| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2021/00607/И |
| Дугаар | 102/шш2021/01205 |
| Огноо | 2021-05-13 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 102/шш2021/01205
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:.. нэхэмжлэлтэй,
Хариуцагч... холбогдох,
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай гомдлыг 2021 оны 2 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, 2021 оны 2 дугаар сарын 15-ны өдөр үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... шинжээч ... шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн ... дугаар шүүгчийн захирамжаар ...гээс 110 000 000 төгрөг гаргуулж ... ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийн гүйцэтгэлийн ажиллагааг явуулж байгаа билээ.Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрт хураагдсан ... тоот хаягт байрлах Эрхийн улсын бүртгэлийн... дугаарт бүртгэлтэй, 86 м.кв талбайтай, хувийн орон сууцыг Хөрөнгийн үнэлгээний... ХХК-аар 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр тус орон сууцыг 119 107 400 төгрөгөөр үнэлсэн болохыг мэдлээ.Уг үнэлгээг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.Ямар газраар үнэлгээ хийлгэж байгаа тухай мэдэгдээгүй, үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, 1м.кв-ыг 922.31 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд Баянгол дүүрэг 10 дугаар хороололд байрлах 1 дүгээр бүсэд байршилтай, халуун хүйтэн, цэвэр бохир ус халаалт цахилгааны хувьд төвийн системд холбогдсон барилга юм гэж үнэлгээний байгууллага нь дүгнэлтийн 3.2-т үнэлгээний зүйлийн талаарх тодорхойлолт гэсэн хэсэгт тодорхойлсон атлаа м.кв-ын үнийг тодорхойлохдоо ямар аргачлалаар зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн болох нь ойлгомжгүй байна.Мөн үнэлгээ хийхэд ямар хууль тогтоомжийг удирдлага болгосон, дүгнэлттэй уншиж танилцахад догол мөрнөөс гэж бичиж тэмдэглэсэн нь ямар номоос ишлэл татсан нь тодорхойгүй зэрэг ойлгомжгүй байна.Хөрөнгийн үнэлгээний тайланд үнэлгээ хийсэн аргачлал болон хөрөнгийн хандлагыг тооцохдоо ямар аргачлалаар тооцооллыг гаргасан нь ойлгомжгүй байна.Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Хөрөнгийн үнэлгээний... ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан ... тоот хаягт байрлах 86.0 м.кв талбайтай хувийн сууцыг үнэлсэн 119 107 400 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгож хөрөнгийн үнэлгээг дахин хийлгэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч... шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн... дугаар шүүгчийн захирамжийн дагуу ...гээс 110 000 000 төгрөгийг гаргуулж ...-д олгохоор шийдвэрлэсэн байдаг.Үүний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажиллагаа явуулж байгаа бөгөөд уг ажиллагааны дагуу ...тоот хаягт байрлах... улсын бүртгэлийн дугаартай, 86 м.кв талбай бүхий хувийн орон сууцыг хөрөнгийн үнэлгээний... ХХК-аар 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр үнэлгээ хийлгэж, тус компани 119 107 400 төгрөгөөр тус байрыг үнэлсэн ба уг үнэлгээг хүлээн хүлээн зөвшөөрөхгүй байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь үнэлгээг ямар байгууллагаар хийлгэх тухай ...д мэдэгдээгүй, үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, 1 м.кв-г 922 031 төгрөгөөр үнэлсэн байна.Баянгол дүүргийн 10 дугаар хороололд байрлах орон сууц нь 1 дүгээр бүсэд байршилтай, халуун хүйтэн устай, цэвэр бохир, халаалтын хувьд төвийн системд шилжсэн барилга боловч үнэлгээний байгууллага нь үнэлгээний 3.2-т 1 м.кв-ын үнийг тодорхойлохдоо ямар аргачлалаар зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн нь ойлгомжгүй, мөн үнэлгээг хийхдээ ямар хууль тогтоомжийг удирдлага болгосон нь тодорхойгүй.Дүгнэлтэй танилцахад догол мөрнөөс гэж бичиж тэмдэглэсэн нь ямар эх сурвалжаас иш татсан болох нь тодорхойгүй, ямар аргачлалаар тооцооллыг гаргасан нь ойлгомжгүй байна.Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хөрөнгө үнэлгээний... ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг ...тоот 86 м.кв талбай бүхий хувийн орон сууцыг үнэлэхдээ 119 107 400 төгрөгөөр зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн байх тул... ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож, дахин хөрөнгийн үнэлгээ хийлгэж өгнө үү. Нэхэмжлэгчийн үндсэн шаардлага нь үнэлгээ хийлгэх компанийг танилцуулаагүй, харилцан үнэ тохиролцоогүй, хөндлөнгийн байгууллагаар үнэлгээ хийлгэх нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үүрэг боловч ямар байгууллагаар үнэлгээ хийлгэх гэж байгаа талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй байна гэв.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ... дугаар шийдвэрээр ... нь...-д 110 000 000 төгрөг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд ...н өмчлөлийн эрхийн улсын... дугаарт бүртгэлтэй ...тоотын 86 м.кв талбайтай орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр газарт даалган шийдвэрлэсэн.Гүйцэтгэх баримт бичгийг тус газар нь 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж барьцааны орон сууцыг 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр.../03 тоот тогтоолоор битүүмжилж, 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн ...тоот тогтоолоор хураан авч, Иргэний хуулийн 177-р зүйлийн 177.1-т зааснаар, өмчлөгч болон талуудаас үнийн санал авахад өмчлөгч ... нь 1 м.кв-ыг 2 000 000 төгрөгөөр буюу нийт 172 000 000 төгрөгөөр үнэлсэн, төлбөр авагч...-аас 1 м.кв-ыг нь 1 300 000 төгрөгөөр буюу 111 800 000 төгрөгөөр үнийн санал ирүүлсэн.Талууд үнэлгээ дээр тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаар тогтоолоор... ХХК-ийг шинжээчээр томилон үнэлгээ тогтоолгоход 119.107.400 төгрөгөөр үнэлэн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр үнэлгээний тайланг ирүүлсэн.Шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу талуудад үнэлгээг мэдэгдэх ажиллагааг явуулж, 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ... тоот мэдэгдэх хуудсаар төлбөр төлөгч ...д мэдэгдсэн.Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үргэлжлэн явагдаж 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 12/20 тоот анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор барьцаа хөрөнгийг 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэсэн боловч Улсын онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар тогтоолыг үндэслэн албадан дуудлага худалдаа хойшлогдож, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар оруулахад худалдан борлогдоогүй.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар талууд үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээг мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд гүйцэтгэсэн өдрөөс хойш, эсвэл олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болохоор зохицуулсан.Төлбөр төлөгч ... нь хуульд заасан хугацаанд үнэлгээний талаарх гомдлоо холбогдох байгууллагад хандаж шийдвэрлүүлээгүй буюу 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр үнэлгээг баталгаат шуудангаар хүргүүлснээс хойш энэ талаар гомдол нэхэмжлэлийг гаргаагүй байгаа тул үнэлгээний талаар гомдол гаргах үндэслэлгүй байна. Барьцаа хөрөнгө болох орон сууцанд үнэлгээ тогтоох ажиллагаа хуулийн дагуу явагдсан, мөн төлбөр төлөгч талаас үнэлгээнд гомдол гаргах хуулийн хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:
... нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан ...тоотын 86 м.кв талбайтай орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ... дугаар захирамжаар хариуцагч ...гээс 110 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ..., ХХК-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын... дугаарт бүртгэлтэй, ...-д байршилтай, хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч ... нь дээрх шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдөр ...дугаартай гүйцэтгэх хуудас хуудас бичигдсэн ба шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн... тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.
Барьцааны зүйл болох ...-д байршилтай, хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн.../03 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн ...тоот тогтоолоор хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлүүдэд заасан журамд нийцэж байна.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчид нь дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцож чадаагүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаар тогтоолоор... ХХК-ийг шинжээчээр томилж, барьцаа хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан үндэслэлд нийцэж байна.
Шинжээч нь ...-д байршилтай, хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 119 107 400 төгрөгөөр үнэлж, хөрөнгийн үнэлгээний тайланг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн ба шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ... тоот мэдэгдлээр төлбөр төлөгчид мэдэгдсэн байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан байхад ... нь шүүхэд гомдлоо 2021 оны 2 дугаар сарын 8-ны өдөр өгсөн байгаа нь хуульд заасан хугацаанд гомдлоо шүүхэд гаргаагүй гэж үзэхээр байна.
Нөгөө талаар нэхэмжлэгч болон хариуцагч талууд нь томилогдсон шинжээч үнэлгээ тогтоох эрхтэй эсэх, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч томилохдоо шинжээчид эрх, үүрэг танилцуулсан эсэх талаар маргаангүй байна.
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар... ХХК нь хөрөнгийг үнэлэхдээ, зах зээлийн, орлогын, өртгийн хандлагын арга тус бүрээр үнэлгээ хийж, улмаар үнэлгээний дүнг нэгтгэн зах зээлийн үнэ цэнийг 119 107 400 төгрөгөөр тогтоосон байх бөгөөд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтооход үнэлэгдэж буй хөрөнгийн орлого олох бодит боломж, өртгийн өнөөгийн үнэ, байрлал, шинж чанар, орчны хувьд адил төстэй хөрөнгийн зах зээлд худалдах санал болгож буй үнэ цэнийг жишиж судалгаа хийж харьцуулсан нь үнэлгээний тайланд тодорхой тусгагдсан байна.
Шинжээч нь барьцаа хөрөнгө болох ...-д байршилтай, хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 119 107 400 төгрөгөөр үнэлсэн байгааг зах зээлийн үнээс хямд байна гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар ноолоогүй байна.
Шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд үнэлгээ хийлгэхээр шинжээч томилохдоо ямар байгууллагыг шинжээчээр томилсон тухайгаа төлбөр төлөгчид мэдэгдэнэ гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд дурдаагүй байна.
Иймд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох болох ...-д байршилтай, хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн... ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай ...н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дугаар зүйлийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан эрхийн улсын... дугаарт бүртгэлтэй, ...-д байршилтай, хувийн орон сууцны зориулалттай, 86 М.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн... ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай ...н гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН