Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2022/00112

 

2022 оны 01 сарын 12 өдөр                     Дугаар 183/ШШ2022/00112                                   Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

               УДИРТГАЛ ХЭСЭГ

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ............. тоот хаягт байрлах И ХХК /0000000/

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ............ байрлах НШШГГ

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, Б.О нар

Гэрч Ц.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун

 

(Нэхэмжлэгчийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч И ХХК НШШГГт холбогдуулан Сүхбаатар дүүргийн ...... байрлах, нэгж талбарын 00000000, 0000000000 дугаартай, 1300 м.кв талбай бүхий газрыг үнэлсэн Д ХХК-ний үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1. Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.4, 92 дугаар зүйлийн 92.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6, 14.3, 14.5, 44.2.1, 44.2.5, 44.2.9, 55.2.2, 55.2.6 дахь заалтуудыг зөрчсөн.

2. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг ... тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртөгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасныг зөрчсөн.

3. Шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчиж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгааг албан бичиг болон мэдэгдлээр манай байгууллагад мэдэгдээгүй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т заасны дагуу хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгч И ХХК-ийн буюу барьцаа хөрөнгийн эзэмшигч компанийн үнийн саналыг албан ёсоор аваагүй.

5. Шинжээч томилох тухай 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 10/294 тоот тогтоолд Д ХХК-ийг шинжээчээр томилсон боловч шинжээч хэн болох, шүүхийн шинжилгээний тухай болон хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн эрх үүргийг тус тус танилцуулаагүй, хуульд заасан хариуцлага хүлээлгэх, танилцсан хэсэгт шинжээч нь гарын үсэг зураагүй, тамга тэмдэг байхгүй. Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаар мэдээлэл тодруулсан тэмдэглэлд гарын үсэг зуран тэмдэг дарсан боловч он, сар, өдөр, төлбөр төлөгчийн мэдээлэл байхгүй. Шинжээч томилох тухай тогтоол гардуулан өгөх актад мөн адил он, сар, өдөр, төлбөр төлөгчийн мэдээлэл байхгүй. С ХХК-д 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шинжээчийн үнэлсэн үнэлгээг танилцуулсан мэдэгдлийг өгсөн. Иймд шийдвэр гүйцэтгэгчийн хууль бус ажиллагаа болон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд татгалзлаа дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 679 дугаар захирамжаар С ХХК, И ХХК нараас 927 421 784 төгрөгийг гаргуулж М ББСБ ХХК, Б ХХК нарт олгохоор шийдвэрлэж, төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд дурдсан Сүхбаатар дүүргийн ........, гэрчилгээний дугаар 0000000, нэгж талбарын 0000000000000 дугаартай 1300 м.кв газрыг 2021.08.05-ны өдрийн 21290720/01 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2021.10.12-ны өдрийн 21290720/02 дугаар тогтоолоор хураасан.

2. Төлбөр төлөгч нарт үнийн санал гаргахыг мэдэгдэхэд С ХХК, И ХХК нараас 10 000 000 000 төгрөгөөр үнэлсэн ба төлбөр авагч 1 000 000 000 төгрөгөөр үнэлж талууд харилцан тохироогүй тул шинжээчээр үнэлүүлэхэд 692 102 616 төгрөгөөр үнэлэгдсэнийг талуудад мэдэгдсэн.

3. Шинжээчид эрх үүргийг тайлбарласан.

4. Нэхэмжлэгч И ХХК-д үнийн санал ирүүлэх талаар мэдэгдэхэд компанийн тамга байхгүй гэж тайлбарлаад бичгээр үнийн санал ирүүлээгүй талаар тэмдэглэл үйлдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Нэхэмжлэгчээс: И ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2018.11.12-ны өдрийн БГ-00087 дугаартай Барьцааны гэрээ, 2021.08.06-ны өдрийн төлбөр төлөгчөөс НШШГГт гаргасан хүсэлт, И ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, 2021.10.20-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021.11.09-ний өдрийн 4-221/21401 дугаар НШШГГ-ын мэдэгдэл, Д ХХК-ийн №Ш21-18 дугаар Хөрөнгийн үнэлгээний тайлан, 2021.10.19-ний өдрийн Б ХХК-ийн 21/685 дугаартай НШШГГ-т гаргасан хүсэлт, 2021.10.19-ний өдрийн 21/123 дугаартай М ББСБ-аас НШШГГ-т гаргасан хүсэлт, Албадан дуудлага худалдааны зар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.05.31-ний өдрийн 183/ГХ2021/00481 дугаартай гүйцэтгэх хуудас, 2021.07.30-ны өдрийн 21290720 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, Сүхбаатар дүүргийн ..........., гэрчилгээний дугаар 0000000, нэгж талбарын 0000000000 дугаартай 1300 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, НШШГГ-ын 2021.11.10-ны өдрийн 4-221/21545 дугаартай мэдэгдэл, 2021.11.08-ны өдрийн 12/91 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 5-33 ху, 43-51 ху/

Хариуцагчаас: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.05.31-ний өдрийн 183/ГХ2021/00481 дугаартай гүйцэтгэх хуудас, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.05.31-ний өдрийн 183/ШЗ2021/06201 дугаартай шүүгчийн захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.03.22-ны өдрийн 183/ШЗ2021/00679 дугаартай шүүгчийн захирамж, 2021.08.02-ны өдрийн 21290720/222 дугаартай төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлэг, 2021.08.02-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2018.11.12-ны өдрийн БГ-00087 дугаартай Барьцааны гэрээ, 2021.08.05-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021.08.05-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2021.10.12-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021.12.12-ны өдрийн 21290720/02 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2021.10.18-ны өдрийн төлбөр төлөгчөөс ирүүлсэн үнийн санал гаргах тухай албан бичиг, 2021.10.19, 2021.10.20-ны өдрүүдийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021.10.26-ны өдрийн Шинжээч томилох тухай тогтоол, 2021.10.28-ны өдрийн 91/021 дугаартай Д ХХК-ийн итгэмжлэх, 2021.10.28-ны өдрийн Шинжээч томилох тухай тогтоол гардуулан өгөх акт, 2021.10.28-ны өдрийн Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, 2021.11.08-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцэх акт, Д ХХК-ийн №Ш21-18 дугаар Хөрөнгийн үнэлгээний тайлан, 2021.11.09-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, НШШГГын 2021.11.09-ний өдрийн 4-221/21401 дугаартай мэдэгдэл, 2021.11.10-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021.11.24-ний өдрийн 11/159 дугаартай Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 57-95 ху/

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч И ХХК хариуцагч НШШГГт холбогдуулан Сүхбаатар дүүрэг, .........., гэрчилгээний дугаар 000000, нэгж талбарын 000000000000 дугаартай 1300 м.кв газрыг үнэлсэн Д ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсаныг хангах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

2. Нэхэмжлэгч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бусаар явуулсан буюу төлбөр төлөгч И ХХК-иас албан ёсоор үнийн санал аваагүй, үнэлгээ хийсэн шинжээчид эрх үүрэг тайлбарлаагүй, үнэлгээ хийсэн аргачлал буруу байсан тул үнэлгээг хүчингүй болгох үндэслэлтэй гэж шаардах эрхээ тодорхойлж байна.

3. Хариуцагч, төлбөр төлөгч И ХХК тамга тэмдэггүйн улмаас албан ёсоор үнийн санал ирүүлэх боломжгүй гэж мэдэгдсэн тухай тэмдэглэл үйлдсэн, шинжээчид эрх үүрэг тайлбарласан тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мөн хуулийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргахаар хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасанд нийцэж байх ба нэхэмжлэгч И ХХК дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байх тул нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн байна.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 00679 дугаар шүүгчийн захирамжаар, М ББСБ ХХК, Б ХХК нарын нэхэмжлэлтэй, хариуцагч С ХХК, И ХХК нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 994 033 334 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт, хариуцагч нар 944 033 334 төгрөгийг 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хугацаанд, тохиролцсон хуваарийн дагуу төлж барагдуулах, тохирсон хугацаанд төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зөвшөөрсөн Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэжээ.

 

Төлбөр төлөгч С ХХК, И ХХК нар нь 924 033 334 төгрөгийг сайн дураар төлөөгүй тул албадан гүйцэтгэх ажиллагаа 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн байна.

 

Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч И ХХК-ийн эзэмшлийн Сүхбаатар дүүрэг, ........, гэрчилгээний дугаар 00000000, нэгж талбарын 0000000000 дугаартай 1300 м.кв газрыг НШШГГ-ын 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 21290720/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 21290720/02 дугаар тогтоолоор хураасан ба эдгээр ажиллагаанд нэхэмжлэгч гомдол гаргаагүй, уг ажиллагаа хууль зөрчөөгүй байна.

 

Үүний дараа хариуцагч НШШГГ 2021.10.26-ны өдөр 10/294 дугаар тогтоолоор Д ХХК-ийг үнэлгээ тогтоох шинжээчээр томилсон байна.

 

Дээрх тогтоолыг нэхэмжлэгч эс зөвшөөрөх бөгөөд шинжээч томилохдоо албан ёсоор үнийн санал аваагүй гэж тайлбарласан боловч хэрэгт авагдсан 2021.10.20-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, С ХХК-ний үнийн санал зэрэг баримтаас үзэхэд төлбөр төлөгч ...тамга тэмдгийг зээл авахад төлбөр авагч барьцаалаад өгөхгүй байгаа болохоор тамга тэмдэгтэй үнийн санал өгөх боломжгүй, ... С ХХК-н үнийн санал манай үнийн санал ижил... гэх агуулгатай тайлбар гаргаж байсан байх тул нэхэмжлэгчийн аман хэлбэрээр гаргасан үнийн саналыг үндэслэн шинжээч томилсныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй, төлбөр төлөгчийн үнийн санал өгөх эрхийг хязгаарласан гэж үзэхээргүй байна. /хх 69, 71 ху/

 

Түүнчлэн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна гэж заасан ажиллагааг гүйцэтгэж, шинжээч Ц.Т-д эрх үүрэг тайлбарласан болох нь хэрэгт авагдсан тэмдэглэл, эрх үүрэг тайлбарласан баримтаар нотлогдож байх тул шинжээчид эрх үүрэг тайлбарлаагүй гэх нэхэмжлэгчийн үндэслэл мөн үгүйсгэгдэж байна. /хх 76 ху/

 

5. Иймд хариуцагч нь төлбөрт хураагдсан газрыг үнэлэх ажиллагаа явуулахдаа хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар баримтаар нотолж чадаагүй тул үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

6. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Түүнчлэн, нэхэмжлэгчид 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 10 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хуульд заасан журмын дагуу утсаар болон шүүхийн мэдэгдэх хуудсаар тус тус мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон аливаа баримтыг ирүүлээгүй тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар дүүрэг, ........, гэрчилгээний дугаар 00000000, нэгж талбарын 000000000000 дугаартай 1300 м.кв газрыг үнэлсэн Д ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай И ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч И ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

                                         

 

 

 

ШҮҮГЧ                        Д.ЭНХЦЭЦЭГ