Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 102/шш2021/02796

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2021/02796

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

.........дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, .........дүүрэг, .... дүгээр хороо, 4 хороолол, ... төвийн 4 дүгээр давхарт байрлах, З.З ХХК /РД: ..../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .........дүүрэг, .. дугаар хороо, ........ гудамж,........... тоот хаягт оршин суух, Б овогт Э.Н /РД: ..../-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 6,522,722 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч З.З ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б ийн гаргасан тайлбарт: Манай компаний нягтлан П.О , нярав Н.С нар 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр тооллого хийж 2572 ширхэг барааг худалдааны зөвлөх Э.Н д хүлээлгэж өгсөн. 2021 оны 04 дүгээр сарын 10-наас 2021 оны 05 дугаар сарын 08-ны хооронд ковидтой холбоотойгоор ажиллаагүй болно. Харин 2021 оны 05 дугаар сарын 10-наас ажиллаж эхлэж ба 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Хүннү молл салбарын барааг тооллоход 2258 ширхэг байх ёстойгоос 2170 болж 88 ширхэг бараа дутаж нийт 6,268,500 төгрөгийн өр гарсан. Тухайн үед хямдралтай үнэ болох 4,110,130 төгрөгөөр тооцоход Э.Н энэ үнийг хүлээн эевшөөрч 2 сарын хугацаанд төлж барагдуулна гэж өргөдөл өгсөн. Гэвч хугацаандаа төлж барагдууллаагүй учир үндсэн үнээр нь тооцохоор болсон. Манай компани өргөдлийн дагуу тухайн ажилтанг үргэжлүүлэн ажиллуулж 5 дугаар сарын цалингаас 305,555 төгрөгийг суутгаж долоо хоног бүр тооллого хийж шалгахад 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр мөн 7 ширхэг бараа дутаж нийт 645,760 төгрөгөөр өр нэмэгдэн гарсан. Мөн кассын бэлэн мөнгө 81,000 төгрөг байх ёстойгоос 60,000 төгрөг дутаасан болно. Нийт манай компанид 6,974,260 төгрөгийн хохирол учируулснаас 6 дугаар сарын цалингаас 451,538 төгрөгийг нийт төлөх өрнөөс хассан болно. Иймд Э.Н гаас 6,522,722 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч З.З ХХК нь хариуцагч Э.Н д холбогдуулан 6,522,722 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... манай компани нь хариуцагч Э.Н г хөдөлмөрийн гэнээний дагуу Хүннү мол салбарт худалдааны менежерээр ажиллуулж байсан. 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр тооллого хийж 2572 ширхэг барааг худалдааны зөвлөх Э.Н д хүлээлгэж өгсөн, 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр барааг тооллоход 2258 ширхэг байх ёстойгоос 2170 байсан, 6,268,500 төгрөгийн үнэ бүхий 88 ширхэг бараа дутсан. Мөн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр мөн 645,760 төгрөгийн үнэ бүхий 7 ширхэг бараа, мөн кассын орлогоос 60,000 төгрөг дутсан. Ингээд компанийн зүгээс Э.Н гийн гаргасан хүсэлтийг үндэслэн 2021 оны 05 дугаар сарын түүний цалингаас 305,555 төгрөг, мөн оны 06 дугаар сарын цалингаас 451,538 төгрөгийг тус тус суутгасан. Одоо түүний дутаасан барааны үлдэгдэл төлбөр нь нийт 6,522,722 төгрөг болж байгаа гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч Э.Н д шүүх хуралдааны товыг 2021 оны 10 дугаар сарын 14-ны өдөр мэдэгдэж, хариуцагч баримтад гарын үсэг зурсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ. гэж заасантай харшлахгүй гэж үзлээ.

 

Мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэж заасан боловч шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч З.З ХХК нь хариуцагч Э.Н тай 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулан Хүннү мол салбарт худалдааны зөвлөхөөр ажиллуулж байсан. Нэхэмжлэгч З.З ХХК нь 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 2572 ширхэг барааг худалдааны зөвлөх, энэ хэргийн хариуцагч Э.Н д хүлээлгэж өгсөн, 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр барааг тооллоход 6,268,500 төгрөгийн үнэ бүхий 88 ширхэг бараа дутсан, мөн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр мөн 645,760 төгрөгийн үнэ бүхий 7 ширхэг бараа дутсан, мөн кассын орлогоос 60,000 төгрөг дутсан талаар хариуцагч Э.Н маргаагүй, мөн дээрх үйл баримт хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хөдөлмөрийн гэрээ, ажилтан, ажилчны ёс зүй, санхүүгийн бүрэн хариуцлагын гэрээ, Хүннү-гээс дутсан барааны мөнгөн дүн 2021 оны 05 дугаар сарын 21 №0, Хүннү-гээс дутсан барааны мөнгөн дүн 2021 оны 05 дугаар сарын 22-ноос 2021 оны 06 дугаар сарын 16 №0, Зарлагын баримт, Худалдагчийн өдрийн тайлан зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1Дараахь маргааныг шүүхээр хянан шийдвэрлэнэ:, мөн хуулийн 128.1.3ажилтнаас хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байхдаа аж ахуйн нэгж, байгууллагад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажил олгогчийн нэхэмжлэл; гэж заасантай нийцэж байна. Иймд хариуцагч Э.Н гаас 6,522,722 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч З.З ХХК-д олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1, 128.1.3-д заасныг баримтлан хариуцагч Э.Н гаас 6,522,722 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч З.З ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 126,580 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 126,580 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР