Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 223/МА2018/00028

 

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 23 өдөр

       Дугаар 223/МА2018/00028

 

Ж.Г-н нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 151/ШШ2018/01023 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ж.Г-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч ЗМ-ХТГ-т холбогдох,

“Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай” тухай иргэний хэргийг хариуцагч А.Шаравнямбуу болон түүний өмгөөлөгч А.Мөнхтулга нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Г, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар, хариуцагчийн төлөөлөгч А.Шаравнямбуу, хариуцагч байгууллагын өмгөөлөгч А.Мөнхтулга, нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, нар оролцов.

 

  Нэхэмжлэгч Ж.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Би 1993 оноос 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Зуунмод сумын Хот тохижуулах газрын хогийн цэгийн сахиулаар тасралтгүй ажилласан. ...ЗМ-ХТГ  дарга Шаравнямбуу нь 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр ажлаас үндэслэлгүй халж түүнээс хойш өнөөдрийг хүртэл 3 сар 15 хоног ажилгүй хохироож байгаа учир нэг сард 415 496 төгрөгийн цалинтай тул 1 454 236 төгрөг гаргуулах, мөн Хот тохижуулах газрын  хогийн сахиулын ажилд Ж.Г -ийг эргүүлэн тогтоолгох хүсэлт гаргаж байна.” гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч А.Шаравнямбуу шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1 дэх заалтаар байгууллагын хэвийн ажиллагааг алдагдуулахад хүргэсэн урьдчилан мэдэгдэх боломжгүй бодит нөхцөл байдал бий болсон тохиолдолд ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээнд заагаагүй өөр ажилд шилжүүлж болно гэснийг үндэслэн Тус байгууллага улсын төсвөөс 482 сая төгрөгийн санхүүжилтийг авч, хог хаягдлын хураамж 68.2 сая төгрөгийн орлого оруулснаар жилийн санхүүжилт бүрддэг.

Энэ орлогыг оруулахад хогийн сахиул хамт үүрэг гүйцэтгэх ёстой. Шударга үнэн зөв харьцаатай шаардлага өндөр боловсролтой байхыг шаардана. Хог тээвэрлэж ирсэн машины гэрээг шалгаж хүчин төгөлдөр гэрээ эсэх, хоног хугацааг уншиж шалгах боломжгүй тохиолдолд бэлэн мөнгөний баримтаар хураамжийг авах шаардлага гардаг. Энэ 2 талдаа санхүүгийн баримт болно гэсэн үг. Манай байгууллага хогийн цэгт 1 м3 хогийг 5900, хово хогийг 118,000 төгрөгөөр хураамж авч хогийг хогийн цэгт буулгаж, түрж булж тэгшилдэг. Үүнд асар их хариуцлага ажлыг цаг ашиглалт сайн байхыг шаарддаг. Нэг машин хог мэдэгдэлгүй буулгаснаар байгууллагад ямар их алдагдал гарах нь тодорхой. Сахиулаар ажиллаж байх хугацаандаа Ж.Г  нь нэг ч төгрөгийн орлого оруулаагүй. Энд ихээхэн ашиглалт хэлбэр харагддаг. 118,000 төгрөгийн хураамж авах ёстой машинаас 20,000 төгрөг манай хогийн сахиул авсан гэдэг.

Байгууллагын жолооч нарын рейсийг цаг минутаар бүртгэж ачсан, ачаа ахуйн хог барилгын хог, бууц, аюултай хогийг ялгаж заасан хуудсанд гарын үсэг зурах ёстой. Өглөө бүр санхүүд мэдээлэл өгч дараа өдрийн шатахуунаа хуваарилдаг. Ж.Г  ажлын талбарт байхгүй гарын үсэг байхгүй гэсэн замын хуудас ирдэг. Жолооч нар өөрийн ажлаа мэдэж дундуур ачих рейсийн тоог нэмэх асуудал их гардаг. Ж.Г ийг ажилд авах боломжгүй байгаа шалтгаан нь:

1. Зөвшөөрөгдсөн 18 га-г 31.5 га болгон тэлж байгаль орчинд асар хор хөнөөл учруулсан.

2. Иргэдээс бэлэн мөнгө баримтгүй авсан зэрэг гомдол байнга гардаг.

3. Бичиг үсэг мэдэхгүй учир харилцагч байгууллагад баримтын шаардлага хангадаггүй.” гэжээ.

 

 Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар  Ж.Г /РД:НС64100275/-ийг Төв аймгийн Зуунмод сумын Хот тохижуулах газарт хогийн цэгийн сахиулын ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалин олговорт 1,454,236 төгрөгийг хариуцагч Төв аймгийн Зуунмод сумын Хот тохижуулах газраас гаргуулан нэхэмжлэгч Ж.Г т олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар Ж.Г-н нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилтийг хийж, баталгаажуулахыг Төв аймгийн Зуунмод сумын Хот тохижуулах газарт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 38,217 төгрөгийг Төв аймгийн Зуунмод сумын Хот тохижуулах газраас гаргуулж улсын төсвийн орлогод оруулж,

 Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, энэ шийдвэр нь уншиж сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдэж,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

 Хариуцагчийн төлөөлөгч А.Шаравнямбуу гаргасан давж заалдах гомдолдоо: “Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.09.26-ний өдрийн 151/ШШ2018/01023 дугаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх. хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд: Шүүхийн шийдвэрээр Ж.Г-н нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа өмнө нь буюу 3 сарын өмнө ажиллаж байсан хогийн сахиулын ажилд эгүүлэн тогтоосон нь үндэслэлгүй юм. Учир нь 2018.03.12-ны Б/13 тушаалаар ачигчийн ажилд шилжүүлсэн энэ ажлаа хийж байгаад 2018.04.13-нд сахилгын шийтгэл ногдуулж дахин сахилгын зөрчил гаргасан үндэслэлээр 2018.06.04-ны өдрийн Б/21 тушаалаар ажлаас нь халсан. Дээрх 2 тушаал хүчин төгөлдөр байгаа бөгөөд түүний хөөн хэлэлцэх хугацаа дууссан болно. Тэгэхээр хамгийн сүүлд ажиллаж байсан ачигчийн ажилд авах эсэх асуудал маргааны гол сэдэв юм. Мөн ажлаас халсан тушаалыг хүчингүй болгосон юм бол тэр тушаалд ачигчийн ажлаас халсан болохоос хогийн сахиулын ажлаас халаагүй болно. Шүүхийн шийдвэрт хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь өмнөх ажилд тавих үндэслэл болсон гэж үзжээ. Гэтэл нэхэмжлэгч ачигчийн ажилд шилжүүлсэн талаар гомдол гаргалгүй өөрөө хүлээн зөвшөөрч 3 cap гаран ажиллаж цалингаа авч байсан нь тогтоогдож байхад хөдөлмөрийн гэрээний асуудлаар харилцан тохиролцсон эсэх асуудлыг шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, 21.6, 21.7 дугаар заалтуудыг удирдлага болгон шийдвэрлэх ёстой байсан. Хөдөлмөрийн гэрээний асуудлаар харилцан тохиролцсон эсэх асуудлыг Монгол Улсын Дээд Шүүхийн 2006.07.03-ны өдрийн "Хөдөлмөрийн тухай хуулийн зарим, зүйл заалтыг тайлбарлах тухай" тогтоолоор тайлбарласан байдаг. Тухайлбал 2 дахь заалтад мөн хуулийн 21.3-т заасан "хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийн аль нэгийг тохироогүй бол", "Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлсэн тохиолдолд тэдний хоорондох маргааныг   хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь ажилтны  буруугаас  болсон  нь  тогтоогдвол шийдвэрлэнэ" гэснээр  шүүхийн хэлэлцүүлгийн явцад ажилтан хөдөлмөрийн гэрээ байгуулахаар олон удаа дуудсан ирээгүй. ажилтан ч өөрөө би байгуулаагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн нь ажилтны буруугаас болсон гэж үзэх үндэслэлтэй юм. Цаашлаад мөн хуулийн 21.6-д заасан "Бусад нөхцөл" гэдгийг тайлбарт "хөдөлмөрийн гэрээний болон ажил үүрэг гүйцэтгэж эхлэх хугацаа, нэмэгдэл хөлс. шагнал урамшуулал, бүх төрлийн хөнгөлөлт, тэтгэмж журам, ажил. амралтын цаг. тэдгээрийн үргэлжлэх хугацаа, хөдөлмөрийн сахилга, эд хөрөнгийн хариуцлага. ажилтны эрх зүйн болон хувийн байдлын онцлог холбоотой асуудлын талаар талууд харилцан тохиролцсоныг хамаатуулан ойлгоно" гэсэн нь ажилтан ачигчийн ажилд томилогдоод дээрх бүх ажлын цаг бусад нөхцөлийн талаар тохирсон байж энэ ажлыг 3 cap хийсэн байх тул тохиролцсон гэдэг нь нотлогдон тогтоогдож байна. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гарын үсгийн асуудлаар мөн хуулийн 21.7-д заасныг тайлбарлахдаа "Ажилтан болон ажил олгогч амаар тохиролцсон дагуу ажилтан үүргээ гүйцэтгэж эхэлсэн ба хөдөлмөрийн гэрээг бичгээр нөхөн байгуулахаар харилцан тохиролцсон нөхцөлд хөдөлмөрийн эрхийн харилцаа амаар тохиролцсон үеэс эхэлсэн гэж тооцож болно" гэсэн тэгэхээр ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхлээд 3 cap болж ачигчийн ажлыг харилцан тохиролцож хийсэн байна. Дээрхээс хууль зүйн дүгнэлт хийхэд шүүхийн хүчингүй болгосон тушаалд ачигчийн ажлаас халсан байхад нэхэмжлэлийн шаардлага нь хогийн сахиулын ажилд томилуулах гэснээр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх боломжгүй байсан, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй хэдий ч ажилтны буруугаас болсон бөгөөд ажилтан шилжүүлсэн ажлыг гүйцэтгэж байсан зэрэгт шүүх дүгнэлт өгч хууль ёсны үндэслэлтэй шийдвэр гаргаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд шүүхийн шийдвэр нь хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.09.26-ний өдрийн 151/ШШ2018/01023 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан, хэргийн оролцогчоос гаргаж шүүхэд ирүүлсэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор  харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд заасан журмыг бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлын үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Нэхэмжлэгч Ж.Г анх шүүхэд гаргасан нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Хот тохижуулах газрын хогийн ачигчийн  ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 415 496 төгрөгийг хариуцагч байгууллагаас  гаргуулах гэж тодорхойлж, шаардлагын үндэслэлдээ хариуцагч байгууллагын дарга нь 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ажлаас үндэслэлгүй халсан гэжээ.

 

Хариуцагч ЗМ-ХТГ  төлөөлөгч /байгууллагын дарга/ А.Шаравнямбуу шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй татгалзсан байна.

 

 Нэхэмжлэгч Ж.Г-н  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 09 дүгээр сарын 19-нд “нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах тухай” гэсэн баримтад ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1 454 236 төгрөг нэхэмжилж шаардлагаа нэмэгдүүлсэн байхаас гадна урьд эрхэлж байсан хогийн ачигчийн ажилд эгүүлэн тогтоолгох гэсэн үндсэн шаардлагаа ЗМ-ХТГ  хогийн сахиулын ажилд эгүүлэн тогтоолгох гэж өөрчилсөн агуулга  тусгагджээ. /хх-ийн 98-р тал/

 

Анхан шатны шүүх дээрх баримтыг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн болон өөрчилсөн шаардлага мөн эсэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу зөв тодорхойлохгүйгээр шүүхийн шийдвэрт анх шүүхэд дээрх шаардлагыг гаргасан байдлаар тусгасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3., 118.4 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Ж.Г ийг ажлаас халж, хөдөлмөрийн эрх зүйн харилцааг дуусгавар болгохоор ажил олгогчийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/21 дугаар тушаал гарах үед Ж.Г  нь Төв аймгийн Хот тохижуулах газарт ачигчаар ажиллаж байсан үйл баримтыг талууд маргаагүй байна.  Энэ ажилд нэхэмжлэгч нь ажил олгогчийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар хогийн цэгийн диспетчерийн /хогийн цэгийн сахиул/ ажлаас шилжүүлэн томилогджээ./хх-ийн 22-р тал/.

 

     Ажил олгогчийн гаргасан хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай холбоотой аливаа  тушаал, шийдвэр нь  ажил олгогч болон ажилтны хооронд үүссэн  хөдөлмөрийн эрх зүйн харилцааг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгоход чиглэгдсэн, тодорхой эрх зүйн үр дагавар үүсгэх эрх зүйн акт мөн юм.

 

Шүүх ажил олгогчийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/21 дугаартай, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2., 40 дүгээр зүйлийн 40.1.4.,131 дүгээр зүйлийн 131.1.3., Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.8., 6 дугаар зүйлийн 6.1., 6.2.1, 6.3.2, 6.4 дэх хэсгийг баримтлан “Ж.Г тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай” гэсэн тушаалыг  ажилтанг өөр ажилд шилжүүлсэн “сахилгын шийтгэл “ гэж тайлбарлагдаж байна гэсэн дүгнэлт өгсөн нь ойлгомжгүй байх бөгөөд ийнхүү үзэх болсон эрх зүйн болон бодит үндэслэлээ тодорхойлоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3. дахь хэсэгт “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэж заасан зохицуулалтад нийцээгүй байна.

 

Түүнчлэн хэргийн зохигчид дээрх тушаалаар ажилтанд өөр ажилд шилжүүлэх  сахилгын шийтгэл хүлээлгэсэн гэж  хэн алин нь тайлбар гаргаж маргаагүй, харин нэхэмжлэгч  уг тушаалаар ажлаас халсан нь үндэслэлгүй гэж үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1. дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргаж шүүхэд хандсан байна. 

 

Анхан шатны шүүхээс ажил олгогчийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/21 дугаар ажлаас халах тухай тушаалын хууль зүйн болон бодит үндэслэлийн талаар өгсөн эрх зүйн дүгнэлт  хоорондоо зөрчилтэй, ойлгомжгүй болсноос гадна нэхэмжлэгч урьд эрхэлж байсан аль ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, шүүх зохих ажиллагааг хийгээгүй нь буруу байна.

 

Шүүхээс нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг бүрэн хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй байна.

Шүүх хэргийн зохигчоос гаргаж шүүхэд ирүүлсэн нотлох баримтуудыг алийг нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэж шийдвэрийн үндэслэл болгосноо шийдвэртээ тусгахын зэрэгцээ бусад нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй гэж үзсэн эрх зүйн үндэслэлээ мөн шийдвэртээ тусгах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлэх зарчимд нийцэх юм.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн, Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн залруулах боломжгүй байна.

 

Иймд хариуцагчийн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч  нарын давж заалдсан шүүх хуулийг буруу хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарч чадаагүй, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах талаар гаргасан гомдлын үндэслэлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5., 168 дугаар зүйлийн 168.1.1., 168.1.3.-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 151/ШШ2018/01023 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагч байгууллагын төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасугай.  

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 38 220 төгрөгийг шүүгчийн захирамжаар орон нутгийн төсвийн орлогоос буцаан олгосугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Т.ЭНХМАА

   

                  ШҮҮГЧИД                                                           Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                                                           Ц.ӨРНӨНДЭЛГЭР