| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2021/03640/И |
| Дугаар | 183/ШШ2022/00114 |
| Огноо | 2022-01-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 183/ШШ2022/00114
2022 оны 01 сарын 12 өдөр Дугаар 183/ШШ2022/00114 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
УДИРТГАЛ ХЭСЭГ
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ........... байрлах ХААДСАА /0000000/
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ........... тоот хаягт байрлах О ХХК /0000000/
Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 216 251 780 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г
Хариуцагчийн төлөөлөгч Д.Ж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХААДСАА нь зээлийн гэрээний үүрэгт 257 849 700 төгрөгийг О ХХК-иас гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед зээлийн төлбөрийн зарим хэсэг төлөгдсөн үндэслэлээр 41 597 920 төгрөгөөр шаардлагаа багасгасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: О ХХК нь Оросын холбооны улсаас малын өвс, тэжээл импортлон оруулж ирэх зорилгоор 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 2018/Ү/33 дугаартай ХААДС-гийн харъяа М сантай 400 000 000 төгрөгийн зээлийн гэрээ, барьцааны гэрээг харилцан тохиролцон байгуулсан. 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 7 536 000 төгрөг төлснөөс хойш зээлээ төлөөгүй. Иймд үндсэн зээлийн төлбөр 171 899 800 төгрөг, алданги 85 949 900 төгрөг, нийт 257 849 700 төгрөг гаруулахаар анх шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргаснаас хойшхи хугацаанд 41 597 920 төгрөг төлсөн учир энэ үнийн дүнгийн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэв.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд татгалзлаа дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Манай компани 400 000 000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Манай компанийн гол үүрэг бол Оросын холбооны улс руу бүх санхүүжилтийг шилжүүлж малын тэжээл оруулж ирэх үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу ажлаа хийсэн. Бүх мөнгийг дэс дараатай шилжүүлж, импортлон оруулж ирсэн баримт нь гаалийн жагсаалтаар нотлогдож байгаа. Гол асуудал нь 171 899 800 төгрөгийн үндсэн төлбөр, 85 949 900 төгрөгийн алданги нэхэмжилсэн. 171 899 800 төгрөгийг буруу тооцоо байна гэж үзсэн. 41 597 920 төлсөн. Тооцоо нийлсэн акт нь байна. Мөн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар Х аймгийн М сумын Засаг даргын албан тоотоор 1 656 000 төгрөгийн ноосны урамшууллын 11 малчдын төлбөр тооцоо байсан. Үүнийг манайхаас хасаж тооцоогүй байсан. Үүнийг хасаж тооцвол анз гэх 85 949 900 төгрөг илүү тооцсон байна гэж үзэж байгаа. Өнөөдрийн байдлаар 128 645 880 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Энэ мөнгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Харин алдангийг хэцүү цаг үе байсан болохоор тэр нөхцөл байдлыг ойлгоод хасч тооцож өгнө үү гэж хүсэж байна гэв.
Нэхэмжлэгчээс: 2021.10.27-ны өдрийн ХААДС-гаас олгосон итгэмжлэл, ХААДСАА-ны улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2020.01.08-ны өдрийн 16 дугаартай Монгол улсын Засгийн газрын тогтоол, 2017.12.15-ны өдрийн 2017/Ү/33 дугаартай ОХУ-аас малын өвс, тэжээл импортлон оруулж ирэх аж ахуйн нэгжтэй байгуулах зээлийн гэрээ, мөн өдрийн барьцааны гэрээ, Алдангийн тооцооллын хүснэгт, Өглөг авлагын дэлгэрэнгүй журнал, 2020.04.24-ний өдрийн Монгол улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаал, О ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Дамдинжавын Жаргалсүрэнгийн иргэний үнэмлэхний хуулбар, 2015.10.15-ны өдрийн итгэмжлэл, У аймгийн У сумд байрлах 000000000 дугаартай үл хөдлөхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, А ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, У аймгийн У суманд байрлах Ү-0000000000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2017.12.15-ны өдрийн итгэмжлэл, Х.С, Д.Ж нарын иргэний үнэмлэхний хуулбар, 2017.12.20-ны өдрийн итгэмжлэл, Х.О, Д.Ж нарын иргэний үнэмлэхний хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 3-34, ху/
Хариуцагчаас: О ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, О ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, О ХХК-ийн дүрэм, 2019.05.07-ны өдрийн 80 дугаартай Х аймгийн М сумын Засаг даргын хүсэлт хүргүүлэх тухай албан бичиг, 2021.12.06-ны өдрийн А54/21 дугаартай ХААДС-д хүргүүлсэн албан бичиг, 2022.01.10-ны өдрийн А/01-22 дугаартай Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яаманд хүргүүлсэн албан бичиг, 2017.11.09-ний өдрийн 2/232 дугаартай Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны МААБХЗГ-т хүргүүлсэн албан бичиг, Монгол Улсын Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2017.11.24-ний өдрийн 02/3518 дугаартай албан бичиг, 2018.01.03-ны өдрийн 18/01 дугаартай Х аймгийн хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст хүргүүлсэн албан бичиг, 2018.01.08-ны өдрийн 18/02 дугаартай Х аймгийн Б сумын Засаг дарга, ХХАА-н газрын мэргэжилтэн, багийн засаг дарга нарт хүргүүлсэн албан бичиг, 2018.01.08-ны өдрийн 18/03 дугаартай Х аймгийн Ө сумын Засаг дарга, ХХАА-н газрын мэргэжилтэн, багийн засаг дарга нарт хүргүүлсэн албан бичиг, 2018.01.15-ны өдрийн 18/04-01 дугаартай Х аймгийн Б сумын Засаг дарга, ХХАА-н газрын мэргэжилтэн, багийн засаг дарга нарт хүргүүлсэн албан бичиг, 2017.01.17-ны өдрийн 18/7 дугаартай Х аймгийн Х сумын Засаг дарга, ХХАА-н газрын мэргэжилтэн, багийн засаг дарга нарт хүргүүлсэн албан бичиг, 2018.01.17-ны өдрийн 18/04-02 дугаартай Х аймгийн Б сумын Засаг дарга, ХХАА-н газрын мэргэжилтэн, багийн засаг дарга нарт хүргүүлсэн албан бичиг, 2018.01.29-ний өдрийн 18/10 дугаартай Х аймгийн Ц сумын Засаг дарга, ХХАА-н газрын мэргэжилтэн, багийн засаг дарга нарт хүргүүлсэн албан бичиг, Хэнтий аймгийн тэжээлийн захиалга гэх хүснэгт, ААН О ХХК /РД-000000/-ийн 2017-2018 онд импортлосон бараа, бүтээгдэхүүний жагсаалт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны М сангийн 2018.04.16-ны өдрийн 163 дугаартай мэдэгдэл, Борлуулалтын бүртгэл гэх хүснэгт, Х аймгийн Өвөлжилтийн талаарх мэдээлэл, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны 2018.05.02-ны өдрийн 01/1530 дугаартай мэдэгдэл, 2017.11.30-ны өдрийн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль, 2017.12.12-ны өдрийн 171212/04-277 дугаартай Өвс, тэжээл импортлон нийлүүлэх үйл ажиллагаанд баримтлах бодлогын гэрээ, Тооцоо нийлсэн акт гэх хүснэгт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 37, 45-52, 67-95 ху/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ХААДСАА нь хариуцагч О ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 257 849 700 төгрөг гаргуулахаар анх нэхэмжлэл гаргасан боловч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед хариуцагч төлбөр төлсөн үндэслэлээр үндсэн зээл 130 301 880 төгрөг, алданги 85 949 900 төгрөгийн хамт гаргуулахаар шаардсан.
2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөрт хамаарах хэсгийг буюу 128 645 880 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, харин алдангийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд төрийн байгууллагын хоорондоо уялдаагүй байдлын улмаас бүтээгдэхүүн борлуулах ажиллагаа удааширсан нь төлбөрийг эргэн төлөхөд хүндрэл учруулсан, түүнчлэн ноосны урамшууллын 1 656 000 төгрөгийг үндсэн зээлээс хасахаар тохиролцсон гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.
3. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хүнс хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны М сан, О ХХК нарын хооронд 2017.12.15-ны өдөр Оросын холбооны улсаас малын өвс тэжээл импортлон оруулж ирэх аж ахуйн нэгжтэй байгуулах зээлийн гэрээ гэх гэрээ байгуулагдаж, 400 000 000 төгрөгийг төслийн санхүүжилтийн зорилгоор, 2018.08.01-ний өдөр хүртэл хугацаатай зээлдүүлэхээр харилцан тохиролцсон байна.
Уг гэрээгээр М сан О ХХК-д 400 000 000 төгрөгийн санхүүжилт олгохоор, О ХХК зээлийн мөнгөн хөрөнгөөр Оросын холбооны улсаас 980 тн малын тэжээл импортолж, хорголжин тэжээлийн 1 тонн тутмыг 400 000 төгрөгөөр, хивгийг 1 тонн тутам 420 000 төгрөгөөс хэтрүүлэхгүй үнээр малчдад худалдах үүрэг хүлээжээ.
4. Талууд дээрх гэрээний хүчин төгөлдөр байдал, зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан эсэх, 2018.04.30-ны өдрөөс 2021.10.21-ний өдөр хүртэлх хугацаанд зээлийн төлбөрт 228 100 200 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 41 597 920 төгрөг, нийт 269 698 120 төгрөг төлөгдсөн зэрэг үйл баримтын тухайд маргаангүй. Харин алдангийг төлөх үндэслэлтэй эсэхэд маргаантай байна.
5. Шүүх дээрх гэрээг шинжлэн судлаад, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар хүсэл зоригоо гарын үсгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн ба эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэлээ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй байхаар зохицуулсан тул нэхэмжлэгч гэрээний үүргийг шаардах эрхтэй.
Иймд хариуцагчаас үндсэн зээлийн төлбөрт 130 301 880 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй бөгөөд хариуцагч үндсэн зээлийн төлбөрөөс ноосны урамшууллын 1 656 000 төгрөг хасахаар нэхэмжлэгчтэй тохиролцсон гэж тайлбарлах боловч түүний тайлбар хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.
Түүнчлэн, талууд үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан алданги тооцохоор гэрээний 5.3-т тохиролцсон байх тул шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар нэхэмжилсэн үндсэн төлбөр 171 899 800 төгрөгийн 50 хувиар тооцсон алданги 85 949 900 төгрөгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Дээрхийг нэгтгэвэл, О ХХК-иас зээлийн гэрээний үндсэн төлбөр 130 301 880 төгрөг, алданги 85 949 900 төгрөг, нийт 216 251 780 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХААДСАА-нд олгохоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэв.
6. Мөн Монгол улсын Засгийн газрын 2020.01.08-ны өдрийн 16 дугаар тогтоолоор М сангийн хөрөнгө, өглөг авлагыг ХААДС-д шилжүүлсэн нь нотлогдож байх тул зээлдэгч Мал хамгаалан сан шаардах эрхээ Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар ХААДСАА-нд шилжүүлсэн гэж дүгнэсэн болохыг тэмдэглэж байна.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчийн нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэлийн хангасан үнийн дүнгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 236 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар О ХХК-иас 216 251 780 төгрөг гаргуулан ХААДСАА-нд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1-д зааснаар 1 239 209 төгрөгийг хариуцагч О ХХК-иас гаргуулж улсын төсөвт оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭНХЦЭЦЭГ