Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2017/0678

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Д  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “С ” ХХК

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар

Гуравдагч этгээд: Н.Б

Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй Н.Б Чингэлтэй ,,, хаягт байршилтай эд хөрөнгийн хэмжээг 110,65 мкв болгон өөрчилж 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр бүртгэсэн улсын бүртгэгч Б.С –ийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдөр эд хөрөнгийн улсын бүртгэлд Ү-******* дугаарт Н.Б ын дурдсан эд хөрөнгө 133,41 мкв талбайтайгаар бүртгэсэн бүртгэлийг хэвээр үлдээхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ч нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “С ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл түүний хууль зүйн үндэслэлээ:

“...Манай компани нь иргэн Н.Б той 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдөр  Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын 11/0615 тоот гэрээ байгуулж гэрээний дагуу Чингэлтэй дүүргийн 3-р хороо “......”  оффис худалдаа үйлчилгээний барилгаас 11 давхарын 06 тоот 133,41м2 талбайг барьж байгуулан хүлээлгэн өгөхөөр тохиролцсоны дагуу 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөнөөр дээрх талбайгаа ашиглаж эхэлсэн.

Энэхүү гэрээгээр талууд 1 мкв талбайн үнийг 1800 ам доллароор тохиролцсон бөгөөд “С ” ХХК нь Б-д,41 мкв талбайг хүлээлгэн өгөх, үүний үнэнд 240138 ам долларыг захиалагч нь ажил гүйцэтгэгчид төлөх үүрэг хүлээсэн. Гэрээний дагуу ажил гүйцэтгэгч нь захиалагчид 133,41 мкд талбай хүлээлгэн өгсөнөөр гэрээний үүрэг дуусгавар болсон. Үүнийгээ ч захиалагч ******* 2015 оны 03 дугаар сарын 15-ны өдөр эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгүүлж 000395114 тоот 133,41 м2 талбай бүхий өмчлөх эрхийн гэрчилгээг авснаар баталгаажуулсан.

Ингээд гэрээний үүрэг дуусгавар болсны дараа иргэн Н.Б нь мэдэгдэлгүйгээр дахин улсын бүртгэлийн байгууллагад хандаж өөрийн өмчилж авсан талбайдаа хэмжилт хийлгэсэн хэмээн талбайн хэмжээг өөрчлөн 110,65 мкв талбайтаагаар дахин 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шинээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авч, түүнийгээ үндэслэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дээрх талбайн зөрүү мкв талбайн хэмжээнд ноогдох үнэ968 ам доллар буюу 73742400 төгрөг “С ” ХХК-иас гаргуулахаар нэхэмжилж байгааг “С ” ХХК хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд манайхаас хүлээн авсан талбайн хэмжээ 133,41 мкв байхад 110,65 мкв талбай хүлээлгэн өгсөн гэж үндэслэлгүйгээр 73742400 төгрөгийг нэхэмжилж байна.

Н.Бын Иргэний хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл шаардлага, түүнийг нотлох баримт нь өмнө нэгэнт улсын бүртгэлд бүртгэгдэж олгогдсон гэрчилгээн дэх эд хөрөнгийн хэмжээг өөрчлөн дахин бүртгэсэн Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын хууль бус явдалтай холбоотой байна.

Энэ явдлыг манай компани Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчаар татагдан хэргийн нотлох баримтуудтай танилцах явцдаа олж мэдсэн бөгөөд энэ талаар тус шүүхэд хүсэлт гарган Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газраас холбогдох баримтуудыг ирүүлсний үндсэн дээр манай компаниас иргэн Н.*******ийн өмчлөлд хүлээн авсан талбайн хэмжээгээ тасалж өөр бусад этгээдэд шилжүүлээгүй атлаа “С ” ХХК-иас хүлээн авсан талбайн нийт хэмжээг бууруулан талбайн хэмжээ өөрчлөгдсөн гэсэн үндэслэлээр гэрээний нэг тал Н.Бын мэдүүлгээр Чингэлтэй дүүргийн 3-р хороо, 50 мянгат /15172/ Энхтайваны өргөн чөлөө 51-р байр 1106 тоот хаягт байршилтай эд хөрөнгийн хэмжээг 110,65 мкв болгон өөрчилж үндэслэлгүйгээр дахин бүртгэж гэрчилгээ олгосон явдал нь гэрээний нөгөө тал болох “С ” ХХК-ийн эд хөрөнгийн эрх ашгийг зөрчсөн явдал болно.

Энэ асуудлаар бид Оюуны өмч улсын бүргэлийн ерөнхий газарт хандахад шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн.

Иймд дээрх улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй Н.Бын (*******) байршилтай эд хөрөнгийн хэмжээг 110,65 мкв болгон өөрчилж 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр бүртгэсэн Нийслэлийн улсын бүртгэлийн газрын (тухайн үеийн нэрээр) улсын бүртгэгч Б.С үйлдэл хууль бус болохыг тогтоож, 2015 оны 03 дугаар сарын 15-ны өдөр эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт Н.Бын дурьдсан эд хөрөнгө 133.41 м2 талбайтайгаар бүртгэсэн бүртгэлийг хэвээр үлдээхийг Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар түүний хууль зүйн үндэслэлээ:

“... Нэхэмжлэлд дурдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай Чингэлтэй , 50 мянгат/15172/ Энхтайваны өргөн чөлөө 54 дүгээр байрны  133,41 м.кв талбайтай оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг иргэн Н.Б /*******/-ын 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гаргасан мэдүүлэг, бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, “С ” ХХК-ийн албан бичиг, худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ, эд хөрөнгийн план зураг зэрэг нотлох баримтыг үндэслэн иргэн Н.Бын өмчлөлд бүртгэж 395114 тоот өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон байх бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өмчлөгч Н.Б мэдүүлэг гаргаж эд хөрөнгийн хэмжээг 110,65 м.кв болгон өөрчилсөн тухай бүртгэл хийлгэж, 470186 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байна. Уг эд хөрөнгийн хэмжээг өөрчлөх тухай бүртгэл хийхдээ өмчлөгчийн гаргасан хүсэлт, барилгын зураг төсөл хийх эрх бүхий “******* *******” ХХК-ийн үйлдсэн план зураг, сууцны талбайг тооцсон дүгнэлт зэргийг үндэслэсэн.

Дээр дурдсан бүртгэлийн нотлох баримт бичгээс үзэхэд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу бүртгэхээс татгалзаж буцаах үндэслэл байгаагүй бөгөөд мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь заалтын дагуу бүртгэх үүргээ хэрэгжүүлж ажилласан.

Мөн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9 дэх хэсэгт заасны дагуу мэдүүлэг гаргагч нь мэдүүлэгт хавсаргасан нотлох баримтын үнэн зөвийг өөрөө хариуцна гэж заасан.

Гэрээнд тусгасан 133,41 м.кв талбайг эрх бүхий байгууллагаар хэмжүүлснээр 110,65 м.кв талбай болгон өөрчилж бүртгэсэн нь “С ” ХХК-ийн эрхийг зөрчөөгүй бөгөөд энэ тохиолдолд “С ” ХХК-иас заавал зөвшөөрөл авах шаардлагагүй гэж үзэж байна. Учир нь, өмчлөгч мэдүүлэгт гаргасан хүсэлтдээ гэрээний талаар огт дурдаагүй, нийт талбай бус, ашигтай талбайгаа бүртгүүлэхээр нотлох баримтаа бүрдүүлж өгсөн. Өмчлөгч эд хөрөнгийн хэмжээгээ нийт талбайгаар нь эсхүл зөвхөн ашигтай талбайгаар нь бүртгүүлэх эсэхээ сонгох эрхтэй бөгөөд хуульд энэ тухай хориглосон заалт байдаггүй. Мөн бүртгэлийн байгууллага нь эд хөрөнгийн хэмжээг тогтоодог, зөв бурууг нь хянадаг байгууллага биш бөгөөд мэдүүлэг гаргагчийн нотлох баримтад үндэслэж бүртгэл хийдэг. Иймд гэрчилгээнд талбайг өөрчилж бичсэн нь “С ” ХХК-ийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл гэрээнд заасан талбайн асуудлаар маргаж байгаа бол энэ нь гэрээний маргаан байх бөгөөд бүртгэлийн байгууллагын хариуцах асуудал биш тул иргэний журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй.

Иймд улсын бүртгэл хуулийн дагуу хийгдсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж шүүхэд ирүүлсэн хариу тайлбар түүний хууль зүйн үндэслэлээ:

“... Н.Б нь “С ” ХХК-тай 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 11/0615 тоот “Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулж, Чингэлтэй , “ тоwеr” цамхагийн 11 давхарын 110,65 м.кв, офиссийн зориулалттай байрыг 1 м.кв талбайг 1800 ам.долларын үнэтэйгээр захиалан төлбөр 240138 ам.долларыг бүрэн төлсөн.

Гэтэл “С ” ХХК гэрээний 1.1-д заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй ба гэрээгээр 133,41 м/кв талбайтай байр захиалсан байхад 110.65 м.кв буюу 22,76 м/кв-аар дутуу талбайтайгаар дутуу тоо, хэмжээ бүхий байрыг захиалагчид шилжүүлснээр харилцан тохиролцож байгуулсан гэрээгээ болон тухайн харилцааг зохицуулсан хууль тогтоомжийг зөрчсөн.

Иймд “С ” ХХК-иас захиалсан байрны талбайн зөрүү 22,76 м/кв талбайн үнэ 968 ам доллар буюу 73 7420 төгрөгийг гаргуулахаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус хэргийн хариуцагч “С ” ХХК нь Оюуны өмч, Улсын бүртгэлийн өрөнхий газарт өргөдөл гаргасан гэх үндэслэлээр түдгэлзүүлсэн.

Гуравдагч этгээд нь өөрийн өмчлөлийн байрны талбайн хэмжээг мэргэжпийн байгуулах болох “*******-" ХХК-иар хэмжүүлсэн ба “С ” ХХК-ийн талбай хэмжээг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж их хэмжээнйй мөнгө нэмэгдүүлж авсан, энэхүү зөрүүтэй байдлаас үүдэн орон сууцны конторт дулааны болон талбайн илүү төлбөр төлж ******* их хохирсон” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгч “С ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч тус шүүхэд хандаж “Улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй *******ийн *******ын Чингэлтэй ,,, хаягт байршилтай эд хөрөнгийн хэмжээг 110,65 мкв болгон өөрчилж 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр бүртгэсэн улсын бүртгэгч Б.С*******ийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдөр эд хөрөнгийн улсын бүртгэлд Ү-******* дугаарт Н.Бын дурдсан эд хөрөнгө 133,41 мкв талбайтайгаар бүртгэсэн бүртгэлийг хэвээр үлдээхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ “...өөрийн өмчилж авсан талбайн хэмжээг бидэнд мэдэгдэлгүйгээр өөрчилж 110,65 мкв гэж бүртгүүлсэн, үүнийгээ үндэслэн иргэний шүүхэд хандаж талбайн зөрүү 22,76 мкв талбайд ногдох үнэ968 ам.доллар нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж, хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч “...өмчлөгчийн хүсэлтээр хийсэн...С  ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй...” гэж тайлбарлан мэтгэлцэж байна.

            2011 оны 6 дугаар сарын 15-ны өдөр иргэн  Н.Б С  ХХК-тай “Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулж цэвэр талбай 120,7, дундын өмчлөлийн талбай 12,71, нийт талбай 133,41 мкв-ийг 251 163 000 төгрөгөөр хөрөнгө оруулалт хийж худалдан авахаар тохиролцсон, 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдөр С  ХХК-иас Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хандаж “...Н.Б нь 1106 тоотын 133,41 мкв талбайн хөрөнгө оруулалтын төлбөрийг бүрэн барагдуулсан тул өмчлөх эрхийн гэрчилгээ олгоно уу” гэсэн хүсэлт хүргүүлсэн, хариуцагч захиргааны байгууллагаас Н.Бын гаргасан мэдүүлэг, түүнд хавсаргасан бусад нотлох баримтуудыг үндэслэн 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй Чингэлтэй ,,, хаягт байршилтай 133,41 мкв талбай бүхий оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Н.Быг бүртгэж гэрчилгээ олгосон үйл баримтууд тогтоогдов.

            Үүний дараа буюу 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Н.Боос Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргаж дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээг “...хэмжилтийн зургийн дагуу 110,65 мкв-аар бүртгүүлэх...”  хүсэлт ирүүлсэн байх ба уг хүсэлтдээ тусгай зөвшөөрөл бүхий “У” ХХК-д шалгаж баталгаажуулсан сууцны нийт талбайн хэмжээ, дүгнэлтийг хавсарган ирүүлсэн, уг дүгнэлтээр “нийт нийлбэр талбай нь 110,65 мкв” болохыг тодорхойлж, холбогдох зураг, зөвшөөрлийг тус тус хавсарган хүргүүлснийг үндэслэн түүний өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийн нийт талбайн хэмжээг 110,65 мкв болгон өөрчилж 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр улсын бүртгэлд бүртгэжээ.

Нэхэмжлэгчээс “...Н.Бын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээг өөрчилж бүртгэхдээ мэдэгдээгүй...манай компанийн эрхийг зөрчсөн...” гэж тайлбарлаж байх боловч тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчийн хувьд өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээнд өөрчлөлт оруулахаар мэдүүлсэн мэдүүлгийг холбогдох нотлох баримтад үндэслэн Н.Бын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээг багасгаж бүртгэлд өөрчлөлт оруулсан хариуцагчийн үйлдэл хууль зөрчөөгүй байна.

            Энэ нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай заалтад нийцсэний дээр мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан “мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах” үндэслэл байгаагүй нь тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгчээс хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэсэн заалтыг үндэслэн “С  ХХКомпаниас мөнгө нэхэмжилж байгаа тул манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж байгаа, иймд зөвшөөрөл авах ёстой” гэж маргаж байх боловч энэ тохиолдолд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны, дангаар өмчлөгчийн хүсэл зоригийн дагуу хийгдсэн бүртгэл байх тул  уг бүртгэлийн улмаас С  ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөргүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “...Улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй *******ийн *******ын Чингэлтэй ,,, хаягт байршилтай эд хөрөнгийн хэмжээг 110,65 мкв болгон өөрчилж 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр бүртгэсэн улсын бүртгэгч Б.С*******ийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдөр эд хөрөнгийн улсын бүртгэлд Ү-******* дугаарт Н.Бын дурдсан эд хөрөнгө 133,41 мкв талбайтайгаар бүртгэсэн бүртгэлийг хэвээр үлдээхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” тухай “С ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                      Н.Д