Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2021/0031

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны тавдугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н  ХХК,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: ОУХНЦ,

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/902 дугаартай захирамжийн хавсралтын 18 дахь хэсэг буюу Н ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Д, өмгөөлөгч З.У, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, гуравдагч этгээд Олон улсын хүүхдийн Найрамдал төв-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Өмгөөлөгчийн тайлбарыг дэмжиж байна. Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан А/902 тоот захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү... гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн өмгөөлөгч З.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Бид 2020 оны 4 дүгээр сард Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Энэ нэхэмжлэлийн үндсэн шаардлага нь Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/902 тоот захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгох гэж нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/256 дугаартай захирамжаар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр болох Найрамдал хүүхдийн зуслангийн ойролцоо 5670 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.

Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/256 дугаар шийдвэрийг үндэслэн газрын талбарын 1801401297 дугаартай 5670 м.кв-ийг 15 жилийн хугацаатайгаар амины орон сууц, хотхоны зориулалттайгаар эзэмшүүлэхээр гэрчилгээг олгосон. Газрын тухай хуульд заасан үндэслэлийн дагуу иргэн хуулийн этгээдтэй газар эзэмшүүлэх гэрээг, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/256 тоот шийдвэрийг үндэслэж Нийслэлийн Засаг даргын газрын алба хариуцсан албан тушаалтан Б.Б, газар эзэмшигчийг төлөөлөн нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Д нартай тус тус байгуулсан байдаг.

Бид хуульд заасан үндэслэл журмын дагуу газрын төлбөрийг тухай бүрд нь төлөөд явж байсан талаараа хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Энэхүү газар эзэмших эрх болон хуульд заасан үндэслэл журмын дагуу явж байсан. Эзэмших эрх бол манай үйлчлүүлэгчид эрх нь нээгдэж, эрх бүхий байгууллагад заасан үндэслэл журмын дагуу бол кадастр хийхээр газрын төлбөрт нийт 39 сая орчим төгрөгийг төлсөн байдаг.

Өмнөх шүүх хуралдаанд дуудлага худалдаатай холбоотой баримт шүүхийн зүгээс авахаар болж хойшилсон боловч тус баримт олоогүй. Дуудлага худалдаа явагдсан талаар манай үйлчлүүлэгч дутуу мэдээлэлтэй байсан учир тухайн газрыг эзэмших эрхтэй холбоотой, шилжүүлж авсан төлбөр төлсөн баримт байгаа тул үнэн гэж ойлгож байгаа. Үүнд тодруулаад хэлэх юм бол дуудлага худалдаа байгаагүй юм байна гэдгийг тодотгон хэлсэн нь зөв байх.

Энэ хугацаанд хууль заасан үндэслэл журмын дагуу буюу Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмшигчийн хүлээсэн эрх, үүргийг биелүүлэн ирсэн боловч бидний эрх ашиг нь хэрэгжээгүй.

Учир нь Монгол улсын Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн тогтоолоор Найрамдал зуслангийн газарт нэмж газар олгохгүй байх, Нийслэлийн Засаг даргаас үүрэг болгосон тогтоол байдаг. Энэ тогтоол нь нэхэмжлэгчийн эзэмшлийн газрыг хэрхэх, ямар нэгэн газар эзэмшигчийг хохиролгүй болгох талаар тодорхой зохицуулалт байдаггүй гэж бид ойлгодог.

Ийм учир бид манай өөрийн эзэмшиж байгаа хууль ёсны газрынхаа газар эзэмших эрхтэй холбоотойгоор Нийслэлийн Сонгино-хайрхан дүүргийн газрын алба болон мөн Нийслэлийн Засаг даргын тамгын газар гэх мэтчилэн байгууллагуудад Захиргааны ерөнхий хуульд заасан үндэслэл журмын дагуу удаа дараа гомдол гаргаж байсан.

Түүнчлэн бид нар өмнөх шүүх хуралдааныг эвлэрэх боломжоор хангаж өгнө үү гэдэг хүсэлттэйгээр оролцож байсан. Учир нь хууль ёсны дагуу газар эзэмших эрхтэй болсон боловч хууль бус үндэслэлээр дуусгавар болоод байгаа. Ингээд газрын төлбөр болгож өгсөн 30 гаруй сая төгрөгийн асуудал гарч ирээд давхар хохирч байна. Ингэхгүйгээр асуудлыг заавал шүүхээр шийдвэрлэхгүйгээр эвлэрч болж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дэд бүтэц нь тодорхой шаардлагыг хангасан шийдвэр гаргавал бид нэхэмжлэлээ буцааж авах татах буулт хүртэл хийж байсан.

Мөн өнгөрсөн оны сүүлээр бид Нийслэлийн Засаг даргын тамгын газарт мөн Газар зохион байгуулалтын албанд албан бичиг явуулсан боловч Газар зохион байгуулалтын алба нь бид нар шийдвэрлэх боломжгүй гэдэг хариу өгсөн. Харин Нийслэлийн Засаг даргын тамгын газар нь одоо болтол хариу өгөөгүй байгаад гомдолтой байдаг. Ерөнхийдөө бол Өргөдөл гомдол хянан шийдвэрлэх тухай хуульд тодорхой хугацаа заасан байдаг боловч энэхүү хуульд заасан хугацаандаа эс үйлдэхүй гаргаж бидний хууль ёсны ашиг сонирхлыг дахин зөрчиж байгааг шүүх харгалзан үзнэ үү гэж хүсэж байна.

Бид хууль ёсоор эзэмшиж байгаа, иргэн хуулийн этгээдэд олгосон газар эзэмших эрхийн дагуу бид нар маргаан бүхий газрыг амины орон сууцны зориулалтаар газар эзэмших эрхийг өнөөдрийг хүртэл эзэмшиж байгаа гэж ойлгож байгаа. Тэрийг Нийслэлийн Засаг даргаас маргааны бүхий актыг гаргахдаа, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т заасан зорилгодоо нийцсэн, үндэслэл бүхий байх, тусгайлсан захиргааны ерөнхий хуулийн 23 болон 27 дугаар зүйлд заасан үйл ажиллагааг явуулсан гэх үндэслэл тогтоогдохгүй байгаа учир нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/902 тоот захирамжийн манайд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэж үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Сүүлд манай үйлчлүүлэгч бид хоорондоо ярилцаж газрын төлбөрт төслөн 30 гаруй сая төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. Бид хуульд заасан үндэслэл журмын дагуу тухайн газрын эзэмшиж байсан байхад биднийг төлбөр төлсөн мөнгөөр хохироогоод байгаа буюу тухайн газрын төлбөр төлсөн нь хохирол гэж харагдаж байгаа учир хохирлыг барагдуулмаар байна гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байгаа. Тэгэхээр бид өмгөөлөгч хүний хувьд үйлчлүүлэгчийнхээ хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн оролцож байгаа учир нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг дэмжин оролцож байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбартай танилцсаны дараа нэмэгдүүлсэн шаардлагын тухай тайлбар өгч болох уу? Тодруулах эсхүл аль нэг нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзаж эрхтэй учир хэргийн оролцогч нарын тайлбарын дараагаар тодруулъя.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, татгалзах эрх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд байдаг. Дээрээс нь иргэний шүүхээр шийдвэрлэх гээд л яриад байна. Мөн хуулийн нэхэмжлэл гаргах, түүнтэй холбоотой зохицуулалт нь 52 дугаар зүйлд маш тодорхой байдаг. Тухайлбал нэхэмжлэлийг ямар гаргах вэ гэдгийг тодорхой заасан байдаг. Энэ асуудал нь энэ шүүх хуралдаанд яригдах асуудал биш гэж ойлгож байна. Нэхэмжлэлийн үндсэн болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын уялдаа холбоо нь ямар байгаа юм. Шүүх үүнийг шийдвэрлэхэд хэр зэрэг ач холбогдолтой гэдэг талаар ярилцаж байгаа болохоос биш аль шүүхэд хандах эрхийн талаар яригдахгүй байх.

Бид сая ярилцаад сүүлд гаргаж өгсөн буюу 2020 оны 12 дугаар сард гаргаж өгсөн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзаж байна.

Газрын давхцал, кадастртай холбоотой асуудал яригдаж байна. Яагаад анхнаасаа энэ газар эзэмшүүлэхдээ энэ тухай асуудлаа гаргаж ирээгүй. Хаа байсан Нийслэлийн Засаг даргын 1996 оны А/140 дүгээр захирамжийг дурдаад байгаа. Гэтэл энэ хооронд газар эзэмшигчийн эрх ашиг зөрчигдөөд байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй. Энэ бол зөвхөн манайхтай холбоотой асуудал биш өчнөөн олон иргэн хуулийн этгээдтэй холбоотой асуудал байгаа. Ингээд төрийн байгууллагын ажиллагааны уялдаа холбоо, бусад аж ахуй нэгжид яаж тусаж байгаа вэ гэдэг талаар харж үзээсэй гэж үзэж байна. Үүнд манай үйлчлүүлэгч нь хууль бус үйл ажиллагаа явуулаагүй гэдгийг тодотгон хэлж байна. Мөн дахин хэлэхэд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзаж байна.

Сүүлд тодруулсан асуудал болон нотлох баримт шинжлэн судалсантай холбоотойгоор мөн хариуцагчийн бичгээр гаргаж өгсөн тайлбар болон өнөөдрийн шүүх хуралдаанд хэлсэн тайлбар нь өөр хоорондоо зөрүүтэй байгаа гэдгийг тодотгон хэлэх нь зүйтэй байна. Нэхэмжлэгч нь эзэмших эрхийг авснаас хойш тухайн газраа үйл ажиллагаа явуулаагүй учир цуцлаад байна гэж шүүхэд хэлсэн байдаг. Гэтэл өнөөдрийн шүүх хуралдаанд давхцалтай байна гэдэг байдлаар ярьж байгаа. Шүүхэд гаргаж байгаа тайлбар бол албан ёсны тухайн байгууллагаа төлөөлж байгаагийн хувьд өндөр ач холбогдолтой хариу тайлбар байх ёстой гэж бодож байна.

Гэтэл бичгээр гаргаж өгсөн, шүүх хуралдаанд гаргаж өгсөн тайлбар нь өөр хоорондоо зөрчилтэй байна. Хэдийгээр Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамж нь хууль ёсных мөн, нийтийн ашиг сонирхол байсан. Ямар нэгэн байдлаар бид нар сонсгох ажиллагаа явуулах шаардлага байхгүй гэж байсан боловч цаана нь хэнээс гаргаж байгаа акт гэдгээс үл хамааран иргэн хууль ёсны үйл ажиллагааг хөндөөгүй байх ёстой.

Гаргаж байгаа акт нь хуульд нийцсэн байх шаардлагатай. Өнөөдөр газар зохион байгуулалт Кадастрын зураг нь өөр хоорондоо зөрчилтэй байгаа нэгэнд нь давхцалтай, нөгөө нь давхцалгүй гэх мэт. Иймд шүүхэд өгсөн нотлох баримт болон шүүхэд өгч байгаа хариу тайлбар нь өөр хоорондоо зөрчилтэй байгаа тул үүнийг анхаарч үзнэ үү. Дуудлага худалдаа ч бай. Сонгон шалгаруулалт ч бай. 39.000.000 төгрөгийг аваад байгаа нь иргэн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болгоод байгаа төлбөр гэж үзэж байна. Иймд өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үндсэн шаардлага дэмжиж оролцож байна.. гэв.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гол үндэслэл нь Найрамдал зуслангийн газартай давхцалтай гэж үзэн Нэхэмжлэгч  ХХК-ийн газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгосон байгаа. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан хүчингүй болгосон. Мөн тус хуулийн 28.1.2 дахь заалт мөн 48.2.1 болон 48.2.2-т заасныг баримтлан үндсэндээ хүчингүй болгосон байгаа. Найрамдал хүүхдийн зуслан нь 1996 оны А/140 дүгээр захирамжаар газар эзэмших эрх нь олгогдоод, хамгийн сүүлд 2009 онд газар эзэмших эрхийн гэрчилгээ нь сунгаж, талбайн хэмжээнд өөрчлөлт оруулан сунгагдсан байгаа. Яг 2009 оны газар сунган олгосон газар нь бүхэлдээ буюу давхцалтай. Бодит байдал дээр Найрамдал хүүхдийн зуслангийн хажууханд шугам сүлжээ болон нэхэмжлэгчийн газартай бүхэлд нь давхацсан байдалтай байна.

Ингээд манай зүгээс нэг дүгээрт давхцалтай байна гэж үзэж байгаа. Хоёрт олон нийтийн эрх ашгийн эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байна гэж үзсэн. Учир нь Найрамдал хүүхдийн олон улсын зуслан болон амрагч хүүхдүүдийн эрх ашгийг зөрчиж байна гэж үзэж байгаа. Иймд манайхаас А/902 дугаар захирамж гарсан байгаа. Ганц Н ХХК ч биш бусад ойр хавийн давхцалтай газруудыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн байгаа. Бусад газрууд ч гэсэн нэхэмжлэл шүүхэд гаргасан ба бусад шүүхийн шийдвэрүүд ч гэсэн ерөнхийдөө найрамдал хүүхдийн зуслантай газар давхцуулсан нь хууль бус шийдвэр байна. Нийслэлийн Засаг даргаас гаргасан шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзсэн. Иймд нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлагыг дээрх үндэслэлээр хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна.

Хоёр дахь буюу нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад хариу тайлбар өгье. Хохирлын хэмжээг нөхөн гаргуулах гэж байна. Хариуцагч болон гуравдагч этгээдийн тайлбараас хамаарч аль нэгээс нь татгалзана гэж байна. Хохирол гэж үзвэл Нийслэлийн Засаг даргаас гаргасан газар эзэмших эрх нэхэмжлэгчид олгосон захирамжийг хууль бус гэж үзээд нэхэмжилж байна гэж хараад байна. Хохирол байгаад байгаа бол тусдаа маргах байх. Энэ нь иргэний эрх зүйн маргаан болно. Иймд иргэний шүүхэд тусдаа нэхэмжлэлийн шаардлага гаргаад шийдвэрлүүлэх ёстой гэж хариуцагчийн зүгээс үзэж байгаа.

Газрын тухай хуульд зааснаар тухайн газрыг анх эзэмшихдээ хуульд газар эзэмшигч бүр дуудлага худалдаагаар төлөх ёстой. Энэ нь өөрөө төрийн санд орж, улсын төсөвт орох юм. Ингэхлээр улсын төсвөөс дур мэдэж тухайн мөнгийг гаргахгүй. Тухайн газрыг тодорхой хэмжээгээр ашиглана гэж хүсэлтээ гаргасан байгаа. Яг хохирол гэж үзэхгүй байгаа. Тухайн газрыг ашиглах хүсэлтээ гаргасан. Түүний дагуу хуульд заасны тухайн газрын анхны үнийг төлсөн л асуудал байгаад байгаа юм. Иймд хохирол биш гэж үзэж байна.

Бичгийн хэлбэрээр гаргасан тайлбар нь зөрүүтэй гэж тайлбарлаж байна. Бичгийн хэлбэрээр бол тухайн газар дээр үйл ажиллагаа явуулаагүй гэдгийг нь оруулсан байгаа. Гол агуулга нь нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгох тухай нь давхцалтай тул гэдгийг бичгийн хариу тайлбартай хүртэл дурдсан байгаа. Энэ тайлбараа дэмжихийн тулд мэдээж нэхэмжлэгч нь нэг ширхэг шон ч хатгаагүй гэдгийг тодруулж өгсөн болохоос биш захирамжийн үндэслэл болгоогүй.

Сонсгох ажиллагаа явуулаагүй гэдэгт тайлбар өгсөн байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол гэж заасан байгаа. Гарцаагүй байдал гэдэг нь гуравдагч этгээдийн тогтоол гээд байгаа буюу Засгийн газрын тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан байгаа. Тусгай хэрэгцээнд авсан гэдэг нь байгалийн тэнцвэрт экологи байдлыг хадгалахын тулд тусгай хэрэгцээнд авч байгаа. Иргэн аж ахуй нэгжид газар эзэмших эрх олгосноор байгалийн тэнцвэрт экологи байдлыг алдагдуулах эрсдэл үүсэж байгаа. Энэ бол хойшлуулахгүй ажиллагаа явуулах зайлшгүй шаардлага мөн. Энэ бол Монгол улс даяар яригдах асуудал байгаа.

Найрамдал хүүхдийн олон улсын зуслан нь дэлхийд Монгол улсыг сурталчлах ганц хүүхдийн зуслан юм. Монгол улсын бүх хүүхдүүд болон олон улсаас ирж байгаа хүүхдүүдийн эрх ашиг нь өнөөдөр газар ашиглах эрх олгосон захирамжуудаас болж ямар нэгэн байдлаар хөндөгдөх болзошгүй байдал үүссэн учир Нийслэлийн Засаг даргаас хууль бус давхцалтай захирамжуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байгаа. Ийм учир сонсгох ажиллагаа явуулахгүй хүчингүй болгосон. Хэдий тийм ч гэсэн мэдэгдэл албан тоот хүргүүлсэн байгаа.

Иймд хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.

Гуравдагч этгээдийн Олон улсын хүүхдийн Найрамдал төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн талаас А/902 дугаар захирамжийг хүчингүй болгох хүсэлт гаргаж байгаа. Энэ захирамж нь хууль ёсны захирамж юм. ОУХНЦ нь бол хүүхдийн байгууллага. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь хүүхдийн эрхийн талаар нэлээн их арга хэмжээ авч байгаа.

Үүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Засгийн газарт хүүхэд хамгааллын талаар чиглэл өгсөн байгаа. Мөн Монгол улсын Ерөнхий сайд нь Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн даргын хувьд 2019 оны 05 дугаар сард хуралдсан. Энэхүү хурлын дараагаар Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 29-ны өдөр олон улсын хүүхдийн найрамдал зуслангийн талаар авах арга хэмжээ авсан байгаа. Энэ тогтоолд тус цогцолборын газар эзэмшилтэй холбоотой зөрчлийг арилгах, цаашид шинээр газаар өмчлүүлэх, ашиглуулах шийдвэр гаргуулахгүй байлгах талаар үүрэг болгосон байгаа. Үндсэндээ хүүхдийн эрхийн талаар шат дараалсан арга хэмжээг аваад үндсэндээ А/902 тоот захирамжаар бол энэ Засгийн газрын шийдвэрийн үндэслэж гарсан байгаа.

Энэ А/902 дугаар захирамж нь хууль ёсны захирамж юм. Маргаад байх зүйл байхгүй. Түрүүн анх нэмэгдүүлсэн шаардлагад бол дуудлага худалдаанд орсон гэж яриад дараа нь болоогүй гэж яриад байгаа. Энэ ямар учиртай юм яриад байгааг нь гайхаад байгаа юм. Яагаад Найрамдал зуслангийн захиргаатай уулзахгүйгээр авсан байдаг юм. Энэ газар бол төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт харьяалагдах төрийн өмчийн газар юм. Гэтэл одоо Н ХХК-ийн газар нь манай захиргааны хажууд, хүүхдийн тоглоомын хажууд олгосон байна. Энэ газар манайх ажилчдадаа орон сууц барихаар төлөвлөсөн байсан. Газар давхацсан байна гэдэг албан бичиг нь хавтаст хэрэгт байгаа. Үүнийг бол нотлох баримтын хэмжээнд үнэлэн шийдвэрлэнэ гэж найдаж байна.

Нэмэгдүүлсэн шаардлагын хувьд иргэний журмаар зохицуулагдах асуудал яригдаад байна гэж ойлгож байна. 39 сая төгрөгийг хаанаас гаргуулах гээд байгаа юм. 39 сая төгрөгийг бол манайд тушаагаагүй. Газар зохион байгуулалтын албанд өгсөн юм уу яасан юм мэдэхгүй байна. Улсын төсөвт орсон мөнгийг гаргуулах гээд байгаа юм уу. Би энэ талаар сайн ойлгохгүй байна. Манай газраас газар авсан бол манайх яагаад энэ талаар мэдэгдэхгүй байгаа гэдэг нь их сонин болоод байгаа юм.

Хариуцагчийн хариу тайлбартай санал нэг байна. Нийслэлийн Засаг даргаас гаргасан А/902 тоот захирамж нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа.

Шулуухан хэлэхэд энэ бол газрын наймааны золиос болоод байгаа.Ийм учир төр засгаас хүүхдийн эрхийг хамгаалж, үндсэндээ Монгол улсыг дэлхийд сурталчлах ганцхан хүүхдийн байгууллага шүү дээ. Үүнтэй хэн ч маргахгүй. Та бүхэн мөн та бүхний хүүхдүүд ч амарч байгаа. Тэгэхэд энэ газар олгосон үйлдэл нь үндсэндээ аюулгүй байдлын хэмжээнд яригдах асуудал.

Сая 2020 оны 10 сард шинээр кадастрын зураг баталгаажуулаад өгсөн байгаа. Ийм учир нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газар нь хууль бус гэдэг нь тодорхой байгаа. Давхцалтай гэдэг нь ч тодорхой байгаа. Гол нь Төрийн өмчийн бодлого зохицуулах газраас би асууж байсан. Танайх дуудлага худалдаа зарласан юм уу гэхэд тийм юм болоогүй байгаа. Ийм учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/902 дугаар захирамжийн Н ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2-т хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх гэж заасныг баримтлан нэхэмжлэгчээс газрын төлбөрт төлсөн 39.916.800 /гучин есөн сая есөн зуун арван зургаан мянга найман зуу/ төгрөгийг хариуцагч Нийслэлийн Засаг даргаар гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн боловч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчид Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/256 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо /хуучнаар/ Баянголын аманд амины орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай 5670 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд дээрх захирамжийг Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/902 дугаар захирамжаар хүчингүй болгожээ.

Харин гуравдагч этгээдэд анх Нийслэлийн Засаг даргын 1996 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/140 дүгээр захирамжаар Олон улсын хүүхдийн Найрамдал төвд 2152 га газрыг 9 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэх шийдвэр гарч, 507 дугаартай Монгол улсын аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших гэрчилгээг олгосон байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 152 дугаар тогтоолоор Байгалийн цогцолборт газрын хилийн заагт өөрчлөлт оруулж, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 482 дугаар захирамжаар Олон улсын хүүхдийн Найрамдал төвд 970.5 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.

Улмаар Нийслэлийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 298 дугаар захирамжаар 12.250.000 м.кв буюу 1.225 га болгон нэмэгдүүлж, 2008 оны 06 дугаар сарын 19-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, 0177629 дугаартай гэрчилгээг олгож, мөн Нийслэлийн Засаг даргын 2009 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 527 дугаар захирамжаар Олон улсын хүүхдийн Найрамдал төвийн 12250000 м.кв талбайг эзэмшүүлэхээр тус тус шийдвэрлэжээ.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэжээ.

Гэтэл нэхэмжлэгчийн эзэмшиж буй газар гуравдагч этгээдийн газартай бүхэлдээ давхцалтай болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2/3105 тоот албан бичиг, түүний хавсралт болон шүүхийн үзлэгээр нотлогдож байна.

Дээрх үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/902 дугаар захирамжаар нэхэмжлэгчид олгосон Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо /хуучнаар/ Баянголын аманд байрлах орон сууцны зориулалтай, 5670 м.кв талбай бүхий газрыг эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Нөгөөтээгүүр Газрын тухай хуулийн 33.1.2-т энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно гэж заасны дагуу Монгол улсын Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар, Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам баталсан бөгөөд Засгийн газрын 2019 оны 105 дугаар тогтоол, 2 дугаар хавсралтад Засгийн газрын 2020 оны 152 дугаар тогтоолуудаар тус тус нэмэлт өөрчлөлт оруулсан байна.

Уг журмын 31.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдааг зохион байгуулна, 31.1.1-д Газрын тухай хуулийн 33.1.2-т заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Н ХХК-д хуулийн дээрх заалт болон холбогдох журмын дагуу газар эзэмших эрх үүсээгүй болох нь шүүх хуралдаанд хэргийн оролцогч нараас гаргасан тайлбар болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн газрын хувийн хэрэг зэргээр нотлогдож байна.

Тус шүүх нь аливаа иргэн, хуулийн этгээдийн хуульд заасан үндэслэл журмын дагуу үүссэн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг дээрх хууль, журмын дагуу эзэмшээгүй, эзэмшиж буй газар нь бусдын эзэмшиж, ашиглаж буй газартай давхцалтай байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн газрын төлбөрт төлсөн 39.916.800 /гучин есөн сая есөн зуун арван зургаан мянга найман зуу/ төгрөгийг хариуцагч Нийслэлийн Засаг даргаар гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.2-т тус тус заасныг баримтлан Н ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/902 дугаартай захирамжийн хавсралтын 18 дахь хэсэг буюу Н ХХК-д холбогдох хэсгийг болгуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МӨНХ-ЭРДЭНЭ