| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2024/0047/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/54 |
| Огноо | 2024-05-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Хишигсувд |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/54
2024 оны 05 сарын 01 өдөр Дугаар 2024/ШЦТ/54 Мандал сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах, Улсын яллагч Б.Хишигсувд, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын Прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Хишигсувдаас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох Эрүүгийн 2432000000046 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *******, 36 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Өмнөговь аймагт “Ган мишээлт” ХХК-д жолооч ажилтай, *******, *******, *******, *******, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ухаан бүрэн, *******
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-ны өдөр шилжих шөнийн 03 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “МН баар”-нд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ иргэн ******* тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүр хэсэгт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-ны өдөр шилжих шөнийн 03 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “МН баар”-нд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ иргэн ******* тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүр хэсэгт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-ны өдөр шилжин шөнө “МН” бааранд ороод 2 шил архи, 2 ширхэг пиво уусан. Тэгээд бүжиглээд нагац дүү Дашдоржтой маргалдсан чинь Баярсайхан, Лхагвадорж гэх хоёр залуу салгасан. Тэгээд үүдний хэсэгт Баярсайхан, Лхагвадорж хоёртой маргалдаад байж байтал Баярсайхан нь миний нүүр хэсэгт гараараа нэг удаа цохиод авсан, тэгтэл би газарт ойчоод толгойгоо гараараа хаасан чинь өшиглөөд авах шиг болсон. Би бол газарт ойчоод ухаан санаа манарсан байдалд орсон. Өөрөөр бол зодоон цохион болоогүй, эмнэлэг ирээд намайг авч явсан. ” ...гэх мэдүүлэг /ХХ-ийн 6 дугаар тал/, Гэрч Б.Булганхангайн “...Би 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-ны өдөр шилжих шөнө найз Баярсайхан, Лхагвадорж нарын хамт “МН” баар луу ороод 1 шил архи хувааж уугаад сууж байтал шөнийн 01 цагаас 03 цагийн хооронд Ганзориг гээд залуу ганцаараа хүмүүс рүү агсан тавиад орж ирээд нэг залуутай маргалдаж муудалцаад байхаар нь Баярсайхан, Лхагвадорж хоёр очиж салгаж байгаад салгах явцдаа Ганзориг нь Баярсайханг цохих гээд зангаад байхаар нь Баярсайхан Ганзориг гээд залууг цохиж газарт унагаагаад, нэг удаа өшиглөөд авсан. “...гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр тал/, гэрч З.Лхагвадоржийн “...Би 2024 оны 04 дүгээр сарын 28-ны 03 цагийн үед найз Баярсайхан, Булганхангай нартай Сэлэнгэ аймгийн Мандал сум 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “МН баар”-нд байсан. ...Ганзориг гээд залуу нэг залуутай муудалцаад байхаар нь Баярсайхан бид хоёр салгаад Ганзоригийн болиоч зодоон цохион хийгээд яах юм бэ гэж хэлсэн чинь Ганзориг гээд залуу над руу гараараа цохих гээд зангасан чинь хажуугаас Баярсайхан гараараа Ганзоригийн нүүр хэсэгт нь цохиж газарт унагаад нэг удаа өшиглөөд авсан, тэгтэл Булганхангай гүйгээд хүрээд ирсэн. Дахиж зодоон цохион болоогүй, цагдаа ирээд бид нарыг цагдаагийн хэлтэст авч ирсэн” ....гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар тал/, гэрч Ц.Мөнгөнхүү мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 03 цагийн үед бааранд байж байгаад би нойл ороод гараад иртэл Ганзориг, Дашдорж хоёр хоорондоо маргалдаад бүжгийн талбай дээр зууралдаад байсан. Тэгтэл тэр хоёр хүн салгаад би болохоороо Ганзориг, Дашдорж хоёрыг явцгаая гэж хэлээд үүдэн дээр иртэл тэнд байсан Баярсайхан гэх залуу нь Ганзоригтой маргалдаад шууд Ганзоригийн нүүр хэсэгт нь гараараа цохисон чинь Ганзориг ухаан алдаж унаад хамраас нь цус гарсан, Ганзоригийг өшиглөсөн эсэхийг хараагүй. Тэгээд сандраад Ганзоригийн 88075333 дугаараас цагдаа болон түргэний эмч дуудсан. Өөрөөр бол зодолдсон зүйл байхгүй”... гэх мэдүүлэг. Шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 115 дугаартай дүгнэлт “ биед хамар ясны хугарал, зүүн хацарт шарх, баруун нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, зүүн нүдний доод зовхи, баруун нүдний алимны салстад цус хуралт, хамрын нурууны баруун талд зулгаралт, баруун нүдний доод зовхи, хамрын нуруу хэсгээр зөөлөн гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, шинэ гэмтэл болно. 3. Хамрын ясны хугарал гэмтэл дангаараа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн хацрын шарх гэмтэл дангаараа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, зүүн нүдний доод зовхи, баруун нүдний алимны салстад цус хуралт, хамрын нурууны баруун талд зулгаралт, баруун нүдний доод зовхи, хамрын нуруу хэсгээр зөөлөн гэмтэл нь нийлээд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 20-21-р тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нь ямар нэгэн хохирол, хор уршиг, эмчилгээний зардал нэхэмжлээгүй тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар: Прокурорын санал болгож, шүүгдэгч *******ы хүлээн зөвшөөрсөн 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 34.14 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах ” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 450 /Дөрвөн зуун тавин/ нэгж буюу 450000 /Дөрвөн зуун тавин мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан ******* нь торгох ялыг 3 /гурав/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5.Энэ хэрэгт ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.