл шатахуун түгээх станцын замын хойд талд байрлах авто засварын газрын хяналтын камераас өөрийн гар утсан дээр бичиж авсан 20 орчим минутын бичлэг байсан. Хэрэг шийдвэрлэгдсэн учраас уг бичлэгийг өөрийн ажлын компьютер дээр хадгалах зорилгоор Viber application ашиглаж 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 13 дугаар хороонд хамт ажилладаг Ц-ийн Viber хаяг руу шилжүүлсэн. Тэгээд уг бичлэгийг бүтэн явуулсан гэж бодоод үндсэн бичлэгийг устгачихсан. Тэгтэл Viber application нь эхний 5 минутаас дээш бичлэг явдаггүй гэдгийг А нь бичлэгийг нь авах хүсэлт гаргасны дагуу өчигдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр мэдсэн. Энэнээс өмнө эхний 5 минутаас дээш бичлэг явдаггүй гэдгийг мэдээгүй. … Эхний 5 минутын бичлэгийг би гаргаж өгнө 5 минутаас хойш үйлдэл нь*******, Х хоёрыг машиндаа орж суусаны дараа Ш нь тухайн машины цонхыг цохиж хаалгыг нээх үйлдэл хийх үед А нь хаалгаа нээж гарч ирэх үед Ш нь зөрж жолоочийн сандал дээр суугаад буухгүй байх ба А нь хажууд нь хэсэг хугацаанд зогсож байгаад татаж буулгасан билүү өөрөө буусан эсэхийг санахгүй байна ямар ч байсан буугаад маргалдаж байх үед Х нь цаад талаас гарч тойрч ирээд Ш-г хажуу талаас нь тэвэрч өргөөд машинаас холдуулж 2 алхам алхаад зүүн гар тийшээ бага зэрэг эргүүлэгтээ инерцээрээ энэ үед Ш хөл алдаж баруун талаараа унахдаа баруун шанаа, нүүр хэсгээрээ газар мөргөж ерөнхий биеийн байрлал баруун талаараа унаж байгаа нь бичигдсэн байсан. Бичлэгт тэр гурав бие биенийхээ өөдөөс гар далайх болон өшиглөх үйлдэлүүд харагдаагүй зууралдаад бие биенээ түлхсэн үйлдлүүд байсан. ...Ш нь нүүрэндээ цэнхзр өнгийн маск зүүчихсэн байсан учраас ямар  нэгэн гэмтэл байсан эсэхийг санахгүй байна. Ш нь тухайн үед мэдүүлэг өгөхдөө Ариун-Уянгын хувцасыг урсан, таксины мөнгө өгөөгүй, танхайрсан гэдгээ хүлээн зөвшөөрч шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэж мэдүүлэг тайлбар өгөөд явсан дараа нь 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн орой 17 цагийн үед над руу залгаад би гомдолтой шүүх эмнэлэгт үзүүлье гэхээр нь би Ш-д хандаж прокурорт зөвшөөрөл гаргуулах санал өгнө прокурор зөвшөөрөл гаргасан үед чи үзүүлж болно эсвэл манай дүүргийн Цагдаа дээр очоод зодуулсан гэх үйлдэлдээ мөрдөнгийн тасагт гомдол гаргаад шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоолоо гаргуулаад үзүүлж болно гэж тайлбарлаж хэлж өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас),

Бичлэгт үзлэг хийсэн: “Билэгний баруун дээд буланд 2023-06-20 02:40:19 гэсэн цагийг зааж байх ба бичлэгт бараан өнгөтэй мэт өнгийг нарийн тодорхойлох боломжгүй приус 30 маркийн тээврийн хэрэгсэл зам дагуу зогсож жолоочийн арын хаалгыг дотроос нээж Э.Ш  гарч ирээд машины ар хэсэгт явган хүний зам дээр зогсож байгаад баруун гараараа rap утас барсан байдалтай зүүн гараа өргөж зогсож байгаад газар өвдгөөр нугалж явган суух үед нөгөөх приус маркийн тээврийн хэрэгсэл буцаж ухарч сууж байгаа Э.Ш гийн хажууд очиж зогсоод жолооч нь цонхоороо Э.Ш тай ярилцаж байгаа мэт зогсож байх үед бичлэгний цагаар 02 цаг 41 минут 32 секунтэд тус машины цаад талаар хар бараан өнгийн тээврийн хэрэгсэл тус машины урд талд ирээд зогсох ба энэ үед Э.Ш  ирж зогссон хар бараан өнгийн машины жолооч талын хаалганы хажууд алхаж очиход хаалгыг дотроос нээж Б.А  гарч ирээд Э.Ш гийн гарнаас ямар нэг зүйл зүүн гараараа булаан авч машин руугаа шидээд Э.Ш  болон Б.А  хоёр бие биенийхээ гарыг барьж түлхэлцэж байх үед П.Х  зогсож буй Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн хажууд зогсож байгаад алхаж очоод Э.Ш гийн гарнаас татаж машинаас холдуулаад машины арын хэсгээр тойрч цаад талаар очиж сууж байх ба энэ үед Б.А  машиндаа суугаад хаалгаа хааж байв. Э.Ш  буцаж очоод жолоочийн хаалгыг татахад нээгдэхгүй байх ба бичлэгийн цагаар 02 цаг 43 минут 26 секундэд цагдаагийн тээврийн хэрэгсэл тус машины урд талд ирж зогсоод эрэгтэй цагдаагийн алба хаагч бууж ирээд Б.А , Э.Ш  нартай ярилцаж байгаад 02 цаг 45 минутад машиндаа суугаад хөдлөх ба 02 цаг 45 минут 20 секундэд бичлэг дуусаж байна...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудас),

Б.А-ын зөрчил шалган шийдвэрлэх хэрэгт хохирогчоор өгсөн: “Би өнөөдөр буюу 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр дүү болох Х ийн хамт өөрийн эзэмшлийн 00-00 УНА улсын дугаартай машинаар 02:20 цагийн үед танксинд явж байгаад Шангриллагийн зүүн талаас архи уусан эрэгтэй эмэгтэй хоёр хүн авч 13 дугаар хороолол руу хөдөлсөн юм. Тэгээд ирэх газартаа ирэхэд тухайн согтуу залуу нь “дараа төлье" гээд байхаар нь би түүнд хандаж “дараа төлбөрт үйлчилгээ байхгүй шүү дээ” гэж хэлтэл хажуунаас нөгөө эмэгтэй нь орж ирээд би таксины мөнгө төлнө гэснээ өөрөө утсаа оролдож байгаад интенэт банкаа блоклочихсон юм. Тэгснээ надад утасаа өгч энийг янзал гэж хэлээд түүнийг нь янзлахаар регистерийн дугаарыг нь асуутал гэнэт надаас утсаа булааж авахаар нь “ямар хэцүү юм бэ” гэж хэлсэн чинь намайг “чи хүнтэй ингэж харьцдаггүй шүү дээ, бийч минь” гэхээр нь надад эвгүй байсан учраас “юу гэнээ яагаад намайг гичий гэж байгаа юм” гэсэн чинь “чи надтай ингэж харьцсан шүү дээ писда минь” гээд хараагаад байсан. Тэгээд би тэр эмэгтэйд хандаж “таксиныхаа мөнгийг өгч чадахгүй юм байж ямар олон юм ярьдаг юм” гээд хэлтэл тухайн хүн ардаас “чам шиг гичий нар надад писда шиг ханддаг учраас таксины мөнгийг авч чаддаггүй юм аа” гэх зэргээр доромжлоод утсаараа яриа хураагаад өөртэйгөө яриад явж байсан. Тухайн хүн миний зүүн талын мөрнөөс зулгаагаад байхаар нь миний уур хүрж цагдаад өгөхөөр шийдэж, цагдаа хайж явсаар байгаад Нэгдүгээр хэлтсийн гадаа ирээд зогссон. Ирж зогсоод манай эрэгтэй дүү цагдаа дуудахаар ороод эргэж гарч иртэл нөгөө эмэггэй машинаас бууж ирээд намайг тэврээд надаас зуураад байхаар нь би машиндаа ороод суучихсан юм. Тэгтэл нөгөө эмэгтэй төв зам руу зугтаад таксинд суугаад яваад өгсөн. /00-00 УБЛ / Тэгээд дүү бид хоёр машинтайгаа явж байтал нөгөө машин “М ойл”-ын хажууд зогссон. Нөгөө эмэгтэй нь машиныхаа хажууд өвдгөө тэврээд сууж байсантай таарсан юм. Тэгээд бид хоёр нөгөө машины урдуур нь орж зогсоод цохноо онгойлгож “танксины мөнгөө авъя эгч ээ” гэсэн чинь гүйж ирээд “утсаа авья гичий минь” гэхээр нь би буцаж цонхоо хаасан. Тэгтэл хаалгаар орох гэж дайрахаар нь би арай ядан хаалгаа хаагаад дотроос нь түгжээд цонхоо буулгатал шууд цонхоор цээжин биеэрээ орж ирээд миний цамцнаас зулгаасан. Тэгээд байхаар нь цаашаа түлхэж холдуулахад миний баруун зүүн гарыг ээлжилж базаад хумсаа шигтгээд байсан. Тэгээд эрэгтэй дүүгээ дуудаж салгуулсан чинь салахдаа миний хувцасыг урчихсан. Тэгэхээр нь би машиндаа суугаад хаалга үүдээ түгжээд байж байтал машины дээвэр цонх хэсгүүдийг татаад цохиод яваад байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 97-98 дугаар хуудас),

Э.Ш гийн зөрчлийн хэрэгт хохирогч болон холбогдогчоор өгсөн: “...цаашаа гэртээ харих үед жолооч надаас төлбөрөө төл гээд ... би төлөх гээд нэвтрэх эрхээ буруу оруулаад блоклоод тэгээд өөрөө оруулж чадахгүй байсан тул нөгөө жолоочоор нь утсаа өгөөд оруулах гэтэл таксины жолооч дахиад буруу хийгээд дахин орох боломжгүй болсон тэгээд тэр асуудал дээрээ болоод маргаан гарсан. ... хэрүүл маргаан хийж байгаад намайг цохиж авсан, эргэж хараад гараа саваад ... эрэгтэй дүү нь намайг дахиж барьж авсан. Тэгээд зууралдаж байгаад утсыг минь булааж аваад шидсэн.

...таксины жолооч миний гар утсыг булааж авсан. Тэгээд би гар утсаа авна гэж маргаан хийсэн. Тэгсэн хажууд нь сууж байсан залуу нь намайг хүчээр машинаас буулгах гээд миний биед халдсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 101-104 дүгээр хуудас),

П.Х ийн зөрчил шалган шийдвэрлэх хэрэгт холбогдогчоор өгсөн: “Эгчтэйгээ хамт тус өдөр таксинд явж байгаад Шангирлаагын хажуунаас хоёр согтуу хүн аваад явж байгаад тус суусан хоёр хүн нь таксины мөнгө дээрээ маргалдаад чи төл би төл гээд тэгж байгаад эмэгтэй нь төлөхөөр болсон. Тэгээд эрэгтэй нь буугаад явсан. Тэгээд тэр эмэгтэй нь гар утсан дээрээ банкны нэвтрэх эрхээ орох гэж байгаад блоклоод тэр асуудал дээрээс болж манай эгчтэй маргалдаад цагдаагийн хэлтэс орсон. Манай эгч намайг цагдаа дээр ороод жижүүрийг нь дуудаад гаргаад ир гээд хэлсэн. Би орсон хойгуур тэр эмэгтэй машинаас буугаад өөр таксинд суугаад явсан байсан. Тэгээд би араас нь машиндаа суугаад эгч бид хоёр явж байхад зам дээр нөгөө эгчтэй таарсан. Тэр хүн машин дээр хүрээд ирсэн, манай эгч таксины мөнгө авна гэхэд тэр эмэгтэй манай эгчтэй маргалдаад байсан. Тэгээд би машинаас буугаад нөгөө жолооч дээр нь очоод уулзахад манай эгч орилоод байсан “аваачээ” гээд би очоод салгаад байж байхад машин тэрэг нүдээд байхаар нь боль гээд хэлсэн. Тэгээд цагдаа дуудаж байхад манай эгчтэй маргалдаад байсан. Би очоод тэр хоёрыг салгаад татаж авсан. Тэгээд эргүүлээд тэр эгчийг тавьсан чинь газар унсан. Би дахиж очоогуй тэр хоёр дээр, тэгээд манай эгч машиндаа суугаад хаалга хаагаад би урд нь зогсож байсан машины жолооч дээр очоод юм яриж байгаад машиндаа суух гэхэд нөгөө эгч манай машин дотор сууж байсан тэгээд цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 107 дугаар хуудас),   

Гэрч Э.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Миний бие цагдаагийн байгууллагад тасралтгүй 15 жилийн хугацаанд ажиллаж байна. Уг албан тушаалдаа 13 жцлийн тур ажиллаж байна. Миний бие 2023 оны 06 дугаар сарын 19-өөс 20-ныг шилжих өдөр тус цагдаагийн хэлтсийн хариуцсан 13,14 дүгээр хороодын нутаг дэвсгэрт Цайз 113 чиглэлд авто эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан. ...Тус өдөр буюу 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр үүр цайж байх үед Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Амины орон сууны урд талын төв зам дагуу хүмүүст зодуулсан гэсэн утга агуулгатай дуудлагад очиж ажилласан. Намайг очих үед Э.Ш  гэдэг эмэгтэй дуудлага мэдээлэл өгсөн гэчихсэн, согтууруулах ундааны төрлийн зүйл хэргэлсэн байдалтай, өөрийгөө удирдах чадвар муутай байж байсан. Тухайн Э.Ш  нь таксигаар үйлчилж байсан гэх эрэгтэй, эмэгтэй хоёр хүний машины жолооны хүрдийг барьчихсан урд суудал дээр суусан машинаас буухгүй орилоод байсан. Би Э.Ш г холдуулаад цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн. Мөн зодсон гэх эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг цагдаагийн хэлтэс дээр дагуулж ирээд, зөрчлийн хэрэг бүртгэгчид хүлээлгэж өгсөн. ...Тухайн цаг үед гадаа бүрхэг, харагдах хязгаарлагдмал байсан болхоор би Э.Ш гийн гадаад байдлыг сайн ажиглаж чадаагүй. Миний харсанаар ямар нэгэн гэмтэлгүй мэт харагдаж байсан. Хувцасны цаана байгаа гэмтлийг би хараагүй, мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 134 дүгээр хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн  2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 184 дугаар: “...Э.Ш гийн биед учирсан гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх 2023.06.19-нөөс 20-нд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 169-171 дүгээр хуудас),

Шүүгдэгч П.Х ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... Тухайн хэрэг гарсан өдөр Э.Ш  гэгчийг эгч бид хоёр цохиж зодсон зүйл байхгүй. Э.Ш  эгч А-ыг барьчихаад тавихгүй болохоор нь би эхлээд боль, холдчих гээл шаардлага тавьсан чинь шаардлага биелүүлэхгүй байхаар нь би араас нь хоёр гараараа тэвэрч хажуу тийш ар тал руугаа болгоход өөрөө миний гарыг хоёр тийш нь саваад газар унасан. Би өөрөөр хэр хүний биед гар хүрээгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дугаар хуудас),

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын Прокурорын 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” тогтоол (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас),

Гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дугаар хуудас),

Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст Э.Ш гаас хандаж гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас),

Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн эрх бүхий албан тушаалтан Ц.Г-ын 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 0059168 шийтгэлийн хуудасны хуулбар (хавтаст хэргийн 25 дугаар хуудас),

“Итопиа” ХХК-ын тодорхойлолт (хавтаст хэргийн 78 дугаар хуудас),

Хяналтын прокурор Д.Энхбаярт Б.А ас хандаж гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 84, 130 дугаар хуудас),

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын Прокурорын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Хүсэлтийг бүрэн хангах тухай” тогтоол (хавтаст хэргийн 92, 131 дүгээр хуудас),

Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл (хавтаст хэргийн 96 дугаар хуудас),

Гомдол, мэдээллийн бүртгэлийн 9028 дугаар Хялбаршуулсан журмаар шалгасан материалын хуулбар (хавтаст хэргийн 95, 109-119 дүгээр хуудас), 

Саатуулагдсан хүнийг сулласан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 108 дугаар хуудас),

Сэтгэцэд учирсан хор уршигийн зэрэглэлийг тогтоосон дүгнэлт (хавтаст хэргийн 155 дугаар хуудас),

“Велосити Инфинит” ХХК Э.Ш  нарын хооронд байгуулагдсан “Ажил гүйцэтгэх гэрээ” (хавтаст хэргийн 180-181 дүгээр хуудас),

Э.Ш гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 182 дугаар хуудас),

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СиДи,

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 44, 45 дугаар хуудас),

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 26, 34 дүгээр хуудас),

Иргэний оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 27, 33 дугаар хуудас),

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 35 дугаар хуудас), хохирогч Э.Ш гаас шинээр гаргаж өгсөн зардлын баримт, “Велосити Инфинит” ХХК Э.Ш  нарын хооронд байгуулагдсан “Ажил гүйцэтгэх гэрээ”, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, “Гранмед” эмнэлгийн амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулба зэрэг (нийт 8 хуудас) зэрэг нотлох баримтыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Б.А тай уулзах үедээ нууцаар хийсэн бичлэгийг хэрэгт өгсөн байх бөгөөд уг бичлэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдээгүй байх тул уг бичлэг болон бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг шүүхээс үнэлэх боломжгүй гэж үзсэн болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч П.Х , Б.А  нар холбогдох хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалж, дүгнэлт хийлээ. Өмгөөлөгчийн зүгээс анхнаасаа цагаатгах байр суурьтай, аргагүй хамгаалалт гэдэг байр суурьтай орж ирсэн. Аргагүй хамгаалалт гэдэг нь харилцан маргааны явцад үүссэн гэмтэл учирсан тохиолдолд аргагүй хамгаалалтад тооцохгүй гэсэн Улсын Дээд шүүхийн тайлбар байгаа. Хохирогч болон шүүгдэгч нарын хувьд таксины мөнгөний асуудлаас болж энэ маргаан эхэлсэн байна. Тэр маргааныг хэл амаараа олохгүйгээр хохирогч Ш-ийн биед халдсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримт болон Ц гэдэг шүүх шинжээчийн дүгнэлтээр энэ гэмтэл нь шүүгдэгчийн яриад байгаа уналтаас үүсэх боломжгүй, харин цохих, цохигдох хүчний улмаас үүссэн байна гэсэн дүгнэлт гарсан байна. Ийм учраас шүүгдэгч Б.А , П.Х  нар нь хохирогч Э.Ш гийн биед гэмтэл учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгч П.Х ийн хувьд эхлээд машин дотор хохирогчид гэмтэл учруулсан бол шүүгдэгч Б.А-ын хувьд бичлэг дээр гарснаар утас булааж аваад машиндаа сууж, цонхоо хаачхаад байгаа үйл процессоос хойш хохирогчид гэмтэл учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэж байна. Хохирогч 19-20-нд шилжих шөнө зодуулчхаад маргааш нь хэдэн цагт үзүүлсэн юм бэ. Тэр хооронд өөр хүнд зодуулсан байх боломжтой гэж ярьж байна. 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 15 цаг 12 минут 59 секундэд Гранд Мед гэдэг эмнэлэгт хохирогч үзүүлжээ. Үүнээсээ цаашлаад хувийн эмнэлэгт үзүүлээд Гэмтэл согогийн үндэсний төвд 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 16 цаг 56 минутад үзүүлжээ. Хохирогчийн зүгээс “энэ хоорондох хугацаанд би өөртөө санамсартай болон болгоомжгүй байдлаар гэмтэл учруулаагүй гэдгээ” илэрхийлж байна. Мөн шүүгдэгч нарын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар мэдүүлгээрээ гэмт хэргийг нотлох үүрэг хүлээхгүй. Харин шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг бол хавтаст хэрэгт авагдсан бусад баримт, шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлэг, бичлэгүүдэд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж прокурорын зүгээс үзэж байна. Ийм учраас шүүгдэгч Батбаярын*******, Пүрэв-Очирын Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол төлбөрийн тухайд хохирогчийн зүгээс цалингаа нэхэмжилж байна. Өнөөдрийн хавтаст хэрэгт авагдсан баримтаар бол хохирогч эмнэлэгт хэвтээд лист авсан эсэх, листний мөнгө авсан эсэх асуудал нь өнөөдрийн хувьд тодорхойгүй байна. Ийм учраас улсын яллагчийн зүгээс хохирогчид учирсан хохирлыг цаашид иргэний журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй байх гэж дүгнэж байна. Мөн хохирогчийн зүгээс гаргаж өгсөн баримт бол 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр эмнэлгийн тусламж үйлчилгээ авч 75.000 төгрөг төлсөн, 15.000 төгрөгийн тусламж үйлчилгээг 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр буюу гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 10 хоногийн дараа эмнэлгээс үйлчилгээ авсан байна. Энэ 90.000 төгрөгийг хохирогчид шүүгдэгч нараас гаргуулах саналтай байна. Мөн шүүгдэгч нарт хохирол төлбөрийн тухайд шинжээчийн дүгнэлтээр сэтгэцэд учирсан хохирлын 3 дугаар зэрэглэл тогтоосон байх бөгөөд үүнийг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд нь тогтоох байх гэж үзэж байна.” гэх саналыг,

Хохирогч Э.Ш гийн өмгөөлөгч Т.Мөнхболд “Миний үйлчлүүлэгчид шүүгдэгч нарын хууль бус үйлдлийн улмаас хохирол учирсан байгаа. Энэхүү гэмт хэргийн улмаас миний үйлчлүүлэгч цалин хөлсөө 1 сарын хугацаатай авч чадаагүй. Өөрөөр хэлбэл Э ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу 2.600.000 төгрөг, мөн Энх Катеринг ХХК-д мөн хөдөлмөр эрхэлдэг, нийгмийн даатгал төлдөг байсан бөгөөд үүний 500.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Ингээд цалин хөлсөнд 2.100.000 төгрөгийг нэхэмжилж байна. Эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардлын хувьд 90.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байгаа. Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны тогтоол буюу 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан тогтоол байгаа. Энэ тогтоол нь гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш гарсан боловч өнөөдрийг хүртэл гэмт хэргийн улмаас учирсан хор хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбоотой шүүхийн практикт нэг мөр хэрэгжээд явж байгаа. Шинжээчийн дүгнэлтээр сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 3 дугаар зэрэглэл гэж гарсан. Энэ 3 дугаар зэрэглэлээр бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний хүртэл нөхөн төлбөрийн хэмжээг олгохоор Дээд шүүхийн аргачлалаар тогтоосон. Иймд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660.000 төгрөгийг 22,99-өөр үржүүлж 15.173.400 төгрөгийг хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах арга хэмжээний хуулийн дагуу шүүгдэгч нараас гаргуулан олгуулах эрх зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна. Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэрэг, үйлдэл, эс үйлдэхүйг Эрүүгийн хуулийн тусгай ангид тогтоож өгсөн гэмт хэргийн шинжтэй тохиолдолд тухайн зүйлийг гэмт хэрэг гэж үзэж байгаа. Шүүгдэгч нарын хувьд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг дараах нөхцөл байдлаар үйлдсэн гэж харж байна. 1 дүгээрт: хохирогчийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр рүү тээвэрлэх явцдаа таксиний мөнгө өгч, авахтай холбоотойгоор хувийн таарамжгүй маргаан үүсгэж 13 дугаар хорооллын нутаг дэвсгэр дээрээс М-Ойл шатахуун түгээх станц хүртэлх хүртэл үргэлжилсэн байна. Энэ хугацаанд шүүгдэгч Б.А  нь хохирогчийн гар утсыг авч энэ үйлдлээс болж маргасан байна. Энэ маргаан үргэлжилсээр хохирогчийн нүдэнд учирсан хохирлыг П.Х  хохирогчийн үйлдлийг зогсоох явцад шүүгдэгч Б.А  нь хэд хэдэн удаа цохисон энэ үйлдлүүдээр хамтран энэ гэмт хэргийг үйлдсэн эгж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн тооцно” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулах явцдаа ямар гэмт хэргийг давхар үйлдсэн байж болзошгүй вэ гэж судалж үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан дараах гэмт хэргүүдийг үйлдсэн байж болзошгүй байна. Өнөөдөр хавтаст хэргийн хүрээнд хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулах гэмт хэргийн хүрээнд орж ирсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйл “дээрэмдэх”, мөн үүнтэй 17.8 дугаар зүйлд заасан “эд хөрөнгө устгах, гэмтээх” зэрэг гэмт хэргийн нөхцөл байдлууд харагдаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчийн эрхийг хамгаалах ёстой. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч гар утас устгасан, дээрэмдсэн гэдэг асуудалтай холбоотой гомдлыг хавтаст хэрэг авагдсан баримтуудаар тодорхой зааж өгсөн. Хавтаст хэргийн 72, 73 дугаар хуудас илүү тодорхой дурдсан байгаа. Өөрөөр хэлбэл “энэ хүн миний гар утсыг дээрэмдэх явцдаа хөнгөн гэмтлийг надад санаатай учруулсан” гэдэг гомдлыг гаргасаар байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч, прокурор нар энэ хэргийн үнэнийг олъё гэсэн зорилгыг биелүүлээгүй гэж харж байна. Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад энэ хүсэлтийг гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн бодит байдлыг мөрдөгч, прокурор нар бүрэн тогтоох ёстой. Өөрөөр хэлбэл хавтаст хэргийн хүрээнд авчирсан нотлох баримтын хүрээнд харахад өөр гэмт хэргийн шинж байгаа нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдоод байхад зүйлчлэлийг нь оруулж ирэхгүйгээр зөвхөн хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн хүрээнд оруулж ирж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Энэ гар утас гэмтээсэнтэй холбоотой асуудлыг нөхөн төлүүлье, үүнтэй холбоотой нөхцөл байдлыг тогтоолгоё гэж байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ бүх нөхцөл байдлыг тогтоохгүй явж байгаа нь хохирогчийг хохирсон дээр нь нэмж хохироож байгаа асуудал байна. Хэрэг хянан шийдвэрлэ ажиллагааны явцад энэ нөхцөл байдлыг анхаарч үзэх хэрэгтэй байх гэж үзэж байна. Шүүгдэгч Б.А-ын хувьд цагаатгах үндэслэл байна уу гэдэг дээр гэмт хэргийн хүрээнд гарсан бүх баримтуудыг дэнсэлж үзээд эргэлзээ төрвөл шүүгдэгчид ашигтай байдлаар шийддэг хуулийн зохицуулалттай. Өнөөдөр энэ гэмт хэргийн хүрээнд шүүгдэгч Б.А-ыг цагаатгах ямар ч үндэслэл алга. Өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлтээр хэд хэдэн үйлчлэлээр буюу хохирогчийн мэдүүлэгт дурдсанчлан шүүгдэгч нар цохисон гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна. Хохирогчийн мэдүүлэг хөндлөнгийн баримтаар нотлогдож байна гэж үзэж байна. Тухайн гэмт хэрэг үйлдсэн гэдэг нөхцөл байдлыг шүүгдэгч нар өөрсдөө сайн дураараа хүлээн зөвшөөрөөд, хохирогч боломж олгоод 1.500.000 төгрөгийн хохирол барагдуулчихвал 2 тийш болъё гэж боломж олгосон байдаг. Энэ хүн ёсны үүднээс боломж олгосон. Залуу хүүхдүүд учраас хохирогч боломж олгосон талаараа хэлсэн” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч Э.Уянга “Миний үйлчлүүлэгчийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлобол зохих байдлыг хавтаст хэргийн хүрээнд бүрэн тогтоож нотлоогүй учраас цагаатгах байр суурьтай оролцож байгаа. Өнгөрсөн хугацааны хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаж мэтгэлцэхдээ аргагүй хамгаалалтын талаар үг үсэг хэлээгүй. шүүх хэргийн бодит байдлыг прокуророос шүүх рүү шилжүүлсэн хавтаст хэргийн хүрээнд хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг бусад нотлох баримтуудтай харьцуулан нягт нямбай бүрэн гүйцэт бодит байдлаар хянах үүрэгтэй. Хавтаст хэрэгт бүрэн цугларсан хохирогчийн 4 удаагийн мэдүүлэг миний үйлчлүүлэгчийн 3 удаагийн мэдүүлэг авагдсан байдаг.  Гэтэл хохирогчийн 6 дугаар сарын 20, 22-ны өдөр, 7 дугаар сарын 17-ны өдөр, 11 дүгээр сарын 12-ны өдрүүдэд авагдсан мэдүүлгүүдэд ямар байдлаар хөдөлбөргүйы тогтоогдсон, миний үйлчлүүлэгчийн ямар үйлдлээс, хэдэн удаагийн хаана, яаж цохисон үйлдлээс болж гэм хор  учраад байгаа вэ гэдгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан нотлох аргачлалаар гаргаж нотолсон баримтууд байдаггүй. Харин эсэргээрээ миний үйлчлүүлэгчийн мэдүүлэг нь анхнаасаа тогтвортой мэдүүлдэг. Мөн энэ мэдүүлгийг гэрч Гантулга, Содбаяр, Сиди-ний бичлэг зэргүүд нотлодог. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2 удаагийн дүгнэлт гарсан. Эхний дүгнэлтийг дараагийн дүгнэлт хуулаад биччихсэн байдаг. Тэгэхээр миний үйлчлүүлэгчийн зүгээс прокурорт хандаж дахин дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасныг хангасан. Гэтэл тухайн дүгнэлт нь дахин дүгнэлт биш юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн, мөн Шүүхийн шижилгээний тухай хуулийн 28.2 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангаагүй дүгнэлт учраас 2 дахь дүгнэлт нь туйлын үнэн хэрэгт ач холбогдолтой нотлох баримт биш юм. Хууль зөрчиж цуглуулсан. Хохирогчийн утсандаа бичлэг хийсэн нотлох баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан “нотлох баримтыг хууль бусаар, хууль зөрчиж цуглуулсан” баримт юм. Тодруулбал Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан хориглох арга хэрэгслээр мэдээллийн эзэн буюу бичиж байгаа этгээдэд мэдэгдэлгүйгээр нууц далд аргаар бичсэн баримтыг шүүх үнэлэх нь хууль бус гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухйа хуулийн нотлобол зохих зүйлийг бүрэн нотолж, гэмт хэрэг үйлдэхдээ бүлэглэн хохирогчийн биед гэмтэл учруулсан гэж прокурорын зүгээс яллах дүгнэлт үйлдэж оруулж ирсэн. Бүлэглэсэн санаа зорилго нь хаана байгаа вэ, үйлдлээрээ нэгдээд цохисон үйлдлийг хаана нотлоод байгаа вэ гэдэг нь байдаггүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэрэг бол тус тусдаа гэмт хэрЭг үйлдэхдээ ямар үүрэг  оролцоотой оролцсон бэ гэдгийг ялгаж байж ялыг  ялгамжтай оноглдуулах эсэхийг шүүх шийддэг. Тэгэхээр хавтаст хэрэгт авагдсан бүхий нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судлахад хохирогчийн биед тухайн цаг хугацаанд энэ гэмтлүүд нь хөдөлбыөргүйгээр үүсэн гэдгийг тогтоосон нотлох баримт байдаггүй. Ганцхан Шүүхийн шинжилгээнйи үндэсний хүрээлэнгийн дүгнэлт байдаг. “Үүнийг та 2 үүсгэсэн шүү дээ” гээд таамгаар, эсвэл тулгаж яллаж болохгүй. Тухайн өдөр үзсэн үзлэгээрээ буюу 7 дугаар сарын 3-ны өдрийн шинжэчинй дүгнэлтээр эдгээр гэмтлүүд 8 хоногийэн дараа гарсан байдаг. Нүдээ үзүүлсэн, нүд бүрэлзэж байгаа зэрэг асуудлууд нь 10 хоногийн дараах асуудал. Тухайн цаг хугацаанд шүүгдэгч нарын хууль бус үйлдлийн улмаас үүсэн гэдгийг тогтоосон шинжээчийн дүгнэлт байдаггүйү. Тухаыйн цаг хугацаанд авсан байх боломжтой гэж ярьж байгаа. Магадалал таамгаар бусдын эрх, эрх чөлөөг хязгаарласан шйидвэр гаргах нь хууль зүйн хувьд алдаатай шийдвэр болох болзошгүй учраас өмгөөлөгчийн зүгээс үйлчлүүлэгчийнхээ эрх зүйн байдлыг дээрдүүлэх чиг хандлагаар оролцож байгаа учраас хэлэхээс өөр арга алга. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмтлийг миний үйлчлүүлэгч хэрхэн, яаж учруулсан болох нь хөдөлбөргүй тогтооглохгүй байгаа тул хавтатс хэрэгт авагдсан баримтуудыг бүхэлд нь судлаад шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай нь эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсгэсэн тохиодолд түүнд ашигтай байдлаар шийднэ гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг 2023 оны 5 дугаар сарын 08-ны  өдрийн 24 дугаартай Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийнтогтоолоор тайлбарласан байгаа. Тогтоолын үндэслэлд заагаад байгаа нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтын хуульд заасан гэмт хэргийн шинжийг харицуулах, жиших, зүйлчлэл хйих үед эргэлзээ гарах юм бол энэ зүйлийг ашиглана  гээд тайлбарлаад өгсөн байгаа. Тэгэхээр энэ тайлбар болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч П.Х ийн өмгөөлөгч Ө.Учрал “П.Х ийн хууль ёсны эрх ашгийн хамгаалан оролцож байна. Байр суурийн хувьд түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно гэдгээ хэлсэн. Улсын яллагч цагаатгах байр суурьтай оролцож байна гэж андуурах шиг боллоо. Шүүх өөрөө хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хавтаст хэрэгт авагдсан баримтад үндэслэж үйл баримтыг тогтоодог. Авагдсан баримтын хувьд миний үйлчлүүлэгч хохирогчийг цохисон талаарх баримт авагдаагүй. Авагдсан ганц баримт нь зөвхөн хохирогч “машины урд талд сууж байхдаа хойшоо тохойгоороо намайг цохисон” гэдэг зүйл яриад байгаа. Гэтэл энэ нь хавтаст хэрэгт авагдсан бусад баримтаар үгүйсгэгдэж байгаа. Хохирогчийн өмгөөлөгч “шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна” гэж ярьж байна. Шинжээчийн дүгнэлтээр энэ нь өөрөө гэмтэл мөн эсэхийг тогтоож байгаа болохоос биш хэргийн үйл баримтыг тогтоодоггүй. Бидний зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийг зөвшөөрнө. Үйл баримтын хувьд өөрөө ч мэдүүлэг өгсөн. Мөн зөрчлийн хэргээр шалгагдахдаа ч мэдүүлэг өгсөн. Хохирогчийг барьж аваад ийшээ тавьсан цаашаа 2 алхаад унасан гэдэг. Энэ үйл баримтыг гэрчлээд тухайн бичлэгт үзлэг хийсэн цагдаагийн ажилтан мэдүүлэг өгсөн байдаг. Цагдаагийн ажилтны өгсөн мэдүүлэгт хохирогчийн шүүгдэгч нарын хэн аль нь цохисон талаар ямар ч мэдүүлэг авагдаагүй. Мөн хохирогчийг эмнэлэгт очиж үзүүлэхэд нь ямар гэмтэл учирсан байсан талаар бичигдсэн байдаг. Энэ асуудал дээр ч бичвэр байдаггүй. Мөн эрүүлжүүлэхийн эмч үзсэн байдаг. Тэр эмч үзээд хохирогчид ил харагдах шарх гэмтэл байгаагүй гэдгийг мэдүүлсэн байдаг. Тэгэхээр хохирогчийн яриад байгаа мэдүүлэг нь өөрөө бусад баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Харин минйи үйлчлүүлэгчийн хувьд өөрийнхөө хийсэн үйлдлийг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Энэ нь өөрөө зүйлчлэлийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг бөгөөд үүнийг зөвшөөрч байгаа. Хохирогчийн зүгээс нотлох баримт шинжлэн судлахад 2.600.000 төгрөгийг “Этиопиа” ХХК-с цалингаа авдаг, мөн 500.000 төгрөгийн цалин авдаг бөгөөд нийт 3.100.000 төгрөг авдаг байсан гэж ярьсан. Гэтэл сая өмгөөлөгчийн зүгээс 2.100.000 төгрөг гээд 2.600.000 төгрөгөө больчихож байх шиг байна. 90.000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан гэдэг. Шинжээчийн дүгнэлтээр сэтгэл санааны хохиролд 8.573.400 төгрөгийг нэхэмжилнэ гэсэн. Сая 15.173.400 төгрөгийг нэхэмжилнэ гэж байна. Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлттэй адилтгаж үзэх баримт дээр сэтгэл санааны хохирлыг 3 дугаар зэрэглэл гэсэн байгаа. Гэтэл бидний яриад байгаа Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны тогтоолоор “хөнгөн гэмтлийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн гэмтэл нь 2 дугаар зэрэглэлд хамаарна” гээд заачихсан. Яагаад 3 дугаар зэрэглэлд хамааруулаад байгаа нь эргэлзээтэй байна. Хэргийн үйл баримт нь 2023 оны 6 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө болсон асуудал. Гэтэл хууль үйлчлэх хугацаа нь Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны тогтоол,үүнтэй хамааруулаад Хууль зүйн яамны энэ сард гарсан тушаал байгаа. Энэ тушаал, тогтоолоор сэтгэцэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх хуулийн практик нь хэрэгжиж эхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл энэ хэргийн үйл баримт болсноос хойш энэ аргачлалыг хэрэглэж эхэлсэн. Тэгэхээр энэ аргачлалыг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай байгаа.” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Үйл баримтын талаарх дүгнэлт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.А , П.Х  нар гэр бүлийн харилцаа хамаарал бүхий этгээдүүд буюу эгч дүүс байх бөгөөд хэрэг учрал болсон гэх 2023 оны 6 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө такси үйлчилгээнд эгч Б.А-ын эзэмшлийн тээврийн хэрэгслээр явж байжээ.

Э.Ш  нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимпийн гудамж, 19А-С-т үйл ажиллагаа явуулдаг Шангри Ла үйлчилгээний төвөөс такси үйлчилгээнд явж байсан Б.А , П.Х  нарын тээврийн хэрэгсэлд сууж Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол руу явсан байна.

Э.Ш  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэний улмаас гар утсан дээр интернет банкны кодыг буруу хийж блоклосон тул үйлчилгээний төлбөрийг дараа төлье гэж, харин Б.А  нь үйлчилгээ авсан бол төлбөрөө төл гэж хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, Б.А  нь Э.Ш гийн гар утсыг булааж авч, Э.Ш  нь гар утсаа авах гэж Б.А тай ноцолдож, П.Х  нь Э.Ш г Б.А ас салгаж тээврийн хэрэгслээс холдуулах гэж түлхэж, улмаар Б.А , П.Х  нар нь бүлэглэж Э.Ш гийн эрүүл мэндэд халдсан үйл баримт тогтоогдож байна. 

Хохирогч Э.Ш д Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 8347 дугаар дүгнэлтээр “баруун дээд, доод зовхи, баруун гуянд цус хуралт, хэвлийд зулгаралт” гэмтэл тогтоогдсон дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.

Хэргийн үйл баримтыг тусгасан бичлэг бүхий нэг ширхэг СиДи байх боловч үйл баримт дутуу бичигдсэн буюу үндсэн бичлэгийн тал бичлэг байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.А , П.Х  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж хүндрүүлэх шинжийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д “бүлэглэж” гэж заасан байдаг.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч Б.А , П.Х  нар нь бүлэглэн хохирогч Э.Ш гийн нүүр, цээж хэсэгт нь цохих, алгадах, хэвлий, хөл хэсэгт нь өшиглөх, түлхэх зэргээр эрүүл мэндэд халдаж, хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нар нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Хохирогч Э.Ш д Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 8347 дугаар дүгнэлтээр “баруун дээд, доод зовхи, баруун гуянд цус хуралт, хэвлийд зулгаралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.А , П.Х  нар нь хохирогч Э.Ш гийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогч Э.Ш гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч нарын гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.А , П.Х  нар нь бүлэглэж хохирогч Э.Ш гийн эрүүл мэндэд халдсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д “бүлэглэж” үйлдсэн гэх шинжийг бүрэн хангаж байна.

Иймд шүүгдэгч Б.А , П.Х  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан “бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч Э.Уянга цагаатгах байр сууринаас мэтгэлцэж оролцсон.

Хохирогч Э.Ш  нь 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хохирогчоор өгсөн “... эрэгтэй машинд сууж байхад цохиж учруулсан...” гэж,

2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хохирогчоор өгсөн “... эрэгтэй нь толгой, гар, цээж хэсэг рүү гараараа цохисон. Эрэгтэй нь араас бариад эмэгтэй нь гар, толгой гараараа цохиж хөл рүү өшиглөсөн...” гэж,

2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр зөрчлийн хэрэгт хохирогчоор өгсөн “... эргэж хараад гараараа саваад цохисон...” гэж,

2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр зөрчлийн хэрэгт холбогдогчоор өгсөн “... машинаас буулгах гэж биед халдсан...” гэж тус тус мэдүүлсэн.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №8347 дугаар: “...Э.Ш гийн биед баруун дээд, доод зовхи, баруун гуянд цус хуралт, хэвлийд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,

шинжээч эмч Б.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих хүчний үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Тус бүрдээ гэмтлийн зэрэгт хамаарахгүй нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун дээд, доод зовхины цус хуралт нь унах үед үүсэх боломжгүй, бусад хэсгийн гэмтлүүд нь уналтаас үүссэн байх боломжтой...” гэх мэдүүлэг өгсөн.  

Дээрх нотлох баримтуудад дүгнэлт хийхэд хохирогч Э.Ш  нь шүүгдэгч Б.А , П.Х  нар нь түүний толгой, гар, цээж хэсэг рүү гараараа цохих гар, толгой гараараа цохиж хөл рүү өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь бүлэглэж халдсан талаар хэрэгт тогтвортой мэдүүлдэг ба шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлэгээр хохирогчид учирсан баруун дээд, доод зовхины цус хуралт нь унах үед үүсэх боломжгүй байх тул шүүгдэгч нарын тайлбар мэдүүлэг болон өмгөөлөгчийн гаргасан “хохирогч өөрөө унаад гэмтэл учруулсан” гэх дүгнэлт санал үндэслэлгүй байна.  

Иймд шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч Э.Уянгын цагаатгаж өгнө үү гэх дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн хувьд хохирогч нь бусдаас авсан үйлчилгээний төлбөрийг төлөхгүй гэж маргасны улмаас болж гарчээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч нар нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

Хохирогч Э.Ш  нь сэтгэцэд учирсан хохирол, ажилгүй байсан хугацааны цалин, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 8.573.400 төгрөгийг нэхэмжилсэн.

Шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдож буй эмчилгээний зардал нь 90.000 төгрөг байх ба шүүгдэгч Б.А , П.Х  нараас хувь тэнцүүлэн тус тус 45.000 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Ш д олгох нь зүйтэй байна.

Шүүх шинжилгээний тухай хууль 2022 оны 12 сарын 23 өдөр шинэчлэн найруулга батлагдаж, уг хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасны дагуу сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлгээ хийхтэй холбогдох хэсэг болон түүнийг дагалдаж батлагдсан бусад хуулийн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хугацааг тусгайлан заасан.

Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан бөгөөд хэрэг уг хуулийн заалт хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээс өмнө үйлдэгдсэн байх тул сэтгэцэд учирсан хохиролтой холбоотой нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

Ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй холбоотой нэхэмжлэлийн хувьд холбогдох баримтуудад нь хангалттай бус байх тул уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,  холбогдох баримтаар бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдэв.  

Хохирол төлбөр гаргуулахтай холбогдуулан шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас шүүх хуралдааныг 10 минутын хугацаагаар түр завсарлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч завсарлахад хохирогч Э.Ш  нь “90.000 төгрөгийг шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа шийдвэр гүйцэтгэх байгууллагаас авна, одоо авахгүй” гэсэн болохыг дурдав.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Улсын яллагч “Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бүлэглэж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэгтээ хандаж буй хандлага, бусдад учруулсан хохирол хор уршиг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан улсын яллагч нотлох баримтад тулгуурлан өөрийн дотоод итгэл үнэмшилд тулгуурлан яллана гэж зааснаар, мөн хохирогчийн буруутай үйл ажиллагаа байгаа гэж дүгнэж байна.  Ийм шүүдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг Сиди-г хэрэгт хавсаргуулах, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээх саналтай байна.” гэх саналыг,

Хохирогч Э.Ш гийн өмгөөлөгч Т.Мөнхболд “Шүүхээс шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм бурутуайд тоцсон учраас эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналын хувьд энэ зүйл ангид зааснаар 1 сараас 6 сар хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх саналтай байна. Учир нь хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхтэй холбоотой асуудал ньь шүүх хуралдааны мэтгэлцээний дараа нь, эсвэл өмнөх шатанд хэрэгжих боломжтой байсан. Өөрөөр хэлбэл шүүгдэгч П.Х , түүний өмгөөлөгч Ө.Учрал нар эрүүгийнн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай орж ирсэн. Эннэ бол эрүүгйин хариуцлага оногдуулахтай холбоотой шийдвэр гаргахыг урьдчилж таамаглаж орж ирж байна гэсэн үг. Энэ хүрээндээ хавтаст хэрэгт бодитой хүлээн зөвшөөрч байгаа зардлыг шүүгдэгч нар төлөх боломжтой. Гэмт хэрэг гарснаас хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа жил гаран явж байгаа талаар хохирогч өөрөө хэлж байна. Энэ болгонд тодорхой хэмжээний хугацаа орж, энэ хүн хохирсоор ирсэн. Энэ хүний эмчилгээний зардал зөвхөн 90.000 төгрөгөөр хязгаарлагдахгүй. Энэнээс илүү зардал гарсан боловч бид нотлох баримтын хүрээнд баримтуудаа бүрдүүлж чадаагүй. И-Монголиад орж байгаа эмнэлгүүд баримтуудыг гаргаж өгөхөөс татгалзсан. Өнөөдөр энэ хүнийг жил гарангийн хугацаанд сэтгэл санаагаар нь дэмжих ажлыг хохирогч нар огт хийгээгүй. Нөгөө талаараа энэ эрүүгийн хэргийг зөрчлийн хэрэг болгох гэсэн ажиллагаа тодорхой хэмжээнд явагдсан. Хохирогч шүүгдэгч нарт боломж олгосон. Залуу хүүхдүүд учраас 1.500.000 төгрөгөөр энэ асуудлаа зохицуулъя гэсэн. Би “чи яагаад өөрийнхөө эсрэг ийм зүйл хийж байгаа юм бэ, гэмт хэрэг байхад зөрчлийн хэрэг гэж явах гээд” гэхэд “залуу хүүхдүүд учраас итгээд үзье” гээд итгэсэн байгаа юм. Хугацаа олгосон. Нэг удаа “таны бие яаж байна, эмчилгээндээ хэрэглэх мөнгө авах уу” гээд 1.500.000 төгрөгөөс тодорхой хэмжээнд өгсөн байсан бол бид өнөөдөр арай түвшний зүйл ярих байсан. Хохирол нөхөн төлүүлэхтэй холбоотой хохиргч өөрийн бйр сууриа илэийлж бйгаа юм. Үүнд өмгөөлөгч миний бие ямар нэгэн саад хийх эрх байхгүй. 5 хүртэх хоногийн завсарлага авч болно. Гэхдээ манай үйчлүүлэгч энэнээс татгалзсан. 90.000 төгрөгийг одоо авахаас татгалзсан. Бусад цалин мөнгө зэрэг зүйлийг нэг мөсөн давж заалдах үедээ явж олж авъя гэж байгаа юм. Хохирол нөхөн төлөхтэй холбоотой асуудал бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хэрэгжиж болдог зүйл. Шүүх хуралдааны мэтгэлцээнээс өмнө энэ асуудлыг шийдэж болох байсан. Хохирочийг үл ойшоосон хандлагатай байна. Тийм учраас хохирогч 90.000 төгрөгийг авахаас өөрөө татгалзсан юм. Энэ талаараа шүүхэд илэрхийлэх эрхтэй. Хэн нэгэндд зодуулчхаад байхад нь хохирол мөнгөө ав гээд бид хүчээр энэ асуудлыг зохицуулж болохгүй. Энэ хүнд дахиад өөр хохирлын асуудлууд байгаа. Бид бүх баримтаа бүрдүүлээд Иргэний хэрэг хянан шйидвэрлэх тухай хуулиар нэхэмжилнэ. Нотлох баримт нь бүрдээгүй юм. Шударга ёс ярих юм бол энд гар утасны асуудал яригдах ёстой. Иймд зорчих эрхийг хязгааралх ял оногдуулж өгнө үү. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ гэмт хэргийн улмаас учруулсан хохиролдоо гэмшиж байгаа нөхцөл байдал огт харагдахгүй байна.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч Э.Уянга “Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан гэм буруугийн зарчмыг баримталж миний өмгөөллийн байр суурийг тодорхой нотлох баримтын хүрээнд няцаагдаж байгаа гэж дүгнэн минйи үйлчлүүлэгчийн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрт бид хүндэтгэлтэй хандаж байгаа. Тийм учраас хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа. Мөн бусдыг гэм буруутайд тооцож, яллах байр суурьтай орж ирж байгаа бармитуудын нөхцөл байдал, хохирогчийн мэдүүлгүүдийн зөрүүтэй байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөл зэрэг хэрэгт авагдсан бүхий л нөхцөл байдал дүгнэлт хийгээд Эрүүгийн уулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар миний үйлчлүүлэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж өгнө үү гэсэн саналтай байна. Шүүгдэгч нар нь нэг айлын хүүхдүүд бөгөөд хоёулаа ял аваад ингээд явж байгаа нь шүүхийн дотоод итгэл үнэмшлээр гэм буруугаа дүгнэсэн байх гэхдээ шүүгдэгч П.Х ийн хувьд  өмгөөлөгч Ө.Учралын хэлж байгаа саналыг шүүх харгалзаж үзнэ үү” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч П.Х ийн өмгөөлөгч Ө.Учрал “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “гэмт хэргийн хохирол хор уршиг” гээд хуульчилаад өгчихсөн байдаг. Энэ зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх гэмт хэргийн хохирол хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлж хор уршгийг арилгах, нхөн төлүүлэх төлбөрийн мөнгөн дүнгээр тооцож тогтооно” гээд заачихсан байдаг. Өмгөөлөгчийн хувьд хэрэг шүүхэд шилжиж ирснээс хойш өмгөөлөгчөөр оролцож эхэлсэн. Хохирол хор уршгийг энэ ойлголтоороо тайлбарлаж хэлсэн байгаа. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар шүүх дүгнэснээр тэр баримт л байдаг. Тогтоох боломжгүй байсан. Гэтэл энэ хүн тогтоогдоогүй байгаа хохирол төлбөрийг хэдэн төгрөг гэж төлөх вэ. Шүүхээс тогтоож өгсөн хэмжээгээр нь төлье гэдгээ илэрхийлж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлагыг хуульчилж өгсөн. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт шүүх эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыгг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан байдаг. Энэ нөхцөл байдлыг дурдахдаа бодит байдал дээр шүүх өөрөө хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал гээд бүх нөхцөл байдлыг харгалзан үзэхдээ шаардлага нэг бүрт нь бодитой дүгнэлт хийх ёстой. Өөрөөр хэлбэл учирсан хохирол нь юу вэ, хор уршиг нь юу вэ, энэ хүний хувийн байдал нь юу вэ, хөнгөрүүлэх, хүндрүүүлэх нөхцөл байдлууд юу байгаа вэ гэдгийг нь тус бүрт нь бодитой дүгнэлт хийх ёстой.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Миний үйлчүүлэгчийн хувьд урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт үйлдсэн нөхцөл байдал тогтоогддог. Мөн гэмт хэрэг үйлдсэний дараа энэ зүйлийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэдэг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж харж байна. Учир нь хохирлоо одоо төлье гэхэд дансаа өгөхгүй, авахгүй гэж байгаа нь хохирогчийн өөрийн үйл ажиллагаанаас болоод үгүйсгэгдэж байна. Мөн энэ зүйлийн 3 дахт хэсэгт “шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж заасан байдаг. Хохирогчийн зүй бус үйлдлээс хамаарч энэ гэмт хэрэг гарах болсон шатлгаан нөхцөл байгаа гэдгийг шүүх анхаарч үзнэ үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлуудыг заасан байдаг. Өмгөөлөгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, чөлөөлөх хуулийн зохицуулалт байгаа. Өөрөөр хэлбэл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөд энэ зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол хор уршиг, хувийн байдал, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ” гээд миний дурдсан шаардлага нэг бүрээр дүгнэлт хийхээр хуульчлаад өгчихсөн. Минй үйлчлүүлэгчийн хувьд шаардлага нэг бүр нь бодитой хангагдсан гэж харж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээгээр өөрийнхөө хийсэн үйлдлийг ухамсарлаад, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд, зөрчлөөр шалгуулаад “тиймээ би энэ хүн аваад унагачихсан юм, миний буруу” гээд хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. өнөөдрийн шүүх хуралдаанд өөрийн буруу гэдгээ хүлээн зөвшөөрөөд мэдүүлгээ өгөөд явж байна. хохирол төлбөрөө төлье гээд илэрхийлээд явж байна. Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэсэн саналтай байна” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан.

Шүүгдэгч Б.А , П.Х  нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирогчид баруун дээд, доод зовхи, баруун гуянд цус хуралт, хэвлийд зулгаралт гэмтэл учирсан, хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Б.А , П.Х  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэв.

Шүүгдэгч Б.А , П.Х  нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хоёр ширхэг СиДи-г Эүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргав.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А , П.Х  нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэн хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Б.А , П.Х  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.А, П.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.А , П.Х  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.А , П.Х  нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хохирогч Э.Ш гийн сэтгэцэд учирсан хохиролтой нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй холбоотой нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, уг нэхэмжлэл болон бусад зардал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол зэргийг холбогдох баримтаар бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А , П.Х  нараас тус тус 45.000 /нийт 90.000 төгрөг/ төгрөгийг гаргуулан хохирогч Э.Ш д олгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хоёр ширхэг СиДи-г Эүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.

7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А , П.Х  нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчоос хохирол төлбөрийг хүлээн авахаас татгалзсан болохыг, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэн хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.А , П.Х  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                                  ДАРГАЛАГЧ

ШҮҮГЧ                             М.ТҮМЭННАСТ