| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Батчимэг |
| Хэргийн индекс | 183/2024/03612/И |
| Дугаар | 001/хт2025/00218 |
| Огноо | 2025-11-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 001/хт2025/00218
А.А-ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Э.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн
2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/02568 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 210/МА2025/01199 дүгээр магадлалтай,
Орон сууц албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг
Хариуцагч Х.П-гийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, хариуцагч Х.П-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.А нь хариуцагч Д.Б, Х.П нарт холбогдуулан орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
2. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/02568 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан, хариуцагч Н овогт Д-ын Б /РД:***/, Х овогт Х-ын П /РД:***/ нарт холбогдох хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай С овогт А-ын А /РД:***/-ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 210/МА2025/01199 дүгээр магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/02568 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй, *** орон сууцыг хариуцагч Х.П-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, хариуцагч Д.Б-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтын “... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1...” гэснийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2” гэж, “…үлдээсүгэй.” гэснийг “үлдээж, хариуцагч Х.П-гээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч Х.П хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.07.18-ны МA2025/01199 дүгээр магадлалыг эс зөвшөөрч доорх үндэслэлээр гомдол гаргаж байна. Тус иргэний хэргийг шийдвэрлэсэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.04.02-ны ШШ/2025/02568 тоот шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр мөн. Гэтэл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 210/МА2025/01199 дүгээр магадлал шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүйн дээр хариуцагч П миний хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Тухайлбал: Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106-р зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй *** орон сууцыг хариуцагч Х.П-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж хариуцагч Д.Б-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж.” шийдвэрлэсэн байдаг. Шүүх ийнхүү анхан шатны шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хариуцагч Х.П миний хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэл бий болсон. Өөрөөр хэлбэл хариуцагч Х.П миний Тны М№*** тоот дансаар сар бүр 501,500 төгрөг, нийт 32 сар буюу 16,060,821.8 төгрөгийг нэхэмжлэгч А.А-ы *** тоот дансанд “ОСЗ тэдэн сар, ***, П” гэсэн гүйлгээний утгатайгаар тов тодорхой мөнгөнүүд шилжүүлсэн байдаг. Ийнхүү банкны төлбөрийн мөнгө шилжүүлсэн үйл явдлыг нэхэмжлэгч А.А нь хүлээн зөвшөөрсөн байдаг бөгөөд шүүхэд няцаалт өгч чадахгүй зөвшөөрсөн байдаг. Гэтэл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх энэ баримт мөнгөний шилжүүлсэн зэргийг огт үнэлээгүй шууд шийдвэр гаргасан нь буруу гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд эргэлзээгүй байх ёстой бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх ёстой гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна. Иймд бидний иргэний хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2025.04.02-ны 192/ШШ 2025/02568 тоот шийдвэрийг хэвээр үлдээж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 210/MА2025/01199 дүгээр магадлалыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
5. Хариуцагч Х.П-гийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлүүдийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.10.31-ний өдрийн 001/ШХТ2025/01003 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6. Хариуцагч Х.П-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
7. Нэхэмжлэгч А.А- нь хариуцагч Д.Б, Х.П нарт холбогдуулан орон сууц чөлөөлүүлэх тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “... Нэхэмжлэгч А.А нь ипотекийн орон сууцын зээлийн гэрээний үндсэн дээр 2013.11.12-ны өдөр *** талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон. Энэхүү орон сууцыг ... хадам аав болох Т нь хариуцагч Д.Б-тай хүчин төгөлдөр бус хэлцэл хийж, Д.Б амьдарч байгаад Д.А-од худалдаж, одоо Х.П-гийн эзэмшилд байгаа тул хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү ...” гэж тодорхойлжээ.
8. Хариуцагч Д.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “… би 2018.04.01-ний өдөр Д.Т-тай тохиролцсоны үндсэн дээр маргаан бүхий орон сууцыг 58,300,000 төгрөгөөр худалдаж аваад ... 6 жилийн турш сар бүр 500,000 төгрөгийг ипотекийн зээлд төлж 100 гаруй сая төгрөг төлсөн. 2018.04.01-ний өдрөөс 2022.12.22-ны өдрийг хүртэл сар бүрийн төлөлтөө хийгээд дуусгасан. 2022.12.22-ны өдөр өөрийн найз болох Д.А-од 100,000,000 төгрөгөөр худалдаж тус байрыг хүлээлгэн өгсөн. Түүнээс хойш Д.А нь сар бүрийн 500,000 төгрөгийг тогтмол төлж байна. ...” гэж маргажээ.
9. Хариуцагч Х.П нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “… Би 2022 оны 12 дугаар сард Д.Б гэх хүнээс байрыг худалдаж авсан. Урьдчилгаа болох 100,000,000 төгрөгөөс 45,000,000 төгрөгийг шилжүүлж, дараа нь 55,000,000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл ипотекийн зээлийг үргэлжлүүлж төлж сар бүр 501,500 төгрөгийг А.А-ы данс руу шилжүүлж байна. ...” гэж маргажээ.
10. Анхан шатны шүүх “… Хэргийн баримтаар нэхэмжлэгч А.А нь улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй, *** талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн болох нь тогтоогдох хэдий ч нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Хууль бус эзэмшлээс эд хөрөнгийг албадан чөлөөлөх шаардлагыг хангах урьдчилсан нөхцөл нь нэхэмжлэгч өмчлөх эрхтэй этгээд байхаас гадна хариуцагч маргаан бүхий хөрөнгө бодитоор, хууль бусаар эзэмшиж байгаа эсэхийг тогтоохыг шаарддаг. Нэхэмжлэгчийн орон сууцны зээлийн данс руу хариуцагч нар орлогын гүйлгээ хийдэг тул тухайн төлбөрийг буцаах, гүйлгээг зогсоох зэрэг хяналтыг тавих боломжгүй гэж тайлбарласан хэдий ч нэхэмжлэгч А.А нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хүлээн авахаас татгалзаж байсан талаар бичгийн баримтаар нотлоогүй. Иймд хариуцагч Х.П-гийн сар бүр орон сууцны зээл гэх утгатайгаар А.А-д төлбөр төлж байсан үйл баримтыг үндэслэн гэрээний үндсэн дээр маргаан бүхий орон сууцыг эзэмшилдээ авсан ... хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй ... Хариуцагч Д.Б-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагын хувьд маргаан бүхий орон сууц одоогийн байдлаар Д.Б-ын эзэмшилд байхгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдсон. ...” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
11. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж шийдвэрлэхдээ “...Иргэний эрх зүйд өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр үүсдэг. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно. ... Өмчлөгч буюу нэхэмжлэгч А.А нь Д.Т-ад өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг түүний өмнөөс захиран зарцуулах эрхийг олгоогүй, хариуцагч Д.Б, Х.П нар нь өмчлөгч бус этгээд болох Д.Т-тай хэлцэл хийж, тухайн үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж ашиглаж байгааг шударга эзэмшил гэж үзэх үндэслэлгүй. Тодруулбал, ...тухайн орон сууц нь А.А-ы өмчлөлийн хөрөнгө гэдгийг хариуцагч нар тухайн үед мэдэж байсан, ... хариуцагч нар нь нэхэмжлэгч А.А-ы орон сууцны зээлийн төлбөрийг сар бүр төлж байсан нь орон сууцыг гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нар нь эд хөрөнгийн өмчлөгч буюу түүний эрх олгосон этгээдтэй гэрээ байгуулаагүй, өмчлөгч А.А уг хэлцлийг хожим хүлээн зөвшөөрсөн гэх баримтгүй байх тул тэдний эзэмшлийг хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй юм. Хариуцагч Д.Б нь Х.П-тэй тохиролцож орон сууцны эзэмшлийг түүнд шилүүлсэн бөгөөд одоо уг орон сууцыг Х.П эзэмшиж байгаа болох нь талуудын тайлбараар тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Д.Б-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Иймд, нэхэмжлэгч А.А нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Х.П-гийн хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.” гэсэн дүгнэлт хийжээ.
12. Дээрх байдлаар хоёр шатны шүүх өмчлөгч хөрөнгөө бусдын хууль эзэмшлээс шаардах эрхийн талаарх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг тайлбарлан хэрэглэхдээ хариуцагч нарын эзэмшлийг хууль бус эсэхийг зөрүүтэй дүгнэж, нотлох баримтыг өөр өөрөөр үнэлж, ялгаатай шийдэл гаргасан байна.
13. Нэхэмжлэгч А.А нь “Г” ХХК-тай 2013.09.05-ны өдөр Орон сууц захиалан бариулах гэрээг байгуулж, *** тоот хаягт байрлах, 45,88 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв-ыг 2,400,000 төгрөг, нийт 110,112,000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцсон, уг үл хөдлөх эд хөрөнгийг 2013.11.12-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэж, А.А-ыг өмчлөгчөөр бүртгэсэн, А.А нь “Т” ХК-тай 2013.11.19-ний өдөр Орон сууцны зээлийн гэрээг байгуулж, зээл 60,000,000 төгрөгийг орон сууцны үнэд төлсөн, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг “Т” ХК болон А.А нар 2013.11.19-ний өдөр байгуулсан, уг үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшлийг Д.Т-аас хариуцагч Д.Б-т, Д.Б-аас хариуцагч Д.А-од тус тус шилжүүлсэн, нэхэмжлэгч А.А-ы зээлийн төлбөрийг 2018.05.17-ны өдрөөс хариуцагч Д.Б, 2023.06.15-ны өдрөөс хариуцагч Х.П тус тус сар бүр 501,000-503,000 төгрөгийг төлдөг, одоо орон сууцанд хариуцагч Х.П гэр бүлийн хамт амьдарч байгаа үйл баримт тогтоогдсон.
14. Зохигч орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч А.А бүртгэлтэй болох талаар маргаангүй боловч хариуцагч нарын эзэмшил хууль бус эсэх асуудлаар маргасан.
15. Нэхэмжлэгч А.А нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхэд үндэслэсэн.
Хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэх нөхцөл нь нэхэмжлэгч өмчлөгч байхаас гадна хариуцагч нарын эзэмшил хууль бус эсэх тухай нөхцөл байдал гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Гэвч хоёр шатны шүүх хариуцагч нарын эзэмшлийн талаар дүгнэхдээ үйл баримтыг зөрүүтэй тогтоосон буюу анхан шатны шүүх н.Т болон хариуцагч Д.Б нарын хооронд орон сууц худалдах-худалдан авах хүчин төгөлдөр үүргийн хэлцэл байгуулагдсан гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх ийнхүү хэлцэл байгуулагдах үед хөрөнгийн өмчлөгч А.А болохыг хариуцагч нар мэдэж байсан гэж үзжээ.
Улмаар анхан шатны шүүх хариуцагч Х.П-гийн эзэмшлийг хууль ёсны гэж үзэхдээ түүний нэхэмжлэгч А.А-ы “Т” ХК-аас орон сууцны зориулалтаар авсан зээлийг төлдөг үйл баримтыг үндэслэсэн бол давж заалдах шатны шүүх энэхүү үйл баримт нь өмчлөгчийн эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж, хамаарах нотлох баримтыг зөрүүтэй үнэлсэн.
Өөрөөр хэлбэл, хэргийн баримтаар нэхэмжлэгчийн хадам эцэг гэх н.Т болон хариуцагч Д.Б нарын хооронд маргаан бүхий орон сууцыг худалдах-худалдан авахаар хэлцэл хийгдсэн талаарх бичгийн баримт авагдсан боловч уг баримт нь хуульд заасан шаардлага хангаагүй, зохигч энэ үйл баримтын талаар хангалттай мэтгэлцээгүйгээс хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг эргэлзээгүй тогтоогдсон гэж үзэх боломжгүй болохыг хоёр шатны шүүх анхаарсангүй.
16. Дээр дурдсанаар хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтын талаар хяналтын шатны шүүхээс эцэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэх нөхцөл бүрдээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/02568 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 210/МА2025/01199 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч Х.П-гийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.08.28-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАТЧИМЭГ
Э.ЗОЛЗАЯА
Б.УНДРАХ