Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
Хэргийн индекс | 128/2017/0410/З |
Дугаар | 128/ШШ2017/0680 |
Огноо | 2017-09-15 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 128/ШШ2017/0680
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Д даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: О.Л
Хариуцагч: Хан-Уул дүүргийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “...Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/22 дугаартай “О.Л ийг ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгуулах”
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Л шүүхэд гаргасан нэхэмжлэл түүний хууль зүйн үндэслэлээ:
“....О.Л миний бие Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/22 тоот захирамжаар Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны даргаар томилогдож ажиллан ажил үүргээ хариуцлагатай гүйцэтгэж байсан бөгөөд Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээгээ А, Б үнэлүүлж байсан. Гэтэл 2016 оны сонгуулийн үр дүнгээр шинээр томилогдож ирсэн Засаг дарга Ж.А нь үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн.
Иймд Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/22 тоот захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговрыг гаргуулж олгуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийлгэж баталгаажуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний хууль зүйн үндэслэлээ:
“... О.Л нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх заалт болон Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 40 дэх заалт буюу Удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэлтэй иргэн өмнөх сонгон шалгаруулалтад өрсөлдсөн албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд энэ журмын 39-д заасан хугацааны дотор шууд нэр дэвших эрхтэй.
Харин өмнөх сонгон шалгаруулалтад өрсөлдсөнөөс өөр албан тушаалд ажиллахыг хүсвэл сонгон шалгаруулалтад дахин орно гэсэн заалтыг зөрчин удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад оролгүйгээр Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны даргаар томилогдон ажиллаж байсан.
Энэхүү байдлыг үндэслэн ажлаас чөлөөлөх мэдэгдлийг гардуулан өгсний үндсэн дээр О.Л-ийг ажлаас чөлөөлөх тухай Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/22 тоот захирамж гарч үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
Иймд иргэн О.Лийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэлийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч О.Л ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч О.Л тус шүүхэд хандаж “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/22 дугаартай “О.Л ийг ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрхи нэхэмжлэлийн шаардлагаа “...урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгуулах”-аар нэмэгдүүлсэн ба шаардлагын үндэслэлээ “...ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байсан...Төрийн албаны тухай хуульд заасан ажлаас халах үндэслэл үүсээгүй...” гэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “...төрийн албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтанд ороогүй атлаа ажилд томилогдсон нь үндэслэлгүй” гэж тус тайлбарлан мэтгэлцэж байна.
Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/22 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31.1.8, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 40 дэх заалтыг тус тус үндэслэн “Удирдах албан тушаалд сонгон шалгаруулалтгүй ажиллаж байсан” гэх үндэслэлээр О.Лийг 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөр тасалбар болгон тус дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны даргын үүрэгт ажлаас чөлөөлжээ.
Нэхэмжлэгч О.Л ийг 2013 оны 02 дугаар сарын 20-ний өдрөөс Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Г-ийн гаргасан Б/12 дугаар захирамжаар тус дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны даргаар томилсон, түүний сарын үндсэн цалин ТЗ-7-1 ангиллаар 514 103 төгрөг байсныг мөн дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/19 дугаар бүхий “Цалинг шинэчлэн тогтоох тухай” захирамжаар түүний цалинг ТЗ-7-5 ангиллаар, 733863 төгрөгөөр тогтоосон байна.
Хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл Нийслэлийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/03 дугаар бүхий “Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны үлгэрчилсэн жагсаалтыг батлах тухай” захирамжаар Дүүргүүдийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд ажиллах харьяа байгууллагуудыг тогтоосны дотор Худалдан авах ажиллагааны алба орсон, нэхэмжлэгч О.Л ажиллах хугацаандаа төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж байсан үйл баримтууд тогтоогдов.
Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө” гэж, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.9-д зааснаар “төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын ажлыг арга зүй, зохион байгуулалтын удирдлагаар хангах” нь Төрийн албаны зөвлөлийн үүрэг байхаар тус тус зохицуулсан байна.
Түүнчлэн хуулийн дээрхи заалтыг нарийвчлан зохицуулсан Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 14-д “энэ журмын 11-д зааснаас бусад төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд нь...2-оос доошгүй хүнийг сонгон шалгаруулж... албан тушаал дэвшүүлэх замаар нөхөж болно,...боломжгүй бол ...нөөцөөс нөхөж болно,...боломжгүй бол сонгон шалгаруулах захиалгыг ажлын байрны тодорхойлолтын хамт Төрийн албаны зөвлөлд ирүүлнэ” гэж, мөн журмын 38-д “сонгон шалгаруулалтанд ороогүй иргэнийг төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилохгүй” гэж тус тус заажээ.
Хуулийн болон журмын дээрхи заалтуудаас үзвэл тухайн сул орон тоонд захиалга өгөх, сонгон шалгаруулалтанд ороогүй бол томилохгүй байх нь ажилтныг ажилд томилох эрх бүхий этгээдийн үүрэг, харин уг захиалгын дагуу төрийн албаны мэргэшлийн шалгалт явуулах үүрэг нь Төрийн албаны зөвлөлийн эрхлэн хариуцах ажиллагаа байх тул нэхэмжлэгчийг “...удирдах албан тушаалд сонгон шалгаруулалтгүй ажиллаж байсан” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн Дүүргийн Засаг даргын захирамж бүхэлдээ хууль бус байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс журмын 38-д “сонгон шалгаруулалтанд ороогүй иргэнийг төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилохгүй”, мөн журмын 40-д “удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэлтэй иргэн өмнөх сонгон шалгаруулалтад өрсөлдсөн албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд...шууд нэр дэвших эрхтэй, харин...өөр албан тушаалд ажиллахыг хүсвэл сонгон шалгаруулалтанд дахин орно” гэж заасныг нэхэмжлэгчийн үүрэг, энэ үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл журмын дээр дурдсан заалтуудыг нэхэмжлэгчид хамааруулан түүнийг буруутгаж байгаа хариуцагчийн тайлбар үндэслэл нь ойлгомжгүй байх бөгөөд нэгэнт томилогдон зохих журмын дагуу ажил, үүргээ гүйцэтгэж байгаа тохиолдолд төрийн албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан үндэслээр төрийн албанаас халах, мөн хуулийн 26 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэлээр төрийн албанд эргэж орох эрхгүйгээр халахаас өөр бусад байдлаар ажлаас халах үндэслэлийг хуульд заагаагүй.
Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “төрийн албаны тухай хуулийн дараахь зүйл, заалтыг зөрчсөн этгээд, төрийн албан хаагчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дор дурдсан шийтгэлийг шүүгч ногдуулна” гэж, 41.1.1-д “төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоонд иргэнийг авч ажиллуулахдаа энэ хуулийн 17.1, 17.4-д заасныг зөрчсөн албан тушаалтныг 25000-40000 төгрөгөөр торгох” гэж зааснаас үзвэл энэ тохиолдолд гэм буруутай этгээд нь сонгон шалгаруулалтанд ороогүй иргэнийг авч ажиллуулах шийдвэр гаргасан албан тушаалтан байхад нэхэмжлэгчийг энэ үндэслэлээр буруутган ажлаас чөлөөлж байгаа нь хууль бус гэж шүүх үзлээ.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
Төрийн албаны тухай 17 дугаар зүйлийн 17.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1-т тус тус заасныг баримтлан О.Л ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/22 дугаартай “О.Л ийг ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгож, О.Л ийг урьд эрхэлж байсан тус дүүргийн Худалдан авах ажиллагын албаны даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан О.Л ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Хан-уул дүүргийн Засаг даргад даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Л оос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хан-уул дүүргийн Засаг даргаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.Д