Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 102/шш2021/02697

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

........... шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ..... дүүрэг, 1 дүгээр хороо, ...дугаар байр хаягт оршин байх, Б.Ө сууц өмчлөгчдийн холбоо /дугаар 000/-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ..... дүүрэг, 1 дүгээр хороо, ...дугаар байр, 2 дугаар давхар хаягт оршин байх, С.м ХХК /РД: ........../-д холбогдох,

 

Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 1,790,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Д, хариуцагчийн төлөөлөгч Э.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ө сууц өмчлөгчийн холбооны шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Дгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Энэ хүний ярьж байгаа зүйл дундын өмчлөлийн зүйл биш. Зөвхөн энэ 3 аж ахуйн нэгжийн өөрсдийнх нь хувийн өмчлөлийн шал, хаалга юм, үүнийгээ өөрсдөө цэвэрлэх ёстой. Манайх бүрэн бүтэн үйл ажиллагаа хийгээд .. жил яваад ирсэн. Энэ хүний ярьж байгаа нь хувийн асуудлаа ярьж байна. Эднийхээс мөнгө авахгүйгээр бүх айлаас авахгүйгээр сууц өмчлөгчдийн шимтгэлээр төлүүлдэг юм. Цонх цантах эд нар дундын өмчлөлд ордоггүй юм. Дотор цэвэрлэгээ өөрсдөө хийх ёстой. Гадна талын шат нь бүгд хувийн өмч. Энэ 3 өөрсдөө бие биетэйгээ муудалцаад суудаг юм билээ. Хорооноос хүртэл цэвэрлэгээ хий гэж шаарддаг. Тухайн байгууллага өөрсдөө хариуцна. Бид хийх эрх байхгүй. Хариуцагч С.м ХХК нь сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 2015 оны 9, .., 11, 12 дугаар сарын төлбөр 72,400 төгрөг, 2016 оны 1-12 дугаар сарын төлбөрт 257,200 төгрөг, 2017 оны 1-12 дугаар сарын төлбөрт 337,200 төгрөг, 2018 оны 1-12 дугаар сарын төлбөрт 337,200 төгрөг, 2019 оны 1-12 дугаар сарын төлбөрт 337,200 төгрөг, 2020 оны 1-12 дугаар сарын төлбөрт 337,200 төгрөг, 2021 оны 1, 2, 3, 4 дүгээр сарын төлбөрт 112,400 төгрөг, нийт 1,79,800 төгрөгийг төлөөгүй тул гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч С.м ХХК-ийн төлөөлөгч Ч.Дгийн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Сууц өмчлөгчийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15.1-т зааснаар орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны орон нэгдүгээр давхрын үйлчилгээ, сууц хоорондын талбай, тагт, сууцын дотор дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж орцын цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт, халуун ус хүйтэн усны шугам сүлжээ, цахилгаан оролтын самбар, холбооны шугам зэрэг бүх зүйл сууц өмчлөгчдийн холбооны үйлчилгээний обьектод ордог юм байна. Гэтэл нэхэмжлэгч тал би дээврээ янзалсан бусдыг нь хийхгүй гэж ярьж байна. Бусдыг нь хэн хийх ёстой юм бэ, энэ мөнгө юунд зориулагддаг юм бэ? Мөн хуулийн 12.4.3-т холбоо энэ мөнгийг үйл ажиллагаандаа хэрэглэхийг бүх гишүүдийн хурлаар шийдүүлээд хууль тогтоомжийн бусад акт, дүрмээр олгосон эрх хэмжээний хүрээнд зөвхөн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт хамгаалалт засвар үйлчилгээ нийтлэг зардалд зориулан захиран зарцуулах ёстой гэж заасан. Гэтэл бид мөнгөө төлөх гэхээр 3 байгууллагын 1-ээс нь мөнгө аваад 2-оос нь авдаггүй, нөгөө 2 нь өгдөггүй. Зөвхөн манайхаас нэхдэг. Манай цонх, шугам сүлжээ, гал тогоонд ус гоождоггүй. Ковидын нөхцөл байдлын халдвар хамгаалалыг яриад бүр хэрэггүй. Бид өөрсдөө цэвэрлэдэг. Гадаа гараад шатаа бүгдийн цэвэрлэдэг. Одоогоор ганц ширхэг чийдэн ч байхгүй. Энэ олон жил хийдэггүй, урд байгууллагаас юу ч авч байгаагүй, бид хувийн байгууллага учраас төлөх үүрэг хүлээдэг юм билээ. Гэхдээ бид энэ байрыг худалдаж авч нэрээ шилжүүлж байхдаа асуухад ямар нэгэн төлбөр юу ч байгаагүй. Төлдөггүй учраас 30,000 төгрөг гаргаад орцоо цэвэрлүүлдэг юм гэж хэлж байсан. Төлөх ёсгүй байж байтал энэ хүн орж ирээд, 6 сараас төлбөр нэхэж эхэлсэн. Бид тог цахилгаанаа цаг тухайд нь төлөөд явдаг. Эхлээд танайх ямар байгууллага юм гээд эелдэг ярьж асууж байснаа одоо танайхыг мэдсэн, танайхаас мөнгөө нэхэмжилж авна гэснээ 2015 оноос хойшхи төлбөрийг нэхэмжилсэн. Та өмнөх өмчлөгчөөс нь авч байхгүй яасан юм гэхэд та нарыг ямар газар байсныг мэддэггүй болохоор нэхдэггүй байсан юм. Хуулиар болохоор сууц өмчлөгчдийн холбоо энэ байшин дотор байгаа бүх хүн, байгууллагыг бүртгээд мэдэж байх ёстой. Тэгэхэд өөрсдөө мэддэггүй байж байгаад, одоо бид нарыг шинэ байгууллага орсон нэхнэ гэж байгаа юм. Үнэхээр бусад 2 байгууллагаас авдаг бол бидэнд баримтаа үзүүлэх хэрэгтэй. Энэ байранд хийх юм зөндөө байгаа. Энэ орцоор дүүрэн шээж, баагаад байж байдаг. Бид тэрийг цэвэрлэж байдаг. Дээврээс ус гоожиж, бүүр хулганатай, бид нар үйл ажиллагаа явуулдаггүй байсан. Хулгана байгаад байхаар нь өөрсдөө ариутгаад, тэндээ шилжиж суурьшсан байсан. Ковидоос болоод наашаа манай компани нүүгээд ирсэн. Манай хэвлэлийн үйл ажиллагаа явуулдаг, гэхдээ гаднаас захиалга авдаггүй, зөвхөн ганц нэг үндсэн үйл ажиллагаанд байдаг самбарын хулдаасан хэвлэлийг хийдэг ба 2 хүн л ажилладаг. Хүн явуулаад очоод үзсэн ч болно. ..... дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, .. дугаар байр, 2/ф-1 тоот орон сууц бол Э.Б миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө юм гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Ө сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч С.м ХХК-д холбогдуулан сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 1,790,800 төгрөг гаргуулах гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн агуулга бүхий хариу тайлбарыг шүүхэд гаргасан бөгөөд татгалзлын үндэслэлээ ... тус холбоо нь цэвэрлэгээ үйлчилгээ хийдэггүй, орцны гэрэлгүй, дээврээс ус гоождог, бид нар өөрсдөө цэвэрлэдэг, орцонд гадны хүмүүс шээж, баадаг. ..... дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, .. дугаар байр, 2/ф-1 тоот орон сууц бол Э.Б миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө юм гэж тайлбарлажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4.-т зааснаар орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна. гэж, Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.-д орон сууц гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг хэлнэ гэж тус тус заасан байх ба дээрх заалтуудаас үзэхэд орон сууцны зориулалттай байшингийн сууц өмчлөгч нь заавал сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байхаар зохицуулжээ.

 

Гэтэл ..... дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, .. дугаар байр, 2/ф-1 тоот орон сууцны өмчлөгч нь Э.Б болох нь хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар, Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягтаар тогтоогдож байх бөгөөд маягтаас үзэхэд дээрх орон сууц нь 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр худалдах-худалдан авах гэрээгээр Э.Булган-Эрдэнийн өмчлөлд шилжжээ. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар гишүүн нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй ба мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд оролцох үүрэгтэй гэж хуульчилжээ.

 

Хариуцагч С.м ХХК нь дээрх орон сууцны өмчлөгч биш, Б.Ө сууц өмчлөгчдийн холбооны гишүүн биш бөгөөд сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 1,790,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Ө сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийн шаардлагыг хариуцвал зохих этгээд биш тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан хариуцагч С.м ХХК-аас сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 1,790,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Ө сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 43,603 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР