| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2024/0083/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/92 |
| Огноо | 2024-07-09 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/92
2024 оны 07 сарын 09 өдөр Дугаар Мандал сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж, нарийн бичгийн дарга Б.Баттөгөлдөр, Улсын яллагч Д.Шинэбал, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Шинэбалаас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн 2432000000088 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 08-ний өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *******, 22 настай, эмэгтэй, Халх, бүрэн дунд боловсролтой, вагон үзэгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, *******,*******,*******, *******, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Мөнхбатын Оюунтуяа, *******
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: ******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр Партизаны гудамд шороон зам дээр 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 17 цагийн орчимд “47-40 УЕА” Улсын дугаартай, “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 10.1 дүгээр заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч *******ыг дайрч, түүний амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр Партизаны гудамд шороон зам дээр 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 17 цагийн орчимд “47-40 УЕА” Улсын дугаартай, “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 10.1 дүгээр заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч *******ыг дайрч, түүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ:” ...би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-12-р тал/, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ууганцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:” ...2024 оны 06 дугаар сарын 13-ны 17 цагийн үед гэрийн гаднаас бэр Оюунтуяагийн машинд би болон талийгаач *******, хадам эх мөн миний том хүү , болон хадам дүү Оюунтуяагийн хүүхэд Ү.Хувьт-Очир нарын хамтаар 2-р баг Спиртийн байр орж юм авсан. Хүнээс юм аваад гэр рүү явж байхад "Оюунтуяа сонгуулийн ажлаас дуудаад байна яаралтай ир гэж байна" гээд бид нарыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг Партизааны 89 тоот хашааны гадна буулгасан. Би тээврийн хэрэгслийн урд суудалд талийгаачийн хамтаар сууж явсан. Тээврийн хэрэгслээс буугаад тээврийн хэрэгслийн урдуур талийгаачтай цуг тойрч гарсан. Тэгээд хашааны хаалга онгойлгох гэтэл ард "түс" гээд юм мөргөх шиг чимээ сонсогдохоор нь эргээд хартал ******* унаж явсан “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгслээр миний охиныг мөргөсөн байдалтай, талийгаач тээврийн хэрэгслийн урд ухаангүй дээшээ харсан, хамар хэсгээс нь цус гарсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд эмнэлэг дээр иртэл "нас барсан байна" гэж хэлсэн. ...******* зогсохдоо хашаатай ойрхон зогссон. ******* "...араас сонгуулийн ажил дуудаад байна..." гээд хурдтай хөдлөх шиг болсон" гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-р тал/, гэрч С.Баттулга мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:"...Тэгээд намайг байшингийн дээврийн ажил хийж байхад хойд талд эмэгтэй хүн муухай орилох чимээ гарахаар нь эргээд хартал яг хойд талын хамар хашааны үүдэнд цагаан өнгийн жижиг тэрэг зогсчхоод урд талаас нь нэг эмэгтэй хүн газраас хүүхэд тэврээд машинд суугаад эргэж хараад хойд зугт явсан. Намайг харахад нэг эмэгтэй газраас хүүхэд авч байсан. Тухайн үед машинаас машинаа жолоодож байсан эмэгтэй бахираад гарч ирж байсан" гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-р тал/, гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: "...2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 16 цагийн үед охин *******гийн эзэмшлийн “Тоёота приус-20” маркийн “47-40 УЕА” Улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй гэрийн гаднаас спиртийн байр орж юм авах зорилготой хөдөлсөн. Тээврийн хэрэгслийг ******* өөрөө жолоодон явсан. Түүний хажууд урд суудалд манай бэр Ууганцэцэг бага хүүхэд М.Сондортой, хойд суудалд би болон *******гийн 1 хүүхэд, Ууганцэцэгийн 1 хүүхдийн хамтаар сууж явсан. Бид бүгд Спиртийн байр орж юм аваад буцаад Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг, Партизааны 89 тоот хашааны гадна ирээд Ууганцэцэг бага хүүхэд М.Сондорыг аваад буусан. Би хойно сууж явсан 2 хүүхдийг аваад машинаас буусан. Охин ******* бид бүгдийг буулгаад сонгуулийн сурталчилгаанд явахаар хөдлөх үед ард тээврийн хэрэгсэл юм мөргөх шиг "түс" гэх дуу чимээ гарсан. Тэгээд эргээд хартал ач охин ******* тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн байдалтай, тээврийн хэрэгслийн урд дээшээ харсан байдалтай хэвтэж байхаар нь очтол ямар нэгэн ухаангүй, амьсгаа байхгүй байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-р тал/, Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Мандал сумын Шүүх шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Г.Ган-Эрдэнийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 32 дугаартай "1.Талийгаач *******ын цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр духны дээд хэсэг, зулай хэсгийн заадсаар гавлын яс хугарч ангайсан, цааш баруун чамархайн ар хэсэг, гавлын ар хонхор, урагш суурь яс чиглэлтэй, гавлын арын хонхроос арагш нугасны сувгийн ар хэсэг, зүүн чамархай, чиглэлтэй үргэлжилсэн хугарал, хатуу хальсны урагдал, тархины эдийн няцралт, духны зүүн тал, зүүн хацарт зулгаралт, дэлүүний хэвтэш хэсэг, духны зүүн тал, зүүн хацар, зүүн чихний хацарт зулгаралт, дэлүүний хэвтэш хэсэг, духны зүүн тал, зүүн хацар, зүүн чихний гадна дэлбэн, зүүн ташааны урд хэсэг, гуяны урд дээд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдсон. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Талийгаач *******ын биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 4.Талийгаач ******* гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ гэсэн дүгнэлт /хх-ийн 22-24-р тал/, Сэлэнгэ аймгийн Мандал суманд үйл ажиллагаа явуулдаг "АСБЦД" ХХК-ний жолооны сургалтын төвийн шинжээч Р.Энхбаярын 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 01/47 дугаартай "2.1. Тоёота приус-20” маркийн “47-40 УЕА” Улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 10.1 гэсэн заалтуудыг зөрчсөн. 2.2. Тоёота приус-20” маркийн “47-40 УЕА” Улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно "а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", 10.1 "Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана" гэсэн заалтуудыг зөрчсөн. 2.3. Тоёота приус-20” маркийн “47-40 УЕА” Улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Мөнхбат овогтой Оюунтуяа /рд:М302303023/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 10.1 гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон" гэсэн дүгнэлт /хх-ийн 35-39-р тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ууганцэцэг нь ямар нэгэн хохирол, хор уршиг нэхэмжлээгүй тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар: Прокурорын санал болгож, шүүгдэгч ******* хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, мөн зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-д заасан “Тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглох буюу тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохыг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 /тав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-д заасан “Тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглох буюу тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохыг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн мөрдөгчийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор “47-40 УЕА” Улсын дугаартай “Тоёота Приус 20” маркын тээврийн хэрэгсэл битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож уг тээврийн хэрэгсэл эзэмшигч Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 11 Зашааны 18 17 тоотод оршин суух буцаан олгож, энэ хэрэгт ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, мөн хуулийн 34.14 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэний улмаас хохирогч насанд хүрээгүй *******ын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 /тав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-д заасан “Тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглох буюу тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохыг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.
4.Энэ хэрэгт Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн мөрдөгчийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор “47-40 УЕА” Улсын дугаартай “Тоёота Приус 20” маркын тээврийн хэрэгсэл битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож уг тээврийн хэрэгсэл эзэмшигч Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 11 Зашааны 18 17 тоотод оршин суух буцаан олгож, энэ хэрэгт ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.