| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2024/0084/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/93 |
| Огноо | 2024-07-09 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Хишигсувд |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/93
2024 оны 07 сарын 09 өдөр Дугаар 2024/ШЦТ/93 Мандал сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж, нарийн бичгийн дарга С.Төртулах, Улсын яллагч Б.Хишигсувд, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Хишигсувдаас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн 2432000000101 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *******, 45 настай, эмэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, ажилгүй, ам бүл 1, *******, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, *******.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 23 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Зүүнхараа Политехник коллежийн урд зам дээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ 3.29 хувийн согтолттой, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, “17-38 УБӨ” Улсын дугаартай “N.Advan” загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 23 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Зүүнхараа Политехник коллежийн урд зам дээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ 3.29 хувийн согтолттой, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, “17-38 УБӨ” Улсын дугаартай “N.Advan” загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн болох нь Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ийн мэдүүлсэн:”....Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй...” гэх мэдүүлэг, 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр *******ийн согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Цагдаагийн Ерөнхий газрын “Жолоочийн лавлагаа, мэдээлэл”-д жолооч *******ийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1 жилийн хугацаагаар жолоодох эрхээ хасуулсан талаарх лавлагаа, гэрч Т.Бямбатогтохын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр өөрийн гэр болох Сансарын 1 тоотод байж байтал манай хуурай дүү Шинэчимэг орж ирэхээр нь гэрт байсан 1 шил 0.5 литрийн “Хараа” нэртэй архиа гаргаж өгч хамт уусан. Би бол нээх их уугаагүй 2-3 хундага уусан. Тэгээд архи ууж дуусаад манайд байж байгаад Шинэчимэг оройхон гэр лүүгээ явна гээд машинаа жолоодоод явсан. Шинэчимэгийг би архи уучихсан байгаа болгоомжтой яваарай гэж хэлээд гэрээсээ гаргасан юм. Бид хоёр 1 шил архи л хувааж уусан...” гэх мэдүүлэг, Гэрч Б.Батбаатарын мөрдөн байцаалтад мэдүүлсэн:”...Би 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 19 цагаас 01 цагийн хооронд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3, 7 дугаар багийн нутаг дэвсгэрт явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. МСҮТ-ийн урд хэсэгт тээврийн хэрэгсэл шалгаж байхад “17-38 УБӨ“ Улсын дугаартай тээврийн хэрэгсэл хажуугаар өнгөрөөд яваад зогсчихсон. Тэгэхээр нь очоод шалгасан чинь ******* гэх эмэгтэй нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн мэт байдалтай байхаар нь Цагдаагийн хэлтэс рүү авч ирээд эрүүлжүүлэх, саатуулах байранд согтуурал шалгах багажаар шалгахад 3,29 хувийн согтолттой байсан...” гэх мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирол учраагүй тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар: Прокурорын санал болгож, шүүгдэгч *******ийн хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, мөн зүйлд зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, мөн зүйлд зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 34.14 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан ******* нь торгох ялыг 10 /арав/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5.Энэ хэрэгт ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.