| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2021/03910/И |
| Дугаар | 183/ШШ2022/00113 |
| Огноо | 2022-01-12 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 183/ШШ2022/00113
2022 оны 01 сарын 12 өдөр Дугаар 183/ШШ2022/00113 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
УДИРТГАЛ ХЭСЭГ
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч- Хан-Уул дүүрэг, ................... тоот хаягт оршин суух О овогт Б.С /00000000/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч- Хан-Уул дүүрэг, ........... байрлах В ХХК /0000000/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 144 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.С,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч В ХХК-д холбогдуулан 144 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шаардлагын үндэслэлээ дадлагажигчаар ажиллах хугацаанд хувийн автомашиндаа өөрийн зардлаар шатахуун хийж, В ХХК-ийн худалдааны төлөөлөгчийн ажлыг хийсэн тул шатахууны зардал 94 000 төгрөг, 1 өдрийн ажлын хөлс 50 000 төгрөг гаргуулахаар шаардаж байна гэв.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Б.С, В ХХК нарын хооронд байгуулсан гурвалсан гэрээний дагуу дадлагажигчаар 14 хоног ажиллахаар тохиролцсон бөгөөд тухайн хугацаанд цалингүй ажиллахаар тохиролцсон тул ямар нэг төлбөр төлөх үндэслэлгүй, түүнчлэн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ажилласан нь нотлогдохгүй байгаа тул мөн өдрийн ажлын хөлсийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3. Нэхэмжлэгчээс, 2021.10.21, 2021.10.08-ны өдрүүдийн НӨАТ-ын баримт, фото зургуудын хамт гаргаж өгсөн. /хх 4-9 ху/
Хариуцагчаас, В ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дадлагын 14 хоногийн хөтөлбөр, бензиний тооцоолол гэх баримтуудыг гаргаж өгсөн. /хх 12, 17-18 ху/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хөдөлмөр эрхлэх сангаас явуулсан төслийн хүрээнд В ХХК-тай байгуулсан гурвалсан гэрээний дагуу тус компанид 14 хоногийн хугацаатай дадлагажигчаар цалингүй ажиллахдаа өөрийн автомашиндаа хувийн зардлаар шатахуун хийж худалдааны төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэх, байгууллага уг шатахууны зардлыг дараа төлөхөөр тохиролцсон. Мөн дадлагын хугацаа дууссаны дараа буюу 2020.10.21-ний өдөр худалдааны төлөөлөгчөөр хөдөлмөрийн гэрээ байгуулахаар ажил олгогчтой тохиролцож ажилласан боловч ажлын байрны тухайд тохиролцоогүй тул үргэлжлүүлэн ажиллаагүй. Иймд нэг өдрийн цалинг бараа өрөгчийн цалин болох 800 000-980 000 төгрөгтэй дүйцүүлэн 50 000 төгрөгөөр тооцож нэхэмжилж байна гэж тодорхойлсон.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Б.С, В ХХК нарын хооронд байгуулсан гурвалсан гэрээний дагуу нэхэмжлэгч дадлагажигчаар 14 хоног ажиллахаар тохиролцсон бөгөөд компанийн зүгээс тухайн хугацаанд цалин болон ямар нэг төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй, 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ажилласан нь нотлогдохгүй байгаа тул цалин хөлс төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дадлагын 14 хоногийн хөтөлбөр, бензиний тооцоолол гэх баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.С 2020.10.06-ны өдрөөс 2020.10.20-ны өдрийг дуустал хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд В ХХК-д цалингүй дадлагажигчаар ажиллахаар тохиролцож ажилласан, шатахууны зардалд 20 000 төгрөг хүлээн авсан үйл баримтын тухайд маргаангүй.
5. Талуудын маргааны зүйл нь тухайн дадлагажигчаар ажиллах хугацаанд нэхэмжлэгчийн зарцуулсан шатахууны зардлыг хариуцагч төлөх эсэх, 2020.10.21-ний өдрийн цалин хөлс олгох эсэх талаар маргаантай байна.
6. Шүүх, нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 492 дугаар 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон; бол хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж зааснаар шаардах эрхтэй гэж дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл, үүрэг үүсээгүй гэдэг нь хөрөнгө олж авсан болон үүрэг гүйцэтгэгч этгээдүүдийн хооронд гэрээний болон хуульд заасан үүргийн харилцаа үүсээгүй байхыг ойлгох бөгөөд нэхэмжлэгч Б.С-ын тухайд дадлагажигч ажилтнаар В ХХК-д ажиллах хугацаандаа өөрийн автомашинд хувийн зардлаар шатахуун хийж ажил үүрэг гүйцэтгэх үүрэг хүлээгээгүй байх тул шүүх баримтаар нотлогдож байгаа хэмжээнд шатахууны зардлыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэв.
Тодруулбал, нэхэмжлэгч шатахуунд 114 000 төгрөгийн зардал гарснаас 20 000 төгрөгийг хүлээн авсан гэж тайлбарлаад НӨАТ-ын баримтыг хэрэгт ирүүлсэн боловч тухайн баримт нь нэхэмжлэгчийн автомашинд зарцуулсан шатахууны зардлын баримт гэдэг нь нотлогдохгүй байх тул хариуцагчаас ирүүлсэн бензиний тооцоолол гэх баримтад дурдсан 107 338 төгрөгөөс авсан 20 000 төгрөгийг хасаад үлдэх 87 338 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Харин 1 өдрийн ажлын хөлсний тухайд, нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээ байгуулахаар ажил олгогчтой тохиролцож, 2021.10.21-ний өдөр ажилласан хөлс 50 000 төгрөг хариуцагчаас гаргуулна гэж тайлбарлах боловч уг үйл баримт хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй, нэхэмжлэгчээс ирүүлсэн фото зураг нь хуульд заасан бичгийн нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, хариуцагч В ХХК-иас шатахууны зардал 87 338 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.С-д олгохоор, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 56 662 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангасан тул зохигчдод хуваан хариуцуулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч В ХХК-иас 87 338 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.С-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 56 662 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4970 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч В ХХК-иас 4550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.С-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ