| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2021/03376/И |
| Дугаар | 102/шш2021/02775 |
| Огноо | 2021-10-28 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 102/шш2021/02775
| 2021 оны 10 сарын 28 өдөр | Дугаар 102/ШШ2021/02775 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, .....дүүрэг, 5 дугаар хороо, Монелын ..... тоотод оршин суух, Б овогт З.Л /РД: .........../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ......дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, .... тоот хаягт оршин суух, Б овогт С ын Б /РД: ...../-т холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Л , хариуцагч С.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Л ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие З.Л нь С.Б тай 2018 оноос үерхэж байгаад хоорондоо муудалцан 2020 оны 07 дугаар сараас 09 сарын хүртэл холбоогүй байж байгаад эргээд холбоотой болж урьдын сайн харилцаанд буцаж орсон. Б бид хоёр муудалцсан хугацаанд би өөр найзтай болж үерхэж байгаад жирэмсэн болсон. Би Б д өөр хүнээс хүүхэдтэй болсон гэдгээ хэлэхэд зүгээрээ санаа зоволтгүй, би төрсөн эцэг шиг нь байж чадна, хүүхдээ надаар овоглоно биз дээ гэсэн. Би Б ыг цаашдаа намайг ойлгоод сайхан амьдрах юм байна гэж итгээд манай аавынд ирж очин амьдарч эхэлсэн. 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр С.Б бид 2 албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Хүү Б.Э 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төрсөн. Хүүхдээ төрүүлээд өөрийнх нь хүсэлтээр хүү Э ийг Б аар овоглож төрсний гэрчилгээ авсан. Одоо эрүүл энх миний асрамжид байгаа. Хүүг маань төрснөөс хойш Б ы зан ааш өөрчлөгдөн цаашдаа хүүхдийн маань харж хандах талаар итгэл найдваргүй болж хамтран амьдрах итгэл буурч байна. Б бид хоёр манай аавынд хамт амьдарч байгаад хүүхдийн сүү, памперснаас болоод муудалцан, 2021 оны 07 дугаар 04-ний манай аавынхаас өөрийн хувцсаа аваад явсан. Үүнээс хойш бид хоёр уулзалдаагүй, түүний нагац дүү нь намайг мессежээр хэл амаар доромжлох болсон. Тухайн үед Б д итгэн буруу шийдвэр гаргаж гэрлэлтээ батлуулсандаа одоо харамсч байна. Цаашдаа бид хоёр хамт амьдрах боломжгүй байгаа тул бидний гэрлэлтийг цуцлуулж, хүү Б.Э ийг өөрийн асрамжинд авч, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч С.Б ы шүүхэд гаргасан хариу тайлбарт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч С.Б би нэхэмжлэгч З.Л тай 2018 онд танилцан, 2020 оны 09 дүгээр сараас түүний аавын ирж очин амьдарч байсан. Бидний хэсэг хугацаанд салсан үеэр тэрээр өөр хүнээс жирэмсэн болсон байсан ба хүү Б.Э 2021 оны 06 дугаар сарын 07-нд төрсөн, бид гэрлэлтээ 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр батлуулсан. Би хүү Б.Э ийг өөрөөрөө овоглосон. Хүүхдийн тэтгэлэг төлөхөд манай ээж, эгч нар дургүй байгаа, би төлөхөд татгалзах зүйлгүй гэв.
Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.Л нь хариуцагч С.Б д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжилжээ.
Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч З.Л , хариуцагч С.Б нар 2018 онд танилцан, 2020 оны 9 дүгээр сараас хамтран амьдарсан, 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр гэрлэлт батлуулсан ба 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүү Б.Э төрсөн, тэд хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2021 оны 09 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан гэрлэлтийн батлах, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүү Б.Э ий төрсөн эцэг нь хариуцагч С.Б биш боловч гэрлэгчид харилцан тохиролцсоноор хүү Б.Э ийг С.Б аас овоглосон болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. Хариуцагч С.Б нь шүүхэд хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэх тайлбарыг өгсөн болно. Гэрлэгчид 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандаж, ажиллагаа амжилтгүй болсон, зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгөний маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Иймд зохигчдын гэрлэлтийг цуцалж, хүү Б.Э ийг эх З.Л ын асрамжинд үлдээж, эцэг С.Б аас хуульд заасан хугацаа, хэмжээгээр тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар нэхэмжлэгч Б овогт З.Л /РД: .........../, хариуцагч Б овогт С ын Б /РД: ...../ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Б.Э ийг эх З.Л ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү З.Э ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээний 50 хувиар, 11-ээс 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-нд болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг С.Б аас гаргуулан олгосугай.
4. Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгөний маргаангүй гэснийг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР