| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2024/0043/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/48 |
| Огноо | 2024-04-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Хишигсувд |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2024/ШЦТ/48
2024 оны 04 сарын 24 өдөр Дугаар 2024/ШЦТ/48 Мандал сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж, нарийн бичгийн дарга С.Төртулах, Улсын яллагч Б.Хишигсувд, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Хишигсувдаас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн 2432000000034 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал суманд төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхит 7-130 тоотод оршин суудаг, урьд 1 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан. Үүнд: Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, *******
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: ******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 сарын 31-ний өдрийн 14 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, Баянхангайн гудамжинд тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас ******* маргалдаж, түүний бие эрх чөлөөнд халдаж, зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд доод зовхины гадна хэсэгт шарх, толгойн оройд зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч ******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 сарын 31-ний өдрийн 14 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, Баянхангайн гудамжинд тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас ******* маргалдаж, түүний бие эрх чөлөөнд халдаж, зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд доод зовхины гадна хэсэгт шарх, толгойн оройд зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ:”... Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир шүүх хуралдаанд дахин мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг, хохирогч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:” ...Би 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 14 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, Баянхангайн гудамжинд *******, *******, ******* нарын хамт тамхи татаад сууж байтал нэг танихгүй залуу ирээд намайг газар унагаагаад, миний зүүн талын нүд рүү нэг удаа өшиглөчихсөн. Тэгээд би яагаад өшиглөсөн талаар асуухад өө уучлаарай хүнтэй андуураад өшиглөчихлөө гэсэн. Тэгсэн манай эхнэр С.Март ирээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн”... гэх мэдүүлэг /хх-ийн 10-р тал/, Гэрч С.Март мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:“...2024 оны 03 сарын 31-ний өдөр 14 цаг өнгөрч байхад манай нөхөр Баярбаатар над руу утсаар яриад намайг хүрээд ир, намайг хүн цохичихлоо гэхээр нь би яваад очтол манай нөхөр Баярбаатарын зүүн шанаа хэсгээс нь цус гарчихсан байдалтай, хажууд нь *******, Тулгаа бас танихгүй залуу нар байсан. Тэгээд би тэр ******* гэх залуугаас яагаад манай нөхрийг цохисон талаар асуухад, чамайг ална шүү гээд намайг чулуу бариад элдэж хөөсөн. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ******* гэх залуу гуйвж дайваад их хэмжээний согтолттой байсан” ...гэх мэдүүлэг /хх-ийн 17-р тал/, Гэрч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдөр найз Баярбаатар, Шижирбаяр, ******* нарын хамт 0.5 литрийн 1 шил Хараа архийг Баянхангайн “Амака” дэлгүүрийн арын гудамжинд хувааж уугаад сууж байтал ******* ирээд Баярбаатартай маргалдсан. Би архи уучихсан байсан болохоор юунаас болж маргалдсаныг нь сайн мэдэхгүй байна. Тэгээд *******, Баярбаатарыг барьж аваад газар унагаагаад нүүр рүү нь нэг удаа цохисон. Тэгээд Баярбаатар босоод ирсэн чинь нүүрнээс цус гараад байсан. Тэгсэн цагдаа нар ирээд тэр хоёрыг аваад явсан. Би тухайн үед дунд зэргийн согтолттой байсан. Тухайн үед болсон үйл явдлыг сайн санаж байсан.” ...гэх мэдүүлэг /хх-ийн 19-р тал/, Сэлэнгэ аймгийн шүүх шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Г.Ган-Эрдэнийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №105 дугаартай “*******ын биед зүүн нүдний дээд, доод зовхины гадна хэсэгт шарх, толгойн оройд зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, шинэ гэмтэл болно. Хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” ...гэх дүгнэлт /хх-ийн 25-26-р тал / зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ******* нь ямар нэгэн хохирол, хор уршиг, эмчилгээний зардал нэхэмжлээгүй тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар: Прокурорын санал болгож, шүүгдэгч *******гийн хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь заалтад зааснаар 500 нэгжтэй тэнцэх буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 34.14 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Өлзийбаатарын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэний улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан ******* нь торгох ялыг 05 /тав/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.