| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2024/0977/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/988 |
| Огноо | 2024-09-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/988
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Отгонбаяр, улсын яллагч Н.Ундрах (томилолтоор), шүүгдэгч Б.Б, М.Д нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408 01019 0614 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, Б овгийн Б.Б, ** оны ** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, лаборант мэргэжилтэй, “**” ХХК-нд туслах ажилтан ажилтай, ам бүл тав, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 06 дугаар хороо, Тоосгоны ** дугаар гудамжны ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1295 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.
2. Монгол Улсын иргэн, Б овгийн М.Д, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “**-д захиалгын менежер ажилтай, ам бүл ганцаараа, Хан-Уул дүүргийн 07 дугаар хороо, ** гудамжны ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: **, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Б.Б, М.Д нар нь бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “**” караокед 2024 оны 02 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө иргэн Э.Т-той маргалдаж, улмаар түүний нүүр, бугалган тус газарт гараараа цохиж, түүний биед хоёр нүдний зовхи, баруун бугалгад цус хуралт, баруун хацарт зулгаралт, уруулд язрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Б овгийн Б.Б, Б овгийн М.Дөлгөөн нар нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “**” караокед 2024 оны 02 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө хохирогч Э.Т-ыг эмэгтэй хүн доромжиллоо гэсэн шалтгаанаар бүлэглэн зодож, бие махбодод нь “хоёр нүдний зовхи, баруун бугалгад цус хуралт, баруун хацарт зулгаралт, уруулд язрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.
Тухайлбал, хохирогч Э.Т-ын: “...Миний санаж байгаагаар тэр хоёр залуу хоёулаа миний нүүр рүү гараараа цохисон. Миний зовхинд үүссэн гэмтлийг тэр хоёр залуу хоёулаа учруулсан. Миний баруун бугалгад үүссэн гэмтлийн хувьд намайг гараараа нүүрээ хамгаалаад доошоо тонгойсон байхад хар куртиктэй, шар царайтай залуу гар, толгой руу 2-3 удаа өшиглөх үед учирсан байх. Баруун хацарт үүссэн гэмтлийг саарал куртиктэй, намхан залуу учруулсан гэж бодож байна. Миний уруулд үүссэн язралыг хар куртиктэй, шар царайтай залуу, саарал куртиктэй намхан залуу нар тус тусдаа цохиж учруулсан. ... Би тэр өдөр ** нэртэй караокед үйлчлүүлсэн ба үл таних хоёр залуутай маргалдсан. Тэгтэл шар царайтай, тухайн үед хар мэт өнгийн куртиктэй залуу миний зүүн нүд рүү баруун гараараа 4-5 удаа цохисон. Мөн уруулын дээд, доод хэсэгт учирсан язрал, баруун гарын бугалгад учирсан гэмтэл зэргийг тэр залуу учруулсан. Харин богино цамцтай, сахалтай залуу миний баруун зовхи руу гараараа 2-3 удаа цохисон. Мөн уруул руу гараараа 2-3 удаа цохиж гэмтэл учруулсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 5-13 дахь тал),
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 3195 дугаартай: “...Э.Т-ын биед хоёр нүдний зовхи, баруун бугалгад цус хуралт, баруун хацарт зулгаралт, уруулд язрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3-аас доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дахь тал),
-Гэрч Ц.Г-ын: “...удалгүй Т өрөөнөөс гарч ирээд үүдээр гарах гэтэл танихгүй 2 залуу Т-ын хоёр талаас нь дайраад нүүрэн тус газар нь цохисон. Тэгээд тэр залуучууд гарч зугтаах гээд байхаар нь гаргахгүй цагдаа дуудаж учрыг олно гэж хэлээд үүдэн дээр сууж байхад хажуугаар гараад зугтаасан. Би өөрийнхөө ** дугаараас цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт дуудлага өгсөн. Миний санаж байгаагаар хар куртиктэй, шар царайтай залуу Т-ын нүүрэн тус газар 2-3 удаа цохисон. Мөн Т хоёр гараараа нүүрээ дараад тонгойсон байхад тэр залуу өшиглөөд байсан. Би хэдэн удаа өшиглөснийг санахгүй байна. Харин саарал куртиктэй, намхан залуу Т-ын нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27-30 дахь тал),
-Гэрч Ж.Ө-ийн: “...гаднаас танихгүй хоёр залуу орж ирээд С-тай маргалдаж байсан залууг хар куртиктэй шар царайтай залуу нь “чи яахаараа эмэгтэй хүнийг гичий янхнаар дууддаг юм” гээд гараараа нүүрэн тус газар 2-3 удаа цохисон. Тэгэхээр нь би дөнгөж саяхан ажилд орсон болохоор санаа зовоод захирал Б-т утасдаж хэлэхээр цаашаа яваад өгсөн. Захирал Б-т зодоон болсон талаар хэлчхээд манайхаар үйлчлүүлж байсан хүмүүст үйлчилгээ үзүүлж байгаад буцаад үүдэнд ирэхэд зодуулсан залуу найзтайгаа үүдэнд суучихсан, цагдаа дуудсан ирэхээр нь гарна гэж хэлээд хаалга барьсан байсан, зодсон гэх хоёр залуу гараад явчихсан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31-34 дэх тал),
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 48-51 дэх тал) зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Б М.Д нар нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 3195 дугаар шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Б, М.Д нарын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал тэд хохирогч Э.Т-ын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцов.
Шүүгдэгч нар нь бүлэглэн хохирогч Э.Т-ын эрх чөлөөнд халдсан болох нь хохирогч Э.Т-ын мэдүүлэг, гэрч Ц.Г-ын мэдүүлэг болон камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдож байгаа тул тэднийг уг гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж иш татсан хэм хэмжээ тогтоосон бөгөөд мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дэх заалтад “бүлэглэж” гэсэн хүндрүүлэх шинжийг хуульчилсан тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Б, М.Д нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Шүүгдэгч нар тус бүр 500,000 төгрөгийг хохирогчид төлсөн, хохирогч Э.Т нь цаашид гомдол саналгүй, сэтгэцийн гэм хорыг нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй талаар тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч: “...шүүгдэгч Б.Б, М.Д нарыг тус бүрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сая төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгуулийн ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нар хохирогчид 1 сая төгрөг төлсөн, хохирол төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан сд хэрэгт хавсаргах, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
Шүүгдэгч нар: “...хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэцгээв.
Шүүгдэгч М.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч М.Д-ий иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 62 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 71 дэх тал), оршин суугаа газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 63 дахь тал), эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 64 дэх тал) зэрэг нотлох баримтаар шүүгдэгч М.Д-ий хувийн байдлыг,
-шүүгдэгч Б.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 67 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 72 дахь тал), оршин суугаа газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 68 дахь тал), эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 69 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаах тодорхойлолт (хавтаст хэргийн 70 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 121-125 дахь тал), ял дуусгавар болсон талаарх лавлагаа (хавтаст хэргийн 127 дахь тал) зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Б.Б-ийн хувийн байдлыг тодорхойлов.
Анхан шатны шүүх улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, М.Д нарыг тус бүр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгох ял шийтгэх нь уг гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч нарын гэм буруу зэрэгт тохирно гэж үзлээ.
Шүүгдэгч нарын цалин хөлс, орлогын хэмжээг харгалзан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан 90 хоног буюу гурван сарын үндсэн хугацааг нэмэгдүүлж, торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б, М.Д нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэд хохирогчид 1,000,000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Б овгийн Б.Б, Б овгийн М.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, М.Д нарт тус бүр нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, М.Д нарт оногдуулсан нэг сая төгрөгөөр торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.
4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б, М.Д нарт сануулсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээсүгэй.
6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б, М.Д нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэд хохирогчид 1,000,000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, М.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА