| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2020/04559/И |
| Дугаар | 102/шш2021/01676 |
| Огноо | 2021-06-29 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 102/шш2021/01676
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
..............шүүгч М.Мөнхтөр д ж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ......, 18 дугаар хороо, Т.Х.Т 201 тоот хаягт байрлах, Ю.Б.Д ХХК /РД: ......... /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ......, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, .........., 15 дугаар байр, 47 тоот хаягт оршин суух Ж.Б /РД: ........./-д холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,258,453 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ю.Б.Д ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У ын шүүх хуралдаанд гаргасан талйбарт: Өмнөх шүүх хуралдаанд гаргасан тайлбараа дэмжиж байна. Өөрөөр хэлбэл хариуцагч Ж.Б нь 2018 оны ......-ны өдөр нэхэмжлэгч Ю.Б.Д ХХК-тай зээлийн гэрээ байгуулж 10,850,000 төгрөгийг 25 сарын хугацаатай, 1 сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлж авсан байдаг. Зээлдэгч нь дээрх зээлийн гэрээний төлбөрт 2018 оны 05 дугаар сарын 09-нд 593,550 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 05-нд 583,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 29-нд 571,200 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 04-нд 240,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 04-нд 230,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 22-нд 540,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 02-нд 206,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 01-нд 194,500 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 03-нд 504,000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 02-нд 493,000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 02-нд 481,500 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 31-нд 470,200 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 30-нд 459,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 27-нд 448,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 30-нд 437,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 29-нд 425,3500 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 27-нд 415,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 28-нд 403,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 27-нд 392,000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 30-нд 380,500 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 27-нд 369,100 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 29-нд 358,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 30-нд 347,000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 30-нд 335,500 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 01-нд 325,0500 төгрөг, нийт зээлийн гэрээний хугацаанд нийт 10,201,351 төгрөгийн эргэн төлөлтийг хийсэн байдаг. Энэ үнийн дүнг задалбал зээл ашигласан хугацаанд зээлийн хүүнд 8,756,624 төгрөг, үндсэн зээлд 1,591,547 төгрөгийг төлсөн. Хариуцагч Ж.Б нь манай компаниас 10,850,000 төгрөгийг зээлж авсан бөгөөд үндсэн зээлийн төлбөрт түүний төлсөн 1,591,547 төгрөгийг хасч, үндсэн зээлийн үлдэгдэл 9,258,453 төгрөг байна.
Зээлийн гэрээний алдаатай зүйл нь юу байсан бэ гэвэл зээлийн эргэн төлөлтийн хуваарийг алдаатай үйлдсэн байдаг. 2018 оны ......-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ, фидуцийн гэрээ, тэдгээрийн хавсралтад зээлийн эргэн төлөлтийн графикт талууд гарын үсэг зурсан байдаг. Үүнд дээр алдаа гарсан байсныг манай талаас хожим мэдэж зээлийн гэрээний графикийг дахин шинэчлэх талаарх мэдэгдлийг өгч уг графикийг засаж зөв график гаргасан боловч хариуцагч буруу графикаар зээлийг төлж дуусгасан гэж ярьдаг. Гэтэл буруу графикийн дагуу хийсэн төлөлтийг 25 сараар үржихээр Ю.Б.Д ХХК-ийн зээлдүүлсэн 10,850,000 төгрөгт хүрэхгүй, 8,000,000 төгрөг зээлдүүлсэн юм шиг харагддаг. Үүнээс харахад график нь анхнаасаа буруу гарсан гэдэг нь нотлогдож байгаа юм. Тухайн үед талууд 25 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй, зээлийн гэрээний үнийн дүн нь 10,850,000 төгрөг байхаар тохиролцсон юм. Өмнөх шүүх хурал дээр нотлох баримтаар гаргаж өгсөн график нь эдгээр зүйлүүдэд нийцэж байгаа учир зөвтгөж гаргаж өгсөн графикийнхаа дагуу төлөгдөөгүй үлдсэн 9,258,453 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч Ю.Б.Д ХХК нь 2020 оны 10 дугаар сарын 08-ны ....... дүүргийн Засаг даргын тамгын газрын Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлтэй .....дугаартай гэрээ байгуулж, .....дугаартай батламжийг олгосон. Уг батламжаар Ю.Б.Д ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй гэдэг нь нотлогдож байгаа юм. Уг батламж нь 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хэвлэгдсэн бөгөөд тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаатай сунгаж, өмнөх тусгай зөвшөөрлийг нь ....... дүүргийн Засаг даргын тамгын газар хурааж авдаг тул өмнөх тусгай зөвшөөрлүүдийг нотлох баримтаар гаргаж өгөх боломжгүй байгаа юм.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дараахь хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд, хариуцагч тал нь зээлийн гэрээ болон фидуцийн гэрээ нь Иргэний хуульд заасан нөхцөлийн дагуу байгуулагдаагүй, өөрөөр хэлбэл гэрээний нэг тал болох хуулийн этгээд нь гадаадын иргэний хөрөнгө оруулалттай учраас уг компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх ...... улсын иргэний эх хэл дээр гэрээг орчуулах ёстой гэж тайлбарлаж байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр байгуулна гэж л заасан байдаг бөгөөд үүнээс өөр нөхцөлийг тусгаж өгөөгүй байна. Мөн 2018 оны ......-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ болон фидуцийн гэрээ нь зээлдүүлэгч болон зээлдэгч, үүрэг гүйцэтгүүлэгч болон үүрэг гүйцэтгэгч нарын хүсэл зоригийн илэрхийлэлд бүрэн дүүрэн нийцүүлж байгуулагдсан. Өөрөөр хэлбэл Иргэний хуульд заасны дагуу талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж хийсэн гэрээ мөн гэж үзэж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зээлийн хүүгийн хэмжээ өндөр, хугацаа урт байсан гэх тайлбарыг гаргаж байна. Гэвч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т зээлийн хүүгийн хэмжээг талууд тохиролцож байгуулна гэж заасан байдаг бөгөөд уг зээлийн хүү нь зээлдэгчийн эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн нь тогтоогдоогүй юм. Иймд уг үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Компанийн тухай хуульд компанийн гүйцэтгэх удирдлага бусадтай гэрээ хэлцэл хийх бүрэн эрхтэй гэж заасан байдаг. Нэхэмжлэгч Ю.Б.Д ХХК-ийн захирал Г.У.Э.Ё нь зээлдэгч Ж.Б тэй компаниа төлөөлж зээлийн гэрээ, фидуцийн гэрээг байгуулсан нь хууль тогтоомжийг зөрчөөгүй, хууль тогтоомжид нийцсэн гэрээ хэлцэл байх бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарахгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Иймд хариуцагч Ж.Б эс үндсэн зээлийн үлдэгдэл 9,258,453 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж ын шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт болон хариуцагчийн шүүхэд гаргасан хари тайлбарт: Ю.Б.Д ХХК-ийн захирал Бүгд найрамдах ...... улсын иргэн Г.У.Э.Ё нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зөвхөн Монгол хэл дээр уг нэхэмжлэлийг бичсэн байна. Нэхэмжлэгч тал тайлбарлахдаа анх зээлийн гэрээг байгуулахдаа зөвхөн Монгол хэл дээр гэрээг байгуулсан гэж байна. Хоёр өөр улсын иргэн гэрээ байгуулж байгаа тохиолдолд нэг улсынх нь хэл дээр гэрээг бичиж, нөгөө улсын хэл дээр орчуулж байж уг гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр болно гэж үзэж байна. Гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд гэрээ байгуулахдаа Монгол улсын хэл дээр болон уг хөрөнгө оруулалттай компани харьяалагдах улсын хэл дээр байгуулагддаг. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь хуульд заасан шаардлагыг хангаж гараагүй, хожим нотлох баримтыг гаргаж өгч байгаа боловч орчуулга нь үнэн зөв хийгдсэн эсэх нь эргэлзээтэй байна. Учир орчуулагч нь ямар хэлнээс ямар хэл рүү орчуулсан талаар тодорхойлолт бичээгүй, цаашлаад эдгээр нотлох баримтыг нотариатаар батлуулахыг хуульд заасан байдаг. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ үнэн зөвийг нотлох үүрэгтэй юм. Нэхэмжлэгчийн нотлох баримтаар өгсөн тусгай зөвшөөрөл нь 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Ю.Б.Д ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл байна. Үүнээс үзэхэд Ю.Б.Д ХХК нь Ж.Б тэй зээлийн гэрээ байгуулахдаа барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй байсан эсэх нь нотлогдохгүй байна. Нэхэмжлэгч тал нь өмнөх тусгай зөвшөөрлүүдийг хүсэлт гаргаж эрх бүхий субъектүүдээс авах эрхтэй байсан. Өмнөх шүүх хуралдаанаар нэхэмжлэгч талыг харж үзэж, нэхэмжлэгчийн бүрдүүлж ирэх ёстой байсан нотлох баримтыг гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулсан боловч нэхэмжлэгч тал нь нотолж чадахгүй байгаа учир зээлийн гэрээ байгуулах үед тусгай зөвшөөрөлтэй байсан гэж үзэхгүй байна. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан болгон дээр нэхэмжилж буй үнийн дүнгээ өөрчилдөг, үүнийг нь нотлох баримт ч хавтас хэрэгт байдаггүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь торгууль гэж зээлийн гэрээнд буруу бичсэн байсан учраас манай тал алдангиа нэхэмжилж чадахгүй байна, тийм учраас алдангиасаа татгалзаж байна гэж тайлбарлаж буй явдал нь нэхэмжлэгч өөрийнхөө байгуулсан гэрээг алдаатай гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Иймд уг гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ байх тул үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хариуцагчийн зүгээс дараахь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд, Хариуцагч Ж.Б , нэхэмжлэгч Ю.Б.ДХХК нарын хооронд байгуулагдсан 2018 оны ...... өдрийн 10,850,000 төгрөгийн зээлийн гэрээ, фидуцийн гэрээ хуулийн дагуу байгуулагдагүй гэж үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар талуудын хооронд байгуулсан гэрээ нь хүсэл зоригийн давхцал байгаагүй гэж үзэхээр байна. Бүгд Найрамдах ...... улсын иргэн Г.Т.Ё нь Монгол Улсын Иргэний хууль болон Компаний тухай хуульд зааснаар гадаадын хөрөнгө оруулалттай компаний буюу Ю.Б.Д ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч ба хариуцагч Ж.Б тэй зээл, фидуцийн гэрээг байгуулжээ. Гэтэл гадаадын хөрөнгө орууллатай компани нь бусадтай гэрээ хэлцэл байгуулахдаа Монгол болон өөрийн эх хэл дээр гэрээг байгуулах ёстой гэж үзэж байна. Хэрэгт байгаа зээлийн эргэн төлөлтийн графикийг анхнаасаа буруу хийсэн. Зээлийг эргүүлэн төлөх хуваарийг хараад л Ж.Б гэрээ байгуулсан байдаг. Иймд гэрээний нэг тал нь өөрийн хүсэл зоригийн илэрхийлэлээ андуурч хийсэн, зээлдүүлэгч тал өөрийн хүсэл зоригийн илэрхийлэл ямар байдлаар илэрхийлэгдэж байгааг мэдээгүй хийсэн хэлцэл гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна. гэжээ. Иймд 2018 оны ......-ны өдөр Ю.Б.Д ХХК, Ж.Б нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, фидуцийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл; гэж хариуцагч тал үзэж байгаа тул дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. гэж зааснаар ...... улсын дугаартай, Тоёота приус маркын автомашиныг Ж.Б.....ийн нэр дээр шилжүүлж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ю.Б.Д ХХК нь хариуцагч Ж.Б д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт буюу үндсэн зээлийн төлбөрт 9,258,453 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Ж.Б нь нэхэмжилэгчид холбогдуулан хэлцэл бусад тооцуулж, тээврийн хэрэгслийн өмчлөлийг шилжүүлэх сөрөг шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь ... зээл болон фидуцийн гэрээний нэг тал буюу нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал нь гадаадын иргэн байхад гэрээг .....хэл дээр үйлдээд Монгол хэл руу орчуулах шаардлагатай, мөн нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэлээ гаргахдаа Монгол хэл дээр үйлдэж Г.Т.Ё гэх гадаадын иргэн гарын үсгээ зурсан байна. Энэ нь Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудийг тус тус зөрчсөн гэж хариуцагч тал үзэж байна. Мөн нэхэмжлэгч нь хариуцагчтай зээлийн гэрээ байгуулах үедээ зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байсан нь нотлогдоогүй. Зээлийн гэрээний график алдаатай байгуулагдсан гэж, нэхэмжлэгч нь ... зээлийн гэрээ фидуцийн гэрээ хуульд заасан шаардлагыг хангаж байгуулагдсан. Хэдийгээр зээлийн гэрээний график алдаатай байгуулагдсан ч дараа нь алдаагаа мэдээд манай ажилтнууд графикийг зассан. Хариуцагч харин алдаатай графикийн дагуу зээлийн эргэн төлөлтөө хийсэн байсан. ....... дүүргийн засаг даргын Тамгын газраас зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 1 жилийн хугацаатай олгож, сунгадаг. Өмнөх хугацаа дууссан тусгай зөвшөөрлүүдийг тухайн байгууллага хураагаад авчихсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй гэж тус тус маргажээ.
Шүүх дараахь үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
а/ Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар:
Нэхэмжлэгч Ю.Б.Д ХХК нь хариуцагч Ж.Б тэй 2018 оны ......-ны өдөр ..... тоот зээлийн гэрээ байгуулж, 10,850,000 төгрөгийг 25 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр тохиролцсон ба зохигчдын хооронд Иргэний хуулийн 286 дүгээр зүйлийн 286.1-д Барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Зээлийн гэрээг 2018 оны ......-ний өдрөөс 25 сарын хугацаатай байгуулсан ба гэрээний хугацаа 2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр дуусгавар болсон нь ..... тоот зээлийн гэрээ, шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбараар тогтоогдож байна. Хариуцагч Ж.Б нь зээлийн гэрээний үүрэгт 2018 оны 05 дугаар сарын 09-нд 593,550 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 05-нд 583,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 29-нд 571,200 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 04-нд 240,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 04-нд 230,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 22-нд 540,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 02-нд 206,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 01-нд 194,500 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 03-нд 504,000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 02-нд 493,000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 02-нд 481,500 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 31-нд 470,200 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 30-нд 459,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 27-нд 448,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 30-нд 437,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 29-нд 425,3500 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 27-нд 415,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 28-нд 403,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 27-нд 392,000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 30-нд 380,500 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 27-нд 369,100 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 29-нд 358,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 30-нд 347,000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 30-нд 335,500 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 01-нд 325,0500 төгрөг, нийт 10,201,351 төгрөгийн эргэн төлөлтийг хийсэн нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ... хариуцагч Ж.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 05-ны хооронд 8 удаагийн үйлдлээр 3,158,250 төгрөг, мөн Б.У гэх иргэн Ж.Б.....ийн өмнөөс 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд 7,043,101 төгрөгийг, нийт 10,201,351 төгрөгийг төлсөн гэх тайлбар, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Х ХХК-ийн депозит дансны хуулгаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн зээлийн гэрээний үүрэгт төлсөн 10,201,351 төгрөгөөс зээл ашигласан 25 сарын хугацааны хүүнд 8,756,624 төгрөг, үндсэн зээлд 1,591,547 төгрөгийг суутгаж тооцсон нь үндэслэл бүхий бөгөөд хариуцагч Ж.Б зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 9,258,453 төгрөгийг төлөөгүй байх тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээр дурдсан татгалзал үндэслэлгүй байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч нь монгол эх мэдэхгүй бол өөрийн эх хэл буюу мэддэг хэл, бичгээр ... мэдүүлэг, тайлбар ... өгөх эрхтэй талаар хуульчилсан. Нэхэмжлэгч Ю.Б.Д ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Г.Т.Ё нь монгол хэл мэддэг гэх үндэслэлээр монгол хэл дээрх зээлийн гэрээ, фидуцийн гэрээнд компаниа төлөөлж гарын үсэг зурсан, шүүхэд нэхэмжлэл гаргасан, түүн дээр гарын үсэг зурсныг буруутгах боломжгүй. Мөн нэхэмжлэгч Ю.Б.Д ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй болох нь тусгай зөвшөөрлийн хуулбараар тогтоогдож байна.
б/ Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар:
Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан зээл, фидуцийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл; гэж зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, тээврийн хэрэгслийн өмчлөлийг шилжүүлэхийг даалгах сөрөг шаардлага гаргасан бөгөөд үндэслэлээ ... Хариуцагч Ж.Б , нэхэмжлэгч Ю.Б.ДХХК нарын хооронд байгуулагдсан 2018 оны ...... өдрийн 10,850,000 төгрөгийн зээлийн гэрээ, фидуцийн гэрээ хуулийн дагуу байгуулагдагүй гэж үзэж байна. Учир нь Бүгд Найрамдах ...... улсын иргэн Г.Т.Ё нь Монгол Улсын Иргэний хууль болон Компаний тухай хуульд зааснаар гадаадын хөрөнгө оруулалттай компаний буюу Ю.Б.Д ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч ба хариуцагч Ж.Б тэй зээл, фидуцийн гэрээг байгуулжээ. Гэтэл гадаадын хөрөнгө орууллатай компани нь бусадтай гэрээ хэлцэл байгуулахдаа Монгол болон өөрийн эх хэл дээр гэрээг байгуулах ёстой гэж үзэж байна. Хэрэгт байгаа зээлийн эргэн төлөлтийн графикийг анхнаасаа буруу хийсэн. Зээлийг эргүүлэн төлөх хуваарийг хараад л Ж.Б гэрээ байгуулсан байдаг. Иймд гэрээний нэг тал нь өөрийн хүсэл зоригийн илэрхийлэлээ андуурч хийсэн, зээлдүүлэгч тал өөрийн хүсэл зоригийн илэрхийлэл ямар байдлаар илэрхийлэгдэж байгааг мэдээгүй хийсэн хэлцэл гэж үзэхээр байна гэж тайлбарлажээ.
Маргаан бүхий ...... улсын дугаартай, Тоёота приус 30 загварын тээврийн хэрэгсэл нь нэхэмжлэгч Ю.Б.Д ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байгаа болох нь зохигчдын шүүхэд гаргасан үндсэн болон сөрөг нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, ..............2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ0000000дугаар шийдвэрийн ...0000 улсын дугаартай, Тоёота приус 30 загварын тээврийн хэрэгслийг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг 2018 оны ......-ны өдөр Ж.Б , Ю.Б.Д ХХК-тай байгуулж, тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр Ю.Б.Д ХХК бүртгэгдсэн байна гэх дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ЮБ.Д ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд гүйцэтгэх захирлаар Г..овогтой T /Г.Т. Ё/ 2018 оны .....-ны өдөр бүртгэгджээ. Тухайн компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Г.Т.Ёы эх хэл дээр буюу мэддэг хэл дээр зээлийн гэрээ, фидуцийн гэрээг үйлдэж Монгол руу орчуулаагүй нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл; гэж заасан үндэслэлд хамаарахгүй тул хариуцагчийн сөрөг шаардлага үндэслэлгүй.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Ж.Б эс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 9,258,453 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ЮБ.Д ХХК-д олгож, хариуцагчийн зээлийн болон фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, ...... улсын дугаартай, Тоёота приус 30 загварын тээврийн хэрэгслийн өмчлөлийг буцаан шилжүүлэх тухай сөрөг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.3-д заасныг баримтлан хариуцагч Ж.Б эс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 9,258,453 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ю.Б.Д ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 286 дугаар зүйлийн 286.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Б.....ийн нэхэмжлэгч Ю.Б.Д ХХК-д холбогдуулан гаргасан зээлийн болон фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, ...... улсын дугаартай, Тоёота приус 30 загварын тээврийн хэрэгслийн өмчлөлийг буцаан шилжүүлэх тухай сөрөг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269,212.68 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 188,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 163,085 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР