| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2024/0409/Э/ |
| Дугаар | 2024/ШЦТ/432 |
| Огноо | 2024-06-03 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Очгэрэл |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/432
2024 06 03 2024/ШЦТ/432
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүгч П.Ариунболд, Д.Сувд-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Будмаа,
улсын яллагч Б.Очгэрэл,
иргэдийн төлөөлөгч Г.Цэрэндорж,
шүүгдэгч Д.Л, түүний өмгөөлөгч Б.Батсүрэн,
хохирогч Д.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ............... овогт Д.Лд холбогдох эрүүгийн 2411 00621 0515 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
.................... овогт Д.Л /...................../,
Монгол улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн Баян-Улаан суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ............................................... хаягтай,
Урьд: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний 636 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хорих ялаар,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 483 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 нэгж буюу 480.000 төгрөгийн торгох ялаар,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 742 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 269 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 812 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 370 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 269 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг цагдан хоригдсон 21 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар /21х8=168/ тооцож нийт /720-168=552/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Д.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 15-656в тоотод өөрийн төрсөн дүү Д.Л “та агсам тавилаа одоо болиоч дээ” гэж хэлсэн үгэнд нь уурлаж хар өнгийн иштэй хутгаар хэвлийн баруун хэсэгт 1 удаа хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 304 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг судалсан бөгөөд
Улсын яллагчаас: шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хохирогч Д.Л мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дугаар тал/, гэрч Д.Б мэдүүлэг /хавтаст хэргийн 24, 26 дугаар тал/, насанд хүрээгүй гэрч Х.Ш мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дугаар тал/, насанд хүрээгүй гэрч Х.Н мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дугаар тал/, гэрч А.А мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дугаар тал/, Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Дугаар 2613 дүгнэлт /хавтаст хэргийн 39-41 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг;
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батсүрэнгээс: “улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 125 дугаар тал/, эрүүл мэндийн даатгалын санд даатгал төлж байсан лавлагаа, жолооны үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 127, 129 дүгээр тал/, ял шалгасан хуудас /хавтаст хэргийн 130 дугаар тал/, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын лавлагаа /хавтаст хэргийн 137 дугаар тал/ зэргийг тус тус шинжлэн судлав.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт
Шүүгдэгч Д.Л нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Бид хоёр хоорондоо маргалдсан, өөрөө хутга аваад өөрийгөө хутгалсан, болсон асуудлаа санахгүй байгаа, ...” гэв.
Хохирогч Д.Л нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй. Гомдол санал байхгүй” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэрч Д.Б “...2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 23 цагийн үед манай төрсөн дүү Д.Л гаднаас манай гэрт буюу Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 16-733 тоотод хэвлий баруун хэсэгтээ хутгалуулсан байдалтай орж ирсэн юм. Тухайн үед 103, 102 дугаарын утсанд хандаж тэр оройдоо Цэргийн төв эмнэлэгт хүргэгдэн хагалгаанд орсон одоо биеийн байдал хүндэвтэр байна. Манай дүү Д.Л нь тухайн үедээ надад юм хэлээгүй юм. Харин 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр би Цэргийн төв эмнэлэгт очиж 14 цагийн үед төрсөн дүү Д.Лтай уулзахад 629 тоот тасагт эмчлүүлж байгаа өрөөндөө надад хэлэхдээ тухайн 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр би төрсөн ах Д.Лтэй уулзахаар Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 15-656в тоотод очоод тэнд байхдаа хамтран амьдрагч Амармөрөнтэй маргалдах үед Лхагва-Эрдэнэ ах Амармөрөнг өмөөрч хоорондоо бид маргалдаж тэгээд хутга бариад босож ирээд миний хэвлий хэсэгт нь 1 удаа хутгалсан гэж хэлсэн юм ...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 24, 26 дугаар тал/,
Насанд хүрээгүй гэрч Х.Ш “...ээжийг зодох гээд дайраад байх үед Лхагваням ах болио ахаа гээд хэлтэл Лхагва-Эрдэнэ ах уурлаад Д.Лхагвааням ахыг цохиод авсан. Тэгээд манай шар алаг өнгийн иштэй хутгыг аваад гэр дотор Лхагваням ахын гэдэс рүү 1 удаа хутгаараа дүрсэн чинь Лхагваням ах гараад зугтаасан чинь Лхагва-Эрдэнэ ах араас нь дагаж гарч гүйгээд удалгүй 30 орчим минутын дараа орж ирээд би дүүгээ хутгалчихлаа гээд яриад байсан тэгээд нэг шилтэй архи барьж орж ирээд талыг нь уугаад тэгээд ээжтэй хамт эмнэлэг орно гээл явсан юм. Удалгүй үүрээр орж ирээд ээж дүү бид 3-ыг дарамтлаад ална гээд байсан ...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 33 дугаар тал/,
Насанд хүрээгүй гэрч Х.Н “...Тэр өдөр би гэртээ унтаж байгаад сэрэхэд Лхагва-Эрдэнэ ах уйлаад би дүүгээ хутгалчихлаа гээд яриад байсан. Тэгээд манай гэрт ганцаараа архи уугаад сууж байсан юм. Тэгээд ээж болон Шаравжамц ах бид 3-ыг хэлснийг нь хийхгүй бол ална шүү гээд хэлээд байсан юм ...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 36 дугаар тал/,
Гэрч А.А “...Д.Л дүү Лхагва-Эрдэнэ намайг цохих гэтэл дүү нь болиулсан чинь Лхагва-Эрдэнэ гал тогооны тавиур дээр байсан хар иштэй хутгыг аваад шууд хэвлий хэсэгт нь 1-2 удаа дүрчихсэн юм. Тэгтэл Д.Л гараад гүйсэн чинь Д.Л араас нь дагаж гараад орилоод гүйсэн дүү нь зугтаад явсан удалгүй эргэж орж ирээд манай хүү Х.Шаравжамцыг Д.Л дагуулж гараад орж ирэхдээ 0,5 литрийн Их Монгол гэх нэртэй архи барьж орж ирээд би дүүгээ алчихлаа гэж хэлээд орилоод байсан ...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 28 дугаар тал/,
Иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн “...Довдондоржийн Лхагваням /СЧ95100730/ нь 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төв ойрын дуудлага 48.000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрүүдэд Цэргийн төв эмнэлэг хэвтэн эмчлэх тусламж үйлчилгээ мэс засал 2.598.000 төгрөг, Чингэлтэй эрүүл мэндийн төв эмнэлэгт 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 35.000, 40.000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 40.000 төгрөг, 20.000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 40.000 төгрөгийн үйлчилгээ, нийт 2.821.000 төгрөгийн зардлыг шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон буруутай этгээдээр гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банкан дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Дугаар 2613 дүгнэлтэнд “Д.Л биед хэвлийн баруун хэсэг дэх хэвлийн хөндий рүү нэвтэрч нарийн гэдэсний холбоос гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэжээ /хавтаст хэргийн 39-41 дүгээр тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Дугаар 840 дүгнэлтэнд “Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн куртикт үүссэн 280 мм хэмжээтэй гэмтэл нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ ханзралт байна. Цагаан өнгийн фудволканд үүссэн 38 мм хэмжээтэй гэмтэл, хар саарал өнгийн өмдөнд үүссэн 27мм хэмжээтэй гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлт байна. Бор өнгийн тэлээнд үүссэн 50 мм хэмжээтэй гэмтэл нь татаж чангаах хүчний үйлчлэлээр эдэлгээний явцад үүссэн хуучин ханзралт байна ...” гэжээ /хавтаст хэргийн 47-48 дугаар тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 49-52 дугаар тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Дугаар 1320 дүгнэлтэнд “Шинжилгээнд ирүүлсэн Д.Л нь хутгалуулах үедээ өмсөж байсан гэх цагаан өнгийн футболк, цагаан өнгийн куртик, цэнхэр өнгийн жинсэн өмд, саарал өнгийн дотуур өмд, хар саарал өнгийн малгайтай цамц, хар өнгийн арьсан тэлээ нь шинжилгээнд тэнцэнэ. Цагаан өнгийн футболкны урд хормой хэсэгт цус илэрсэн, цагаан өнгийн куртик, цэнхэр өнгийн жинсэн өмд, саарал өнгийн малгайтай цамц, хар өнгийн арьсан тэлээ дээр биологийн ул мөр илрээгүй. Илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо нэг эрэгтэй хүний цус байна” гэжээ /хавтаст хэргийн 53-54 дүгээр тал/, ДНХ-ийн шинжилгээний дүгнэлт болон зурган үзүүлэлт /хавтаст хэргийн 55-56 дугаар тал/,
Өвчний түүх, Мэс ажилбар хийлгэх тухай зөвшөөрлийн хуудас /хавтаст хэргийн 63-67 дугаар тал/,
Яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 68-70 дугаар тал/, Мэдээгүйжүүлэлтийн зарлагын хяналтын хуудас, Мэдээгүйжүүлэгч эмчийн үзлэг, мэдээ алдуулалтын явц сэрээх үеийн хяналтын хуудас, Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл зарим, төрлийн хиймэл цорго, сэргээн засах зориулалтаар хийгдэх протез, ортопедийн хэрэгслийн тухай тэмдэглэл, Хэвлийн хэт авиан оношилгоо, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас, Цэргийн төв эмнэлгийн шинжилгээ, Эмчлүүлэгчийн амин үзүүлэлтийг хянах хуудас, Амь нас эрүүл мэндэд эрсдэлтэй тусламж үйлчилгээ үзүүлэх зөвшөөрлийн хуудас /хавтаст хэргийн 71-90 дүгээр тал/,
Эд зүйл /баримт бичиг, бусад баримт/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 92 дугаар тал/,
Мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 93 дугаар тал/,
Гэмт хэргийн болон зөрчлийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хавтаст хэргийн 7 дугаар тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 8-9, 11-12 дугаар тал/,
Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хавтаст хэргийн 19 дүгээр тал/,
Шүүгдэгч Д.Л сэжигтнээр өгсөн “...би 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 15 дугаар гудамжны 656в тоот хаягт оршин суудаг хамтран амьдрагч А.Амармөрөн мөн том хүү Х.Шаравжамц, бага охин болох Х.Номинзаяа нарын хамт байж байх үед гаднаас 20 цагийн үед миний төрсөн дүү болох Д.Л тайга нэртэй 0,75 литрийн 1 шил архи барьж орж ирсэн юм. Тэгээд тэр архийг Д.Л бид 2 хувааж уугаад дуустал цагийг нь санахгүй байна. Юунаас болж маргалдснаа одоо санахгүй байна бид 2 маргалдаад тэгээд Лхагваням гадагш гарахаар нь би араас нь дагаж гараад гадаа нүүрс задалдаг хар өнгийн иштэй хутгийг аваад дүүгээ айлгах гээд өөдөөс нь 1 удаа хэвлий хэсэг рүү нь дүрсэн тэгээд дүү Лхагваням зугтаагаад явчихсан би түүний араас нь хөөж гүйж байгаад гүйцэхгүй болохоор нь буцаад А.А гэр лүү орсон. Тэгээд согтуу байсан болохоор зарим зүйлийг нь сайн санахгүй байна ... би дүү болох Д.Лыг 1 удаа гэрийн гадна байсан нүүрс задалдаг хар өнгийн иштэй хутгаар хэвлий хэсэгт нь хутгалсан өөрөөр түүнийг зодож цохиогүй. Би өөр хэн нэгнийг зодож биед нь халдсан асуудал байхгүй тухайн үед тэр гэрт хамтран амьдрагч А.Амармөрөн мөн том хүү Х.Шаравжамц, бага охин болох Х.Номинзаяа мөн манай төрсөн дүү Д.Л нараас өөр хэн нэгэн байгаагүй юм ... гудамжинд явж байгаад тэр хутгыг хаячихсан юм ...би дүү Д.Лыг айлгах санаатай байсан хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 114 дүгээр тал/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 130 дугаар тал/,
иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 125 дугаар тал/,
шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 139-142, 146-149, 150-157, 158-163, 165-172, 173-178 дугаар тал/ зэргийг шинжлэн судлалаа.
Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:
Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлт:
“...Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Очгэрэл би Үндсэн хуулийн 56 дугаар зүйл, Прокурорын тухай хуулийн 17,19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийг удирдлага болгон Д.Лд холбогдох хэрэгт төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч Д.Л нь согууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн дүү Д.Лтай маргалдаж хэвлий хэсэгт нь хутгалж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдож байна. Түүний үйлдсэн гэмт хэргийг гэрч нар мэдүүлдэг. Хохирогчийн мэдүүлэг болон насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, харин Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 2.821.000 төгрөгийн төлөх төлбөртэйг дурдаж байна ...” гээд нэмэлт тайлбартаа “...Хохирогч гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй байна гэж байна. Улсын яллагчийн хувьд зөрүүтэй зүйл байхгүй байна гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд зөрүү үүсээгүй. Хэргийн газарт мөрдөгч нар очиход эд мөрийн баримт олдоогүй ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “... Хавтаст хэрэгт авагдсан насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлэг мөн хохирогчийн мэдүүлгээр мөн шүүхийн шатанд хэлж байгаа мэдүүлэг болон байр суурьнаас нь харахад гэрчийн мэдүүлэг болон хохирогчийн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй. Хохирогчийг хутгалсан хутга шар эрээн хутга эсвэл хар өнгийн хутга гэж яриагдаад зөрүүтэй байгаад байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулж өгнө үү ...” гэв.
Иргэдийн төлөөлөгч гэм буруугийн дүгнэлт:
“Шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэж байна” гэсэн болно.
Хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтанд шүүгдэгч Д.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 15-656в тоотод өөрийн төрсөн дүү Д.Л “та агсам тавилаа одоо болиоч дээ” гэж хэлсэн үгэнд нь уурлаж хар өнгийн иштэй хутгаар хэвлийн баруун хэсэгт 1 удаа хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:
Шүүхээс талуудын мэтгэлцээн, тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт, хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад дүгнэлт хийгээд шүүгдэгч Д.Лд зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Л мэдүүлэг /хх 16-17х/, гэрч Д.Б мэдүүлэг /хх 24, 6х/, насанд хүрээгүй гэрч Х.Ш мэдүүлэг /хх 33х/, насанд хүрээгүй гэрч Х.Н мэдүүлэг /хх 36х/, гэрч А.А мэдүүлэг /хх 28х/, Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Дугаар 2613 дүгнэлт /хавтаст хэргийн 39-41 дүгээр тал/, Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Дугаар 840 дүгнэлт /хавтаст хэргийн 47-48 дугаар тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 49-52 дугаар тал/, Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Дугаар 1320 дүгнэлт болон зурган үзүүлэлт /хавтаст хэргийн 55-56 дугаар тал/ болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтууд болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Д.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчийг “та агсам тавьлаа одоо болиоч дээ” гэж хэлсэн шалтгаанаар зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Хэргийн нөхцөл байдлыг сэргээн тогтоовол: шүүгдэгч Д.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 15-656в тоотод өөрийн төрсөн дүү Д.Л “та агсам тавилаа одоо болиоч дээ” гэж хэлсэн үгэнд нь уурлаж хар өнгийн иштэй хутгаар хэвлийн баруун хэсэгт 1 удаа хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан байна.
Харин шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Л нь гэм буруу хүлээн зөвшөөрөхгүй талаараа, энэ хэргийг би үйлдээгүй, хохирогч өөрөө өөрийгөө хутгалсан гэх мэдүүлэг өгсөн боловч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож, хохирогч Д.Л биед өөр этгээд болон өөртөө хүнд хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, энэ талаарх бичгийн болон бусад баримтаар няцаан үгүйсгэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй, эргэлзээтэй болон үгүйсгэх нөхцөл байдал хэрэгт авагдаагүй байна.
Өөрөөр хэлвэл шүүгдэгч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ төрсөн дүү Д.Л биед хүнд хохирол санаатай учруулсан нь тухайн үед хамт байсан хохирогчийн шууд нэрлэн заасан мэдүүлэг, шүүгдэгчийн хамтран амьдрагч А.А мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Х.Шаравжамц, Х.Номинзаяа нарын мэдүүлэг, шинжээчийн 2613 дугаартай дүгнэлт, мөн шүүгдэгчийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй анхдагч нотлох баримтаар тооцох боломжтой, мэдүүлэгт дурдсан нөхцөл байдлуудыг тал бүрээс нь бүрэн шалгасан дээрхи мэдүүлгүүдээр тогтоогдсон гэж дүгнэсэн болно.
Иймд прокуророос шүүгдэгч Д.Лхагва-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Л оролцсон боловч түүнд эрүүгийн хууль сануулан үнэн зөв мэдүүлэг өгөх, мөн Үндсэн хуульд заасан “...өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг...” сануулсны дараа хохирогч нь шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 11 жил 6 сар хорих ял эдлүүлэх, тус хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай ....” гэсэн санал, дүгнэлт гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Хэдийгээр гэм буруудаа маргаж оролцсон боловч хохирогчийн зүгээс гомдол саналгүй гэж байгаа тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү ...” гэв.
Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримт болон хэрэг гарсан нөхцөл байдал, учирсан хохирол, талуудын эрүүгийн хариуцлагын дүгнэлт, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Шүүгдэгч Д.Лд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирлын хэр хэмжээ, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг удаа дараа үйлдсэн/-ыг нь тус тус харгалзан үзэж түүнийг цээрлүүлэх, хүмүүжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор;
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Лхагва-Эрдэнийг 6 жилийн хорих ялаар шийтгэж,
Шүүгдэгч Д.Лд урьд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 812 дугаар шийтгэх тогтоолоор;
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 370 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 269 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Л цагдан хоригдсон 21 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар (21х8=168) тооцож, нийт (720-168=552) 552 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэсэн байх бөгөөд шүүгдэгч нь уг ялыг эдлээгүй болох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газрын 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 02/8297 тоот албан бичгээр нотлогдож байна.
Иймд шүүх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасан “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно”,
“шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус хуулчилсан тул шүүгдэгч Д.Лд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жил 69 хоногийн хорих ялд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 812 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй 552 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоног хорих ялд шилжүүлэн 69 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэж нийт бичлэн эдлэх ялын хэмжээг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус журамлан шүүгдэгч Д.Лд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ялд урьд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 812 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй 552 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоног хорих ялд шилжүүлэн 69 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 6 /зургаа/ жил 69 /жаран ес/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэлээ.
шүүгдэгч Д.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж эдлэх ялыг 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.
Бусад асуудлын талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Л нь өөрт учирсан гэм хорын хохирлыг баримтаар гаргаж шүүгдэгчээс нэхэмжлээгүй ба тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт “...мэдүүлэг өгөхгүй, гомдол санал байхгүй ...” гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг хохирогч Д.Лд төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Харин,
иргэний нэхэмжлэгч Д.Г “...Довдондоржийн Лхагваням /СЧ95100730/ нь 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төв ойрын дуудлага 48.000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрүүдэд Цэргийн төв эмнэлэг хэвтэн эмчлэх тусламж үйлчилгээ мэс засал 2.598.000 төгрөг, Чингэлтэй эрүүл мэндийн төв эмнэлэгт 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 35.000, 40.000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 40.000 төгрөг, 20.000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 40.000 төгрөгийн үйлчилгээ, нийт 2.821.000 төгрөгийн зардлыг шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон буруутай этгээдээр гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банкан дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар тал/ болон Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хавтаст хэргийн 19 дүгээр тал/-р хохирогч Д.Л үзүүлсэн тусламж үйлчилгээний нийт 2.821.000 төгрөгийн зардал Эрүүл мэндийн сангаас гарсан болох нь тогтоогдож байх тул,
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ:, 12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлэхээр заасан байх тул шүүгдэгч Д.Лэс 2.821.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь “100900020080” дугаартай дансанд оруулахаар шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлийн 1, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Д.Л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Лхагва-Эрдэнийг 6 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус журамлан шүүгдэгч Д.Лд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ялд урьд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 812 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй 552 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоног хорих ялд шилжүүлэн 69 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 6 /зургаа/ жил 69 /жаран ес/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Лд оногдуулсан 6 жил 69 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Д.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж эдлэх ялыг 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Лэс 2.821.000 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь “100900020080” дугаартай дансанд оруулсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Лд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ
ШҮҮГЧИД П.АРИУНБОЛД
Д.СУВД-ЭРДЭНЭ