Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 102/шш2021/02682

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

... шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:... нэхэмжлэлтэй,

Хариуцагч:...холбогдох

...93.3 м.кв талбайтай орон сууцыг битүүмжилж, хураасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ... дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ... дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч ... итгэмжлэгдсэн төлөөлөгч ... хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ... шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Цацрал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч...шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч... шүүх хуралдаанд тайлбарлахдаа:... нь ... байрлах орон сууцны хамтран өмчлөгч бөгөөд түүний өмчлөлийн орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ... дугаар шийдвэрийг үндэслэн хийж буй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үед битүүмжилж мөн хураасан үйл ажиллагааг явуулсан байна.Дээрх битүүмжилсэн, хураасан ажиллагаа явуулсан талаар миний бие огт мэдээгүй бөгөөд орон сууцнаас өөрт ноогдох хувь хэсгийг хамтран өмчлөгч нараас шаардахад шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас битүүмжилсэн байгаа гэдгийг мэдсэн.... өмчлөлийн эд хөрөнгөнд халдаж битүүмжлэх болон хураах ажиллагаа явуулахдаа хууль ёсны шударга өмчлөгчид мэдэгдээгүйн улмаас түүнд сэтгэл санааны болоод эд хөрөнгийн асар их хохирол учирч байгаа бөгөөд цаашлаад өөрийнхөө хөрөнгийг алдах нөхцөл байдал бий болсныг сая л олж мэдлээ.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хувь иргэний хөрөнгөнд халдаж ажиллагаа явуулахдаа яагаад өмчлөгч надад мэдэгдэхгүй байгаа юм бэ, хэрвээ надад мэдэгдсэн бол асуудал өнөөдөр ийм дээрээ тулахгүй байсан гэж бодож байна, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын явуулсан үйл ажиллагаа нь хуульд огт нийцэхгүй, хуулийн хэд хэдэн зүйл, заалтыг ноцтой зөрчсөн ажиллагаа болсон байна.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14.1-т шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч, ялтан, бусад этгээдийг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлж, тайлбар авах, холбогдох баримт бичиг гаргуулан авах, эсхүл гаргасан шийдвэр болон түүнийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар танилцуулна гэж заасан байна.Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ... өмчлөлийн эд хөрөнгийг битүүмжлэхдээ түүнд мэдэгдээгүй, мэдэгдэх хуудас хүргүүлээгүй, орон сууц, эд хөрөнгөтэй маань холбоотой ийм чухал шийдвэр /шийдвэр гэдэг нь битүүмжлэх, хураах тогтоол/ гаргаснаа тус байгууллага нь түүнд мэдэгдэх үүрэгтэй бөгөөд надад мэдэгдээгүй хийсэн үйл ажиллагаа нь хууль зөрчсөн байна.Мөн хураасан гэж ажиллагааг хүртэл дээрхийн адил надад мэдэгдээгүй нь бас л хууль зөрчсөн ажиллагаа болсон.Би хөрөнгийн өмчлөгч учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32.5-т Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож болно гэж зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаанд оролцох эрхтэй хүн юм.Гэтэл чухам яагаад ... хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагаа гүйцэтгэж байж түүнд мэдэгдээгүй нь ойлгомжгүй байгаа бөгөөд хууль зөрчиж хийсэн үйл ажиллагааг хүчингүй болгох ёстой гэж үзэж байна.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122.3-т Энэ хуулийн 44.3, 63.4-т заасан нь бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд өөрийн эрх хөндөгдсөн асуудлаар гомдлоо шүүхэд гаргахад хамаарахгүй гэж заасны дагуу дээр дурдсанаар эд хөрөнгийн хууль ёсны шударга өмчлөгч, биө даасан шаардлага гаргах эрхтэй этгээдийн хувьд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийхгүйгээр хөндөгдсөн эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно.Иймээс хуулийн хэд хэдэн зүйл, заалтыг ноцтой зөрчин гүйцэтгэсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үйлдсэн ... байрлах 93.3 м.кв талбайтай миний өмчлөлийн орон сууцыг битүүмжилж, хураасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ... дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ... дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ...шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн ... дугаар шийдвэрээр ... нараас 182 651 320 төгрөгийг гаргуулж Хаан банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн ... дугаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор үүсгэсэн.Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд дурдсан эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй... тоот орон сууцыг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ... дугаар тогтоолоор битүүмжлэн, 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн ... дугаар тогтоолоор хураасан.Талууд болон өмчлөгч нарт үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг 2020 оны ... дугаар албан бичгээр мэдэгдэхэд үнийн санал ирүүлээгүй тул 2020 оны 4/170 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй... тоот 192.597.790 төгрөгөөр үнэлэгдсэнийг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ... дугаар албан бичгээр талууд болон өмчлөгч нарт мэдэгдсэн. Төлбөр төлөгч ... өмчлөгч...нар нь 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр тус газарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гараагүй тохиолдолд төлбөр төлөгч өөрийн хөрөнгийг дээрх үнээс багагүй үнээр 1 сарын хугацаанд бие даан худалдан борлуулах саналыг мэдэгдэл хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор гаргах эрхтэй гэж заасны дагуу үнэлэгдсэн үнээс багагүй хугацаанд бие даан худалдан борлуулах хүсэлт гарган 1 сарын хугацааг авч дуудлага худалдаанд оруулаагүй.Хөрөнгийг битүүмжлэх, хураах үед төлбөр төлөгч ... ээж ...байсан, энэхүү ажиллагаанд өмчлөгчийг заавал оролцуулна гэсэн хуулийн зохицуулалт байхгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг төлбөр төлөгч болон өмчлөгч нарт тухай бүр мэдэгдэж, тэмдэглэлээр баталгаажуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч...нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан ... байрлах 93.3 м.кв талбайтай орон сууцыг битүүмжилж, хураасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ... дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ... дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар нэхэмжлэгчид мэдэгдэлгүйгээр түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хураасан гэж нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тайлбарлаж байна.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн ...... дугаартай шийдвэрээр ... нараас 182 651 320 төгрөгийг гаргуулан Хаан олгож, ... нар нь шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ... байрлах, 93.3 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ...дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс 182 651 320 төгрөгийн шаардлагыг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн байна./хх 10-12, 34-38/

Тус шүүхээс 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр гүйцэтгэх хуудас бичигдэж дээрх 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн ...... дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэхээр шийдвэрлэсэн байна./хх 8, 32/

Энэхүү гүйцэтгэх хуудасны дагуу хариуцагч байгууллага нь 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай ... дугаар тогтоол гаргаж, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулсан байна./хх13, 39/

... байрлах, 93.3 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ...дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Бямбасүрэнгийн Дүүрэнжаргал, Баярсайханы Ундралмаа нарыг бүртгэж, 2012 онд... дугаар гэрчилгээ олгосон байна./хх-14/

Хариуцагч байгууллагын шийдвэр гүйцэтгэгч нь ... байрлах, 93.3 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ...дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ... тоот тогтоолоор битүүмжилж, 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн ... тоот тогтоолоор хурааж, тухайн хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг ... үлдээн тэмдэглэл үйлдсэн байна./хх 15-18, 43-49/

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч нь 2020 оны 3 дугаар сарын 24-ны өдөр ...тай уулзсан тэмдэглэлд:Таны өмчлөлийн ...тоот орон сууцыг 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн ... дугаар тогтоолоор хураасан тул таныг үнийн санал өгөхийг ... дугаар тогтоолоор мэдэгдэж, 1 хувийг гардуулж байна гэжээ./хх 52, 53/

Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн үнийн санал ирүүлэх тухай ... дугаар баримтыг...2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр гардаж авсан байна./хх 54, 55/

Ийнхүү Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч, ялтан, бусад этгээдийг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлж, тайлбар авах, холбогдох баримт бичиг гаргуулан авах, эсхүл гаргасан шийдвэр болон түүнийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар танилцуулна гэж зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажиллагааг төлбөр төлөгч нар болон хөрөнгийн өмчлөгчид тухай бүрт нь мэдэгдсэн байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ... байрлах 93.3 м.кв талбайтай орон сууцыг битүүмжилж, хураасан ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасан үндэслэлийг зөрчөөгүй байх тул ... нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ... дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол болон 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ... дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай ... нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигч, тэдний төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН