Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/997

 

 

 

 

 

 

   2024        09          17                                    2024/ШЦТ/997

 

 

                                     

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ

          Улсын яллагч Г.Хурмандах

          Шүүгдэгч ********* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******** овогт ************ холбогдох эрүүгийн 2406 00000 0184дүгээр 1 хавтаст хэргийг 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 197* оны 5 дугаар сарын 19-ний өдөр ************ төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо ********* тоотод оршин суух бүртгэлтэй боловч оршин суудаггүй, ************* орчимд тэнэмэл байдалтай гэх, урьд

Сонгинохайрхан *********** дүүргийн шүүхийн 1994 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 170 дугаар Таслан шийдвэр тогтоолоор “... бусдыг бүлэглэн хүчирхийлсэн” гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 112.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан ялыг биелүүлэх таслан шийдвэрлэх тогтоолыг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1995 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 450 дугаар Таслан шийдвэр тогтоолоор “... бусдыг бүлэглэн орон байранд хууль бусаар нэвтрэн орж иргэдийн их хэмжээний эд зүйл болон одон медаль хулгайлан авсан” гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.4, 233.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 1998 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 276 дугаар захирамжаар 02 жил 0 сар 25 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1999 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 86 дугаар Таслан шийдвэрлэх тогтоолоор “... зах дээр эд зүйл хулгайлсан” гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1995 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 450 дугаар Таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 1 сар 27 хоногийн ялын зарим болон 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 6 сарын хугацаагаар тогтоосон, 2000 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 394 дүгээр шийтгэх тогтоолоор “... ганцаараа болон бүлэглэж 7 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан” гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ял дээр 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг эд хөрөнгийг хураахгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар тогтоосон байна, 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолоор “... бусдын эд зүйлийг хууль бусаар авсан” гэх хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн, 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 664 дүгээр шийтгэх тогтоолоор “...машины онгорхой цонхоор бусдын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан.” гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлсэн,

********* овогт *********/РД:******** /.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч ******** нь 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 13 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ********* нэртэй хоолны газарт тухайн газар ажилладаг иргэн ********* эзэмшлийн 846.000 төгрөгийн үнэлгээ бүхий Редми 13 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-3 дугаар тал/, хохирогч ******** мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр тал/, ******** ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №БЗ1-24-157 дугаар дүгнэлт /хх-ийн 15-18 дугаар тал/, шүүгдэгч ******** эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 21 дүгээр тал/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 70-72 дугаар тал/ зэргийг шинжлэн судлав.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 13 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******** нэртэй хоолны газарт тухайн газар ажилладаг иргэн ********эзэмшлийн 846.000 төгрөгийн үнэлгээ бүхий Редми 13 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна. Дээр дурьдсан үйл баримт дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-3 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ******** өгсөн: “... Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд байрлах ******* нэртэй ресторанд ажилладаг, 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр би ажил дээрээ касс нь дээрээ утсаа орхисон байсан. Тэгээд би захиалгын хоол хүргэж өгчхөөд эргээд касс нь дээрээ ирэхэд миний утас байхгүй болчихсон байсан. Би гайхаад утас руугаа залгатал миний утас холбогдох боломжгүй болсон байсан, хяналтын камерын бичлэгийг шүүж үзтэл саарал, урт  куртиктэй, том биетэй, 175 см орчим өндөртэй, тарган, хар өнгийн үүргэвч үүрсэн хүн касс нь дээр байсан. Миний гар утсыг аваад гарч байгаа нь бичигдсэн байсан. Би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. 2023 оны 10 дугаар сард “Теди” төвөөс 1.100.000 төгрөгөөр авч байсан, редми 13 про загварын гар утас байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр тал/,

****** ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №БЗ1-24-157 дугаар: “Шинжилгээний обьектын 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 846.000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэх дүгнэлт /хх-ийн 15-18 дугаар тал/,

Шүүгдэгч ******** эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 21 дүгээр тал/, к

Камерын бичлэгт үзлэг хийсэн: “... эхний бичлэгийг уншуулахад хар малгай, хар маск, саарал өнгийн урт куртик, хар өмд, хар гутал, хар өнгийн үүргэвчтэй цүнх үүрсэн хүн орж ирэх бөгөөд бичлэг дээр бичигдсэн 3 ширээний хамгийн эхний ширээ нь дээр цүнхээ тавиад касс хэсэг рүү алхаж очоод касс нь дээр хоёр гараараа тавиад касс руу харж байгаад баруун булангаас зүүн гараараа ямар нэгэн эд зүйл авч халаасандаа хийж байгаа дүрс бичлэг бичигдсэн байв. 2 дахь бичлэгээр 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 13 цаг 21 минутад касс харагдах бөгөөд тухайн касс дээр хар малгайтай цамц өмссөн эмэгтэй хүн сууж байгаад босоод явахад гаднаас хар малгай, саарал өнгийн урт куртиктэй эрэгтэй хүн орж ирж цүнхээ үлдээж касс нь дээр ирж зогсож байгаад цаад булангаас зүүн гараараа биед эд зүйл авч халаасандаа хийж байгаа дүрс бичигдсэн байв.” Гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 70-72 дугаар тал/ зэрэг бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

Улсын яллагч “*******нь 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 13 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******* нэртэй хоолны газарт тухайн газар ажилладаг иргэн ********** эзэмшлийн 846.000 төгрөгийн үнэлгээ бүхий Редми 13 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйчлэлийн талаар маргаагүй болно.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө..”  гэж тус тус заасны дагуу шүүгдэгч ******* нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ********* нь 846.000 /”*******” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан хх-ийн 15-18дугаар тал/ төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд үүнийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэлээ.

Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх юм.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан байдлаар шүүгдэгч ********* гэм буруутай үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул  түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчийн зүгээс: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлт,

 Шүүгдэгчийн зүгээс: “... Хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэх саналыг тус тус гаргасан болно.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 91 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 116 дугаар тал/, эрүүл мэндийн даатгал төлөлтийн талаарх лавлагаа /хх-ийн 118-120 дугаар тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 121 дүгээр тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 124 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүхээс шүүгдэгч ********* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын тайлбар, мэдүүлэг зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй байна.

Улсын яллагчийн зүгээс “хорих ял оногдуулж өгнө үү” гэх саналыг гаргасныг шүүхээс хүлээн авах боломжгүй байна.

Учир нь эмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

Өөрөөр хэлбэл шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулж болох хэдий ч шүүгдэгч ********* нь зам тээврийн ослын улмаас хөдөлмөрийн чадвар алдсан, эмчийн хяналтад байж, асаргаа сувилгаа зайлшгүй хийлгэх шаардлагатай, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд ял шийтгэл тохирсон байх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ********* овогт ******** “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 05 /тав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

   3. Шүүгдэгч ******* оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “өөрийн оршин суух газраас явахыг хориглох, ... эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг” буюу Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, тухайн оршин суух газраа өөрчлөх, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг хүлээлгэхээр тогтоож, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ********* 846.000 төгрөгийг гаргуулж ******* овогт *********** /РД:*********/ -д олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ****** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                        

     

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС