Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 155/ШШ2022/00155

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Л.Б

Хариуцагч: Б.П

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 155/2021/01046 дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцлоо.

Хариуцагч Б.П шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч Б.Пид холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.  Би 2005 онд Архангай аймгийн багшийн коллежид суралцаж байх хугацаандаа Б.Птой танилцан, үерхэж байгаад 2009 онд сургуулиа төгсөөд Хөвсгөл аймагт хамтдаа ирж амьдарсан. Бидний дундаас П.Н, П.С, П.С нар төрж, 6 жил хамт амьдарсан. Б.П нь жилийн хагаст нь өөр газарт ажил хийнэ гээд явдаг байсан. Гэтэл 2018 оны 12 дугаар сард ажил хийхээр яваад одоог хүртэл гэртээ ирээгүй. Энэ хугацаанд бидэнтэй огт холбоо бариагүй, архи уусан үедээ мессеж бичдэг байсан. Өдий хүртэл ирэхийг нь хүлээсэн. Б.Пийг явснаас хойш хүүхдүүдийн хамт өөрийн эцэг, эхтэйгээ хамт амьдарч байна. Б.П шүүх хуралдаанд 2 дахь удаагаа ирсэнгүй. Эвлэрэх хүсэлтэй байсан бол шүүх хуралдаанд ирэх боломж байсан.

Иймд Б.Поос гэрлэлтээ цуцлуулна, хүүхдүүдээ өөрийн асрамжид авна, хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулж авна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Хариуцагч Б.П хариу тайлбартаа: Би эхнэр хүүхдүүдээ орхиж гараад 2 жил 7 сар болж байгаа нь үнэн. Хадмын тааламжгүй харилцаа миний тэвчээргүй байдлаас болж эхнэр, хүүхдээ орхин гарч ирж, өдий хүрсэндээ  харамсдаг. Гэхдээ би эхнэрээсээ салж үр хүүхдээ өнчрүүлж, сэтгэл санааны хямралд оруулан хүүхдүүдээ хойд эцэгтэй болгомооргүй байна. Би хэдийгээр тэднийгээ орхиод гарсан ч өөр амьдрал хөөж яваагүй. Үр хүүхдүүдээ орох орон, байр сав, унах машинтай болоод очъё гэсэн бодолтой байсан. Машин лизинг хийж аваад түүнийхээ өрийг 2022 оны 9 дүгээр сард шахаж төлөөд дуусгана гэж бодож байгаа. Гэрээсээ гараад удсан тул эхнэр маань өөр амьдралтай болсон гэж бодож байгаа байх. Би хэдийгээр алдаа гаргаж, сайн аав байж чадаагүй ч гэсэн хүүхдүүд маань том болж эхнээсээ их сургуульд орох болж байгаа тул цаашид тэднийхээ төлөө сайн аав байя гэж бодож, зүтгэж байна. Би хань болон 3 охиноосоо юу ч болсон салмааргүй байгаагаа илэрхийлж байна. Улаанбаатар хотод ажиллаж машиныхаа лизинг төлж дуусгаад ажил төрлөө цэгцлээд очих хүсэлтэй байна. Энэ хүсэлтийг минь эхнэр хүүхдүүдэд минь зөвөөр ойлгуулж биднийг эвлэрүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчээс Б.П, Л.Б нарын 6707000018 бүртгэлийн дугаартай гэрлэлтийн гэрчилгээ, 2009 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин П.Н, 2011 оны 5 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин П.С, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин П.С нарын №101, 6707000018, 6707000085 бүртгэлийн дугаар төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, хүүхэд эрүүл бойжиж буй тухай Арбулаг сумын өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн тодорхойлолтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, хүүхэд сурч боловсорч буй тухай Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “2021-2022 оны хичээлийн жилд Арбулаг сумын ерөнхий боловсролын сургуульд П овогтой Н нь Б.Нацагдорж багштай 7б, П овогтой С нь Б.Уранчимэг багштай 5б ангид суралцдаг болохыг тодорхойлов” гэх бичилттэй 82 дугаар тодорхойлолтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэрэг баримтыг гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 4-6, 8-10 дахь тал)

Шүүх охин П.Н, П.С нараас хүүхдийн санал авсан. (хавтаст хэргийн 35-36 дахь тал)

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б.П 2018 оны 12 дугаар сард яваад одоог хүртэл ирээгүй. Энэ хугацаанд надтай болон хүүхдүүдтэйгээ холбоо бариагүй. Өдий хүртэл ирэхийг нь хүлээсэн. Одоо гэрлэлтээ цуцлуулна, хүүхдүүдээ өөрийн асрамжид авна, хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулж авна. Бидний дунд эд хөрөнгийн маргаангүй гэж тайлбарлаж байна.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Би хэдийгээр тэднийгээ орхиод гарсан ч өөр амьдрал хөөж яваагүй. Үр хүүхдүүдээ орох орон, байр сав, унах машинтай болоод очъё гэсэн бодолтой байсан. Машин лизинг хийж аваад түүнийхээ өрийг 2022 оны 9 дүгээр сард шахаж төлөөд дуусгана гэж бодож байгаа. Энэ хүсэлтийг минь эхнэр хүүхдүүдэд минь зөвөөр ойлгуулж биднийг эвлэрүүлж өгнө үү гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдов.

Гэрлэгчид нь 2011 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэр бүл болж, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын улсын бүртгэлийн ажилтны бүртгэсэн 6707000018 бүртгэлийн дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 5 дахь тал)

хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2009 оны 10 дугаар сарын 26-ны өдөр охин Боржигон овогт Пийн Н (рб09302601), 2011 оны 5 дугаар сарын 05-ны өдөр охин Боржигон овогт Пийн С (рб11250507), 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр охин Боржигон овогт Пийн С (рб18320328) нар төрсөн болох нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын улсын бүртгэлийн ажилтны бүртгэсэн 101, 6707000018, 6707000085 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, (хавтаст хэргийн 6-8 дахь тал)

хүүхэд эрүүл бойжиж буй тухай Хөвсгөл аймгийн Арбулаг сумын өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн тодорхойлолтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, хүүхэд сурч боловсорч буй тухай Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “2021-2022 оны хичээлийн жилд Арбулаг сумын ерөнхий боловсролын сургуульд П овогтой Н нь Б.Нацагдорж багштай 7б, П овогтой С нь Б.Уранчимэг багштай 5б ангид суралцдаг болохыг тодорхойлов” гэх бичилттэй 82 дугаар тодорхойлолтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 4, 9 дэхь тал) зохигчийн тайлбар зэрэг баримтаар нотлогдлоо.

Хариуцагч Б.П гэрлэлтээ цуцлуулахгүй, эвлэрнэ гэж тайлбар гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд эвлэрэх ямар нэг арга хэмжээ аваагүй, шүүх хуралдаанд 2 дахь удаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, гэрлэгчид 2018 оны 12 дугаар сараас тусдаа амьдарч байгаа, Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцоогүй, (хавтаст хэргийн 10 дахь тал) зэрэг бодит шалтгаан нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

Хүүхдийн асрамжийн хувьд 2009 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин П.Н, 2011 оны 5 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин П.С, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин П.С нарт эхийн хайр халамж зайлшгүй шаардлагатай байдал, бага насны, хүүхдүүдийн амьдарч дассан нөхцөл, сурч боловсорч байгаа байдал, хүүхдийн санал, одоо эх Л.Бын асрамжид байгаа байдал зэргийг харгалзан эх Л.Бын асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д “Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ”, 26.2.2-д “Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх” гэж зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учир эцэг Б.Поос сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.  Өөрөөр хэлбэл эцэг, эх үр хүүхдээ заавал тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг хуулиар зохицуулсан байдаг.

Түүнчлэн гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлах нь зүйтэй.

Охин П.Н, П.С, П.С нар эх Л.Бын асрамжид үлдсэн нь эцэг Б.Пийн хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа. Өөрөөр хэлбэл охин П.Н, П.С, П.С нартай эцэг Б.П хэдийд ч уулзаж дээрх хуулинд заасан үүргээ саадгүй биелүүлэх эрхтэй.

Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болно.   

Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2009 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин П.Н 12 нас 04 сар, 2011 оны 5 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин П.С 10 нас 09 сар, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин П.С 03 нас 02 сар хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 240,400 төгрөгийг охин Б.Н, Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 240,400 төгрөгийн 50 хувь болох 120,200 төгрөгийг охин П.С, Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 240,400 төгрөгийн 50 хувь болох 120,200 төгрөгийг охин П.С нарт тус тус сар бүр эцэг Б.П төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин П.Н, охин П.С, охин П.С нарт сар бүр төлөх нийт 480,800 төгрөгийн тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 5,769,600 төгрөг болж байна.

Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч Б.Пид холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйл, 40 дүгээр зүйлд зааснаар шаардах эрхтэй.

Иймд Л.Б, Б.П нарын гэрлэлтийг цуцалж, охин П.Н, П.С, П.С нарыг эх Л.Бын асрамжид үлдээн, хариуцагч Б.Поос охин П.Н, П.С, П.С нарт сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгчийн эд хөрөнгийн бус үнийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нэг жилийн хугацаанд авбал зохих хүүхдийн тэтгэлгийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,684 төгрөг, бүгд 140,874 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж бүгд 140,874 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Тул овогт Лхагвасүрэнгийн Б, Боржигон овогт Бямбадоржийн П нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2009 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин П.Н, 2011 оны 5 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин П.С, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин П.С нарыг эх Л.Бын асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2009 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин П.Ныг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 -т зааснаар 2011 оны 5 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин П.Сыг  11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин П.Сыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Б.Поос гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн бүгд 140,874 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Пүрэвдожоос улсын тэмдэгтийн хураамж бүгд 140,874 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

5. Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Б.П, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Л.Б нарт тус тус даалгасугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад, Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тус тус хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА