| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамын Мягмаржав |
| Хэргийн индекс | 186/2020/0493/Э |
| Дугаар | 1220 |
| Огноо | 2020-09-22 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Чимгээ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 1220
2020 09 22 2020/ДШМ/1220
Ц.Бд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Чимгээ,
шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Ч.Ганбат,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/507 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Бын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2011008880588 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржав илтгэснээр хянан хэлэлцэв.
..............., 19............ оны ..... дугаар сарын ............-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 90 дүгээр гудамжны 1311г тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:............../,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн;
Ц.Б нь 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байрлах “Хүчит шонхор” захад мах худалдахаар Говь-Алтай аймгийн Цээл сумаас ирсэн И.Баяраагийн 38 ширхэг 399 кг ямааны махыг худалдан авахдаа жингийн заагч хэсэгт зайнаас удирдах чип зориуд суулгасан, улсын баталгаажуулалтад хамрагдаагүй, хэмжил зүйн үзүүлэлтүүдийг тэмдэглээгүй, стандартын шаардлага хангаагүй электрон жинг ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон 300 кг мах мэтээр дутуу жигнэж, хэмжил зүйн заалтыг зориуд өөрчилсөн хэмжих хэрэгсэл ашигласныг нуух замаар төөрөгдөлд оруулан 346.500 төгрөгийн үнэ бүхий 99 кг махыг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ц.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ...........ыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ц.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ц.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.Б би 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/507 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар зүйлчлэгдэн 6 сарын хугацаагаар нээлттэй хорих ялаар шийтгүүлсэн. Өөрийн буруутай үйлдлээс болж хохирогчид 345.000 төгрөгийн хохирол учруулан, эрүүгийн гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэм гэмшиж, гэм буруугаа ухамсарлан ойлгож байна. Хохирогчоос албан ёсоор уучлалт гуйж байна. Гэм буруугаа ухамсарлан, хохирол төлбөрөө мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн төлж барагдуулсан, гэм хороо бүрэн арилгасан. Дахин бусдыг хохироох үйл ажиллагаа явуулахгүйгээр хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж, хуулийг чанд сахин ажиллаж, амьдрана гэдгээ та бүхний өмнө хариуцлагатайгаар илэрхийлж байна. Би бага насны 3 настай хүү, 10 настай охины хамт өрх толгойлон амьдардаг ба хоригдож байх хугацаандаа хүүхдүүддээ маш их санаа зовж, сэтгэл минь шимшрэн 1 өдөр 1 цагийн өмнө ч гэсэн тэдэндээ очихыг маш их хүсэн яарч байна. Та бүхэн надад ганцхан удаа итгэл үзүүлж, хүнлэг энэрэнгүй хандаж, бага насны 2 хүүхэддээ сайн ээж байж, тэднийгээ өсгөж хүмүүжүүлж асран хамгаалах боломжийг олгон анх удаа эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлсөн, өрх толгойлон амьдардаг гэдгийг минь харгалзан үзэж, хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Ц.Бын өмгөөлөгч Ч.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч Ц.Б нь гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, хийсэн үйлдэлдээ гэмшиж, хохирлоо бүрэн төлж барагдуулсан. 3 наснаас 10 насны хоёр хүүхдийн хамт амьдардаг. Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд нийцнэ гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг өөрчилж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.
Прокурор Б.Чимгээ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Ц.Бд холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэж байна. Давж заалдах гомдлын хувьд оногдуулсан хорих ялыг өөр төрлийн ялаар сольж өгөхийг хүссэн байна. Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь хянан хэлэлцээд хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосон шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч нь тодорхой хэмжээний мөнгө төлж чип суулгасан жинг ашиглаж бусдыг хуурсан нэг удаагийн үйлдэл тогтоогдсон хэдий ч уг жинг бэлдсэнээс хойш хэдий хэмжээний, ямар хохирол, хичнээн хүнд учруулсан болохыг бүрэн тогтоох боломж гараагүй. Зөвхөн гарсан хор уршиг, нөхцөл байдлынх нь хувьд үнэлж үзээд шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Ц.Б нь 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байрлах “Хүчит шонхор” захад мах худалдахаар Говь-Алтай аймгийн Цээл сумаас ирсэн И.Баяраагийн 38 ширхэг 399 кг ямааны махыг худалдан авахдаа жингийн заагч хэсэгт зайнаас удирдах чип зориуд суулгасан, улсын баталгаажуулалтад хамрагдаагүй, хэмжил зүйн үзүүлэлтүүдийг тэмдэглээгүй, стандартын шаардлага хангаагүй электрон жинг ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон 300 кг мах мэтээр дутуу жигнэж, хэмжил зүйн заалтыг зориуд өөрчилсөн хэмжих хэрэгсэл ашигласныг нуух замаар төөрөгдөлд оруулан 346.500 төгрөгийн үнэ бүхий 99 кг махыг авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч И.Баяраагийн “...Би 41 ширхэг 429 кг махтай ирээд 25-ны өглөө 6-7 цагийн үед “Хүчит шонхор” зах дээр очоод машинтай дугаарлаад зогсож байтал 30 орчим насны нэг залуу ирээд “толгой цувдай байна уу” гэхээр нь “байхгүй, ямааны мах байна” гэхэд “авъя” гэсэн. Тэгээд үзэж харъя, нэг хүн рүү ярья гээд хүлээж байтал 2 эрэгтэй, 2 эмэгтэй нэг машинаас бууж ирээд махны бүтээлгийг сөхөж үзээд “муухан л мах байна” гэсэн. Тэгээд “Баялаг Ундраа” гэж төвийн хашаа руу орж зогсоод махыг буулгуулаад машиныхаа араас цахилгаан жин гаргаж ирээд махнуудыг жигнэж эхэлсэн. Гэтэл 38 ширхэг гулууз мах нийт 300 кг болсон. Тэгэхээр нь би гайхаад өглөө нагац ахындаа 3 мах өгсөн, тэр нь тийм их жин дарах мах байсан юм байхдаа сонин юм бэ гэж бодоод “наад жин чинь найдвартай юм уу, дутаад л байна даа” гэхэд “найдвартай” гэхээр нь дуугараагүй. Тэр хүмүүс намайг нутгийн хүн байна гээд байхаар нь юм хэлээгүй. Тэгээд тооцоо хийхдээ 1 кг махыг 3500 төгрөгөөр тооцохоор нь “тэгж өгөхгүй ээ, мөнгөө нэм” гэхэд 10.000 төгрөг нэмээд 1.060.000 төгрөг миний дансанд хийсэн. Тэгээд би нагац ахындаа ирээд 3 махаа жигнэж үзэхэд 30 кг болж байсан. Тэгэхээр надаас 99 кг дутсаныг мэдсэн боловч за яршиг гэж бодоод хаячихсан байж байтал малын хулгайтай тэмцэх хэлтсийн ахмад Мягмаржав гэх хүн 26-ны өдөр яриад ирж уулз гэсэн. ...” /хх 6-8/,
гэрч Б.Содномбалжирын “...2020 оны 3 дугаар сарын 25-ны өглөө 5:30 цагийн үед “Хүчит шонхор” зах руу гараад машинуудаас “дайвар байна уу” гээд асуугаад явж байтал нэг машины жолооч “Шонхор зах нь аль вэ” гэж асуусан. Мөн “ямааны мах авах хүн байна уу, мах хэдтэй байна” гэхээр нь би “нэг хүн дуудаад өгье, тохирвол өгөхгүй юу даа” гэсэн. Тэгээд Ц.Б эгч рүү залгаад хэлэхэд Алтанцэцэг эгчтэй хамт ирээд “дээшээ “Баялаг Ундраа” руу аваачаад буулгачихъя” гэсэн. Тэгээд махыг нь буулгаад Ц.Б эгч машинаасаа кило гаргаж ирээд жигнэж эхэлсэн. Тэр үед Батаа эхнэртэйгээ бас Марка гэж залуу байсан. Тэгээд 300 кг боллоо гээд 3500 төгрөгөөр бодож мөнгийг нь өгч байсан. Авсан махаа “Хүчит шонхор” захын 35 дугаар лангуун дээр зогсдог эгчид 5000 төгрөгөөр бодож зараад нийт 1.951.000 төгрөг болсон. Надад зуучилсны хөлс гэж 250.000 төгрөг өгсөн. ...” /хх 10-12/,
гэрч М.Алтанцэцэгийн “...Баялаг төв дээр очиж Ц.Б машиныхаа араас өөрийнхөө 150 кг даацтай, толгойг нь хөөсөнцөрөөр ороож скочидсон электрон жинг гаргаж ирээд жинлэж эхэлсэн. Би гулууз болгоны жинг хэлснээр нь бичиж тэмдэглэж байсан. Нийт 38 ширхэг мах 300 кг болсон. Мах нь бол маш муу дан шулаанд орохоор махнууд байсан. Тэгээд Ц.Б 5000 төгрөгөөр зараад 1.500.000 төгрөг боллоо гээд ашиг болох 440.000 төгрөгөө хувааж авахаар болсон. Портер машины жолоочид 40.000 төгрөгийг нь өгчихлөө гээд надад 200.000 төгрөг өгсөн. 99 кг дарсан талаараа огт хэлээгүй. Би Ц.Бд итгээд л өгсөн мөнгийг нь авсан. Дараа нь цагдаагаас дуудах үед Ц.Б надад худлаа хэлснийг мэдсэн. ...” /хх 26-27/,
гэрч Т.Батмэндийн “...танайхаас ирүүлсэн 150 кг даацтай, толгойн гадна талыг хөөсөнцөрөөр бүрсэн электрон жинд алсаас удирдах чип суулгасан байсан. Уг чипийн тусламжтайгаар тухайн жингийн заалтыг ямар нэг хэмжээгээр өөрчлөх боломжтой. Тухайлбал ихэсгэж, багасгаж яаж ч өөрчилж болно. Жинд чип суулгасан цаг хугацааг тогтоох боломжгүй. Чип суулгахад заавал мэргэжлийн хүн шаардлагагүй, электроны мэдлэгтэй ямар ч хүн байршуулах боломжтой. ...” /хх 36-37/ гэх мэдүүлгүүд,
стандарт, хэлжил зүйн газрын хэмжих хэрэгсэлд шалгалт, дүгнэлт хийсэн тухай 10/326 дугаартай албан бичиг /хх 60-63/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.
Прокуророос Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг “...зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан ...” гэх шинжтэй үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэн атал анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Быг гэм буруутайд тооцохдоо “бусдыг хуурч...” гэж яллах дүгнэлтэд заагаагүй шинжээр гэм буруутайд тооцсоныг цаашид анхаарвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн, шүүгдэгч Ц.Быг зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Ц.Быг иргэн И.Баяраагийн 38 ширхэг 399 кг ямааны махыг худалдан авахдаа жингийн заагч хэсэгт зайнаас удирдах чип зориуд суулгасан, улсын баталгаажуулалтад хамрагдаагүй, хэмжил зүйн үзүүлэлтүүдийг тэмдэглээгүй, стандартын шаардлага хангаагүй электрон жинг ашиглан 300 кг мах мэтээр дутуу жигнэж, 346.500 төгрөгийн үнэ бүхий 99 кг махыг авч залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүхээс Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирчээ.
Шүүгдэгч Ц.Б “...Би бага насны 3 настай хүү, 10 настай охины хамт өрх толгойлон амьдардаг. ...Бага насны 2 хүүхэддээ сайн ээж байж, тэднийгээ өсгөж хүмүүжүүлж асран хамгаалах боломжийг олгон анх удаа эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлсөн, өрх толгойлон амьдардаг гэдгийг минь харгалзан үзэж, хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заажээ.
Хавтас хэргээс үзэхэд шүүгдэгч Ц.Б нь бага насны хүүхэдтэй өрх толгойлон амьдардаг гэх баримт хэрэгт байхгүй байх бөгөөд шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө хуулийн дагуу эрх чөлөөний хязгаарлалт тогтоох замаар цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг учир шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцсэн байх албагүй учир шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хуулийн үндэслэлгүй байна.
Иймд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/507 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/507 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ