Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 102/шш2021/00289

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

... шүүгч З.Доржнамжин даргалж, шүүгч Б.Азбаяр, Ж.Кульдана нарын бүрэлдэхүүнтэй шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ...нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ...холбогдох

 

Гэм хорын хохиролд 870 000 төгрөг гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч ...хариуцагч ..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Оюунтулга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би 2018 оны 9 сард Азура гэх баранд үл таних ...гэх залууд зодуулсан, улмаар миний тархи хөдөлж 3 хоног толгой бариулсан, үүнд 60 000 төгрөг орсон, мөн томограф 120 000 төгрөгөөр харуулсан, дээр нь сэтгэл санааны хохирол 500 000 төгрөг, уг этгээдийг эрэн сурвалжлуулж 76 000 төгрөг зарцуулсан, нийт 870 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ... шүүх хуралдаанд гаргасан тайлбарлахдаа:Би 2018 оны 9 сард Азура баранд үл таних ... зодуулсны улмаас миний тархи хөдөлж 3 хоног толгой бариулж 60 000 төгрөг төлсөн, ... эрэн сурвалжлуулж 70 200 төгрөг төлсөн, томографт 120 000 төгрөгөөр харуулсан байгаа, сэтгэл санааны хохирол гэж нэхэмжилсэн 500 000 төгрөгөөс татгалзаж байна.Үүнээс бусад зардлыг ... гаргуулна гэв.

 

Хариуцагч ... шүүхэд гаргасан тайлбартаа:Би 2018 оны 9 дүгээр сард Азура пабд танил дүү ... хамт ажил ярихаар орж хүн хүлээх зуур манай дүүг нэг хүүхэн дуудаж наад залуутай чинь хамт сууя ... надад ирээд эмэгтэй хүмүүс ингэж байхад тийшээ сууя гээд намайг хамт суулгасан, бид ажил ярьж байсан болохоор сонин юм яриад суулгахгүй байсан тул би буцаад суудалдаа очиж суухдаа муухай зан гаргаж хэрүүл хийгээгүй.Гэтэл араас ирж надад вино авч өг гэсэн ч би тэвчээртэй хандаж авч өгсөн, заавал надаар аягалуулна гэсэн би аягалж өгөөд бид ажил ярих хэрэгтэй байна, суудалдаа очоод суучих гэж гуйж байж явуултал хэсэг хугацааны дараа нөгөө хүүхэн чинь ирээд хамт манайх руу явна гэхээр нь хамт явахгүй гэхэд уурлаж намайг өшиглөөд юмаар ороолгоод, би цааш нь түлхэж холдуулах гэж байгаад алгадсан.Ингээд хэд хоногийн дараа цагдаад өргөдөл өгсөн байсан, энэ үйл явдлын бичлэгийг тухайн үед цагдаагийн байгууллага нотлох баримтаар шалгаж байсан.Энэ хэрэг шүүхээр эцэслэн шийдэгдэж зохих ял шийтгэлийг авч барагдуулсан, тухайн үедээ хохиролтой гээд надаас мөнгө нэхсэн ч баримт гаргаж өгөөгүй тул би төлөхөөс татгалзсан, тухайн үедээ гаргаж өгч чадаагүй баримтыг одоо гаргаж ирж байгаа нь үндэслэлгүй бөгөөд мөнгийг төлөхөөс татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч ... шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би ... эрэн сурвалжлуулахад төлсөн 70 200 төгрөг, толгой бариулсан 60 000 төгрөгийн хамт төлнө, бусдыг нь төлөхгүй гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ... нь хариуцагч ...д холбогдуулан эмчилгээ, шинжилгээний зардал 180 000 төгрөг, сэтгэл санааны хохирол 500 000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулсан зардал 76 000 төгрөг нийт 756 000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нь сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 500 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагчийг эрэн сурвалжлуулсан зардалд 70 200 төгрөг, толгой бариулсан 60 000 төгрөг, томографикийн зураг авахуулсан 120 000 төгрөг, үзлэгийн 10 000 төгрөг нийт 260 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж тайлбарлаж байна.

 

... нь Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... гэх газарт 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдрөөс 4-нд шилжих шөнө ...г хэл амаар доромжилж, усны сав шидэж биед нь халдсан шалтгаанаар маргаж, улмаар түүний нүүрэн тус газар цохиж, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нүдний дотор салстын цус хуралт бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 550 000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн болох нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ны өдрийн 316 дугаар шийтгэх тогтоолоор нотлогдож байна.

 

Хариуцагч ... нь эрэн сурвалжлуулсан зардлын 70 200 төгрөг, толгой бариулсан 60 төгрөг нийт 130 200 төгрөгийг төлнө гэж тайлбарлаж байх тул хариуцагчийн зөвшөөрсөн 130 200 төгрөгийг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Харин ... нь эмчийн үзлэг хийлгэхэд 10 000 төгрөг, томографын зураг авхуулахад 120 000 төгрөг төлсөн тухайгаа баримтаар нотлоогүй байх тул энэхүү шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанд оролцохоор томилогдсон иргэдийн төлөөлөгч... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар зохигчдын зөвшөөснөөр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулж болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан ... 130 200 /нэг зуун гучин мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан Тогоохүүгийн ... олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 130 000 /нэг зуун гучин мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч ...гаас 4556 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН

 

ШҮҮГЧИД Б.АЗБАЯР

 

Ж.КУЛЬДАНА