Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2021/0066

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д ХХК

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 79 дүгээр тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц нар /танхимаар/, гэрч Т.Ж /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 79 дүгээр тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ер нь хэргийн үйл баримтын хувьд талуудын хооронд хэд хэдэн шүүх хуралдааны явцаар яригдсан. Анхны шүүх хуралдааны үеэр хэргийг бүтэн хэлэлцсэн байдаг.

2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 263 дугаар тушаалаар Баянзүрх дүүрэгт 2 га газар ашиглах эрхийг манайд олгогдсон байдаг. Үүнээс хойш энэхүү тушаалыг үндэслээд гэрчилгээ гарах ёстой байсан. Гэрчилгээг үндэслээд цаашлаад гурван талт гэрээ байгуулах ёстой байсан. Энэ процесс хэрэгжиж чадаагүй. Үүнтэй холбоотойгоор манай газар ашиглагчийн зүгээс өөрсдөөс нь шалтгаалах хүчин чармайлтыг гаргасан. Энэ талаар ч гэсэн гэрч тайлбарласан.

Гэрээ, гэрчилгээ байхгүй учир газрыг бодитоор ашиглах боломжгүй. Хууль болон журам нь ийм байдаг. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам байдаг. Үүний 3.4-т Байгаль орчин аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай газар нутагт, газар ашиглах гэрчилгээ олгоно. Гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох гэж тодорхойлсон байдаг. Иймд газар ашиглах эрхээ бодитойгоор хэзээ, яаж хэрэгжүүлэх вэ гэдэг талаар энэ журам тодорхойлсон байдаг.

Газрын тухай хуульд газар ашиглах гэж юу вэ гэж зааж өгсөн айдаг. Газрын тухай хуулийн 3.1.4-т "газар ашиглах" гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг хэлнэ гэж заасан байдаг. Тэгэхээр хуульд журмаас илүү шаардлага тавьсан байгаа. Гэрчилгээнээс гадна гэрээ байх ёстой юм байна. Гэрээнд заасны дагуу гэж хуульд заасан байна.

Хариуцагч нь газар ашиглах эрхийг цуцлахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-т заасны дагуу цуцалсан байдаг. Тэгэхээр 40.1.6 гэх үндэслэл нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газрыг 2 ба түүнээс дээш жил ашиглаагүй. Иймд хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэх талаар яригдах гээд байгаа юм. Бид нар газрын гэрчилгээг авч чадаагүй бас гэрээ ч байгуулаагүй байсан. Иймд газрыг ашиглах боломжгүй байсан. 40.1.6 дахь заалтыг хэрэглэх нэг үндэслэл нь гэрээ байгуулагдаад гэрээний зориулалтын дагуу ашигласан эсэх талаар яам шалгаж дүгнээд газрыг цуцлах эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой байна. Гэрээ ч байхгүй, гэрчилгээ байхгүй тохиолдолд 40.1.6 дахь заалтыг ашиглах боломжтой юм уу? Тийм боломж байхгүй.

Газрын тухай хуулийн 40.1.5-т эрхийн гэрчилгээ эзэмшигч нь газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй гэж байгаа. Манайхыг эрхийн гэрчилгээг эзэмшигч гэж манайхыг тооцох уу? Хугацаа болоод төлбөрийн хэмжээг гэрээгээр тодорхойлно гэж Газрын тухай хуульд заасан байгаа.Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн болон гэрээний дагуу газрын төлбөр төлнө гэсэн байдаг.Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлд Газар эзэмших гэрээ, түүнийг батлуулах журам тухай зохицуулсан байдаг. 34.6.5-т газрын төлбөр төлөх хугацаа гэж байдаг. Иймд газрын төлбөр төлөх хугацаа нь гэрээний үүдэнд үүсдэг юм байна. Гэрээ байгуулагдаагүй учир төлбөрийн хэмжээ ямар байх нь тодорхойлогдох боломжгүй. Хэзээ яаж төлөх нь ойлгомжгүй. Газрын эрхийн гэрчилгээ эзэмшигчийг үүрэгжүүлж байгаа зохицуулалтууд гэрээ байгуулагдаагүй байхад яригдах боломжгүй. Товчхондоо

Иймд энэ 2 Газрын тухай хуулийн зохицуулалтын хүрээнд газар ашиглагчийн хувьд энэ үндэслэлүүд байгаа эсэх талаар шүүхийн зүгээс шалгах ёстой байх гэж бодож байна. Нэхэмжлэгчийн хувьд газрыг ашиглахтай холбоотой тодорхой үйл ажиллагаануудыг хийж байжээ. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах гэж заажээ. Өнөөдөр нэг талаас яам, нөгөө талаас хуулийн этгээд байгаа. Энэ харьцаа тэнцвэртэй тэгш байх ёстой. Газар ашиглагч үүргээ биелүүлээгүй байна гээд цуцалж байгаа нь шударга биш байна. Хуулиар ч тэр талуудын эрх үүргийг тэгш байна гээд тодорхойлоод өгсөн байна. Энэ ерөнхий зарчмын хүрээнд хариуцагч ажлаа хийгээгүй юм байна. Гэрчилгээ гаргаагүй байхад газраа танайх 2 жил дараалж ашиглах ёстой байсан гэх шаардлага тавиад байгаа нь хэр зохистой юм бэ? Хар үгээр хэлэхэд мөлхөж сураагүй байгаа хүүхдийг алх гэж шаардаад байгаатай адилхан байна. Алхаж чадсангүй гээд газрын эрхийг нь цуцалсан байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн А/263 дугаар тушаалаар нэхэмжлэгчид 5 жилийн хугацаатай аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгосон. Ингээд Байгаль орчин аялал жуулчлалын яам нь 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр А/79 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож цуцалсан байдаг. Нэхэмжлэгч талаас бид нар төлбөрөө төлөх боломжгүй байсан. Гэрчилгээ авагдаагүй учир гэдэг. Гэрчилгээ авахад захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болоод гэрчилгээ олгогдоогүй юм уу гээд үзэхээр тус 3.5 жилийн хугацаанд 1 м.кв-д 500 төгрөг төлөх үүргээ огт хүлээгээгүй. Ийм байж захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болоод авч чадахгүй байсан гэх тайлбар гаргаад байх юм. Яагаад тухайн үед гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй юм бэ? Энэ нь захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болоод гэрчилгээ аваагүй гэдэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдоогүй.

Гэрчийн мэдүүлгээр төлөөлөх этгээд эсэх нь ямар ч баримтаар тогтоогдоогүй. Би хөөцөлдөж байсан гэдэг л зүйл ярьж байна. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.11-т дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас шийдвэр гаргаж зөвшөөрөл олгоход нийслэлд м2 тутамд 500 төгрөг, аймагт м2тутамд 100 төгрөг гэж заасан байдаг. Үүнтэй холбогдуулаад төлөх боломжгүй байсан бол 14 хоногийн дотор гомдол гаргах боломж байсан. Ямар нэгэн бичгээр гаргасан үйл баримт юу ч байдаггүй.

Мөн 2018 онд манай зүгээс нэхэмжлэгчид тэмдэгтийн хураамжаа төлнө үү. Хэрэв хуулийн дагуу төлөхгүй бол цуцлах арга хэмжээний талаар дурдсан албан бичиг нэхэмжлэгчид хүргүүлсэн ба үүнийг хүлээн авсан байна. Гэтэл энэ хугацаанаас хойш тэмдэгтийн хураамжийг төлөөгүй бас ийм учир манайх төлөх боломжгүй байна гэж тайлбар яаманд ирүүлээгүй. Ийм учир өөрсдийн буруугаас болж газраа ашиглаагүй, төлбөрөө төлөөгүй үйл баримт тогтоогдсон учир газар ашиглах эрхийг цуцалсан байдаг гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчид Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/263 дугаар тушаалаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг Төрхурахын аманд 2 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэж, улмаар мөн сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалаар Газрын тухайн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс эрхийн гэрчилгээ авахаар удаа дараа хандсан боловч олгоогүй, гэрчилгээ эзэмшигч биш тул дээрх хуулийн заалтад хамаарахгүй, гэрээ байгуулаагүй учир төлбөрийн хэмжээ, хугацааг тодорхойлох боломжгүй байсан гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2018 онд тэмдэгтийн хураамжаа төлж, гэрчилгээ авахыг мэдэгдсэн, зориулалтын дагуу ашиглаагүй, төлбөр төлөөгүй гэж тус тус маргажээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 10/1759 тоот албан бичгээр газар ашиглах эрх авсан ч гэрчилгээгээ аваагүй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.11-д заасны дагуу 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөр дуусгавар болгож тэмдэгтийн хураамжаа төлж, газар ашиглах гэрчилгээгээ яамны нэг цэгийн үйлчилгээнээс авахыг мэдэгджээ.

Уг албан бичгийн хариуд нэхэмжлэгчээс 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 1/18 тоот албан бичгийг хүргүүлж, уг албан бичигт ....үйл ажиллагааг тус яамнаас дэмжин газрын гэрчилгээ олгогдсон уг газрын төлбөрийг шийдвэрлэхээ үүгээр мэдэгдэж байна. Та бүхэн илгээсэн албан бичигт холбогдох уг ажлыг шийдвэрлэх хугацаа гаргаж өгөхийг хүсье гэжээ.

Дээрхээс дүгнэвэл хариуцагчаас газар ашиглах эрхийн гэрчилгээ авахыг нэхэмжлэгчид хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдэгдсэн бөгөөд нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2-т газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Байгаль орчны сайдын 2001 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 218 дугаар тушаалаар баталсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын 3.4-д зааснаар гэрчилгээ олгосон өдрөөс газар ашиглагч болно гэж тайлбарлаж байгаа хэдий ч тус шүүхээс нэхэмжлэгчийг газар ашиглах гэрээ байгуулах, эрхийн гэрчилгээ авах, төлбөр төлөх талаар хандаж байсан эсэхийг тодруулахад Богд-Хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1062 тоот албан бичиг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цээнийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тайлбарын хамт ирүүлсэн баримт зэрэгт холбогдох баримтыг ирүүлээгүй, харин Нийслэлийн Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 13/2737 тоот албан бичгээр төлбөр төлсөн буюу тооцоо нийлсэн акт байхгүй гэжээ.

Нэхэмжлэгч нь газар ашиглах эрх үүссэн цагаас маргаан бүхий захиргааны акт гарах хүртэл 3 жил 5 сар орчим хугацаанд газрын төлбөрийг огт төлөөгүй, гэрээ байгуулах талаар эрх бүхий байгууллагуудад хандаж байгаагүй байна.

Хэдийгээр гэрч гэрчилгээ авахаар удаа дараа хандсан гэж мэдүүлж байгаа боловч энэ нь бусад баримтаар нотлогдохгүй, эрх бүхий байгууллага албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол, хүсэлт гаргаж байсан гэх баримт бүртгэгдээгүй байх тул хариуцагчаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д тус тус заасан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д ХХК-ийн нэхэмжлэлтэй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 79 дүгээр тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.МӨНХ-ЭРДЭНЭ