Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 1219

 

2020          09            22                                         2020/ДШМ/1219

Б.Бт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Энх-Амгалан,

шүүгдэгч Б.Б,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 2020/ШЦТ/658 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Бийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2009000330644 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржав илтгэснээр хянан хэлэлцэв.

........., 19........ оны ..... дугаар сарын ...........-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, “VCH трейд” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Голомт хотхоны Е44 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:............../,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан;

Б.Б нь 2019 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Войд” төвд “чиний хүмүүс намайг алах гэлээ, захиалгаар чи намайг алах гэлээ” гэх шалтгаанаар Д.Гантулгыг толгойн тус газар нь цохиж, үсдэж, нүүрэнд нь өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь биед тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, хүзүүний зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ...........................ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлаж, Б.Б нь хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Д.Гантулга нь өөрт учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж, шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие “VCH трейд” ХХК-ийн ерөнхий захирлаар 2018 оноос ажиллаж байна. Бусдад объектоо түрээслүүлж байх хугацаанд үйлчлүүлэхээр ороход түрээслэгч Д.Гантулга, Эрдэнэбаатар нарын удирдлага дор ажиллаж байсан залуучууд хувцасны өрөөнд үйлчлүүлэгчийг зодож байсан. Тухайн үед хамгаалалтын албаныхан намайг объектийн эзэн гэдгийг мэдэхгүй учир шаардлага тавихад гадагшаа өргөж гаргаад дагзаар савуулсан. Дахин шаардлага тавихаар ороход хамгаалалтын албаны дарга болон Д.Гантулга “наадхаа гаргаад хая” гэдэг үүрэг өгсний дагуу 7-8 залуучууд энд тэндээс баглаж битүү цохиж зодсон. Д.Гантулгын гомдолд дурдсан зүйл шиг гэмтэл бэртэл авахаар тийм асуудал огт болоогүй бөгөөд шүүх эмнэлгийн дүгнэлтийг ямар журмаар хөнгөн зэрэгтэй гаргуулсанд эргэлзэж байна. Миний бие иргэний үүргээ биелүүлж, хууль ёсны шаардлага тавьсаны төлөө бусдад доромжлуулж, бие эрхтэнээрээ хохироод байхад шүүх өнөөдөр гэм буруутайд тооцож байгаад гомдолтой байна. Шүүх хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Хохирогч тал хэдийгээр гомдолтой гэж байгаа боловч би өөрөө бас хохирогч бөгөөд энэ асуудал шалгагдаад явж байна. Би ажил олгогч хүн бөгөөд 100 гаруй өрх гэрийг авч явж байгаа бөгөөд 400 цагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл авсандаа гомдолтой байна. Би нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх боломжгүй байгаа тул надад оногдуулсан ялыг 1.000.000 төгрөгөөр торгох ялаар өөрчилж өгнө үү.” гэв.

Прокурор Ж.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Б.Бийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгч нь анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байсан ч давж заалдах шатны шүүхэд гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцож байна. Анхан шатны шүүх шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан хууль зүйн үндэслэлээ шийтгэх тогтоолд тодорхой дурдсан. Шударга ёсны зарчим, гэм буруугийн зарчмыг баримтлан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нь хохирогчид ямар ч шалтгаангүйгээр “танай ажилтнууд намайг алах гэлээ, чи намайг алах гэлээ” гэж зүгээр байсан хүнийг зодсон байдаг. Хэдийгээр хохирол төлбөргүй гарсан боловч Б.Бийн зүгээс хохирол төлбөр төлөх талаар ямар нэг санаачилгатай ажиллагаа хийсэн зүйл байдаггүй. Энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж, шүүх ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Б.Б нь 2019 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Войд” төвд “чиний хүмүүс намайг алах гэлээ, захиалгаар чи намайг алах гэлээ” гэх шалтгаанаар Д.Гантулгыг толгойн тус газар нь цохиж, үсдэж, нүүрэнд нь өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь биед тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, хүзүүний зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Гантулгын “...2019 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Войд” төвд шинэ жилийн арга хэмжээ болсон. Шинэ жилийн арга хэмжээ дуусаж байтал гадаа “VCH трейд” ХХК-д захирал хийдэг Батбилэг гэх залуу хамгаалалтын албаны залуучуудтай маргалдаж байсан. Би очоод маргааныг таслан зогсоогоод Батбилэгийг явуулсан. Ажлын газар руугаа ороод үйл ажиллагааг зогсоочихоод гараад иртэл Батбилэг буцаад ирчихсэн хамгаалалтын албаны ажилчидтай маргалдаад хамгаалагч нарыг цохиод алгадаад байсан. Би очоод салгаад хамгаалагч нарыг явуулсан. Батбилэг “чиний хүмүүс намайг алах гэлээ, захиалгаар чи намайг алах гэлээ” гэж хэлээд шанаан тус газар цохисон. Үсдэж байгаад нүүр рүү өшиглөсөн. ...” /хх 8-11/,

гэрч Б.Балжиннямын “...Тухайн үед Батбилэг, Гантулга нарыг нэг хамгаалагчийн хамт эрүүлжүүлэх байранд авчихаар машинд суулгаад явж байх хооронд Батбилэг нь Гантулгыг гараараа нуруу хэсэг рүү нь толгойг нь тонгойлгож байгаад “үзэх үү чи” гээд цохиод байх шиг байсан. ...” /хх 26/,

шинжээч Т.Амартүвшингийн “...Тархи доргилт гэмтэл нь толгойг дарж, үснээс зулгааж, сэгсрэх, дарах үед үүсэх боломжтой бөгөөд дангаараа болон зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэлтэй нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тархи доргилт гэмтэл хүчтэй угзрах, татах үед үүсэх боломжтой. Хэрэг учрал болсон үед үүссэн байх боломжтой гэмтэл байна. ...” /хх 18/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 534 дугаартай “...Д.Гантулгын биед тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, хүзүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой. ...” /хх 16-17/ гэх дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн, шүүгдэгч Б.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

            Шүүгдэгч Б.Бийг иргэн Д.Гантулгын толгойн тус газар нь цохиж, үсдэж, нүүрэнд нь өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь биед тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, хүзүүний зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүхээс Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирчээ.

Шүүгдэгч Б.Б “...нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх боломжгүй байгаа тул надад оногдуулсан ялыг 1.000.000 төгрөгөөр торгох ялаар өөрчилж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заажээ.

Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө хуулийн дагуу эрх чөлөөний хязгаарлалт тогтоох замаар цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хуулийн үндэслэлгүй байна.

            Иймд, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 2020/ШЦТ/658 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 2020/ШЦТ/658 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                    ШҮҮГЧ                                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                                        Д.МЯГМАРЖАВ