Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2025/00190

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 307/ШШ2025/00607 дугаар шийдвэр,

 Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 209/МА2025/00042 дугаар магадлалтай,

 “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Д” ХХК-д холбогдох

 114,444,694 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С, Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч “Д” ХХК-д холбогдуулан 114,444,694 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 2. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 307/ШШ2025/00607 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн хариуцагч “Д” ХХК-д холбогдуулан гаргасан 114,444,694 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 730,239 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 209/МА2025/00042 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 307/ШШ2025/00607 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч “Д” ХХК-иас 114,444,694 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Э” ХХК-д олгосугай” гэж,

2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 730,239 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Д” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 730,239 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Э” ХХК-д олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 730,239 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

 4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх “...хариуцагч нь бусдад төлөх төлбөрийн үүргээ өөрийн санхүүгийн баримтад хэрхэн бүртгэх нь тухайн байгууллагын асуудал байх бөгөөд энэхүү санхүүгийн бүртгэлд өөрчлөлт орсон нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан “...үүрэг үүсээгүй, эсхүл хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон...” гэх үндэслэл болон үр дагаврыг бий болгохгүй болно. Иймд зохигч талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа нь 3 жил үйлчилнэ гэж үзэхээр байна... Зохигч талуудын хооронд 2011.03.16-ны өдөр тооцоо нийлж тооцооны үлдэгдлийг баталгаажуулснаас эхлэн нэхэмжлэгчид хариуцагчаас үлдэгдэл төлбөрөө шаардах эрх үүссэн байх ба энэ хугацаанаас хойш 2023 оныг хүртэл нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан шаардлага гаргаж байгаагүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэлээ” гэж хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.

Магадлалын хянавал хэсгийн 12-д “Хэргийн 150, 167 дугаар талд авагдсан өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан, тооцоо хаах баримтаар “Д” ХХК нь “Э” ХХК-ийг “авлагагүй” гэж бүртгэн 114,444,679 төгрөгийг данснаасаа хасч тооцсон байх ба энэ талаар нэхэмжлэгч талд мэдэгдээгүй гэдгээ хариуцагч хүлээн зөвшөөрсөн, дээрх хуулийн дагуу бусдад төлөх төлбөрөө данснаасаа хасч тооцсон гэдэгтээ маргаагүй байна... Гэтэл хариуцагч байгууллага нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг агуулгаас өөрөөр тайлбарлан хэрэглэж, бусдад өгөх өглөгийг данснаасаа хасч тооцон өөрийн ашгаа өсгөж, орлогоо нэмэгдүүлж, бусдын хөрөнгийг хууль бусаар авч байгаа нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх нөхцөлийг бүрдүүлсэн байна” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Хариуцагч нь бусдад өгөх өглөгөө данснаасаа хасч тооцоогүй, энэ талаарх нотлох баримтыг шүүгчийн захирамжийн дагуу гаргаж өгсөн бөгөөд хуулийн этгээдийн хувьд санхүүгийн бүртгэлээ хуульд заасны дагуу үйлдсэн.

Магадлалын хянавал хэсгийн 16-д “Д” ХХК нь 2015.12.18-ны өдөр “Э” ХХК-ийг “авлагагүй” гэж 114,444,697 төгрөгийг данснаасаа хасч тооцсон байх ба энэ талаар нэхэмжлэгч талд мэдэгдээгүй гэдгийг хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн, “Э” ХХК нь энэ талаар 2023 оны 12-р сард мэдсэн гэж тайлбарлаж байгааг хариуцагч үгүйсгээгүй байна” гэж, Магадлалын хянавал хэсгийн 17-д “Дээрх байдлаас дүгнэж үзвэл нэхэмжлэгч “Э” ХХК-ийн шаардах эрхийг эрх зөрчигдсөн тухай мэдсэн үеэс буюу 2023 оны 12-р сараас тоолж, хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэхээр байна” гэж туйлын ойлгомжгүй, хуулийн үндэслэлгүй, хариуцагчийг илтэд хохироосон дүгнэлт хийсэн.

Талууд 2011.03.16-ны өдөр санхүүгийн тооцоо нийлж түүнийгээ баталгаажуулсан бөгөөд энэ хугацаанаас хойш 2023 он хүртэл нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан шаардлага гаргаж байгаагүй үйл баримтын талаар талууд маргадаггүй болохыг дурдаж байна. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолно”, 76.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүснэ” гэж хоёргүй утгаар заасан.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц-ын гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2025.09.11-ний өдрийн 001/ШХТ2025/00831 дүгээр тогтоолыг гаргажээ.

 ХЯНАВАЛ:

 6. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

 7. Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч “Д” ХХК-д холбогдуулан 114,444,694 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ: “...Э ХХК нь “Д” ХХК-аас барилгын арматурын төмөр худалдан авах зорилгоор арматурын үнэ болон түүнийг тээвэрлэх зардлыг “Д” ХХК-ийн дансанд шилжүүлсэн. Гэвч “Д” ХХК нь хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд арматурын төмрийг “Э” ХХК-д хүлээлгэн өгөөгүй тул талууд тооцоо нийлсэн акт үйлдсэн. Уг акт болох тооцооны үлдэгдлийн баталгаа №2011/03/16-01 тоот хуудсаар “Д” ХХК нь “Э” ХХК-д 114,444,694 төгрөгийн өртэй гарсан. “Э” ХХК өр төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан албан бичгийг хүргүүлж байсан хэдий ч хариу өгөхгүй өдийг хүрсэн.

Өөрөөр хэлбэл харилцан тохиролцсон арматурын төмрөө хүлээлгэн өгөх үүргээ “Д” ХХК нь биелүүлээгүй, “Э” ХХК-ийн арматурын төмөр худалдан авахаар шилжүүлсэн мөнгийг буцаан өгөөгүй өнөөдрийг хүрсэн ба тус компани нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үйлдэл юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...” гэж тайлбарласан,

Хариуцагч хариу тайлбартаа: “...“Э” ХХК нь “Д” ХХК-аас барилгын арматур төмөр худалдан авах зорилгоор арматурын үнэ болон түүнийг тээвэрлэх зардлыг “Д” ХХК-ийн дансанд шилжүүлсэн гэж дурдсан боловч нэхэмжлэлд хавсарган өгсөн баримтад төлбөр төлсөн баримт байхгүй байна. Талуудын байгуулсан гэх тооцооны үлдэгдлийн баталгаанд төлөгч байгууллагын тэмдэг дарагдаагүй. Мөн өглөг авлагын товч тайланд тамга тэмдэг дарагдаагүй нь дээрх баримтууд хууль зүйн хүчин төгөлдөр нотлох баримт гэж үзэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл хариуцагчийн зүгээс дээрх баримтыг үндэслэж нэхэмжилсэн төлбөрийг төлөх хуулийн үүрэггүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж тайлбарласан.

8. Анхан шатны шүүх: “...зохигчийн хооронд арматур төмөр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, ...маргааны зүйл болох 114,444,694 төгрөгийн өглөг авлагын асуудал нь 2007 оны худалдах-худалдан авах амаар тохиролцсон гэрээний үүрэгтэй холбоотой бөгөөд хариуцагч “Д” ХХК нь 114,444,694 төгрөгийн гэрээний үүргээ биелүүлээгүй болохоо баталгаажуулан, талууд тооцоо нийлсэн акт үйлдэж, хариуцагч байгууллага нь санхүүгийн данс тооцоондоо “Э” ХХК-д өглөгтэй гэдгээ бүртгэсэн байна. ...Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж, 76.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүснэ гэж заасан. ...Зохигч 2011.03.16-ны өдөр тооцоо нийлж тооцооны үлдэгдлийг баталгаажуулснаас эхлэн нэхэмжлэгчид хариуцагчаас үлдэгдэл төлбөрөө шаардах эрх үүссэн байх ба энэ хугацаанаас хойш 2023 оныг хүртэл нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан шаардлага гаргаж байгаагүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэлээ. Нэхэмжлэгчээс 2015, 2017, 2019 онд компанийн ажилтнууд нь Дархан-Уул аймаг руу очиж хариуцагчаас мөнгөө шаардаж уулзаж байсан гэж тайлбарлаж кассын зарлага, бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, зочид буудлын бүртгэл тооцооны хуудас зэрэг томилолтын баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч нэхэмжлэгч компанийн ажилтнууд ямар албан ажлаар Дархан-Уул аймаг руу томилолтоор явсан талаар баримтад дурдаагүй, энэ талаар тодорхойлох боломжгүй байна. Хэрэгт авагдсан баримтаар Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан үйл баримт тогтоогдоогүй болно. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй...” гэж дүгнэсэн.

Давж заалдах шатны шүүх: “...Анхан шатны шүүх ...эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Талуудын хооронд арматур төмөр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, хариуцагч “Д” ХХК нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, 114,444,694 төгрөгийн өглөгтэй гэдгийг хүлээн зөвшөөрдөг ба талууд дээрх үйл баримтын талаар маргаагүй байна. Хэргийн 150, 167 дугаар талд авагдсан өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан, тооцоо хаах баримтаар “Д” ХХК нь “Э” ХХК-ийг авлагагүй гэж бүртгэн 114,444,679 төгрөгийг данснаасаа хасч тооцсон байх ба энэ талаар нэхэмжлэгч талд мэдэгдээгүй гэдгээ хариуцагч хүлээн зөвшөөрсөн, дээрх хуулийн дагуу бусдад төлөх төлбөрөө данснаасаа хасч тооцсон гэдэгтээ маргаагүй байна. ...“Д” ХХК нь 2015.12.18-ны өдөр “Э” ХХК-ийг авлагагүй гэж 114,444697 төгрөгийг данснаасаа хасч тооцсон, “Э” ХХК нь энэ талаар 2023 оны 12-р сард мэдсэн гэж тайлбарлаж байгааг хариуцагч үгүйсгээгүй байна. Дээрх байдлаас дүгнэж үзвэл нэхэмжлэгч “Э” ХХК-ийн шаардах эрхийг эрх зөрчигдсөн тухай мэдсэн үеэс буюу 2023 оны 12-р сараас тоолж, хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэхээр байна. Иймд “Д” ХХК-иас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 114,444,679 төгрөгийг гаргуулж, “Э” ХХК-д олгох нь зүйтэй...” гэж дүгнэсэн байна.

9. Дээр дурдсанчлан хоёр шатны шүүх үйл баримтыг адил тогтоосон боловч нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг өөр өөрөөр тогтоосноос зөрүүтэй шийдвэр гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1.1-д заасан үндэслэлээр хэргийг хянан хэлэлцлээ.

10. Хэрэгт цугларсан баримтаар, нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч “Д” ХХК-аас арматур төмөр худалдан авахаар 2007 оны 10 дугаар сард 100,000,000 төгрөг, 2007 оны 11 дүгээр сард 130,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн, 2011.03.16-ны өдөр талууд тооцоо нийлэхэд хариуцагч “Д” ХХК 114,444,694 төгрөгийн барааг нийлүүлээгүй, нэхэмжлэгчид өглөгтэй болох нь “Тооцооны үлдэгдлийн баталгаа” гэх баримтаар тогтоогдсон, нэхэмжлэгч үлдэгдэл төлбөрийг буцаан шаардсан боловч хариуцагч шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргажээ.

Анхан шатны шүүх: “...зохигчийн тооцоо нийлсэн үеэс нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тоолж, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн...” гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх: “...нэхэмжлэгчийн эрхээ зөрчигдсөн болохыг мэдсэн үеэс хөөн хэлэлцэх хугацааг тоолох тул хариуцагч өөрийн бусдад өгөх өглөгийн данснаас нэхэмжлэгчид төлөх төлбөрийг хассан болохыг нэхэмжлэгч мэдсэн үеэс хөөн хэлэлцэх хугацааг тоолох тул энэ үйл баримтыг 2023 онд мэдсэн үеэс үүснэ гэж тайлбарлаж, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй...” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна.

11. Зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн байна.

12. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авах хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь арматур төмөр худалдаж авахаар 2007 онд 230,000,000 төгрөгийг барааны үнэ болон тээвэрлэлтийн зардалд хариуцагчийн дансанд шилжүүлсэн, хариуцагч дээрх үнийн дүнд тохирох барааг бүрэн хүлээлгэн өгөөгүй тул талууд тооцоо нийлж, хариуцагч 114,444,694 төгрөгийн өглөгтэй болохыг 2011 оны №2011/03/16-01 тоот Тооцооны үлдэгдлийн баталгаагаар тогтоосон байна.

Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэгтэй ба дээрх үнийн дүнд бараа буюу арматур төмөр хүлээн аваагүй үндэслэлээр нэхэмжлэгч нь үлдэгдэл төлбөрөө буцааж авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээнээс татгалзсан гэж үзнэ.

13. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдол үндэслэлтэй.

14. Зохигчийн хооронд гэрээний харилцаа үүссэн тул нэхэмжлэгчийн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүсэх үүрэг, иймээс хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй гэсэн үндэслэл үгүйсгэгдэнэ.

Иймд гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар 3 жилээр тоолно.

15. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тооцно гэж, 76.2-т хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүснэ гэж тус тус зохицуулсан.

Хэрэгт цугларсан баримтаар, “Д” ХХК нь “Э” ХХК-д 114,444,694 төгрөгийн өглөгтэй болохоо өөрийн санхүүгийн тайланд бүртгэж байсан, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль батлагдан, хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан 2015.12.18-ны өдөр дээрх өглөгийг данснаасаа хассан үйл баримт тогтоогдсон.

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн дээрх үйлдлийг нэхэмжлэгч 2023 оны 12 дугаар сард мэдсэн гэх тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй тул энэ хугацааг нэхэмжлэгч эрхээ зөрчигдсөнийг мэдсэн хугацаа гэж үзнэ, энэ үндэслэлээр нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.

16. Талууд гэрээний үүргийг харилцан тооцож, 2011.03.16-ны өдөр Тооцооны үлдэгдлийн баталгааг үйлдэж, хариуцагч нь 114,444,694 төгрөгийн өглөгтэй болохыг дүгнэсэн тул дээрх өглөгийг шаардах эрх энэ үеэс буюу 2011.03.16-ны өдөр үүссэн гэж үзнэ.

Хариуцагч хуулийн этгээдийн санхүүгийн тайлан, мэдээ, түүнд өөрчлөлт оруулах эсэх нь тухайн байгууллагын дотоод асуудал бөгөөд тэрээр өөрийн санхүүгийн тайланд өөрчлөлт оруулах, өглөг, авлагаа хасах, нэмэх зэргийг бусдад мэдэгдэх үүрэггүй.

 Харин энэ өөрчлөлтийг нэхэмжлэгч мэдсэнээр өөрийн хөрөнгөөр хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн нэхэмжлэл гаргасан гэх нэхэмжлэгчийн тайлбар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг тоолоход нөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Иймд “...нэхэмжлэгчийн шаардах эрхийг эрх зөрчигдсөн тухай мэдсэн үеэс буюу 2023 оны 12 сараас тоолж, хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэхээр байна...” гэж дүгнэн, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцээгүй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч арматур төмөр худалдан авахаар төлбөрөө урьдчилж шилжүүлсэн, шилжүүлсэн хөрөнгөд зохих ёсоор бараа нийлүүлээгүй үндэслэлээр гэрээнээс татгалзаж, үлдэх хөрөнгөө буцаан шаардсан, энэ төлбөрийг хариуцагч ямар хэлбэрээр /бичилтээр/ санхүүгийн тайландаа тусгасан нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэхийг тогтооход хамаарахгүй тул дансны бичилт өөрчлөгдсөнөөр нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэх агуулгатай давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй.

17. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлага Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хамаарахгүй, зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой маргаан үүссэн үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэж дүгнэсэн нь зөв.

Хэдийгээр нэхэмжлэгч нь өөрийн төлбөрийг авахаар удаа дараа шаардаж байсан, “Д” ХХК-д очиж, уулзаж, ярилцаж байсан, хариуцагч зөвшөөрч байсан гэж тайлбарлах боловч дээрх тайлбараа баримтаар нотлоогүй, улмаар Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан үйл баримт тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн байна.

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасан тул хариуцагчийн татгалзал хууль зөрчөөгүй.

Нэхэмжлэгч 2011.03.16-ны өдрөөс хойш 2023 он хүртэл хариуцагчид холбогдуулан тогтоосон журмаар нэхэмжлэл гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцжээ.

18. Дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 209/МА2025/00042 дугаар магадлалыг хүчингүй болгож, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 307/ШШ2025/00607 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц-ын гомдлыг хангасугай. 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч “Д” ХХК-аас 2025.06.24-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 730,173 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                      Н.БАТЗОРИГ

                                                                                                   Н.БАЯРМАА

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД