| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 104/2021/00467/И |
| Дугаар | 104/ШШ2022/00035 |
| Огноо | 2022-01-19 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 104/ШШ2022/00035
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, 7 дугаар хороо, Хуульчдын гудамж 14-т байрлах, Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Налайх дүүрэг, 2 дугаар хороо, 66-12 тоотод байрлах, Глобал органик трейд ХХК /РД:6405339/-д холбогдох
Нийгмийн даатгалын шимтгэл 1 045 100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Булгантамир,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож
/Хариуцагчийн төлөөлөгч Х.Эрдэнэ-Ундрахад шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Нийслэлийн Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь Глобал органик трейд ХХК-д холбогдуулан 2020 оны 03 дугаар сараас 2020 оны 09 дүгээр сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэл 1 045 100 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Хариуцагч Глобал органик трейд ХХК-ийн төлөөлөгч Х.Эрдэнэ-Ундрах нь нийгмийн даатгалын шимтгэл 1 045 100 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, харин уг төлбөрийг 3 сарын хугацаанд төлөх саналтай байна гэж байр сууриа илэрхийлсэн байна.
3. Хэрэгт нэхэмжлэгчээс гаргаж өгсөн Глобал органик трейд ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2020 оны 03 дугаар сараас 2020 оны 09 дүгээр сарыг дуустал хугацааны тайлан, нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт зэрэг баримтууд авагдсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхийн зүгээс Нийслэлийн Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн гаргасан нийгмийн даатгалын шимтгэл 1 045 100 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагч байгууллага нь 1 045 100 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх ёстой гэдэг дээр маргаагүй бөгөөд харин тодорхой хуваарийн дагуу төлбөрийг барагдуулах саналтай байгаагаа илэрхийлсэн боловч холбогдох төлбөр төлөх хуваарийг ирүүлээгүй учир хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн нийгмийн даатгалд албан журмаар даатгуулах журамтай байдаг.
Глобал органик трейд ХХК буюу ажил олгогч нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д зааснаар даатгуулагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүртээ тогтоосон хувь хэмжээгээр тооцон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэх, 17 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй байна.
Хэрэгт авагдсан Глобал органик трейд ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2020 оны 03 дугаар сараас 2020 оны 09 дүгээр сарыг дуустал хугацааны тайлан хариуцагч нь 1 045 100 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй байх бөгөөд энэ тооцоолол дээр хариуцагч нь маргаагүй.
Иймд хариуцагч байгууллага нь нийгмийн даатгалын шимтгэлийг тогтоосон хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй байгаа учир нийгмийн даатгалын шимтгэлд 1 045 100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгохоор шийдвэрлэв.
Түүнчлэн, ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаандаа төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан иргэний тэтгэвэр тэтгэмж авах эрхийг зөрчигдөхөд хүргэх үр дагавартай болохыг дурдах нь зүйтэй
Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 29 632 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Глобал органик трейд ХХК-иас 1 045 100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 29 632 төгрөгийг гаргуулан улсын төсвийн дансанд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ