Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 118

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,                                          

улсын яллагч П.Бямбасүрэн,

шүүгдэгч Л.Батзориг, түүний өмгөөлөгч Ц.Алтанцол нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Лхагвасүрэнгийн Батзоригт холбогдох эрүүгийн 201725020420 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэдээллийн системийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 хороолол, 19 байр, 26 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол 66 В-49 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: УС 85021815/  Санж гэлэн овогт Лхагвасүрэнгийн Батзориг нь:

 

- 2017 оны 02 дугаар сарын 07-ны оройн 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Боловсролын Их сургуулийн автобусны буудлын орчим бусдыг илтэд үл хүндэтгэн С.Баясгалантогоог дарааллаар зогсож үйлчлүүлэгч авсангүй гэж үл ялих зүйлээр шалтаглан хүч хэрэглэн түлхэж унаган өшиглөж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч С.Баясгалантогоо мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ... Өөрийн эзэмшлийн 89-45 УНД улсын дугаартай Приус-11 маркийн автомашинтайгаа ирж зогсоод хүн суулгах гэтэл хажууд байсан хоёр автомашины жолооч бууж ирээд " Яахаараа хүн авдаг юм " гээд маргаан болоод тэгээд намайг нэг жолооч нь барьж аваад урдуур орж хүн авлаа гэх шалтгаанаар надтай маргалдаж намайг зодсон. Эхлээд би нэг улаан өнгийн автомашины жолоочтой маргалдаад заамдалцаад муудалцаж байтал хажуугаас тэр “Соната” маркийн жолооч ирээд намайг унагаж зодсон. Нэг хүн зодож биед гэмтэл учруулсан. “Соната 6” маркийн автомашины жолоочтой маргалдаж муудалцсан асуудал байхгүй. Нөгөө автомашины жолоочтой маргалдаж муудалцсан асуудал байгаа. “Соната” авто автомашины жолооч хажуугаас ирээд намайг зодчихоод явсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ.  / хх 13-16 /

 

Гэрч Б.Цэдэндамба мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: …С.Баясгалантогоо тэр хоёр залуутай зууралдаад авсан. Би голоор нь ороод салгаад холдуулсан.  Өндөр биетэй залуу нь С.Баясгалантогоог барьж аваад газар унагаад тэгснээ дахиж очоод хэд хэд өшиглөтөл, С.Баясганлантогоо ухаан алдаад газар хэвтэж байсан. Тэр өшиглөсөн залуу 18-55 УНЧ улсын дугаартай цагаан өнгийн “Соната-6” маркийн автомашинаа асаагаад зугтаагаад явчихсан. С.Баясгалантогоог зоддог залуугийн хамт бас нэг жолооч байсан. Би салгаад холдуулсан. Тэр залуу С.Баясгалантогоод халдаагүй, хүрч амжаагүй гэжээ. / хх 17-18 /

            Гэрч Э.Сэргэлэн мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: …Цагаан өнгийн Приус-11, саарал өнгийн Приус 20 маркийн 2 автомашин ирээд урдуур шууд ороод хүн авах гээд байхаар нь "Та нар оочирлоод хүнээ аваач" гэж хэлсэн. Тэгтэл цагаан өнгийн автомашины жолооч болох настайвтар эрэгтэй хүн "Та нар энд зогсдог хүмүүс биш байна. Наанаасаа явцгаа. Чацагнууд минь" гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр ахад “Та нар энэ газрыг өмчлөөд авчихсан юм уу. Бүгдээрээ л оочирлоод хүнээ авч байна шүү дээ “ гэж хэлсэн. Тэгээд зууралдахад Л.Батзориг гүйж ирээд Приус 20 автомашины жолоочийг холдуулсан. Дахин ирээд Приус 11 автомашины жолоочийг надаас салгаад зууралдаад цаашаа авч явсан гэжээ. / хх 19-20 /

 

Хохирлын мөнгө хүлээн авсан тухай баримт / хх 7 /

 

Сидинд үзлэг хийсэн тэмдэглэл / хх 11 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2552 тоот дүгнэлтэнд:

1. С.Баясгалантогоогийн тархи доргилт, хамрын ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 25 /

 

Шүүгдэгч  Л.Батзоригийг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 28-30 /,  2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 31-33 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 35 / зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Батзориг мэдүүлэхдээ: Би өөрийн “Соната-6” маркийн 18-55 УНЧ дугаарын автомашиныг жолоодон багшийн дээдийн автобусны буудал дээр такси үйлчилгээнд явахаар найз Э.Сэргэлэнгийн хамт дугаарлаад зогсож байсан. Гэтэл бидний урдуур Приус-11, Приус-20 маркийн хоёр автомашин дайрч орж ирээд хүн авах гээд байхаар нь “ Та нар оочироороо хүнээ аваач ээ “ гэхэд Приүс-11 маркийн автомашины жолооч нь “ Бид нар энд зогсдог. Та нарыг мэдэхгүй юм байна. Чацга минь хол байгаарай. Автомашиныг чинь ачуулна шүү“ гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгтэл Э.Сэргэлэн машинаасаа бууж ирээд шаардлага тавихад Приүс-11 маркийн автомашины жолооч түүнийг барьж аваад боотол нөгөө жолооч нь хажуугаас түүн рүү дайрахаар нь би тэднийг болиулахаар очоод нэгийг нь таттал унасан. Уурандаа түүнийг зодож гэмтээсэн нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Прокуророос шүүгдэгч Л.Батзоригийг 2017 оны 02 дугаар сарын 07-ны оройн 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Боловсролын Их сургуулийн автобусны буудлын орчим бусдыг илтэд үл хүндэтгэн С.Баясгалантогоог дарааллаар зогсож үйлчлүүлэгч авсангүй гэх үл ялих зүйлээр шалтаглан хүч хэрэглэн түлхэж унаган, өшиглөж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. Гэтэл хэрэгт авагдсан хохирогч С.Баясгалантогоо, гэрч Б.Цэдэндамба нарын мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан сидиний бичлэгээр үгүйсгэгдэж байна. Дээрх бичлэгт авагдсанаар хохирогч С.Баясгалантогоо нь гэрч Э.Сэргэлэн дээр ирж түлхэн улмаар заамдан авах ба хажуугаас нь гэрч Б.Цэдэндамба нь тэдэн дээр очих үед шүүгдэгч Л.Батзориг  очиж, хохирогчийн татаж салгаад түлхэн унагаж, хоёр удаа өшиглөж байгаа нь гэрч Э.Сэргэлэнгийн мэдүүлэг үнэн зөв болохыг нотолж байна.

Иймд хохирогч С.Баясгалантогоо, гэрч Б.Цэдэндамба нар нь оочирын урдуур дайрч орон, хэрүүл маргаан үүсгэж, гэрч Э.Сэргэлэнг түлхэж заамдан авч, бүлэглэн зодох гэснээс шүүгдэгч Л.Батзориг нь С.Баясгалантогоог татан салгаж, нүүр рүү нь өшиглөсөн нь хувийн сэдэлттэй бөгөөд танхайн гэмт хэргийн бүрэлдхүүнгүй байх тул түүний зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар зүйлчлэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Л.Батзориг нь 2017 оны 02 дугаар сарын 07-ны оройн 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Боловсролын Их сургуулийн автобусны буудлын орчим хохирогч С.Баясгалантогоо дугаарлан зогссон машинуудын урдуур дайрч, зүй бус харьцаж, хэл амаар доромжлон заамдан авснаас болж түүнийг  түлхэн унагаж, өшиглөснөөс бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: …сидинд үзлэг хийсэн тэмдэглэл / хх 11 /,  ...Тэр автомашины жолооч урдуур орж хүн авлаа гэх шалтгаанаар надтай маргалдаж, улмаар намайг зодсон. Л.Батзоригтой  маргалдаад үл ойлголцсоноос болж ийм асуудал үүссэн гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн хохирогч С.Баясгалантогоогийн мэдүүлэг / хх 14-16 /,   Өндөр биетэй залуу нь С.Баясгалантогоог барьж аваад газар унагаад  хэд хэд өшиглөсөн гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Б.Цэдэндамбагийн мэдүүлэг / хх 17-18 /,  ...Дугаарлаад зогсож байтал  Приус 11, Приус 20-той 2 жолооч урдуур шууд орохоор нь шаардлага тавихад  настайвтар жолооч нь бууж ирээд “ Та нарыг мэдэхгүй юм байна. Энд зогсдог гарууд биш байна. Чацганууд минь наанаасаа холдохгүй бол ачуулна шүү “ гээд ирээд намайг түлхээд заамдаж автал нөгөө автомашины жолооч бас ирээд бариад авсан. Намайг боогоод бид хоёр цохилцоод эхэлтэл Л.Батзориг гүйж ирээд настайвтар хүнийг холдуулаад цаашаа явсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Э.Сэргэлэнгийн мэдүүлэг / хх 19-20 /, …хохирогчийн бие махбодид хөнгөн гэмтэл учирсан талаарх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2552 тоот дүгнэлт / хх 25 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Л.Батзоригийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн болох нь хохирогчийн бичгээр гаргасан хүсэлтээр нотлогдож байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Прокуророос Лхагвасүрэнгийн Батзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 99 дүгээр зүйлийн 99.1 болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2. Лхагвасүрэнгийн Батзоригийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Л.Батзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Л.Батзоригийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэгт хавсаргаж, Л.Батзориг нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

5. Л.Батзоригт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

6. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг оролцогчид эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                               С.ОЮУНЧИМЭГ