| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Батчимэг |
| Хэргийн индекс | 182/2024/07279/И |
| Дугаар | 001/хт2025/00196 |
| Огноо | 2025-11-13 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 001/хт2025/00196
Б.М-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн
2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 191/ШШ2025/04330 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 210/МА2025/01261 дүгээр магадлалтай,
Б.М-гийн нэхэмжлэлтэй,
“З” ХХК-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Р.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч “З” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 191/ШШ2025/04330 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэг, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэг, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт тус тус зааснаар Б.М-г “З” ХХК-ийн үйл ажиллагааны албаны хүний нөөцийн менежерийн ажилд нь эгүүлэн тогтоож, хариуцагч “З” ХХК-аас 17,500,000 /арван долоон сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулж Б.М-д олгож, Б.М-гийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалтыг хийхийг “З” ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.М-гийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар “З” ХК-аас 315,650 /гурван зуун арван таван мянга зургаан зуун тавь/ төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
3 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 210/МА2025/01261 дүгээр магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 191/ШШ2025/04330 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч “З” ХХК-аас 3,928,551 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.М-д олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлээс үлдэх “З” ХХК-ийн хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж,
2 дахь заалтад “315,650” гэснийг “77,807” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 315,650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “ ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.3-т заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын гомдол гаргаж байна.
Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн адил Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д заасныг буруу хэрэглэж, “хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй боловч ажилтныг туршилтаар ажиллуулсан нь хүчин төгөлдөр” гэсэн дүгнэлт хийсэн. Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолд “ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ч ажил үүрэг гүйцэтгүүлсэн бол маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлан шийдвэрлэнэ” гэж заасан байхад энэ тайлбарыг харгалзаагүй. Дэлгэрүүлбэл Улсын дээд шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 2006 оны 33 дугаар тогтоолын 2 дугаар зүйлд “... Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлсэн тохиолдолд тэдний хоорондох маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлан шийдвэрлэх бөгөөд харин хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь ажилтны буруугаас болсон нь тогтоогдвол маргааныг Иргэний хуулийн /369 дүгээр зүйлийн 369.3, гэм хор, гэх мэт/ дагуу шийдвэрлэнэ” гэж тайлбарласан байгааг харгалзаж үзээгүй.
Учир нь Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.2-т “Хөдөлмөрийн гэрээ байгуулах нөхцөл, журмыг хуулиар тогтооно” гэж тусгайлан заасны дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулах тэр тусмаа хөдөлмөрийн гэрээний хугацааны асуудлыг Хөдөлмөрийн тухай хуульд тусгайлан зааж зохицуулж өгсөн болно. Тэрнээс биш хөдөлмөрийн гэрээний хугацааг ажилд авсан тушаал дээрээ хугацаа тогтоосон бол гэж заагаагүй болно.
Өөрөөр хэлбэл ажилд авсан тушаалаас өмнө тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-т “Хөдөлмөрийн гэрээ” гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажил олгогч, ажилтан харилцан тохиролцсоны дагуу хийсэн тохиролцоог” хэлнэ гэж заасны дагуу харилцан тохиролцож байгуулаад энэхүү гэрээгээ үндэслээд дараа нь ажилд авсан тушаал гарсан байх ёстой атал давж заалдах шатны шүүхээс харгалзаж үзэлгүйгээр шийдвэрээ гаргалаа. Хөдөлмөрийн гэрээний тухай хуулийн зохицуулалт Хөдөлмөрийн тухай хуулийн 4.1.9, 47.1, 48.1-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож бичгээр байгуулах ёстой. “З” ХХК нь энэхүү үүргээ биелүүлээгүй бөгөөд энэ нь ажилтны эрхийг зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх ажил олгогчийн хууль бус үйлдлийг үл харгалзан шийдвэрлэсэн.
Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 4.3-т “хөдөлмөрийн гэрээ байгуулалгүйгээр ажиллуулсан бол ажил олгогчид хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Ийм нөхцөлд ажилтан хөдөлмөрийн гэрээгүй ажилласны улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлэх эрхтэй гэж бүр хуулиар тухайлан заасан байхад шүүх харгалзаж үзсэнгүй. Давж заалдах шатны шүүхийн алдаатай дүгнэлт “Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ч гэсэн туршилтын хугацаа дууссан тул ажилтныг үргэлжлүүлэн ажиллуулах үүрэггүй” гэсэн дүгнэлт хийсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарласан хэрэг юм. Ажил олгогч хуульд заасан үүргээ биелүүлээгүй байхад энэ нөхцөлийг үл харгалзан ажилтанд хохирол үүсгэсэн байна. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.07.25-ны өдрийн 210/МА2025/01261 дүгээр магадлалыг хүчингүйд тооцож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.05.15-ны өдрийн 191/ШШ2025/04330 дугаар шийдвэрийг хэвээр үлдээхийг хүсье” гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С-ын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.10.24-ний өдрийн 001/ШХТ2025/00976 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
7. Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч “З” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “...2024.09.02-ны өдөр хүний нөөцийн менежерийн ажилд авсан ба ажлын байрны дарамт үзүүлж, 2024.10.16-ны өдөр Б/095 тоот тушаалаар ажлаас халсан. Ажлаас халахдаа өөрийн хүсэлтээр гэсэн боловч ... бичгээр өргөдөл өгсөн зүйлгүй. Өмнө нь өргөдөл өгөөд хуульчаас зөвлөгөө аваад буцаагаад авч байсан. Иймд ажлаас халсан нь үндэслэлгүй.”гэж тодорхойлжээ.
8. Хариуцагч “З” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “… Нэхэмжлэгч Б.М нь 2024.09.02-ны өдөр тус компанид ажилд орох хүсэлт гаргасан тул 2024.09.02-ны өдрийн Б/082 тоот захирлын тушаалаар 3 сарын хугацаатайгаар туршилтын хугацаагаар хүний нөөцийн менежерээр ажиллуулахаар болсон. Туршилтын хугацаагаар ажиллах ажилтны хугацаа нь 2024.12.02-ны өдрөөр дуусгавар болох байсан. Гэвч Б.М нь нэг сар хагасын хугацаанд ажиллаад өөрийн хүсэлтээр ажлаас гарахаар болсон тул хүсэлтийг үндэслэн 2024.10.16-ны өдрийн Б/095 тоот тушаалаар Б.М-г “З” ХХК-ийн хүний нөөцийн менежерийн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. ...” гэж маргажээ.
9. Анхан шатны шүүх “... Хариуцагч “З” ХХК-ийн 2024.09.02-ны өдрийн Б/082 дугаар тушаалд Б.М-г 3 сарын хугацаатай туршилтаар ажиллуулахаар заасан байх боловч Б.М-тай Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байх тул туршилтын хугацаагаар ажиллуулахаар тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй. Хэрэгт авагдсан Хөдөлмөрийн гэрээнд Б.М гарын үсэг зураагүй тул “З” ХХК-ийг Б.М-тай Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэж үзэх үндэслэлтэй. ...Хариуцагч “З” ХХК-ийг ажилтан Б.М-гийн ажлаас чөлөөлөгдөх хүсэл зоригийг үндэслэн харилцан тохиролцсоноор Хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул “З” ХХК-ийн захирлын 2024.10.16-ны өдрийн Б/095 дугаар Б.М-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт зааснаар Б.М-г урьд эрхэлж байсан “З” ХХК-ийн үйл ажиллагааны албаны хүний нөөцийн менежерийн ажилд нь эгүүлэн тогтоож, ... Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасны дагуу Б.М-г ажлаас чөлөөлсөн 2024.10.16-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг ... ажлаас халагдсан 2024.10.16-ны өдрөөс 2025.05.15-ны өдрийг хүртэлх 7 сараар тооцоход ... 17,500,000 төгрөгийн олговрыг олгох үндэслэлтэй байна. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.М-гийн нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, зохих баталгаажуулалт хийхийг хариуцагч “З” ХХК-д даалгах нь зүйтэй. ...” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.
10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж шийдвэрлэхдээ “... Анхан шатны шүүх ажил олгогч нь ажилтныг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн үйл баримтыг зөв тогтоосон боловч ажилтны туршилтын хугацаагаар ажиллаж байсан байсны үр дагаврыг үл харгалзаж алдаатай эрх зүйн дүгнэлт өгсөн байгааг залруулах боломжтой. ...Ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байх боловч энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасны дагуу ажилтныг туршилтаар ажиллуулж байсан үйл баримтыг үгүйсгэх нөхцөл болохгүй. ...Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь нэхэмжлэгчийг хүсэлтийнх нь дагуу ажлаас чөлөөлсөн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул ажил олгогч нь ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хүсэлтийг нь үндэслэж ажлаас чөлөөлөөгүй гэх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Гэхдээ туршилтын хугацаа дуусгавар болсны дараа ажилтныг үргэлжлүүлэн ажиллуулах эсэх нь ажил олгогчийн эрх хэмжээ тул нэхэмжлэгчийг 2024.12.02-ны өдрөөс хойш хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллах байсан гэж дүгнэх боломжгүй. Иймд хариуцагч нь нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн хэдий ч туршилтын хугацаа дуусгавар болсон нөхцөлд ажилтныг үргэлжлүүлэн ажиллуулах үүрэггүй. ... Хариуцагч нь нэхэмжлэгчийг үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар туршилтын хугацаа дуусах хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг даалгана. … нэхэмжлэгчийн 2024.10.16-ны өдрөөс 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд авах байсан олговор 3,928,551 төгрөг болж байна. Үүнтэй холбоотойгоор тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад мөн өөрчлөлт орно.” гэсэн дүгнэлт хийжээ.
11. Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тогтоосон боловч Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажилтныг туршилтаар ажиллуулах талаарх зохицуулалтыг зөрүүтэй хэрэглэж ялгаатай дүгнэлт хийсэн тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
12. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч “З” ХХК-ийн захирлын 2024.09.02-ны өдрийн Б/082 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.М-г 2024.09.02-ны өдрөөс эхлэн 3 сарын хугацаагаар туршилтаар ажиллуулахаар хүний нөөц хөгжлийн албанд хүний нөөцийн менежерийн ажилд томилсон.
Улмаар хариуцагч “З” ХХК-ийн захирлын 2024.10.16-ны өдрийн Б/095 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.М-г Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 21, 22-т заасныг үндэслэл болгон ажилтныг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлсөн.
13. Хариуцагч буюу ажил олгогчийн дээрх хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтны санаачилгаар цуцалсан шийдвэр хууль зүйн үндэслэлгүй буюу нэхэмжлэгч Б.М нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажил олгогчид бичгээр мэдэгдсэн болохыг хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2-т нийцсэн.
14. Харин шүүхүүд ажилтныг туршилтаар ажиллуулсан тухай үйл баримтын талаар зөрүүтэй дүгнэж, анхан шатны шүүх ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тул туршилтаар ажиллуулсан гэж үзэхгүй, ажилтны ажлын туршлагыг үндэслэн ажилд авсан тохиолдолд туршилтаар ажиллуулах шаардлагагүй гэж дүгнэсэн бол давж заалдах шатны шүүх хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь туршилтаар ажиллуулж байсан үйл баримтыг үгүйсгэхгүй, туршилтын хугацаа дуусгавар болсон нөхцөлд ажил олгогч нь ажилтныг үргэлжлүүлэн ажиллуулах үүрэггүй гэжээ.
Давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь маргаанд хамаарах хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.
15. Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д зааснаар ажил олгогч ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулж болох ба мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдэж талууд гарын үсэг зурах бөгөөд гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй.
16. Хэргийн баримтаар хариуцагч “З” ХХК нь нэхэмжлэгч Б.М-тай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй болох нь тогтоогдсон боловч энэхүү нөхцөл байдал нь ажилтныг туршилтаар ажиллуулаагүй гэж үзэх үндэслэл болохгүй.
Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно.
Иймээс талуудын хооронд туршилтаар ажиллуулах нөхцөлтэй хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн гэж үзнэ.
17. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2-т зааснаар туршилтаар ажиллуулах нь хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах тохиолдолд хамаарах бөгөөд талууд гэрээг бичгээр байгуулаагүй нь хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэл болохгүй.
Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.4-т зааснаар хүндэтгэн үзэх шалтгаанаар хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүй бол ажилтныг ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээс хойш ажил олгогч ажлын 10 өдрийн дотор хөдөлмөрийн гэрээг нөхөн байгуулах үүрэгтэй, энэ үүргээ зөрчсөн бол Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх бөгөөд энэ нь талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнийг үгүйсгэх болон хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж үзэхгүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т зааснаар туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа гурван сараас илүүгүй байх бөгөөд харилцан тохиролцсоноор нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгаж болно.
Хариуцагч буюу ажил олгогч нь ажилтныг ажилд томилсон тушаалд 2024.09.02-ны өдрөөс эхлэн туршилтаар ажиллуулахаар заасан боловч тодорхой хугацаа заагаагүй, улмаар ажилтныг 2024.10.16-ны өдөр ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон, дээрх хуульд заасан 3 сарын хугацаа 2024.12.02-ны өдөр дууссан байна.
18. Хэргийн баримтаар ажилтан өөрийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах талаар ажил олгогчид бичгээр мэдэгдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, ажил олгогчийн шийдвэр хуульд нийцээгүй боловч энэ үндэслэлээр туршилтаар ажиллуулах хугацааг сунгах, эсхүл ажилтныг үргэлжлүүлэн ажиллуулах нь ажил олгогчийн үүрэг гэж үзэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2, 78 дугаар зүйлийн 78.1.3-т нийцэхгүй.
Нөгөө талаар ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан шийдвэр хуульд нийцээгүй, үндэслэлгүй бол ажилтны зөрчигдсөн эрх сэргээгдэх учиртай бөгөөд энэ утгаараа давж заалдах шатны шүүх ажилтны туршилтаар ажиллах 3 сарын хугацааны үлдэх хугацаанд хамаарах олговрыг тооцож олгож, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасантай нийцжээ.
19. Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 210/МА2025/01261 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.М нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАТЧИМЭГ
Х.ЭРДЭНЭСУВД