Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 1217

 

 2020          09            22                                         2020/ДШМ/1217

Э.Зт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор И.Мөнхцэцэг,

шүүгдэгч Э.Зын өмгөөлөгч Д.Цэрэнханд,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 2020/ШЦТ/642 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор С.Батсүрэнгийн бичсэн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 31 дугаартай эсэргүүцэл, шүүгдэгч Э.З, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд нарын гаргасан давж заалдах гомдлоор Э.Зт холбогдох эрүүгийн 1909038130106 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржав илтгэснээр хянан хэлэлцэв.

................, 19.......... оны ........ дүгээр сарын .............-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Демси трейд” ХХК-нд менежер ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 27 дугаар байрны 1006 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:..................../,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 220 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.4, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар 14 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 42 дугаартай захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрчилж, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2 жил 4 сарын 24 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан;

 

Э.З нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чоко” баарны гадна хохирогч Н.Мөнх-Одыг “мөнгө нэхлээ, машинд суулгасангүй, хамт явж байгаа хүүхнүүдийг чинь аваад явъя” гэж хэллээ гэж шалтаглан баруун гараараа нүүрэн тус газарт нь 1 удаа цохиж унагаан эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Э.Зын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ......................ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Зыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Э.Зт 14 жил 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 220 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас хугацааны өмнө тэнсэн сулласан шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч Э.Зт 2 жил 4 сар 24 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Зт оногдуулсан 2 жил 4 сар 24 хоногийн хугацаагаар хорих ял, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Зт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Зт оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 2 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Э.З нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.Зт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З нь хохирогч Н.Мөнх-Одод 12.099.551 төгрөг төлсөн ба бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн 3.251.209 төгрөгөнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон хохирогчийн нэхэмжлэлээс үлдэх хэсгийг нь хэлэлцэхгүй орхиж, цаашид шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Зт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор С.Батсүрэн бичсэн эсэргүүцэлдээ: “Шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 2020/ШЦТ/642 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.Зт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэг оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ” гэж хуульчилсан байхад анхан шатны шүүх Э.Зт ял оногдуулахдаа хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан этгээдийн эдлээгүй үлдсэн 2 жил 4 сар 24 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 10.000.000 төгрөгийн торгох ялаас тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9, 6.12 дугаар зүйлд заасныг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Түүнчлэн шүүхээс шүүгдэгч Э.Зт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийтгэх тогтоолд заасан ба Э.З нь 2 жил 4 сар 24 хоногийн хорих ялыг эдлэх хугацаанд торгох ялыг биелүүлэх боломжгүй бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилго биелэгдэхгүй болох үндэслэлтэй. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 2020/ШЦТ/642 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

Шүүгдэгч Э.З гаргасан давж заалдах гомдолдоо: “...Би хэрэг болох үеийг тодорхой санахгүй байсан боловч өмгөөлөгчийн зөвлөснөөр камерын бичлэгийг ойролцоох дэлгүүрээс авч үзсэн болсон явдлын талаар мэдүүлэг өгсөн. Мөрдөн байцаалтын явцад Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээч эмч нарын бүрэлдэхүүнтэй 239 дугаартай дүгнэлтэд “Э.З нь хэрэг үйлдэх үедээ санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан байх боломжтой байна” хэмээн гарчээ. Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээч эмч нарын бүрэлдэхүүн дахин томилуулж, шинжилгээ хийлгэх, гарсан дүгнэлтийг нотлох баримтаар үнэлүүлэх хүсэлтийг хүлээн авна уу.” гэжээ.

Шүүгдэгч Э.Зын өмгөөлөгч Д.Цэрэнханд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийн зүгээс Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 642 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Уг тогтоолоор шүүгдэгч Э.З нь 2017 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 220 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.4, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар 14 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, ялаа эдэлж 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 42 дугаартай захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрчилж, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2 жил 4 сарын 24 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан. Уг эдлээгүй үлдсэн ялыг биечлэн эдлэхээр тооцсон. Ингэж шийдвэрлэхдээ Э.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт буруутган шийдвэрлэсэн. Энэ зүйлчлэлийг өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй, маргаж байна. Учир нь, Улсын Дээд шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 156 тоот тогтоолд “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн хохирогчийн доромжлол нь хүч хэрэглэхээр заналхийлэх, нэр хүндийг нь гутааж, гэмт этгээдийн санаа сэтгэлийг цочролд оруулсны улмаас гэмт этгээд түрхэн зуур хариу үйлдэл хийж гэмтэл, хохирол учруулдаг шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргээс ялгагдана” гэсэн байна. Гэтэл шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Шинжээчийн 239 дугаартай дүгнэлт нь зөвхөн Э.Зын болон түүний эхнэр гэрч Л.Адъяасүрэн нарын асуумжийн дагуух хариултыг үндэслэн гаргасан ба Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан шинжээчийн дүгнэлтийн агуулгад нийцээгүй, дүгнэлтийнхээ хууль зүйн үндэслэлийг тайлбарлаж тусгаагүй, шүүгдэгчийн мэдүүлгийг үндэслэж дүгнэлт гаргасан зэргээр шинжээч эмч нар нь холбогдох хуулийн заалтыг баримтлаагүй, илт үндэслэл муутай дүгнэлт гаргасан байх тул шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар дээрх дүгнэлтийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах боломжгүй гэж үзээд хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтаар үнэлээгүй болно” гэсэн. Гэвч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх 127/ болон гэрч З.Ижилбэлэг, Ю.Одгэрэл, Б.Ундрах, шинжээч О.Баатаржав нарын мэдүүлгээр хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас болж Э.З нь санаа сэтгэл нь гэнэт цочрон давчидсан байдал харагддаг. Тухайлбал, шинжээч О.Баатаржавын мэдүүлэгт “Сэтгэлийн сөрөг нөлөөний гарсантай гэнэтийн хүчтэй цочролын үр дүнд огцом үүсдэг, богино хугацаатай үргэлжилдэг, сэтгэцийн хувьд эрүүл хүмүүст илэрдэг, эрс хүчтэй сэтгэл хөдлөлийг энгийн сэтгэл цочирдол гэж сэтгэцийн анагаах ухаанд үздэг. Тухайн үзүүлэгч Э.Зын хувьд ямар нэгэн согтууруулах ундаа хэрэглээгүй, хамт явсан хүмүүс болон эхнэрийг нь авч явна гэх зэргээр дайрч давшилсан, ёс бус үг хэллэг хэлсэн, нөгөө хүн нь Золбаярын хоолойг боох үйлдэл хийсэн зэргээс сэтгэлийн гэнэтийн хүчтэй цочролд орсон байх боломжтой гэж манай шинжээч комисс үзсэн. Дээрх байдал нь хавтаст хэрэгт тусгагдсан гэрч нарын мэдүүлэг, хяналтын камерын бичлэг зэргийг үндэслэн Золбаяр нь хэрэг үйлдэх тухайн үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан байх боломжтой гэж үзсэн” гэсэн. Гэрч Б.Ундрахын мэдүүлэгт “Тэр хоёр залуу бүжгийн талбай дээр байхад л гар болон хөхнөөс бариад бөгс рүү гар нь яваад байсан. Өндөр залуу нь Адъяасүрэн эгчийг араас нь татаад унагаасан. Машин ирээд бид нар суух гэсэн чинь машинд суулгахгүй байсан, бид нар арай гэж хаалгаа онгойлгоод сууцгаасан. Золбаяр ах бид нарыг суулгаад хаалгаа хаах гэсэн чинь хаалгахгүй байсан. Арай гэж хаагаад Золбаяр ах суух гэсэн чинь суулгахгүй, машины хаалга онгойлгох гээд байсан нилээд удсан, тэгтэл өндөр залуу нь Золбаярын хоолойг боогоод машин руу шахаад байгаа харагдсан” гэсэн байна. Энэ бүх нотлох баримтаас харахад хохирогч Мөнх-Од болон түүний найз Энхтөр нарын зүй бус үйлдэл гаргасан нь нотлогдож байна. Яагаад гэвэл харанхуй шөнө согтуу залуучууд эхнэр болон эхнэрийнх нь ажлын хүмүүсийг явуулахгүй татаж чангаагаад мөн бүдүүлэг үг хэллэгээр дайрч доромжлон Э.Зыг өөрийг нь хувцас хунараас нь татаж чангаан түүнийг боож, дарамталж байгаа байдал нь түүнийг сэтгэл санааны цочролд оруулсан гэж үзэхээр байна. Цочрол давчдалд хүргэсэн хохирогчийн хүчирхийлэл нь хууль бус байх ёстой. Санаа сэтгэлийн энэ цочрон давчдал сэтгэцийн өндөр зэрэглэлийн тэмтрэлтээр илэрдэг бөгөөд энэ нь хүний сэтгэцийг ердийн байдлаас гаргаж, ухамсарт оюун санааны үйл ажиллагааг сааруулж, зан үйлийн сэдэлт өдөөлтийн үед сонголт хийх боломжийг ямар нэгэн хэмжээгээр хязгаарлаж, өөрийгөө хянах, өөрийн үйлд ажиллагааг зөв үнэлэх зэргийг хүндрүүлж, өөрийн зан үйлийн үр дагаврыг цэгнэх боломжгүй болгодог. Санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан гэж хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэхүйн хэвийн байдал алдагдан, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон байдлыг хэлнэ гэж тайлбарласан байна. Хүний бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах, бусдын эрхшээл дарамт, хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан явдал, нийгмийн аюулын хэр хэмжээ, шинж чанараараа ихээхэн ялгаатай байдаг. Гэтэл шүүх Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан шинжээчийн дүгнэлтийн агуулгад нийцээгүй зөвхөн шүүгдэгч Э.З болон түүний эхнэр гэрч Л.Адъяасүрэн нарын асуумжийн дагуух хариултыг үндэслэн гаргасан гэсэн нь шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас үнэлж чадсангүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ.” гэж заасан. Иймээс өмгөөлөгчийн хувьд Э.Зын зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг мөн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлд зааснаар зүйлчлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн, ялыг  хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Прокурор И.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн өмгөөлөгч зүйлчлэлийн хувьд маргаантай, тохироогүй гэж байна. Энэ нь 239 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрч Ижилбэлэг, Одгэрэл, Адъяасүрэн нарын мэдүүлгээр тогтоогдож байна гэж байна. Улсын яллагч болон анхан шатны шүүхийн зүгээс 239 дугаартай шинжээчийн дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад заавал баримтлах үүрэггүй. Учир нь, агуулгаараа хэргийн үйл баримттай тохирохгүй гэж үзсэн. Мөн хохирогч Мөнх-Одоос шүүгдэгчид болон түүний ойр дотны хүмүүст чиглэсэн хууль бус үйлдэл гарч байгаа нь тухайн орчинд харагддаггүй. Энэ нь хохирогчийн мэдүүлэг, Энхтөрийн мэдүүлгээр тогтоогддог. Зүйлчлэлийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шинжээчийн дүгнэлт, гэрч, хохирогч нарын мэдүүлэг, сиди бичлэг зэргээр тогтоогдсон. Сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан гэх үйл баримт нь хохирогчийн өөрт нь эсхүл ойр дотны хүнд чиглэсэн аливаа зүй бус, идэвхтэй, хууль бус үйлдэл байхыг шаардана. Гэтэл тийм зүйл тогтоогддоггүй. Түүнчлэн прокурорын зүгээс дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Эрүүгийн хуулийн заавал биелэгдэх зарчим гэж байх бөгөөд шүүгдэгчээр хохирлыг нөхөн төлүүлэх гэхээр 2 жил 4 сар 24 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн хүнд шүүх торгох ялыг 3 жилийн хугацаагаар нөхөн төлүүлэхээр тогтоосон нь торгох ял биелэгдэх боломжгүй байдалд хүргэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9, 6.12 дугаар зүйлд зааснаар нэмж нэгтгэн, тус тусад нь эдлүүлэх боломж байгаа. Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилго биелэгдэх боломжоор хангагдахгүй байна гэж үзсэн.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол болон эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Шүүх хэргийг хянан хэлэлцээд Э.Зыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Зыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Э.Зт 14 жил 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 220 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас хугацааны өмнө тэнсэн сулласан шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч Э.Зт 2 жил 4 сар 24 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Зт оногдуулсан 2 жил 4 сар 24 хоногийн хугацаагаар хорих ял, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Зт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Зт оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ.” гэж, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж тус тус заажээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Зт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, өмнөх Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 220 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 14 жил 10 сарын хугацаагаар хорих ялаас 2 жил 4 сар 24 хоногийн өмнө тэнсэн суллагдсан ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоож, дээрх хоёр ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж, 10.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосон нь торгуулийн ял биелэгдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн бөгөөд энэ нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дараахь үндэслэлийн аль нэг нь байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө”, мөн зүйлийн 1.2-т “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэж заасан бөгөөд анхан шатны шүүхийн гаргасан алдаа, зөрчил нь хуулийн энэ үндэслэлд хамаарч байна.

Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Зт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцэх хүртэл шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж байгаа тул шүүгдэгч Э.З, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд нарын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж байна.

Анхан шатны шүүх хэргийг дахин хянан хэлэлцэхдээ хохирогч, гэрч нарын мэдүүлэгт бодитой үнэлэлт-дүгнэлт өгч шийдвэрлэвэл зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 2020/ШЦТ/642 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Зт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл Э.Зт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, 

ШҮҮГЧ                                                      О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ                                                      С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                      Д.МЯГМАРЖАВ