Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 184/ШШ2022/00362

 

2022 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 184/ШШ2022/00362

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 1 хороо, ******* ******* 5-3, ******* төв, ******* тоот хаягт байрлах ******* ХХК /РД: *******/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 22 хороо, ******* 25 гудамж, ******* тоот хаягт оршин суух, овогт /РД: /

Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 11 616 977 төгрөг, хүү 5 505 720 төгрөг, алданги 5 808 488 төгрөг нийт 22 931 185 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Идэрзаяа, хариуцагч А., нарийн бичгийн дарга С.Мядагмаа нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч А.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 11 616 977 төгрөг, хүү 5 505 720 төгрөг, алданги 5 808 488 төгрөг нийт 22 931 185 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ.

Талууд 2020 оны 03 сарын 20-ны өдөр №20/271 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж А.д 12 600 000 төгрөгийг 30 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд хариуцагч нь барьцаат зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, 2020 оны 09 сарын 07-ны өдрөөс хойш хуваарийн дагуу зээлээ төлөөгүй байгаа тул А.гаас гэрээний үүрэгт үндсэн зээл 11 616 977 төгрөг, хүү 5 505 720 төгрөг, алданги 5 808 488 төгрөг нийт 22 931 185 төгрөг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч нь 3 500 000 төгрөг төлсөн бөгөөд үүнийг зээлийн хүү 5 505 720 төгрөгөөс хасаж үлдэх 2 005 720 төгрөг нэхэмжилнэ, алданги 5 808 488 төгрөгөөс тал хувийг нь хасах боломжтой гэв.

Хариуцагч хариу тайлбартаа: Миний бие 2020 оны 03 сарын 20-ны найз Т. машин авах гэсэн юм, хотын хаягтай хүнд зээл олгоно гэнэ, тус болооч гэх гуйлтаар Да хүрээ зах орж, Т. хамт нэгэн ломбард дээр очиж, зээлийн эдийн засагчтай уулзсан. Зээлийн гэрээ байгуулсан эдийн засагчаас Би болох юм уу, асуудал үүсэхгүй биз гэхэд та Улаанбаатар хотын хаягтай бол болно, бусдыг нь энэ хоёр хүн хариуцна гэхээр нь найздаа тус болох гээд зээлийн гэрээнд гарын үсэг зурж, автомашиныг Т. авч явснаас хойш энэ зээлийн талаар ямар нэгэн мэдээлэлгүй байсан. 2021 оны 12 сард ******* ХХК-аас та зээлээ төлөөгүй байна гэхэд нь би зээлийн талаар тайлбарлаж, Т.ыг дагуулан очиж уулзуулсан. Миний бие уг зээлийн гэрээгээр машин худалдаж авсан мэт харагдаж байгаа боловч уг машиныг эзэмшиж, ашиглаагүй, надад ямар ч хамаагүй. Иймд ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийн жинхэнэ хариуцагчийг зөв тогтоож, хэргийг хурдан, шуурхай шийдвэрлэж өгнө үү, Ковид-19 цар тахалтай холбоотойгоор зээлийн хүү, алдангаас хөнгөлөх, чөлөөлөх тухай журам гарсныг тооцож байх гэж бодож байна гэв.

Нэхэмжлэгч нь 2020 оны 03 сарын 20-ны өдрийн 20/271 дүгээр зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, тээврийн хэрэгсэл өмчлөлд шилжүүлэх гэрээ, дансны хуулга, улсын бүртгэлийн гэрчилгээг бүрдүүлсэн. /хэргийн 4-5, 10 тал/

ҮНДЭСЛЭХ нь:

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй А.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 11 616 977 төгрөг, хүү 5 505 720 төгрөг, алданги 5 808 488 төгрөг нийт 22 931 185 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* ХХК нь нэхэмжлэлээ дэмжиж хариуцагчтай зээлийн гэрээ байгуулсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй тул зээл, хүү, алданги шаардах эрхтэй гэж,

Хариуцагч А. нь татгалзлаа дэмжиж найзын гуйлтаар зээлийн гэрээ байгуулсан нь үнэн боловч зээлийг ашиглаагүй гэж тус тус тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч /зээлдүүлэгч/ ******* ХХК, хариуцагч /зээлдэгч/ А. нар 2020 оны 03 сарын 20-ны өдөр 20/271 дүгээр зээлийн гэрээ байгуулж, 12 600 000 төгрөгийг 30 сарын хугацаатай, 1 сарын 3.0 хувийн хүүтэй, автомашины зээл зориулалттаар ашиглахаар тохиролцсон. /хэргийн 4 тал/

Талууд мөн өдөр 20/71 дүгээр тээврийн хэрэгсэл өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулан Prius маркийн 8611УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг зээлийн гэрээний үүргийг хангуулахаар ******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн. /хэргийн 5 тал/

******* ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх эрхтэй болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон. /хэргийн 10 тал/

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэг хүлээнэ, 286 дугаар зүйлийн 286.2-т барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн хүүг талууд тохиролцон тогтооно, 286.5-д хуульд өөрөөр заагаагүй бол барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн гэрээг бичгээр хийхээр тус тус заажээ. Талууд сарын 3.0 хувийн хүүтэй зээлийн гэрээг бичгээр байгуулж, 12 600 000 төгрөгийг шилжүүлсэн, хүлээн авсан тухай маргаагүй тул тэдгээрийн хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзлээ.

Хариуцагч А. нь 2022 оны 01 сарын 28-ны өдөр зээлийн гэрээний үүрэгт 3 500 000 төгрөг төлсөн бөгөөд нэхэмжлэгч нь тус төлбөрийг зээлийн хүү 5 505 720 төгрөгөөс хасуулж, үлдэх 2 005 720 төгрөгийг шаардсаныг үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-т үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй. Үүрэг гүйцэтгэгч ийм сонголт хийгээгүй бол төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлнэ, 216.4-т Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлэхээр заасныг зөрчжээ. Энгийнээр хэлбэл хариуцагч А. нь үндсэн зээл, хүү, алдангийн аль нэгийг сонгож гүйцэтгэх эрхтэйгээс гадна үндсэн зээл 11 616 977 төгрөгөөс хасуулж тооцох эрхтэй.

Зээлийн гэрээний 1.1.7-д 0,5 хувийн алданги тооцохоор тусгасан нь Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг зөрчсөн гэх үндэстэй. Тухайлбал мөн хуулийн 14дүгээр зүйлийн 141.1-т барьцаалан зээлдүүлэх газар зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг сарын 3 хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэхгүй тооцноКоронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар барьцаалан зээлдүүлэх газар болон зээлдэгч хооронд байгуулсан зээлийн гэрээнд алдангийн хэмжээ өдрийн 0.2 хувиар тооцох хугацааг 2020 оны 12 сарын 22-ны өдрөөс 2022 оны 06 сарын 30-ны өдөр хүртэл хамаарахаар заасныг нэхэмжлэгч ******* ХХК нь биелүүлээгүй.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.2, 286.4-т зааснаар хариуцагч А.гаас үндсэн зээл 11 616 977 төгрөг, хүү 2 005 720 төгрөг нийт 13 622 697 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, үлдэх 9 308 488 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т зааснаар нэхэмжлэгч нь барьцаалагдсан хөрөнгө болох тээврийн хэрэгслийг худалдан борлуулах тухай хариуцагчид мэдэгдэх, мэдэгдсэнээс хойш 10 хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол тээврийн хэрэгслийг худалдаж эрхтэй атал энэ эрхээ хэрэгжүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 272 606 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 13 622 697 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 226 000 төгрөгийг хариуцагч А.гаас гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгох үндэстэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.2, 286.4-т зааснаар хариуцагч А.гаас үндсэн зээл 11 616 977 төгрөг, хүү 2 005 720 төгрөг нийт 13 622 697 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, үлдэх 9 308 488 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272 606 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 13 622 697 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 226 000 төгрөгийг хариуцагч А.гаас гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР