Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/60

 

2024 оны 05 дугаар                    Дугаар 2024/ШЦТ/60                             Мандал сум

сарын 21-ний өдөр

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

             Нарийн бичгийн дарга               Б.Баттөгөлдөр

             Улсын яллагч                             Д.Шинэбал

                         Шүүгдэгч                                     ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******эд холбогдох 2432000000028 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

 

            Монгол Улсын иргэн, *******, 24 настай, эрэгтэй, Халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт *******,******* оршин суудаг, урьд 4 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, Үүнд: Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялаар, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ялаар, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, *******

 

          Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч ******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Сити” худалдааны төв дотор байрлах “CU” сүлжээ дэлгүүрийн урд талын авто зогсоол дээр 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 02 цагийн орчимд бусадтай маргалдаж, улмаар 24 цагийн үүрэг гүйцэтгэж байсан тус сумын Сум дундын Цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, ахлах ахлагч Ж.Түмэндэмбэрэл, жолооч цагдаа, цагдаагийн ахлагч О.Бямбацог нар нь “олон нийтийн газарт хэрүүл маргаан хийхээ боль” гэсэн хууль ёсны шаардлага тавих үед хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлсэнтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, мөн эсэргүүцэх явцдаа цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Ж.Түмэндэмбэрэлийг зодож, эрүүл мэндэд нь дээд уруулын баруун дотор талд язралт, гадна талд зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол, жолооч цагдаа, цагдаагийн ахлагч О.Бямбацогийг зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний доод зовхинд цус хуралт,толгойн хуйх, зүүн нүдний дээд зовхины гадна хэсэг, доод зовхины гадна хэсэгт зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ:.. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, ахиж гэмт хэрэг үйлдэхгүй...” гэжээ.

Эрүүгийн 2432000000028 тоот хавтаст хэргээс:

Хохирогч О.Бямбацог мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ:...Би 2024 оны 03 сарын 10-ны өдрийн 08 цаг 30 минутаас 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 08 цаг 30 минутын хооронд Мандал сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн жижүүрийн жолоочийн үүргийг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэсэн хугацаанд буюу шөнийн 02 цагийн орчим би дуудлагад яваад, замын цагдаагийн постод үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ахлах ахлагч Ж.Түмэндэмбэрэлийг пост руу хүргэж өгөх гээд явж байтал Мандал сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “ CU ” худалдааны төвийн үүдэнд морьтой 4-5 залуучууд муудалцаж, маргалдаад байхаар нь бид хоёр очсон. Тухайн үед ******* гэх залуутай танихгүй залуучууд маргалдаж байсан тул “ маргаанаа зогсоох” талаар хууль ёсны шаардлагыг тавихад ******* гэгч нь согтуугаар цагдаагийн ахлах ахлагч Ж.Түмэндэмбэрэл рүү “чи бол май шүү” гээд салаавч гаргаж заамдаад авч түүний нүүр лүү гараараа нэг удаа цохиж унагаасан. Тиймээс би *******ийн араас нь тэвэрч унагаагаад дараад авсан. Гэтэл дундуур нэг залуу орж ирээд биднийг салгасан. Гэтэл ******* нь дахин агсарч дайраад байхаар нь тэвэрч аваад унагаасан. Унагаасны дараа ******* нь хувцаснаас зууралдаад босоод ирсэн. Би түүнийг өөрийнхөө хувцаснаас салгах гээд зууралдаж байх хооронд ******* нь миний зүүн  нүд рүү гараараа нэг удаа, эрүү рүү гараараа 1 удаа цохиод зугтаачихсан. ...Миний зүүн нүд хавдаж хөхөрсөн. Эрүү болон завж хэсэг, толгойн оройн хэсэгт язарч хөндүүр зовуурьтай байсан. ...******* шал согтуу байсан. Намайг цохичихоод морио унаад зугтаачихсан. Түүнтэй муудаж байсан залуучууд согтуу байсан. Ж.Түмэндэмбэрэл бид хоёрыг явж байхад худалдааны төвийн нийтийн хэв журам алдагдуулсан үйлдэл харагдсан тул зогсож Цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу үүргээ гүйцэтгэж байхад шаардлага эсэргүүцэж миний биед халдсанд гомдолтой байна. ...Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хуулийн дагуу шийдүүлмээр байна. ...*******эд хууль ёсны шаардлага тавихад биелүүлээгүй тул түүнийг гавласан. Өөрөөр түүний биед халдсан зүйл байхгүй”  гэх мэдүүлэг /хх-ийн 10-11, 12-р тал/,

Хохирогч Ж.Түмэндэмбэрэл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...”Би 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө томилгооны дагуу Мандал сумын Сум дундын Цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн постод үүрэг гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд “Мандал сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт согтуу хүн танхайраад байна” гэх дуудлага жижүүрээс өгсний дагуу цагдаа жолооч О.Бямбацогийн хамт тухайн иргэнийг эрүүлжүүлэх байранд хүлээлгэж өгөөд буцаад замын цагдаагийн пост руу 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 02 цагийн үед явж байтал 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “CU” гэх газрын үүдэнд “Соната-6” маркийн тээврийн хэрэгслийн жолооч талын хаалга онгорхой, Нэмэхээ гэх залуу нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн мэт байдалтай, нэг залуутай маргалдаад байсан. Тэгэхээр нь тэр хоёр залууг “олон нийтийн газарт хэрүүл маргаан хийхээ боль” гэж хууль ёсны шаардлага тавих үед Нэмэхээ гэх залуу нь над руу “чи бол май шүү” гэж салаавч гаргахаар нь би “та яахаараа салаавч гаргадаг юм, алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлнэ шүү” гэсэн чинь надтай маргалдаж, ноцолдож байгаад Нэмэхээ гэх залуу газарт унасан, буцаж босож ирээд баруун гараараа миний уруул хэсэг рүү цохиод авсан чинь би хойшоо савж хашаа мөргөөд манарч байтал хамт явсан цагдаа жолооч О.Бямбацог, Нэмэхээ гэх залууг болиулах гэж байх шиг байсан, цагдаа жолооч О.Бямбацогийг Нэмэхээ гэх залуу нь 2-3 удаа цохиод авах шиг болсон. Би манарсан байдалтай юу болсныг сайн хараагүй. Тэгэхдээ би энгэрийн камераа асаачихсан байсан, болсон зүйлс хэсэг хэсгээрээ бичигдсэн байгаа. ...Миний уруулын дээд хэсэгт дотор талдаа язраад, гадна талд зулгарсан байна. Өөр гэмтэл шарх байхгүй. ...Би гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хуулийн дагуу шийдүүлмээр байна. ...*******эд хууль ёсны шаардлага тавихад биелүүлээгүй тул түүнийг гавлах гэж хоёр гараас нь Бямбацог бид хоёр зууралдсанаас өөрөөр түүний биед халдсан зүйл байхгүй. ... гэх мэдүүлэг /хх-ийн 16, 18-р тал/,

Гэрч Б.Ёндонжамц мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Би 2024 оны 03 сарын 10-ны орой би өөрийн найз Азжаргалын хамт “МН” бааран дээр очиж Буяннэмэх, Золбоо, Пүүжээ нартай уулзсан. Улмаар бид нар “МН” бааранд орж архи ууж байгаад шөнийн 02 цагийн үед баарнаас гараад “CU” орж гоймон идэхээр морьтой явцгаасан. Бид нар “CU” дээр явж очиход Соната-6 маркийн тээврийн хэрэгсэлтэй Мөнх-Оргилын машинд суух гэтэл хоёр цагдаа хүрээд ирсэн. Хэсэг хугацааны дараа хоёр цагдаа “Буяннэмэхээ чи яагаад салаавч гаргаж байгаа юм” гэж хэлээд хоорондоо маргалдаж эхэлсэн. Би Буяннэмэх хоёр цагдаагийн алба хаагч руу салаавч гаргасан эсэхийг нь хараагүй юм. Тухайн үед хоёр цагдаа Буяннэмэх дээр явж очоод Буяннэмэхийг цагдаагийн машинд суулгаж авч явах гэтэл Буяннэмэх машинд нь суухгүй эсэргүүцэл үзүүлээд байсан. Тухайн үед Азжаргал Буяннэмэхийг салгах гээд голоор нь ороод байж байхад Буяннэмэх хоёр цагдаагийн нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон. Улмаар Буяннэмэх хоёр цагдааг зодчихоод зугтаачихсан. Хаашаа явсан талаар би сайн мэдэхгүй байна. ...Буяннэмэх хоёр цагдаагийн алба хаагчийн нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон” ...гэх мэдүүлэг / хх-ийн 20-р тал/,

Гэрч М.Азжаргал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2024 оны 03 дугаар сарын 10-ны орой гэртээ байж байхад ******* гэх манай хуурай ах над руу залгаж “намайг “МН” баарнаас аваад гэрт хүргээд өгөөч” гэж гуйхаар нь би өөрийн дүү Ёндонжамцтай хамт “МН” бааранд байж байгаад шөнийн 02 цагийн үед баарнаас гараад “CU” орж гоймон идэхээр морьтой явцгаасан. Бид нар “СU” дээр явж очиход “Соната-6” маркийн тээврийн хэрэгсэлтэй нэг танихгүй залуутай ******* очоод уулзаж юм яриад байсан. Бид нар “СU”-гийн гадна *******ийг хүлээгдээ зогсож байхад машинтай хоёр цагдаа хүрээд ирсэн. Тухайн үед ирсэн хоёр цагдаа бид нарт хандаж “орой болсон байна харьж амарцгаа” гэж хэлж байсан. “CU” дээр ирсэн хоёр цагдаагийн нэг нь “*******ээ чи гэртээ харьж амар” гэж хэлэхэд ******* машины хажуугаас цагдаагийн алба хаагч руу “май” гэж хэлээд салаавч гаргасан. Тухайн маргаан юунаас болж эхэлсэн талаар би сайн мэдэхгүй байна. Тухайн үед хоёр цагдаа ******* дээр явж очоод *******ийг цагдаагийн машин суулгаж авч явах гэтэл ******* машинд нь суухгүй эсэргүүцэл үзүүлээд байсан. Би тухайн үед машины хажууд явж очоод салгах гэтэл ******* хоёр цагдаатай хэрэлдэж тавьсан шаардлагын эсэргүүцээд салахгүй байсан. Би *******ийг салгаж гэр лүү нь авч явах гэтэл ******* намайг хажуу тал руугаа түлхээд хоёр цагдаагийн нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон. Улмаар ******* хоёр цагдааг зодчихоод зугтаачихсан. ...Буяннэмэх хоёр цагдаагийн алба хаагч “гэртээ харьцгаа, хаагуур юу хийгээд яваад байна, эртхэн гэртээ харь” гэж хэлсэн” ...гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/

            Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Мандал сумын Шүүх шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Г.Ган-Эрдэнийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 87 дугаартай “1. О.Бямбацогийн биед зүүн нүдний доод зовхинд цус хуралт, толгойн хуйх, зүүн нүдний дээд зовхины гадна хэсэг, доод зовхины гадна хэсэгт зулгаралт, зүүн нүдний дээд зовхины гадна хэсэг, доод зовхины гадна хэсэгт зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон. 2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” ...гэх дүгнэлт /хх-ийн 26-27-р тал/ ,

Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Мандал сумын Шүүх шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Г.Ган-Эрдэнийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 88 дугаартай “1. Ж.Түмэндэмбэрэлийн биед дээд уруулын баруун дотор талд язралт, гадна талд зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” ...гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р тал/,

Мөрдөгчийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл”, “Сити” зочид буудлын гадна талын хяналтын камерын бичлэгт 2024 оны 03 дугаар сарын 11-ний шөнийн 02 цаг 30 минутаас 02 цаг 43 минутын хоорондох ертөнцийн зүгээр баруун тийшээ харсан, гадна байрлах 1 ширхэг хяналтын камерт үзлэг хийхэд “иргэн ******* нь цагдаа-зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Ж.Түмэндэмбэрэл, цагдаа жолооч, цагдаагийн ахлагч О.Бямбацог нартай ноцолдож, зууралдаж байгаа нь мөн тухайн хоёр цагдаагийн алба хаагчийн бие эрх чөлөөнд халдаж, нүүрэн тус газарт нь цохиж байгаа зэрэг 13 минут орчмын хэрэгт ач холбогдолтой бичлэг тусгагдсан байв. Үзлэгээр “CU”-гийн гаднах хяналтын камерын бичлэгт тусгагдаагүй байв. Харин “Сити” зочид буудлын баруун тийшээ харсан гадна талын хяналтын камерт бичигдсэн байв” ...гэх тэмдэглэл /хх-ийн 39-р тал/

Мөрдөгчийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн цагдаа, зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Ж.Түмэндэмбэрэлийн тухайн үед албандаа ашиглаж байсан “Энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл”, “1. Үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сум дундын Цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Ж.Түмэндэмбэрэлээс гаргаж өгсөн. Энгэрийн камерийн бичлэг нь “20240311_024530_0000001A dddd” нэртэй бичлэг байх бөгөөд уг бичлэгийг нээхэд нийт 5 минут 00 секундын бичлэг хийгдсэн байв. Уг бичлэг нь эхлэх үед дэлгэцийн зүүн доод буланд 2024/03/11 02:45:27 гэсэн цагийг зааж эхэлж байв. Уг бичлэг эхлээд цагдаа жолооч, цагдаагийн ахлагч О.Бямбацог, түүний хажууд хар хувцастай бор царайтай, шар юүдэнтэй саарал эрээн куртик өмссөн залуу гарж байх бөгөөд а/ч О.Бямбацогтой хар өнгийн цамцтай, дотуураа цагаан өнгийн подволк цухуйсан өндөр бор царайтай “*******” гэх залуу ноцолдож байв. Уг бичлэгийн эхний 3-4 секундын хооронд а/ч О.Бямбацогийг хар өнгийн цамцтай, дотуураа цагаан өнгийн подволк цухуйсан өндөр бор царайтай “*******” гэх залуу баруун гараараа цохиж “писда минь ээ, та хоёр бол” гэж хэлээд 4-5 секундын хооронд энгэрийн камер зүүсэн алба хаагч  болох “а/а Ж.Түмэндэмбэрэл”-ийг мөн баруун гараараа цохих үед уг бичлэг хийж байсан хүн хажуугийн төмөр торон хашааг налж унав. Бичлэг хийж байсан хүн босох үед а/ч О.Бямбацог “*******” гэх залуутай зууралдсан байдалтай байх бөгөөд түүний хажууд саарал хантаазтай хар цамцтай 1, хар хувцастай бор царайтай, шар юүдэнтэй саарал эрээн куртик өмссөн 1, нийт 2 залуу зогсож байх бөгөөд а/ч О.Бямбацогийн хойноос нь хар хувцастай бор царайтай, шар юүдэнтэй саарал эрээн куртик өмссөн залуу татаж зууралдсан байдалтай албаны 09-05 СЭН улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 47- 37 дугаартай тээврийн хэрэгслүүдийн голоор орж түлхэлцэн зогсож байв. Энэ үед ******* гэх залуу “ энийг хардаа, чи муу өөрөө эхэлсэн шүү” гэх мэт үгийг  маш чангаар орилж байгаад а/ч О.Бямбацогийг цээжин тус газарт нь түлхэж ахин зууралдав. Энэ үед хойд талд “ СU “ гэсэн бичигтэй ногоон хаягтай дэлгүүрийн үүдний хэсэгт тухайн асуудал болж байгаа нь харагдаж байв. Үзлэгийг үргэлжлүүлэн явуулахад *******ийн араас хар хувцастай бор царайтай, шар юүдэнтэй саарал эрээн куртик өмссөн залуу тэвэрсэн байдалтай, урд талаас нь а/ч О.Бямбацог болон энгэрийн камер зүүсэн алба хаагч “а/а Ж.Түмэндэмбэрэл” нар зууралдсан байдалтай ноцолдож байх бөгөөд энэ үед ******* “та 2 бол, та 2 бол хэн ч биш шүү” гэх мэтээр орилж байв. Бичлэгийн 37 дахь секундээс харанхуйлж байгаад бичлэг хийсэн алба хаагчийг ******* энгэрээс нь зуурсан байдалтай ноцолдож байгаа үйл явдал гарах бөгөөд хамт явж байгаа хүмүүс нь “боль боль” гэх яриа гарч Буяннэмэх бичлэг хийж байгаа а/а Ж.Түмэндэмбэрэлтэй зууралдсан байдалтай төмөр хашааны орчим очив. Энэ үед бичлэг хийж байгаа а/а Ж.Түмэндэмбэрэл “ чи одоо цохидог болчихсон юм уу тэ” гэж ярьж байгаад 1 минут 23 секундээс хойш ******* дахиж энгэрийн камерын бичлэгт ороогүй, ямар нэгэн зүйл яриагүй болно. 1 минут 24 секундээс а/ч О.Бямбацог, бичлэг хийж байгаа а/а Ж.Түмэндэмбэрэл нар цайвар эрээн куртик өмссөн залуутай хашааны хажууд зууралдсан байдалтай үргэлжилсээр камерын бичлэг дуусав” гэх тэмдэглэл /хх-ийн 40-41-р тал/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

Нэг.Шүүгдэгч *******ийг гэм буруутайд тооцох талаар:

Шүүгдэгч ******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Сити” худалдааны төв дотор байрлах “CU” сүлжээ дэлгүүрийн урд талын авто зогсоол дээр 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 02 цагийн орчимд бусадтай маргалдаж, улмаар 24 цагийн үүрэг гүйцэтгэж байсан тус сумын Сум дундын Цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, ахлах ахлагч Ж.Түмэндэмбэрэл, жолооч цагдаа, цагдаагийн ахлагч О.Бямбацог нар нь “олон нийтийн газарт хэрүүл маргаан хийхээ боль” гэсэн хууль ёсны шаардлага тавих үед хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлсэнтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, мөн эсэргүүцэх явцдаа цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Ж.Түмэндэмбэрэлийг зодож, эрүүл мэндэд нь дээд уруулын баруун дотор талд язралт, гадна талд зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол, жолооч цагдаа, цагдаагийн ахлагч О.Бямбацогийг зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний доод зовхинд цус хуралт,толгойн хуйх, зүүн нүдний дээд зовхины гадна хэсэг, доод зовхины гадна хэсэгт зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: Хохирогч О.Бямбацогийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 10-11-р, 12-р тал/, Хохирогч Ж.Түмэндэмбэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 16, 18 -р тал/, Гэрч Б.Ёндонжамцын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 20-р тал/, Гэрч М.Азжаргалын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 22-р тал/, Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Мандал сумын Шүүх шинжилгээний дүгнэлт /хх-ийн 26-27-р тал/, Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний дүгнэлт /хх-ийн 34-35-р тал/ , Мөрдөгчийн 2024 оны 03 дугаар сарын 1-ний өдрийн Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл” /хх-ийн 39-р тал/, Мөрдөгчийн 2024 оны 03 сарын 11-ний өдрийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Ж.Түмэндэмбэрэлийн тухайн үед албандаа ашиглаж байсан “Энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл” /хх-ийн 40-41-р тал /зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг, мөн эсэргүүцэх явцдаа цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Ж.Түмэндэмбэрэлийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, жолооч цагдаа, цагдаагийн ахлагч О.Бямбацогийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Хоёр.Хохирол төлбөрийн талаар: Хохирогч Ж.Түмэндэмбэрэл, О.Бямбацог нар нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримт шүүхэд ирүүлээгүй ба энэ хэрэгт хэлэлцэгдэх мөнгөн төлбөр байхгүйг дурдах нь зүйтэй байна.

         Гурав.Шүүгдэгч Б. Буяннэмэхэд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:    

         Шүүгдэгч ******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Сити” худалдааны төв дотор байрлах “CU” сүлжээ дэлгүүрийн урд талын авто зогсоол дээр 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 02 цагийн орчимд бусадтай маргалдаж, улмаар 24 цагийн үүрэг гүйцэтгэж байсан тус сумын Сум дундын Цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, ахлах ахлагч Ж.Түмэндэмбэрэл, жолооч цагдаа, цагдаагийн ахлагч О.Бямбацог нар нь “олон нийтийн газарт хэрүүл маргаан хийхээ боль” гэсэн хууль ёсны шаардлага тавих үед хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлсэнтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, мөн эсэргүүцэх явцдаа цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Ж.Түмэндэмбэрэлийг зодож, эрүүл мэндэд нь дээд уруулын баруун дотор талд язралт, гадна талд зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол, жолооч цагдаа, цагдаагийн ахлагч О.Бямбацогийг зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний доод зовхинд цус хуралт,толгойн хуйх, зүүн нүдний дээд зовхины гадна хэсэг, доод зовхины гадна хэсэгт зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч *******эд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 /гурван мянга/ нэгж буюу 3000000 /Гурван сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 500 нэгж буюу 500000 /таван зуун мянган / төгрөгөөр торгох ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт 3500000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 36 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт хураагдсан ирсэн 1 ширхэг хуурцаг /CD/-ийг уг хэргийн хугацаа дуустал хадгалахаар зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Болор-Эрдэнэд даалгах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8  дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овгийн Батцэнгэлийн Буяннэмэхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 3000 /гурван мянга/ нэгж буюу 3000000 /Гурван сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 500 нэгж буюу 500000 /таван зуун мянган / төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дах хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 /Таван зуун/ нэгж буюу 500000 /Таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дах хэсэгт зааснаар оногдуулсан 3000 /Гурван мянган/ нэгж буюу 3000000 /Гурван сая/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн *******ийг нийт 3500000 /Гурван сая таван зуун мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан ******* нь торгох ялыг 36 /гучин зургаан/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.    

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

6.Энэ хэрэгт ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт хураагдсан ирсэн 1 ширхэг хуурцаг /CD/-ийг уг хэргийн хугацаа дуустал хадгалахаар зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Болор-Эрдэнэд даалгасугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                       Ж.ЭРДЭНЭБАТ.