Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/948

 

 

 

 

 

 

   2024         09          02                                    2024/ШЦТ/948

 

 

                                     

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ

          Улсын яллагч Э.Мөнх-Оргил

          Шүүгдэгч ***********, түүний өмгөөлөгч Н.Жамъяан нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** овогт ********** холбогдох эрүүгийн 2306 04870 0881дүгээр 1 хавтаст хэргийг 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19** оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ******** төрсөн, эрэгтэй, ** настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр *********** тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

********* овогт **********/РД:**********/.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч ********** нь хохирогч ********* эзэмшлийн гурил будаа хадгалах зориулалттай агуулахаас 2023 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 27-ны өдрийн хооронд уг агуулахын хаалгыг түлхүүрээр онгойлгон нэвтэрч, мөн 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө тус агуулахын хаалганы цоожийг  эвдэн хууль бусаар нэвтэрч үргэлжилсэн үйлдлээр, машин механизм ашиглаж, бусдын эзэмшлийн эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бусдад 10.975.000 төгрөгийн хохирол учруулан “Хулгайлах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******** мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6-7 дугаар тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-12 дугаар тал/, хохирогч ********* мэдүүлэг /хх-ийн 17-19 дүгээр тал/, гэрч ********* мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр тал/, ******* ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №БЗ1-23-1823 дугаар дүгнэлт /хх-ийн 33-37 дугаар тал/, ****** ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн №БЗ1-23-2263 дугаар дүгнэлт /хх-ийн 41-45 дугаар тал/, ********** эзэмшлийн Хаан банкны *********** тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 67-68 дугаар тал/, ********** эзэмшлийн Хаан банкны ************ тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 57-66 дугаар тал/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 89 дүгээр тал/, Эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 108-110 дугаар тал/, гэрч ********** мэдүүлэг /хх-ийн 112-113 дугаар тал/, гэрч ********** мэдүүлэг /хх-ийн 130-131 дүгээр тал/, гэрч *********** мэдүүлэг /хх-ийн 134-135 дугаар тал/, гэрч ********** мэдүүлэг /хх-ийн 141-142 дугаар тал/, гэрч ******** мэдүүлэг /хх-ийн 148-149 дүгээр тал/, Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 155-156 дугаар тал/, ******** ХХК-ийн 2024 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн №БЗ1-24-1477 дугаар дүгнэлт /хх-ийн 159-162 дугаар тал/ зэргийг шинжлэн судлав.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч ******** нь хохирогч ********** эзэмшлийн гурил будаа хадгалах зориулалттай агуулахаас 2023 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 27-ны өдрийн хооронд уг агуулахын хаалгыг түлхүүрээр онгойлгон нэвтэрч, мөн 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө тус агуулахын хаалганы цоожийг  эвдэн хууль бусаар нэвтэрч үргэлжилсэн үйлдлээр, машин механизм ашиглаж, бусдын эзэмшлийн эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бусдад 10.975.000 төгрөгийн хохирол учруулан “Хулгайлах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна. Дээр дурьдсан үйл баримт дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6-7 дугаар тал/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-12 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ********** өгсөн: “... 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 14 цагийн үед тээшин дээрээ очоод онгойлгох гэтэл манай тээшний цоожийг хөшөөд онгойлгосон байсан. Нэгийг нь болохоор онгойлгоод цоожийг нь зүүсэн байсан тэгээд би Нарантуул олон улсын худалдааны төвийн манаач буюу харуулыг дуудсан харуул ирээд “би өнөөдөр гарсан харуулаас асууя “гээд 9 дүгээр сарын 24-ний өдөр гарсан харуулаас асуутал “эзэн нь би байна” гээд  надад хэлсэн тэгээд удалгүй Нарантуул захын байцаагч ******** мөн тус газрын харуулын дарга нар манай тээшний бараануудаас 31 шуудай 50 кг сахар алга болсон байсан тус сахар нь 1 ширхгийн үнэ нь 205.000 төгрөгийн үнэтэй нийлээд 6.655.000 төгрөгийн үнэтэй юм алга болсноо мэдээд “цагдаа явуул” бид хэдийн мөр үлдчих байх гэж бодоод цагдаад дуудлага өгсөн. Цагдаагийн бүрэлдэхүүн ирсэн. Манай тээшний урд ******* аймаг руу явдаг жолооч надад “9 дүгээр сарын 24-ний орой 22 цагийн үед танай тээшний урд том машин орж, ирээд юм ачаад явсан. Би бодохдоо эзэн нь ирээд юм авч байна гэж бодсон” гэж хэлсэн. ******* гээд миний туслах 2023 оны 8 дугаар сарын 26 юм уу 27-нд тээшнээс 4.641.000 төгрөгийн бараа хулгай хийж аваад надад өрөө төлөөд, үнэгүй ажиллаж байгаа “цагдаад битгий хэлээрэй би авсан мөнгөндөө ажлаа хийнэ” гэхээр нь би цалингүй ажиллуулж байгаа.” гэх мэдүүлэг,

“Би 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс ******** нь манай ажил дээр бараа зөөдөг ажил хийхээр манай ажилд орж байсан. Тухайн үед би ******** агуулахаа хариуцуулаад агуулахын түлхүүрийг өдрийн цагаар өгөөд орой нь түлхүүрээ буцааж авдаг байсан. Тэгтэл 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр ********* надаас “3 хоногийн чөлөө өгөөч би хятад явж хүүхдүүдийнхээ хувцсыг бэлдэх гэсэн юм” гэж асуухаар нь би 3 хоногийн чөлөө  өгөөд явуулсан. Тэгээд би *********  явсны маргааш өдөр нь агуулах руу очоод бараагаа ачих гээд гартал, агуулахад байсан 50 кг-ын Улаанбаатар гурилаас 4 шуудай, орос 50 кг-тай гурилаас 5 шуудай, 50 кг-ын Өгөөж гурилаас 33 шуудай нийт 42 шуудай гурил дутсан байсан. Тэгээд би 3 хоногийн дараа ******* ажилдаа ирэхэд нь “гурил дутуу байна. Энэ яагаад гурил дутчихсан юм бэ?” гэж асуутал “би төлнө, та миний цалингаас авчих аа би цалингүй тань дээр ажил хийж төлнө” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “заа тэгвэл би манай ажил дээр ажиллаад өрөө төлөөрэй” гэж хэлээд үргэлжлүүлж ажиллуулахаар болсон. Нийт 6.000.000 төгрөгийн үнэтэй гурил байсан. Хулгай хийсэн өдрөөсөө хойш манай ажил дээр 14 хоног ажлаад дахиад хулгай хийгээд явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *********** өгсөн: “....**********-н эхнэр болох ********* төрсөн ах *********** 8814**** дугаараас миний 8893**** дугаарт залгаад “би хүнээс банкны зээл хийх гээд мөнгө зээлж байгаа юм. Тэгээд өөрийнхөө  дансанд авах гэхээр битүүмжилсэн болохоор болохгүй байна. Чиний дансанд хэдэн төгрөг хийгээд авч болох уу?” гэхэд би өөрийн эзэмшлийн *********** тоот Хаан банкны дансаа өгсөн. Би миний дансанд орсон мөнгөнөөс ямар ч мөнгө аваагүй. Хулгай хийсэн талаар мэдээгүй, цагдаагаас над руу ярих үед би бэр ********** юу болсон талаар асуугаад ********* хулгай хийгээд миний дансанд мөнгө авсан байсныг мэдсэн. Тухайн үед ********* надад хэлэхдээ “хүнээс мөнгө зээлж байгаа дансанд чинь хийгээд авч болох уу?” гэж хэлсэн. Тэгэхээр нь дансаа өгч ашиглуулсан.” мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр тал/,

********** эзэмшлийн Хаан банкны ********* тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 67-68 дугаар тал/,

*********** эзэмшлийн Хаан банкны *********тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 57-66 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *********** өгсөн: “...*********** тоот дансыг манай эхнэр ********* эзэмшдэг. Манай эхнэр энэ Хаан банкны ************ тоот дансыг эзэмшээд 30 гаран жил болж байна. 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр над руу нэг дугаар залгаад, мэнд мэдээд би таны дугаарыг Архангай аймгийн тээвэрт явдаг жолоочоос авлаа. Та элсэн чихэр бөөндөж авах уу? Манайх 10.000 төгрөгийн дутуу бөөндөж байна гэж хэлэхээр нь би зөвшөөрч бага хэмжээгээр аваад үзье гэж хэлтэл Архангай аймгийн ачааны машин Нарантуул зах дээр байна ачуулчих уу? гэж хэлэхээр нь би зөвшөөрч миний авсан элсэн чихрийг унаанд тавьчихлаа гэхээр нь би мөнгийг нь шилжүүлсэн. Гүйлгээний утга дээрээ тодорхой ойлгомжтой бичих шаардлагатай байдаг. Дараа нь сарын сүүлд харах асуудал их болдог. 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр замын ачааны машинаар ирсэн ба тухайн үед ямар хүн байсныг санахгүй байна. Улаанбаатар хотын машины номертой ачааны машин байсан.” мэдүүлэг /хх-ийн 130-131 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ************ өгсөн: “... Би Архангай аймгийн Эрдэнэбулган суманд Тэрх худалдааны төвийн гадна талбайд гурил, будаа, элсэн чихэр, малын тэжээл, будаа худалдан борлуулдаг. Би ************ тоот дансыг эзэмшдэг, ашиглаад 30 гаруй жил болж байна. Наймаа хийж эхэлсэн цагаасаа эхэлж, энэ дансыг барьж байна. Бараа хийсэн орлого, зарлага бүгд миний энэ дансаар хийгддэг. Манай нөхөр надад 1 хүн залгаад, хямдхан элсэн чихэр байна, авах уу? гэж хэлж байна гэхээр нь авсан ба манай нөхөр бараа зарах хүн борлуулалт тал дээр ажилладаг. Би тухайн орлого, зарлага гүйлгээг хийдэг. Манай нөхөр болон би гурил будаа, элсэн чихэр зэргийг авахдаа барааны нэр болон өөрсдийн нэрийг бичиж явуулдаг. Яагаад гэвэл энэ нь буцаад маргах болон сарын сүүлд тооцоо хийхээр асуудалтай байдаг. Манай нөхөртэй гар утсаар холбогдсон хүн нь Нарантуул зах дээрээс Архангай аймгийн ачааны машинд тавьсан гэж байсан. Элсэн чихрийг ачааны машинаас авсан. Тухайн үед ямар машин байсан талаар би мэдэхгүй байна. Тэр хүн манай нөхөртэй гар утсаар холбогдож ярьсан байсан ба утасны наана, цаанаас царай зүсээ харалцахгүй итгэлцэл дээр үндэслэн тухайн элсэн чихрийг авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 134-135 дугаар тал/,

******* ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №БЗ1-23-1823 дугаар дүгнэлт /хх-ийн 33-37 дугаар тал/,

******** ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн №БЗ1-23-2263 дугаар дүгнэлт /хх-ийн 41-45 дугаар тал/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 89 дүгээр тал/,

Эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 108-110 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ********* өгсөн: “... **-** УАО улсын дугаартай HINO Ranger загварын цагаан өнгийн ачааны тээврийн хэрэгсэл нь 2006 онд үйлдвэрлэгдсэн бөгөөд би 2023 оны 3 дугаар сард худалдан авсан. Одоогоор банк бус санхүүгийн байгууллагын нэрээр байгаа ч миний зээлийн гэрээтэй, би өөрөө унаж хэрэглэдэг тээврийн хэрэгсэл байгаа юм. Би 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул захын дотор өөрийн эзэмшлийн Hino Ranger загварын цагаан өнгийн ачааны тээврийн хэрэгслээр ачаа зөөх гээд хүлээж байх үед тэр орой нь над руу Архангай аймагт гурил будаа, сахар зардаг ******** /гурилын *******/ гэдэг хүн 22 цагийн орчимд миний утсанд залгаад надад “2 тонн элсэн чихэр байгаа ачаад аваад ирэх үү?” гэж асуусан. Би ********* огт танихгүй. Би өөрөө Архангай аймгийн фейсбүүкийн зарын групп 94****** дугаараас ачаа авна, гээд зар оруулсан байсан болохоор тэр зараар надтай холбогдсон байх гэж бодож байна. Би өмнө ********* огт таньдаггүй байсан. Тэгээд би над дээр элсэн чихэр зарах хүн ирэх хүртэл хүлээж байсан бөгөөд намайг хүлээж байхад нэрийг нь мэдэхгүй намхан нуруутай, туранхай биетэй, бор царайтай, эрэгтэй хүрч ирээд манай контенарт очоод  авчих надад тэрэг байхгүй байна гэж хэлсэн. Би тэгэхээр нь контенарт очоод тулаад ачихаар болсон. Ачааг ачихаар, очихоос өмнө танихгүй эрэгтэй түлхүүрээ орхисон байна гэж хэлээд буцаад явсан ба эргэж ирээд контенараа онгойлгосон гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 148-149 дүгээр тал/,

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 155-156 дугаар тал/,

******** ХХК-ийн 2024 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн №БЗ1-24-1477 дугаар дүгнэлт /хх-ийн 159-162 дугаар тал/ зэрэг бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

Улсын яллагч “******** нь хохирогч *********** эзэмшлийн гурил будаа хадгалах зориулалттай агуулахаас 2023 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 27-ны өдрийн хооронд уг агуулахын хаалгыг түлхүүрээр онгойлгон нэвтэрч, мөн 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө тус агуулахын хаалганы цоожийг  эвдэн хууль бусаар нэвтэрч үргэлжилсэн үйлдлээр, машин механизм ашиглаж, бусдын эзэмшлийн эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бусдад 10.975.000 төгрөгийн хохирол учруулан “Хулгайлах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйчлэлийн талаар маргаагүй болно.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олон шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн хувийн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогддог.

Нөгөөтээгүүр хулгайлах гэмт хэрэг нь өмчлөх эрхийн бусад хэлбэрээс ялгагдах нэг онцлог нь хулгайлагдсан эд юмс нь гэмт халдлагад өртөгдөх үед иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, эзэмшигч тэдгээрийн эд хариуцагч хүмүүс, албан тушаалтны мэдэлд байх бөгөөд гэмт этгээд түүнтэй харьцах хууль ёсны эрх, үүрэггүй учир нууц, далд аргаар авч өөрийн эзэмшил болдгоороо онцлог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “... хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч.”, 2.4 дэх заалт “... хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн.” бол хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

Шүүгдэгч ********** нь үргэлжилсэн үйлдлээр хохирогч ************* эзэмшлийн гурил будаа хадгалах зориулалттай агуулахаас 2023 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 27-ны өдрийн хооронд уг агуулахын хаалгыг түлхүүрээр онгойлгон нэвтэрч, мөн 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө тус агуулахын хаалганы цоожийг  эвдэн хууль бусаар нэвтэрч үргэлжилсэн үйлдлээр, машин механизм ашиглаж, бусдын эзэмшлийн эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бусдад 10.975.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдож байх бөгөөд прокуророос дээрх үйлдэлд нь холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “... нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно”... гэж хуульчилсан. Шүүгдэгчийн гэмт үйлдлүүд нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө..”  гэж тус тус заасны дагуу шүүгдэгч ********** нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ********** нь 10.975.00 /”*********” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан 91-96 дугаар тал/ төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.” гэж,

7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно...” гэж,

7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “... хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Г        эмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.” гэж тус тус заажээ.

******** ХХК-ийн 2024 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн №БЗ1-24-1477 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлангаар шүүгдэгч ********** гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан **-*** УАМ улсын дугаартай Hino Ranger загварын тээврийн хэрэгслийг 58.039.063 төгрөгөөр үнэлсэн бол тухайн тээврийн хэрэгсэл нь “Жи эс би капитал” ББСБ-н нэр дээр бүртгэлтэй байдаг болох нь тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч ********** гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Hino Ranger загварын тээврийн хэрэгслийн үнэ болох 58.039.063 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй.

Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх юм.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан байдлаар шүүгдэгч ************ гэм буруутай үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул  түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчийн зүгээс: “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт тус тус зааснаар 4 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна” гэсэн саналыг

Шүүгдэгч ************ зүгээс ********** зүгээс: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт тус тус зааснаар хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү.” гэх тайлбарыг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “... Бусдын эд хөрөнгийг хүн хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн.”, 2.4 дэх заалт “... Учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заажээ.

Шүүхээс шүүгдэгч ************ эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирол төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч, өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 92 дугаар тал/, Эрүүл мэндийн даатгалын төлөлтийн лавлагаа /хх-ийн 93 дугаар тал/, Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт /хх-ийн 94 дүгээр тал/, Иргэний оршин суугаа газрын лавлагаа /хх-ийн 96 дугаар тал/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 97 дугаар тал/, Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 98 дугаар тал/,Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 91 дүгээр тал/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 89 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч *********** нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ******** овогт ************ “Үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан мөн учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. ************ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *********** гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн дүн болох 58.039.063 төгрөгийг түүнээс гаргуулж, улсын төсөвт шилжүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба *********** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********* авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        

     

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС