| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2020/01922/И |
| Дугаар | 102/шш2021/00410 |
| Огноо | 2021-02-10 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 102/шш2021/00410
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
... шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:... нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... холбогдох
8 144 500 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч... ... шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ... ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... хөдөлмөрийн гэрээ байгуулан борлуулагчийн албан тушаалд ажилд авсан бөгөөд .... нь барааны захиалгын дагуу бараа бүтээгдэхүүнийг зах болон дэлгүүрүүдэд нийлүүлж байхдаа борлуулалтын орлогоосоо 13 552 020 төгрөгийн дутагдал гаргаж үүнээс 5 407 520 төгрөг нь харилцагч байгууллагаас тодорхой хугацаанд авна гэсэн тохиролцоонд хүрсэн ба үлдсэн 8 144 500 төгрөгийн дутагдал нь ...ы хариуцах төлбөр бөгөөд уг төлбөрийг төлөхгүй байна.Иймд ...аас 8 144 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. ... бараа авч байгууллагуудад тарааж өгдөг, зарим барааг нь өөрөө худалдан борлуулдаг байсан, үлдэгдэл 8 134 497.56 төгрөгийг хариуцагч ...аас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч ... шүүхэд гаргасан тайлбартаа:... ХХК-ийн нэхэмжилсэн 8 144 500 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ... ХХК нь хариуцагч ...аас борлуулагчаар ажиллах хугацаандаа дутагдуулсан барааны үнэ 8 144 500 төгрөгийг гаргуулах тухай шаардлага гаргасан байна.
Хариуцагч ... нь ... ХХК-д 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 16-ны өдөр, 2019 оны 12 дугаар сарын 07-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд борлуулагчаар ажиллаж байсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан зарлагын баримтууд, бараа материалын хөдөлгөөний баримтуудаар нотлогдож байна.
Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1-т Иргэн нь иргэн болон хуулийн этгээдтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж болно гэж заасан байна.
Хариуцагч ... нь шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр гардан авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүрэгтэйгээ танилцсан боловч тайлбараа шүүхэд 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр өгсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан байна.
Хариуцагч ... нь ... ХХК-ийн нэхэмжилсэн 8 144 500 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж шүүхэд тайлбар гаргасан байх боловч нэхэмжлэлийн шаардлагыг ямар үндэслэлээр зөвшөөрөхгүй байгаа тухайгаа шүүхэд тайлбарлаагүй, хуульд зааснаар татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.
Нөгөө талаар Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 211 тоот шинжээчийн дүгнэлтэд-... нь борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа буюу 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 16-ны өдрийг дуусталх хугацаанд 33,410,806 төгрөгийн бараа хүлээн авч, 20,796,450 төгрөгийг бэлнээр тушааж, 7,445,094 төгрөгийг ... ... тоот дансанд тушаасан, 2019 оны 12 дугаар сарын 06-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд 218,143,258.65 төгрөгийн бараа хүлээн авч, 155,087,120 төгрөгийг бэлнээр тушааж, 36,931,359 төгрөгийг ... ... тоот дансанд тушаасан байна гэжээ.
Иймд ... ХХК-аас авсан барааны үнийн үлдэгдэл 8 144 500 төгрөгийг ...аас гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэх нь үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1-д зааснаар хариуцагч Ганбаатарын Өлзийсайханаас 8 144 500 /найман сая нэг зуун дөчин дөрвөн мянга таван зуун/ төгрөгийг гаргуулан ... ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ... ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 145 262 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ...аас 145 262 /нэг зуун дөчин таван мянга хоёр зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулан ... ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний өмгөөлөгч, төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН