Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 103/ШШ2022/0087

 



 

   2022          03            03                                     103/ШШ2022/00087


 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн ............ дүгээр хороо, ..............дугаар хороолол, Ногоон нуур гудамжны ..........барилга, ........... тоотод байрлах, БФ ХХК нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн .......... дүгээр  хороо, .......дугаар байрны  .........тоотод байрлах, “Э” ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт  18.858.118 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг 2022 оны  01 дүгээр  сарын 04-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, Ж.Г хариуцагчийн төлөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд  нар оролцов. 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Б ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, Ж.Г нар  шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Э ХХК нь тус компанитай 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 41 01131102000018 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 15.000.000 төгрөгийг  сарын 3.9%-ийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд Э ХХК нь өөрийн өмчлөлийн Улаанбаатар хот, Багануур дүүрэг, .......... дугаар  хороо Нарийн нуур /12003/ гудамж, .................. тоотод байрлалтай, улсын бүртгэлийн Ү-...................0 дугаартай №..................... гэрчилгээтэй агуулах болон Улаанбаатар хот, Багануур дүүрэг, ......... дугаар хороо Нарийн нуур .......1, 1......../2 тоотод байрлалтай улсын бүртгэлийн Э-................ дугаартай №.................. гэрчилгээтэй эзэмших эрхтэй газар,  Улаанбаатар хот, Багануур дүүрэг, ........... дугаар хороо Нарийн нуур /.................../ гудамж 10/2 тоотод байрлалтай улсын бүртгэлийн Ү-.......................дугаартай №.................. гэрчилгээтэй ажилчдын байр зэргийг барьцаалсан ба барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлийн газарт бүртгүүлэн хүчин төгөлдөр болгуулж баталгаажуулсан байна. Зээлдэгч Э ХХКнь зээлийн гэрээний хавсралт болох эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлж байгаад 2020 оны 08 дугаар сараас эхлэн зээлийн төлөлт огт хийхээ больсон. Уг зээлийг манай компанийн зүгээс зээлдэгч болох "Э” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Г-ын ХАС банкны 5002824865 тоот дансанд бүрэн гүйцэд шилжүүлсэн, барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгэгдэж баталгаажсан. "Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Г нь тус зээлийг би аваагүй миний нэр дээр зээл гаргуулж, хадам аав өөр хүнд дамжуулан өгсөн гэх ойлгомжгүй зүйл  хэлдэг. Зээлдэгч компанийн захирал Б.Г-с зээлээ төлөхийг удаа дараалан хэлж шаардсан, мөн мэдэгдэх хуудас шуудангаар хүргүүлсэн. Багануур дүүрэгт байх хадам аав Н.А-рнь дамжуулан мэдэгдэх хуудас 3 удаа өгсөн ч тэрээр зээлээ төлөөгүй байна. Мөн хадам аав болох Н.А-тай удаа дараа гэрээр нь очиж уулзахад “Г бид 2 энэ зээлийг тариалсан тариагаа хураагаад мөнгийг нь хүү, алдангитай нь хамт төлнө асуудалгүй” гэж хэлсэн. Б.Г-той утсаар холбоо барихад “зээлээ мэдэж байгаа, мөнгийг нь цаашаа хадам аав дамжуулан зээлсэн учраас хамт төлнө, тариа, ногоогоо хурааж дуусгаад удахгүй хадам аав хийчих байхаа” гээд утсаа салгасан, дахин утсаа аваагүй. Ингээд хадам аав болох Н.А-тай очиж уулзахад тэрээр 2021 оны 09 дүгээр сарын 25-ны дотор үлдэгдэл зээлээ бүрэн барагдуулж төлнө гэсэн гар хүсэлт бичиж өгсөн ч төлөлгүй өнөөдрийн байдлаар 421 хоног хэтэрсэн. Зээлдүүлэгч байгууллагын зүгээс удаа дараалан Г зээлээ төлөхийг шаардсан ба 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр мэдэгдэх хуудсыг Улаанбаатар, Баянзүрх, ........ дугаар хороо Улаанхуаран гудамж ........ дугаар байр ......... тоот гэсэн зээлдэгч "Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г -ын хаяг руу Монгол шуудангаар хүргүүлсэн. 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар зээлдэгчийн зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 11.382.528 төгрөг, үндсэн хүү 6.229.658 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.245.932 төгрөг, нийт  18.858.118 төгрөгийг зээлдэгч Э ХХК нь Зээлийн гэрээний 4 дэх хэсгийн 4.1-р заалт, Иргэний хуулийн 451.1, 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21.2, 21.4, 22.1 дэх заалтуудын дагуу төлөхөөр байна. Иймд гүйцэтгээгүй үүрэг 18.858.118 төгрөгийг зээлдэгч "Эскиз” ХХК-иас гаргуулж, Б ББСБ ХХК-д олгож, компанийг хохиролгүй болгож өгнө үү. Хариуцагчийн тайлбараас харахад зээл авснаа хүлээн зөвшөөрөөд байна. Авсан мөнгөө өөр хүнд өгнө үү, хэн нэгэн найзынхаа өрийг дарна уу, буяны ажилд зарцуулна уу манайд хамааралгүй, гэрээгээ байгуулсан, хариуцлагаа гэрээндээ тусгасан. Ковид өвчний улмаас байгууллага аж ахуйн нэгжүүдийн ашиг орлого буурсан гэдгийг мэдэж байгаа, гэхдээ хэвийн ажилласан байгууллага ч байгаа. Үнэхээр ашиг орлого тасалдсан, доголдсон талаар ямар ч нотлох баримт байхгүй, энэ талаар манайд хүсэлт гаргасан юм огт байхгүй, хэрвээ гаргасан бол өөр шийдэлд хүрэх байсныг үгүйсгэхгүй. Эднийх 2020 оны 08 сараас зээлээ төлөхгүй байж байгаад 10 сард 2.000.000 төгрөг төлсөн байгаа. С.А-тай уулзахад хавар санхүүжилт орохоор хийнэ гэж хэлсэн, хавар нь уулзахад ногоон тэжээл тарьсан, намар хураагаад өгнө гэж хэлсэн учраас шүүхэд хандахгүй хүлээгээд байсан, манай байгууллага ногоон тэжээлийг нь худалдаж авъя гэсэн санал хүртэл тавьсан, гэтэл хямд үнээр өгөхгүй гээд байсан, бид нар Б.Г-оос нэхэж болно, хадам аав авсан гээд байхаар нь бид хадам аавтай нь уулзаад нэхээд явсан, хэзээ ч төлөхгүй гэсэн хариу өгч байгаагүй, төлнө гээд байсан,  манай зүгээс аль болох боломж олгоод явсан гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Манай компани нь Б ББСБ-аас 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 15.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатайгаар өөрийн өмчлөлийн Улаанбаатар хот, Багануур дүүрэг, ............. дугаар хороо Нарийн нуур /1.........../ гудамж, 10/........... тоот байрлалтай, улсын бүртгэлийн Ү-......................дугаартай №.................... гэрчилгээтэй агуулах болон Улаанбаатар хот, Багануур дүүрэг, ..................дугаар хороо Нарийн нуур 10/1, 10/2 тоотод байрлалтай улсын бүртгэлийн ......................... дугаартай №0.....................4 гэрчилгээтэй эзэмших эрхтэй газар, болон Улаанбаатар хот, Багануур дүүрэг, .............дугаар хороо Нарийн нуур /12003/ гудамж 10/2 тоотод байрлалтай улсын бүртгэлийн Ү-........................ дугаартай №................... гэрчилгээтэй ажилчдын байр зэргийг барьцаалан зээл авсан нь үнэн.  Уг зээлийг манай хадам аав болох С.А өөрийн хамтран ажиллагч түнш Өвөр Монголын иргэнд авч өгсөн. Би уг хүнийг танихгүй. Дээрх гадаадын иргэн нь зээлийг Б ББСБ-аас авч болох талаар өөрөө хүнээр хөөцөлдүүлж харин барьцаа хөрөнгийг манай компани гаргаж өгсөн. Энэ зээлийн асуудлын хариуцлагыг бид хүлээнэ. Дэлхий нийтийг хамарсан цар тахал Корона вирус дэгдэж бид болон улс орон даяар ажил үйлчилгээ явуулах боломжгүй, хөл хорио тогтоосон амаргүй цаг үе байсан ба одоо хүртэл үргэлжилж байна. Дээрх шалтгааны улмаас хил гааль хаагдаж хөрөнгө оруулалт зогсож уг гадаадын иргэн эргэн төлөлтөө хийхгүй тасалдсан асуудал байгаа. Б ББСБ-ын ажилтан нь надтай 2021 оны 02 дугаар сард утсаар холбогдож зээлийн төлөлтийг хий, хийхгүй бол шүүхийн байгууллагад хандана гэж хэлсэн. Миний зүгээс шүүхийн байгууллагаар асуудлыг шийдвэрлүүлсэн нь дээр гэдэг хариу өгсөн. Зээлээс 2021 оны 3 дугаар сарын 10-нд  975.000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 15-нд 2.000.000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 09-нд 900.000 төгрөг,  2021 оны 10 дугаар сарын 19-нд 1.080.000 төгрөгийг тус тус төлсөн байна. 2020 оны 02 дугаар сарын 07- нд намайг эмнэлэгт хэвтэж байхад манай хадам аав ирээд гэрээн дээр гарын үсэг зураад өг гээд Багануурт ирж гарын үсэг зурсан, тэгээд 2-3 хоногийн дараа миний данс руу мөнгө нь орсон, би тэр мөнгийг хадам аавын хэлснээр Эрхээ гэдэг Өвөрмонгол хүний данс руу 3 хувааж шилжүүлсэн. Эдний байгууллагаас над руу яриад зээлээ төлөөч гэж хэлсэн, за ойлголоо хадам аав руу хэлье гээд цааш нь би хэлээд л явж байсан. Манай хадам аав ногоон тэжээл тарьсан, тэрийгээ хураагаад төлнө гэж л байсан, би байнга л зээлээ төлөөрэй гэж хадам аавдаа хэлдэг. 2020  оны 08 сар хүртэл зээл, зээлийн хүүг төлсөн, одоо нэхэмжлэлээс үндсэн зээл, үндсэн хүүг төлнө. Нэмэгдүүлсэн хүү 1.245.932 төгрөгийг зөвшөөрөхгүй, миний хувьд гэрээ байгуулсан, гарын үсэг зурсан, мөнгийг дансаараа шилжүүлэн авснаа, нэхэмжилсэн мөнгөн дүнгийн бодолт зэрэг дээр хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа. Э компани огт үйл ажиллагаа явуулдаггүй, “Х” тайлан гаргадаг. Хадам аав гуйж байгаад л ийм гэрээ байгуулсан. Зээлээ төлөхгүй байхад 2020 оны 09 сард шүүхэд өгөхгүй яагаад яваад байсан юм бэ, би зээл авах баримтыг бүрдүүлээгүй, хадам аав л бүрдүүлсэн, гэрээнд л гарын үсэг зурсан. Барьцаа хөрөнгө нь хадам аавынх өөрийнх нь, ногоон тэжээлээ зарсан үгүйг мэдэхгүй,  над руу ойролцоогоор 10 орчим удаа ярьж зээлээ төл гэж хэлж байсан, гэрээн дээр хэдэн хувийн хүү төлөх, нэмэгдүүлсэн хүү төлөх талаар тусгасан талаар би сайн мэдэхгүй гэв.

 

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: "Э” ХХК-тай 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулан 15.000.000 төгрөгийг  сарын 3.9%-ийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээл 11.382.528 төгрөг, үндсэн хүү 6.229.658 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.245.932 төгрөг, нийт  18.858.118 төгрөгийг төлөх үүрэгтэй” гэж тодорхойлсон.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 11.382.528 төгрөг,  хүү 6.229.658 төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрч, нэмэгдүүлсэн хүү 1.245.932 төгрөгийг төлөхгүй гэх үндэслэлээ “Дэлхий нийтийг хамарсан цар тахал Корона вирус дэгдэж  улс орон даяар ажил үйлчилгээ явуулах боломжгүй, хөл хорио тогтоосон, хил гааль хаагдаж хөрөнгө оруулалт зогсож, гадаадын иргэн эргэн төлөлтөө хийхгүй тасалдсан ” гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгчээс 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ, мэдэгдэх хуудсууд, 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 15.000.000 төгрөг олгосон баримт, Э ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр, Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлт, зээл авахыг хүссэн өргөдөл, С.А-ын 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан хүсэлт, Э  ХХК-иас Б ББСБ руу төлсөн зээлийн дүнгийн дэлгэрэнгүй тооцоолол зэрэг баримтуудыг, хариуцагчаас Улсын бүртгэлийн гэрчилгээ, “Э” ХХК-ийн дүрэм зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

            Шүүх хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад:                        

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Б ББСБ нь хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 18.858.118 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч “Э” ХХК-ийн төлөөлөгч Б.Г нь нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 11.382.528 төгрөг,  хүү 6.229.658 төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрч, нэмэгдүүлсэн хүү 1.245.932 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна. 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад болон хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо.

 

Зохигчдын хооронд 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчид 15.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3.9 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр, зээлийг бэлэн бусаар зээлдэгч Г -ын Хас банкны ........................ тоот дансанд шилжүүлэхээр, зээлдэгч компани нь зээлийн гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл, хүүгийн төлбөрийг  бүрэн төлж барагдуулах үүрэг хүлээсэн ба гэрээнд заасан хугацаанд үндсэн зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг зээлийн хүүгийн 20 хувиар тооцож төлөхөөр тохиролцож, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Улаанбаатар хот, Багануур дүүрэг, ................ дугаар хороо, ....................нуурт байрлах агуулах, газар, ажилчдын байр  зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг  барьцаалсан байна.

 

 Гэрээний дагуу зээлдүүлэгч нь 15.000.000 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр зээлдэгч Г -ын .........................5 тоот дансанд шилжүүлсэн,   зээлдэгч зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсгээ зурж баталгаажуулсан болох нь зээлийн болон барьцааны гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, 15.000.000 төгрөг олгосон баримт зэргээр тогтоогдсон, талууд гэрээ байгуулагдсан, 15.000.000 төгрөг шилжүүлсэн, хүлээн авсан, одоо зээлийн үлдэгдэл 11.382.528 төгрөг, үндсэн хүү 6.229.658 төгрөг үлдсэн гэдэгт маргаагүй болно. /хх-ийн 6-14 дүгээр тал/

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн  451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452.2-т заасан шаардлагуудыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байх ба мөн хуулийн 451.1, 453.1-д зааснаар нэхэмжлэгч зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй, хариуцагч нь гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3-т “Зээл хүүгийн төлбөрийг хавсралт 1-д заасан хуваарийн дагуу төлнө. Хавсралт  1 нь гэрээний салшгүй хэсэг байна.”, 1.4-т “Зээлийг нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар төлнө. Нэмэгдүүлсэн хүүг Монгол улсын Иргэний хуулийн 452.2-т зааснаар зээлийн хүүгийн 20 хувиар тооцно”, 3.2.1-т “Зээлдэгч нь үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөх үүрэгтэй”, 3.2.2-т “ Хэрэв хугацаа хэтрүүлсэн бол хуульд зааснаар нэмэгдүүлсэн хүүг гэрээнд заасан хувиар төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар хариуцагч нь үндсэн зээлийн үлдэгдэлд 11.382.528 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хугацааны хүүд 6.229.658 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1.245.932 төгрөг, нийт 18.858.118 төгрөгийг төлөх үүрэгтэй  байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүү 1.245.932 төгрөгийг төлөхгүй гэх үндэслэлээ “Дэлхий нийтийг хамарсан цар тахал Корона вирус дэгдэж  улс орон даяар ажил үйлчилгээ явуулах боломжгүй, хөл хорио тогтоосон, хил гааль хаагдаж хөрөнгө оруулалт зогсож, гадаадын иргэн эргэн төлөлтөө хийхгүй тасалдсан ” гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагчийн зүгээс нэмэгдүүлсэн хүүг төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэх хүндэтгэн үзэх шалтгаантай байснаа баримтаар нотлоогүй, хууль буюу гэрээнд зааснаар нэмэгдүүлсэн хүү төлөхөөс хариуцагчийг чөлөөлөх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай баримт мэдээллийг нотлох баримт гэх бөгөөд шүүх хэргийн оролцогчдоос гаргасан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж үнэлэв. 

             

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгийн хураамжид төлсөн 252.240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 252.240 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заасныг баримтлан хариуцагч “Э” ХХК-иас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 18.858.118 /арван найман сая, найман зуун тавин найман мянга, нэг зуун арван найман/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б ББСБ ХХК-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 252.240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Э” ХХК-иас 252.240 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.ЦЭЦЭГДУЛАМ