Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/410

 

 

 

 

   2024         05          20                                   2024/ШЦТ/410

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн, 

улсын яллагч О.Нандинцэцэг /томилолтоор/,

  шүүгдэгч Н.Б, Ц.Б, тэдгээрийн өмгөөлөгч Т.Даваажав  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Н.Б, Бумба овогт Ц.Б нарт холбогдох эрүүгийн 2211 00331 0466 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. ................ овогт Н.Б, регистрийн дугаар ...........................,

Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ...................................... оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

2. ...................... овогт Ц.Б, регистрийн дугаар .......................,

Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Дундговь аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эгч, дүүгийн хамт ................................... суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар;

Шүүгдэгч Ц.Б, Н.Б нар нь бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Venice” караокед хохирогч Ж.Г цохиж унагаан, нүүр болон цээжин тус газарт нь цохиж зодон биед нь зүүн дээд үүдэн нэг, баруун дээд үүдэн нэг, хоёр, соёо болон нэгдүгээр бага араа шүдний булгарал, хамар яс, баруун 7-р хавирганы хоёрлосон далд хугарал, зүүн дээд зовхи, зүүн чамархайн хуйх, шанаа, дээд уруулын дотор салст, эрүүнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

   Шүүгдэгч Ц.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй ...” гэв.

Эцсийн үгэндээ:

Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгч Н.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй ...” гэв.

Эцсийн үгэндээ:

Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Ж.Гын “...би 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр өөрийн төрсөн өдрийг найзууд Золбоо, Бат-Эрдэнэ, Эрдэнэбат, Цолмон, Отгондалай, Цогбадрах, Мөнхзул, Номин нарын хамт Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд тэмдэглэсэн. Тэгээд өрөөндөө 23 цаг өнгөрөөд Золбоо тамхи татахаар ганцаараа гарсан тэгээд буцаж орж ирээд зодуулчихаад ороод ирсэн тэгтэл араас 3-4 эрэгтэй хүн орж ирээд Золбоо, Бат-Эрдэнэ, Эрдэнэбат нар луу дайраад караокены коридорт зодолдоод эхэлсэн. Би коридор руу гараад голоор нь орж салгах гэтэл миний ар талаас нүүрний баруун хацар хэсэг рүү хүн цохисон тэгээд би ухаан алдаж унасан тэгээд босоод иртэл дахиад цохиж унагаагаад миний нүүр болон цээж рүү дэвсэж байсан тухайн үеийг би сайн санахгүй байгаа юм. Намайг эхлээд цохисон хүн бараан өнгийн куртиктай байсан өөр сайн санаж байгаа зүйл байхгүй байна ... ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дугаар тал/,

Гэрч Б.М “...2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр манай найз Н.Бийн эхнэр Дэлгэрмаагийн төрсөн өдөр болж Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо Venice нэртэй караокед очиж 2 давхарын нэг өрөөнд найзууд болох Н.Б түүний эхнэр Дэлгэрмаа, Энхтүвшин, Мөнх-Эрдэнэ, Хоролсүрэн, Цэрэндулам, Намуунзул, Гантуяа, Азжаргал бид нар ирцгээн бид нар 0,75 литр хэмжээтэй виски, 0,75 литр хэмжээтэй Эдэн нэртэй архи 2 шилийг, 0,5 литр хэмжээтэй 30 гаруй шилтэй пиво зэргийг хуваан ууцгаан дуулцгаан суусан. Ингээд 22 цагийн үед машин барих танил дүү нар болох Базар-Эрдэнэ мөн адилхан нэртэй Базар-Эрдэнэ нар ирцгээсэн ба 23 цаг өнгөрөөгөөд караоке хаах болсон ба Н.Б эхнэрийнхээ хамт түрүүлээд гарсан ба удалгүй араас нь бид нар 10 орчим минутын дараа хувцсаа солиод гарсан чинь үүдэнд манай найз Н.Бийг дөрвөн залуу барьчихсан нийлээд зодож байх шиг харагдсан тэгээд миний бие болон Азжаргал, Энхтүвшин, Базар-Эрдэнэ бид нар очоод салцгаан тэнд бужигнасан зодоон болсон. Хэн хэнийгээ зодож байгаа нь харагдаагүй тэгсэн чинь тэр дунд нэг цайвар цэнхэр өнгийн цамцтай, цэнхэр жинсэн өмдтэй, хар гуталтай согтуу залуу явж байсан чинь Ц.Б тэр залуугийн нүүр рүү нь гараараа цохиод унагаасан ба газар уначихаад байхад нь Н.Б дээрээс нь толгой руу нь 2 удаа өшиглөсөн ба бид нар салгаад явцгаасан байдаг. Тэр залуу ямар нэгэн гэмтэл шархгүй зүгээр явж байсан ба Н.Б, Ц.Б хоёр нийлээд зодчихсон юм. Яг хаашаа нь яаж зодож цохисон болохыг нарийн сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ Ц.Б нүүр рүү нь гараараа цохиж газар унагаан дээрээс нь Н.Б толгой руу нь хөлөөрөө өшиглөж дэвсэлсэн байдаг ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дугаар тал/,

Шүүх Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны  02 дугаар сарын 08-ны өдрийн 2428 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Ж.Гын биед зүүн дээд үүдэн нэг, баруун дээд үүдэн нэг, хоёр, соёо болон нэгдүгээр бага араа шүдний булгарал, хамар ясны баруун 7-р хавирганы хоёрлосон далд хугарал, зүүн дээд зовхи, зүүн чамархайн хуйх, шанаа, дээд уруулын дотор салст, эрүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих механизмаар үүснэ. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг үлэмж хэмжээгээр алдагдуулах тул 2.3.2-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоох хүснэгтийн 11.52.3-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 15% алдагдуулна. Дээрх гэмтэл нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ /хавтаст хэргийн 57-59 дүгээр тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 61-66 дугаар тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 13 дугаар тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 14-17 дугаар тал/,

Шүүгдэгч Ц.Бийн “...би тэр өдөр 2022 оны 01 дүгээр сарын 29-нөөс 30-ныг шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Venice” караокед найзынхаа төрсөн өдрийг нь тэмдэглээд бид нар сууж байсан тэгээд бид нар гадагшаа гарах гэтэл бусад хүмүүстэй хэрүүл маргаан үүсгэсэн байсан. Тэгээд болохоор тэр хохирогч гээд байгаа залуу болох Ж.Г гэгчийг хамгийн түрүүнд нь очоод гараараа нүүрэн тус газарт нь гараараа цохиж аваад тэгээд бас дараагаар нь хөлөөрөө биеийнх нь бүхий л хэсэгт нь өшиглөж зодож байсан. Миний хажуунаас манай нөгөө Нанзаддорж овогтой Бямбадорж нь бас түүнийг надтай адилхан гараараа цохиж хөлөөрөө өшиглөж байсан. Тэгээд бид хоёр нийлж хохирогч Ж.Г гэгчийг зодож биед нь хүндэвтэр гэмтэл шарх учруулсан байна лээ. Ингээд би Ж.Гд хүндэвтэр гэмтэл шарх учруулсан буруугаа хүлээн зөвшөөрч байна шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлтийг нь уншиж танилцсан юм, дүгнэлтийг нь мөн хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 125 дугаар тал/,

Шүүгдэгч Н.Бийн “ ...2022 оны 01 дүгээр сарын 29-нөөс 30-ныг шилжих шөнө байсан тэгээд бид нар Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Venice гэдэг нэртэй караокед орж байсан. Нилээн олуулаа байж байсан тэгээд шөнийн 23:00 цагийн үед гарах болсон эхнэр бид хоёр текэн дээр тооцоо хийж байсан чинь манай эхнэрийн хажууд нэг согтуу нөхөр сандал дээр сууж байгаад манай эхнэрийн куртикнийх нь булан дээр нь суучихсан байсан тэгээд тэрнээс болоод хэрүүл маргаан үүссэн байсан тул би тэр залууг нь очоод нэг удаа алгадаж авсан тэгээд нөгөө залуу цаашаа яваад найзуудыгаа дагуулаад гараад ирсэн тэгэж байтал манай найзууд бас гарч ирээд тааралдаад бөөн хэрүүл маргаан болоод зодолдож байсан юм, тэгээд тэр үед хохирогч Ж.Г нь согтуугаар бид нартай хэрүүл маргаан болж байхаар нь нөгөө Ц.Б нь эхлээд түүнийг гараараа нүүрэн тус газарт нь цохиж унагааж байсан юм, бид хоёр нийлж байгаад Ж.Г гэгчийг хоёр талаас нь ээлжлээд биеийнх нь бүхий л хэсэгт нь хөлөөрөө өшиглөж байсан. Тэгээд тэр залуу ухаан алдаад уначихсан байхад нь нөгөө найзууд нь өргөөд өрөөндөө оруулж байсан, ингээд би өөрөө бусадтай нийлж байгаад бусдын биед халдаж хүндэвтэр гэмтэл учруулсан буруугаа хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 145 дугаар тал/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 126, 146 дугаар тал/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 69,70 дугаар тал/, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 127, 147 дугаар тал/,  нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 128-129 дүгээр тал/ зэргийг тус тус шинжлэн судаллаа.

          Гэм буруугийн талаарх дүгнэлт:                                      

  Шүүгдэгч Ц.Б, Н.Б нар нь бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Venice” караокед хохирогч Ж.Г цохиж унагаан, нүүр болон цээжин тус газарт нь цохиж зодон биед нь зүүн дээд үүдэн нэг, баруун дээд үүдэн нэг, хоёр, соёо болон нэгдүгээр бага араа шүдний булгарал, хамар яс, баруун 7-р хавирганы хоёрлосон далд хугарал, зүүн дээд зовхи, зүүн чамархайн хуйх, шанаа, дээд уруулын дотор салст, эрүүнд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан бүлэглэж хүндрүүлэх нөхцөл байдалтай тус тус үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Ж.Гын мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дугаар тал/, гэрч Б.М мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дугаар тал/, Шүүх Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2428 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 57-59 дугаар тал/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 61-66 дугаар тал/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 13 дугаар тал/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 14-17 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд болон шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд зэргээр нотлогдон тогтоогдож байна.     

Хохирогч Ж.Гд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос ирцийн талаар тусгайлан санал гаргаагүй тул шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Н.Б, Ц.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу бүлэглэж үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Н.Б, Ц.Б нар нь хохирогчийн биед зүүн дээд үүдэн нэг, баруун дээд үүдэн нэг, хоёр, соёо болон нэгдүгээр бага араа шүдний булгарал, хамар ясны баруун 7-р хавирганы хоёрлосон далд хугарал, зүүн дээд зовхи, зүүн чамархайн хуйх, шанаа, дээд уруулын дотор салст, эрүүнд цус хуралт бүхий гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь тогтоогдож байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас: “...шүүгдэгч Ц.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 5000 нэгж буюу 5.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч Н.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 5000 нэгж буюу 5.000.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй ...” гэсэн санал, дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгч нар нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар тус тус маргаагүй бөгөөд тэдгээрийн өмгөөлөгчөөс “...Тухайн үед буюу хэрэг гарах үеийн нөхцөл байдал хүнд байсан. Ц.Бийн хувьд халамцуу байсан учир яг хүн цохьсон гэдгээ ч анзаараагүй. Гэхдээ гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Улсын яллагчийн ялын саналын тухайд миний 2 үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа, Н.Б нь багаасаа өнчин өссөн, өөрөө өөрийгөө өдийг хүртэл авч явж ирсэн, амьдралын хатуу бүхний үзсэн хүүхэд байгаа юм. Одоо өвчтэй эгчийгээ тэжээдэг. Ц.Бийн хувьд өндөр настай ээжтэйгээ амьдардаг. Одоо гэр бүлтэй болж байгаа. Энэ бүгдийг харгалзан үзэж торгуулийн ялыг багасгаж өгнө үү ...” гэсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

Шүүх шүүгдэгч Н.Б, Ц.Б нарт эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэхдээ тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нарын хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа зөвшөөрсөн, хохирол төлсөн/ зэрэг нөхцөл байдлуудыг тус тус харгалзан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Бийг 3.000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ц.Бийг 3.000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, Ц.Б нарт тус бүр оногдуулсан 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тус тус даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, Ц.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд тус тус биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг тус тус сануулж шийдвэрлэлээ.

 

Бусад асуудлын талаар:

Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг баримтаар гаргаж шүүгдэгч нараас нэхэмжлээгүй хэдий ч шүүгдэгч нар нь хохирогчийн  өмгөөлөгчид хохирлын 1.500.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шинээр гаргаж өгсөн нотлох баримт болох хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт, өмгөөлөгчийн хүсэлт зэргээр нотлогдож байна.

Хохирогч Ж.Г нь эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Н.Б, Бумба овогт Ц.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Бийг 3.000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ц.Бийг 3.000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, Ц.Б нарт тус бүр оногдуулсан 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тус тус даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, Ц.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд тус тус биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг тус тус сануулсугай.

5. Хохирогч Ж.Г нь эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Б, Ц.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.РЕНЧЕНХОРОЛ