Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 223/МА2018/00029

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 27 өдөр

     Дугаар 223/МА2018/00029

 

 

Х.З-н нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 151/ШШ2018/00990 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Х.З-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Б-т холбогдох,

“Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн 17000000 төгрөгийг буцаан  гаргуулах тухай” тухай иргэний хэргийг хариуцагч Б.Б , түүний өмгөөлөгч П.Ганбаатар нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.З , хариуцагч Б.Б , нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.

 

Нэхэмжлэгч Х.З  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие 2017 оны 12 сард интернэтээс хашаа байшин зарна гэсэн зарын дагуу 80008841 утсаар хариуцагчийн нөхөр А.Батзолбоотой ярьж хаягийн дагуу очиж байшинг үзэж аавтай нь уулзсан. Үүний дараа дахин ахтайгаа очиж үзэхэд мөн л аав нь байсан бөгөөд байшин ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, зориулалтын дагуу амьдрах боломжтой байсан. Манай ах шал нь жаахан хазгай байна яагаад ийм байна гэж асуухад хүүхдүүд жаахан хазгай цутгасан байна гэсэн. Ах нь настай намбатай хүн та нарын ааваас ялгаа юу байхав, дулаахан сайхан байшин 9 сард хуучин модон шалыг хуулж байгаад суурин дээр нь зузаан цементээр давхарлаж суурийг нь маш зузаан болгож, гаднаас нь тоосгоор өрж, бүтэн палкаар барьсан гэж хэлсэн. А.Батзолбоо мөн ямар ч асуудалгүй, бид нар өөрсдөө амьдрах зорилгоор маш сайн барьсан. Манайх зарах хүсэлгүй байгаа боловч би Төв аймаг Баянцагаан суманд хөдөө орон нутагт томилоод зарах шаардлага гарсан гэж ярьсан. Шинээр барьж засвар хийсэн ямар нэгэн асуудалгүй байшин. Мөн хотын төвд ойр байршил сайтай зарах хүсэлгүй байгаа боловч хөдөө үл хөдлөх хөрөнгө худалдан авсан бөгөөд зээлээ төлөх шаардлага үүссэн гэж ярьсан. Ингээд уг газар, байшинг 17 сая төгрөгөөр худалдан авахаар Б.Б  болон А.Батзолбоо нартай тохиролцсон.

2017 оны 12 сарын 13-нд Баянзүрх захын хойд талд байрлах нотариатч Г.Наранцэцэгийн хажууд миний бие бэлэн 17 000 000 төгрөг Б.Б-т өгч хажууд түүний дүү нь байсан Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 21-р хороо, Сэлбэ 37 гудамж 897 тоот хаягт байрлах 350 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон мөн хаягт байрлах 40 м.кв талбайтай хувийн сууцыг худалдах, худалдан авах гэрээ хийж худалдаж авсан. Уг худалдаж авсан байшинд аав нь амьдарч байсан тул маргааш нь буюу 12 сарын 14-нд түлхүүрийг авсан. Энэ үед орж үзэхэд урьдын адил хэвийн байсан. Удалгүй манайх байшиндаа нүүж ороод амьдарсан. Анх байшинд нүүж ороход ханан пийшин нь хагарсан байсан, үүнийг хойд айлын залуу байшинд тавилга зөөж оруулахдаа харсан. Би А.Батзолбоод энэ тухай утасдаж хэлэхэд ямар ч боломжгүй, бид нар өөрсдөө маш сайн барьсан, ямар нэгэн асуудал үүсэх ёсгүй гэж хэлсэн.

Үүнээс бусдаар өвөл байшинд амьдрахад хэвийн байсан. Гэтэл 2018 оны 3-р сараас эхлэн байшингийн суурь нь бүр доошоо сууж эхэлсэн. 2018 оны 03 сарын 27-ноос эхлэн гэрт ус орж ирсэн. Хулдаас болон шалны дрожийг нь авч үзэхэд маш их устай, суурь нь их хэмжээгээр хагарсан байсан. Энэ өдрөөс эхлэн өдөр бүр ус орж ирж зөөж асгаж байгаа. Амьдрахад хүндрэлтэй, маш их чийгтэй мөн эрүүл саруул амьдрах боломжгүй энэхүү байр газрын талаарх мэдээллийг иргэн Б.Б  нь нууж намайг хууран мэхэлж маш чанартай сайхан байр, газар, ямарч асуудалгүй гэж итгүүлэн худал ярьж зарсан байна. Миний бие 2 бага насны хүүхэд болон хүнд өвчтэй настай ээжтэйгээ хамт амьдардаг бөгөөд энэхүү хашаа хувийн сууцанд цаашид амьдрах ямарч боломжгүй байгаа тул газар болон хувийн сууцыг буцаан өгч төлсөн мөнгөө Иргэний хуулийн дагуу буцаан авах хүсэлтэй байна.

Иймд Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 21-р хороо, Сэлбэ 37 гудамж 897 тоот хаягт байрлах 350 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон мөн хаягт байрлах 40 м.кв талбайтай хувийн сууцыг худалдаж авсан 17 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Б.Б  шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд 2017 оны 9 дүгээр сард интернетийн зарын дагуу энэ хашаа байшинг анх өөрсдөө амьдрах зорилгоор худалдан авсан болно. Хашаа байшинг анх худалдан авахад палкаар баригдаад олон жил болсон боловч байшин хэвийн, хүн амьдрах бүрэн боломжтой, газар хашаанд бага зэрэг ус тогтсон намгархаг боловч тэгш байрлал сайтай, төв зам автобусны буудал худаг ус гээд бүх үйлчилгээндээ 100 метр маш ойр бидний санаанд бүрэн нийцэж байсан учир М.Сайнзаяатай тохиролцон худалдан авсан.

Нөхөр Батзолбоо нь УБЦТС ХК-ийн орон нутгийн салбарт ажиллаж гэр бүлээрээ түр хугацаагаар очиж амьдрах болсон. Худалдан авсан хашаа байшингаа засаж нөхрийнхөө ажлыг Улаанбаатар хот руу шилжиж ирэхээр амьдрах хүсэлтэй байсан.

Байшин засвар хийхээс өмнө: Байшин модон шалтай, дээвэр нь тааруу хар цаастай, А нуруу бага зэрэг хотойсон, үүдний амбаар солих шаардлагатай дотор хана бага зэрэг хазгай, тааз лампер /тааруу/, бүрэн засвар хийх шаардлагатай байсан.

Хашаа газрын хувьд: Хашааны баруун талын 30 хувь нь ус тогтсон, нүүрэн талын хашаа нурсан, нойл жорлонгүй, бас засвар хийх шаардлагатай байсан.

Өөрсдөө гар бие засвар хийж амжихгүй байсан тул хүн хөлслөх, ах дүү нараасаа тусламж авч хашаа байшиндаа засвар хийсэн.

Засвар хийхдээ: Байшингийн гадуур болон үүдний тамбарын хэсэгт хундам цутгаж, байшинг 12-н тоосгон ханаар бүрэн тойруулж өрсөн бөгөөд үүдний тамбарыг 25-н ханаар дахин өрсөн. Дээврийг дахин бүрэн сольж шинэчилсэн. Модон шалыг хуулж авахад хөрс нь бага зэрэг шаварлаг чийгтэй 1 x 1 хэмжээтэй 1 метрийн гүнзгий зоорь ухсан байсан. Чийгтэй хэсгийн шороог ухаж аваад дайрга чулууг 15 см-н зузаантай дэвсэж 5-10 см-н зузаантай бетон цутгасан. Том өрөөний хэсэгт шалны цахилгаан халаалт тавьж дээрээс нь паркет шахсан. Таазыг аргелет ашиглан хийж будсан.Том өрөөний ханыг обойдож, гал тогооны хэсгийг будсан. Ханан пийшин өрж зуух тавьсан. Хашааны нүүрний хэсгийн банзнуудыг шинэчлэн хаалга хийсэн. Жорлон ухаж шинээр барьсан. Засварын ажил дуусах үед нөхрийн ажил Улаанбаатархотруу шилжих нь удаан хугацаагаар хойшлогдон амьдрах боломжгүй болсон. Банкнаас 20 000 000 төгрөгний зээл авч хөдөө орон нутгаас ирж хашаа байшин үзэж худалдан авах засвар хийх зэрэгт их хэмжээний зардал мөнгөө төлж барагдуулсан. Нөхөр А.Батзолбоо нь ажлын шаардлагын улмаас хугацаагүйгээр хөдөө орон нутагт ажиллах шаардлага гарсан тул гэр бүлийн хамтаар Төв аймгийн Баянцагаан суманд суурьшиж амьдрахаар болсон. Мөн банкнаас зээлийн дарамтад орж мөнгөний шаардлага гарсан тул худалдахаар болж интернетэд 20 000 000төгрөгөөр зарна гэсэн зар байршуулахад маш олон хүн авах санал тавьж байснаас Х.З д 3 000 000 төгрөгөөр хямдруулж 17 000 000 төгрөгөөр худалдахаар болсон. Тухайн үед хашаа байшинг түр харж байсан хадам аав болох Н.Алтангэрэлтэй Х.З  нь 2 удаа уулзаж хашаа байшинтай танилцаж нөхөр бид хоёроос утсаар мэдээлэл авч, үзэж танилцаж байсан. Тухайн үед хөдөө орон нутгаас ирж үзүүлж танилцуулах боломжгүй Х.З г хашаа байшинтай танилцаж байх үед бидний зүгээс бүхий л мэдээллийг үнэн зөвөөр нууж хаалгүйгээр хэлж үзүүлж байсан. Газрын байршил нь сэлбэ гол талдаа тул бага зэрэг намгархаг, ойр хавийн айлууд хашаандаа их хэмжээний шороо асгасны улмаас хашааны 30 хувьд ус тогтсон нам дор болсон учир мөн адил шороо асгаж тэгшлэх шаардлагатайг хэлсэн. Байшинд өөрсдийн зүгээс мэргэжлийн бус ч гэсэн чадах чинээгээр засвар хийсэн тухайгаа хэлсэн. Үүний үндсэн дээр хоёр талаас гэрээ байгуулж гомдол саналгүй гэснээр 2017 оны 12 сарын 13-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болно. Үүнээс хойш Б.Б  миний биед мэдэгдэж хэлэлгүйгээр байшин шалан доороос ус гарч хүн амьдрах боломжгүй гэсэн үндэслэлээр Төв аймгийн сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүхэд дуудсан. Энэ нь миний бие болон манай гэр бүлийн хувьд сэтгэлзүйн болон эд хөрөнгийн маш их дарамт учруулж байна.

Х.З  нь намайг хууран мэхэлж эд хөрөнгөө худалдсан гэж Б.Б  миний биеийг шүүхэд хандаж байгаад гомдолтой байгаа тул үнэн зөвийг үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан гэрээний 4 дүгээр заалт, Иргэний хуулийн 255.1.1, 255.1.3 заалтуудыг үндэслэн шийдвэрлэж өгнө үү.” гэв. 

 

    Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1, 256.3-д зааснаар Б.Б , Х.З  нарын хооронд байгуулагдсан талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 12 сарын 13-ны өдрийн Баянзүрх дүүргийн 21 хороо Сэлбэ 37 гудамж 897 тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2204027768 дугаарт бүртгэгдсэн хувийн сууцыг 10 000 000 төгрөгөөр, мөн хаягт орших Г-2204011637 улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн 350 м,кв талбайтай газрыг 7000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээнүүдийг цуцалж, хариуцагч Б.Б ээс 17 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.З д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлин 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 242950 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч Б.Б ээс 242950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.З д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчшийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

 

Хариуцагч Б.Б, түүний өмгөөлөгч П.Ганбаатар нар гаргасан давж заалдах гомдолдоо: “Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн №151/ШШ2018/00990 тоот шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

1/. Иргэн Х.З-н нэхэмжлэлтэй, иргэн Б.Б-т холбогдох "Худалдах-худалдан авах гэрээг цуцлаж, 17.000.000 төгрөг гаргуулах"тухай иргэний хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн.

Шүүх энэ хэргийг хуулийн дагуу хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн шийдвэрлэх ёстой байтал нэхэмжлэгч Х.З-н шүүхэд гаргаж өгсөн бичгийн баримтууд нь /хх-т авагдсан гэрэл зурагийн үзүүлэлтүүд, худалдах-худалдан авах гэрээнээс өөр ямар ч баримт байхгүй/ нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаагүй байхад түүнийг үнэлж шийдвэрлэсэн байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Х.З нь ИХШХШТХуулийн 25-р зүйлийн 25.2.2-д заасан "..нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага ба үндэслэлийг өөрөө нотлох үүрэгтэй.." гэх хуулийн заалтыг нэхэмжлэгч зөрчсөн байсныг хариуцагч талын зүгээс удаа дараа мэтгэлцэж тайлбарласаар байхад шүүх хүлээн аваагүй.

Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "..нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргасан гэрэл зураг нь ИХШХШТХуулийн 37-р зүйлийн 37.2-д заасан бичмэл нотлох баримтанд хамаарах бөгөөд хариуцагч талаас тайлбарлаж, мэтгэлцээгүй тул түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй үнэллээ" гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлалгыг хангасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг ноцтой зөрчсөн байна.

Зохигч талууд 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, худалдан авагч Х.З  нь өмчлөх эрхийг 1 хоногийн дараа буюу 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Улсын бүртгэлээр дамжуулан эрх шилжүүлэн авсан байдаг.

Энэ нь ИХШХШТХуулийн 248 дугаар зүйлийн 248.2-д заасан "Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно" гэж заасан хуулийн зохицуулалтыг анхан шатны шүүх мөн зөрчсөн.

Түүнчлэн ИХШХШТХуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д "Худалдан авагч нь эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол шаардлага гаргах эрхээ алдана" гэж заасан байна.

Тухайлбал нэхэмжлэгч Х.З  нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ хийхийн өмнө уг хашаа байшинд өөрөө болон ахынхаа хамтаар 2-3 удаа ирж үзэн холбогдох мэдээллийг авч, өөрийн нүдээр үзэж шалган авсан талаараа шүүхэд тайлбарладаг. Энэ талаараа маргаж мэтгэлцдэггүй.

Мөн уг эд хөрөнгийг хүлээн авснаасаа хойш 4-5 cap орчмын хугацаанд ямар ч асуудалгүй байшинд амьдарч, ашиглаж байсан атлаа гэнэт эд хөрөнгийн доголдол илэрлээ гэж маргаж эхэлсэн нь өөрөө маргаан дагуулдаг.

Нэхэмжлэгч Х.З-н тухайд 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулахын өмнө эсхүл байгуулсаныхаа дараа мэргэжлийн байгууллага, албан тушаалтанд хандан нөхцөл байдлын үнэлгээ-дүгнэлтийг гаргуулах үүрэг нь түүнд хуулиараа байсныг биелүүлээгүй талаар нь, хариуцагч талаас тайлбарласаар байхад мөн анхан шатны шүүх хүлээж аваагүй.

Энэ мэт нөхцөл байдлууд хавтас хэрэгт авагдсан баримтуудаас тодорхой харагдсаар байтал анхан шатны шүүх хүлээж аваагүй нь хариуцагч Б.Б ийн хуулиар олгогдсон эрх ашгийг зөрчихийн зэрэгцээ, нэхэмжлэгч Х.З  нь уг хашаа, байшинг худалдан аваад өнөөдрийг хүртэл буюу 10 cap орчмын хугацаа өнгөрсөөр байхад уг хашаа, байшинг өмчлөж, эзэмшиж, ашигласаар байгаа нь шударга бус зүйл болоод байна.

Шүүхийн энэхүү эргэлзээтэй, үндэслэлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, нотлох баримтыг тал бүрээс нь бодитой үнэлээгүй, талуудын эрх тэгш байх зарчмыг зөрчсөн гэж хариуцагч талын зүгээс үзэж байгаагийн зэрэгцээ дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэхгүй байна.

Иймд хариуцагч Б.Б  болон түүний өмгөөлөгч нарын зүгээс энэхүү давж заалдах гомдлыг гарган шүүх хуралдаанд өөрсдийн биеэр оролцохоо үүгээр илэрхийлж байна. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн №151/00990 тоот шийдвэрийг ИХШХШТХуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д зааснаар бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж ирүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийн зөрчил гаргаагүй, зохигчдыг хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж маргааны үйл баримтад Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэж эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт өгсөн боловч нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв оновчтой сонгон хэрэглээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс өөрийн эрх хэмжээний хүрээнд залруулан зөвтгөх боломжтой байна.

 

Нэхэмжлэгч Х.З шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагчтай байгуулсан худалдах-худалдан авах гэрээнээс эд хөрөнгийн биет байдлын доголдолтой холбоотойгоор татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн 17 000 000 төгрөгийг буцаан гаргуулах агуулгаар тодорхойлжээ. Нэхэмжлэгч зохигчдын хооронд 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 21-р хороо, Сэлбэ 37 гудамж 897 тоот хаягт байрлах 350 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон мөн хаягт байрлах 40 м.кв талбайтай хувийн сууц худалдах-худалдан авах гэрээнүүдийг шаардлагынхаа үндэслэл болгосон байна.

 

Хариуцагч Б.Б  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзжээ. 

Зохигчид 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “Хувийн сууц худалдах- худалдан авах гэрээ”, “ Газар худалдах- худалдан авах” гэрээг харилцан тохиролцож, бичгээр байгуулан БЗД, 21-р хороо, Сэлбийн 37 гудамж, 897 тоот хаягт байрлах 350 м.кв , гэр бүлийн хэрэгцээний газар, мөн хаягт байрлах  40 м.кв талбайтай хувийн сууц тус тус Б.Б ийн өмчлөлөөс Х.З-н өмчлөлд Эрхийн улсын бүртгэлийн Y-2204027768, Г-2204011637  дугаарт тус тус бүртгэгдэн  шилжсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогджээ. /хх-ийн 6-9, 91 дүгээр тал/

 

            Дээрх үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1., 243 дугаар зүйлийн 243.1., 110 дугаар зүйлийн 110.1. дэх хэсэгт нийцсэн  хүчин төгөлдөр гэрээ  байна.

 

            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар худалдагч нь худалдах-худалдан авах гэрээгээр биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх... нь худалдагчийн хууль буюу гэрээгээр хүлээх үндсэн үүрэгт хамаардаг байна.

 

            Нэхэмжлэгч Х.З  гэрээний зүйлийн үнэ 17 000 000 төгрөгийг хариуцагчид Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1.-д зааснаар хүлээлгэн өгч мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан  гэрээний үүргээ бүрэн  биелүүлсэн тухайд зохигчид маргаагүй байна. Хариуцагч эд хөрөнгийн доголдлыг үгүйсгэж маргаагүй боловч анх байшинг авахдаа хангалттай сайн үзэж танилцаж авсан, доголдол нь байгалийн давагдашгүй хүчин зүйл болон бусад нөхцөлөөс шалтгаалсан байх боломжтой гэж нэхэмжлэлээс татгалзаж маргажээ.

 

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1.-д заасны дагуу гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзэх бөгөөд

Нэхэмжлэгч Х.З-н  худалдан авсан хувийн сууц нь хүн амьдран суух зориулалтад нийцэх чанарын шаардлага хангахгүй, биет байдлын доголдолтой болох нь нэхэмжлэгчийн тайлбар, нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж ирүүлсэн фото зураг, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар нотлогджээ./хх-ийн 11-18, 92-93-р тал/

            Хууль зүйн хувьд хүчин төгөлдөр байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ нь гэрээний талуудад  шаардлага ба үүргийг үүсгэдэг.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1.-д эд хөрөнгийн доголдлын талаархи худалдан авагчийн шаардах эрхийн үндэслэлүүдийг тодорхойлон зохицуулсан ба нэхэмжлэгч нь эдгээр эрхээс гэрээнээс татгалзах эрхийг сонгон хэрэгжүүлэхээр шаардсаныг шүүх хангаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулсан гэрээний зүйл нь хүн амьдран суух зориулалттай хувийн сууц бөгөөд уг эд хөрөнгөд 2018 оны 3 дугаар сараас эхлэн байшингийн суурь доошоо суух, хагарах, байшингийн доороос их хэмжээний ус нэвтэрсэн зэрэг гэмтэл, доголдол илэрсэн байна. Энэхүү доголдлыг хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурьдсанаар  худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авах үедээ мэдэх боломжтой байсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Нэхэмжлэгч нь  Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6.-д заасны дагуу өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор шаардах эрхээ хэрэгжүүлсэн байна.

 

            Анхан шатны шүүх худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээгээр өгсөн 17 000 000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлага гаргасан нэхэмжлэгчийн шаардах эрхийг зохицуулсан хуулийн хэм хэмжээг буруу хэрэглэснээс гадна худалдах-худалдан авах гэрээнээс татгалзах эрхийг урт хугацааны гэрээг цуцлах асуудалтай хольж хуулийг буруу тайлбарласан,  нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийг өмнөх өмчлөгчийн нэр дээр буцаан өмчлөх эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан зэрэг алдаа гаргасныг  залруулан зөвтгөх үндэслэлтэй байна.

 

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч болон түүний өмгөөлөгчийн ... эд хөрөнгийг хүлээн авсан, доголдлыг мэдэх боломжтой байсан, анхан шатны шүүх хууль зөрчсөн талаархи давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй тул шийдвэрт өөрчлөлт оруулж хууль хэрэглээний алдааг залруулах, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах  шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 151/ШШ2018/00990 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 205 дугаар зүйлийн 205.1.-д зааснаар хариуцагч Б.Б ээс 17 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.З д олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дугаар заалтаар “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.5.-д зааснаар /2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хууль/ Баянзүрх дүүргийн 21-р хороо, Сэлбэ 37 гудамж, 897 тоот хаягт байрлах 40м.кв талбайтай, Ү-2204027768 дугаарт бүртгэлтэй хувийн сууц, мөн хаягт байрлах Г-2204011637 улсын бүртгэлийн дугаартай 350 м.кв газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж, Х.З-н өмчлөлөөс Б.Б ийн өмчлөлд буцаан бүртгэхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгасугай” гэсэн нэмэлт заалт оруулж, шийдвэрийн 2,3,4 дүгээр заалтыг нэг заалтаар ухрааж 3, 4, 5 гэж дугаарлан, шийдвэрийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч Б.Б  нь Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 151/ШЗ2018/03447 дугаар шүүгчийн захирамжаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Т.ЭНХМАА

           

                  ШҮҮГЧИД                                                           Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                                                           Ц.ӨРНӨНДЭЛГЭР