| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2024/0949/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/996 |
| Огноо | 2024-09-16 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Баасанбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/996
2024 09 16 2024/ШЦТ/996
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ
Улсын яллагч Э.Баасанбаяр
Шүүгдэгч ********** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****** овогт **********-н ********-д холбогдох эрүүгийн “2406 03557 1771” дүгээр 1 хавтаст хэргийг 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19** оны 7 дугаар сарын 28-ны өдөр ********* төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ****** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо ******** тоотод оршин суудаг, урьд
****** аймгийн сум дундын 1-р шүүхийн 2003 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 93 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,
******* овогт ********-н **********/РД:********** /.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ********** нь хамт ажилладаг *********-н гар утсанд интернэт банкны аппликейшн суулган өгч түүний “Худалдаа хөгжлийн банк”-ны нэвтрэх нэр, нууц үгийг мэдэж, ашиглан 2024 оны 5 дугаар сарын 27-ноос 28-ны өдрийн хооронд нийт 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хохирогч ********-н эзэмшлийн “Худалдаа хөгжлийн банк”-ны ******** тоот данс руу нууцаар хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч өөрийн эзэмшлийн “Хас” банкны ********** тоот данс руу 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 2.000.000 төгрөг, 3.000.000 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 2.000.000 төгрөг, 3.000.000 төгрөгийг тус бүр шилжүүлэн авч хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ********** мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-3 дугаар тал/, хохирогч *********-н мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр тал/, **********-н эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны ********* тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 11-12 дугаар тал/, *********-н эзэмшлийн Хас банкны *********** тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 39-48 дугаар тал/, шүүгдэгч **********-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61 дүгээр тал/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч *********** нь хамт ажилладаг *********-н гар утсанд интернэт банкны аппликейшн суулган өгч түүний “Худалдаа хөгжлийн банк”-ны нэвтрэх нэр, нууц үгийг мэдэж, ашиглан 2024 оны 5 дугаар сарын 27-ноос 28-ны өдрийн хооронд нийт 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хохирогч *********-н эзэмшлийн “Худалдаа хөгжлийн банк”-ны ********* тоот данс руу нууцаар хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч өөрийн эзэмшлийн “Хас” банкны ********** тоот данс руу 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 2.000.000 төгрөг, 3.000.000 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 2.000.000 төгрөг, 3.000.000 төгрөгийг тус бүр шилжүүлэн авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна. Дээр дурьдсан үйл баримт дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-3 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ********-н өгсөн: “2024 оны 5 дугаар сарын 6-ны өдөр өөрийн эзэмшлийн худалдаа хөгжлийн банкны ********** дугаарын дансандаа цалингийн зээл буюу 18.000.000 төгрөгийг авсан. Тэгээд би тухайн мөнгөө дансандаа байлгаж байх хугацаандаа машин авна гээд үрэлгүй байлгаж байсан юм. Гэтэл миний худалдаа хөгжлийн банкны ********* дугаарын данснаас 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 28-ны өдөр хүртэл 4 удаагийн гүйлгээгээр хаан банкны ********** дугаарын данс руу 10.000.000 төгрөг орсон байна. Би энэ тухай мэдээгүй байж байгаад сая л мэдээд цагдаагийн байгууллагад хандаж байна. Манай гэр бүлийнхэн мэднэ, ажлын газрын ******** гэх хүн мэднэ.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр тал/,
Хохирогч *********-н дахин өгсөн: “...******** 7.000.000 төгрөгийг миний худалдаа хөгжлийн банкны ******** тоот данс руу шилжүүлсэн. Одоо надад 3.000.000 төгрөг өгөх ёстой.” гэх мэдүүлэг /хх-ийн 60 дугаар тал/,
Хохирогч **********-н эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны ********* тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 11-12 дугаар тал/,
Шүүгдэгч ***********-н эзэмшлийн Хас банкны ********** тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 39-48 дугаар тал/,
шүүгдэгч ********** эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61 дүгээр тал/
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч ********-н яллагдагчаар өгсөн: “Би Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*****” эмнэлэгт үйлчлэгч хийгээд 3 жил болж байна. Тэгээд өөрийн найз ********** хамт ажиллаж ирсэн. ********* нь 2024 оны 5 дугаар сарын 6-ны өдөр цалингийн зээлээр 18.000.000 төгрөг интернэт банкаараа авсан. Тэгээд би тухайн мөнгийг дансанд нь байсныг мэдсэн. Би ********-н интернэт банкны нууц үг, нэвтрэх нэрийг нь хамт ажиллаж байхдаа харж цээжилсэн. Тэгээд би 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ********-н худалдаа хөгжлийн банкны интернэт банк руу нэвтрээд эхлээд өөрийн эзэмшлийн хас банкны ********** дугаарын данс руу 2.000.000 төгрөгөөр 1 удаа, 3.000.000 төгрөгөөр 1 удаа тус тус шилжүүлсэн. Маргааш нь буюу 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр дахин **********-н худалдаа хөгжлийн банкны интернэт банк руу нэвтрээд эхлээд өөрийн эзэмшлийн хас банкны **********-н дугаарын данс руу 2.000.000 төгрөгөөр 1 удаа, 3.000.000 төгрөгөөр 1 удаа тус тус шилжүүлсэн. Би 10.000.000 төгрөгөө би өөрийн хаан банк, ариг банк, simple, net, unlock, Bid, Ard, one click гэх мэтчилэн апп зээлээ дарсан. Тэгээд дахин зээл аваад учраа хэлэх гэтэл айгаад байсан болохоор өөрт нь хэлж чадаагүй, гэтэл ********* цагдаагийн байгууллагад хандсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар тал/ зэрэг бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Улсын яллагч “******** нь хамт ажилладаг ********* гар утсанд интернэт банкны аппликейшн суулган өгч түүний “Худалдаа хөгжлийн банк”-ны нэвтрэх нэр, нууц үгийг мэдэж, ашиглан 2024 оны 5 дугаар сарын 27-ноос 28-ны өдрийн хооронд нийт 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хохирогч **********-н эзэмшлийн “Худалдаа хөгжлийн банк”-ны ********* тоот данс руу нууцаар хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч өөрийн эзэмшлийн “Хас” банкны ************ тоот данс руу 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 2.000.000 төгрөг, 3.000.000 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 2.000.000 төгрөг, 3.000.000 төгрөгийг тус бүр шилжүүлэн авч хулгайлсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйчлэлийн талаар маргаагүй болно.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч *********-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,
Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө..” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч *********** нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ********** нь 10.000.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 7.000.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул түүнээс 3.000.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэлээ.
Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх юм.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан байдлаар шүүгдэгч ************-н гэм буруутай үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчийн зүгээс: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан бол шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага дээр тусгайлан санал гаргаагүй болно.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 64 дүгээр тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 65 дугаар тал/, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хх-ийн 65-68 дугаар тал/, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт /хх-ийн 69 дүгээр тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 70 дугаар тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 71 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч **********-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч **********-н хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүхээс ял шийтгэл оногдууллаа.
Шүүхээс шүүгдэгч **********-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын тайлбар, мэдүүлэг зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацааагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******** овогт ******** “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч ********** оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “өөрийн оршин суух газраас явахыг хориглох, ... эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг” буюу Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, тухайн оршин суух газраа өөрчлөх, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг хүлээлгэхээр тогтоож, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ********** 3.000.000 төгрөгийг гаргуулж ******* овогт ***********/РД:*********/ д олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хурааагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ********** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЧИНГИС