| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2021/1012/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/409 |
| Огноо | 2024-04-17 |
| Зүйл хэсэг | 17.3.3.1., |
| Улсын яллагч | Ц.Сайнхүү |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 2024/ШЦТ/409
2024 04 17 2024/ШЦТ/409
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч С.Өсөхбаяр, шүүгч Э.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэй,
иргэдийн төлөөлөгч Р.Жамсран,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чаминчулуун,
улсын яллагч Ц.Сайнхүү,
шүүгдэгч Г.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Е танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт О овогт Гийн Аыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 000000 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
шүүгдэгч Г.А нь:
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 00000 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Г.А нь ганцаараа болон бусадтай бүлэглэн 2018 оны 07 дугаар сараас 2024 оны 01 дүгээр сарын хооронд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хулгайлах гэмт хэргийг 187 удаагийн үйлдлээр, амьдралын эх үүсвэр болгож байнга үйлдэн бусдад их хэмжээний хохирол учруулсан гэм буруутай болох нь:
Хавтаст хэргээс шүүгдэгч Г.Аын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /20хх-ийн 48, 97/, төрсний бүртгэлийн лавлагаа /20хх-ийн 94/, иргэний үнэмдэхийн лавлагаа /20хх-ийн 95/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Г.А нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хийгээд ач холбогдолтой байх учир үнэн зөвд тооцлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв. Мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Ат холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Г.Аыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.”,
3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж хуульчилсан.
Шүүгдэгч Г.А нь нэр бүхий этгээдүүдтэй хамтарч 40 удаагийн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон учир түүнийг гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн гэж тооцох нь зүйтэй.
Хулгайлах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж үндсэн шинжийг,
2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн бол” гэж,
3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон бол” гэж хүндрүүлэх шинжийг хуульчилсан байна.
Шүүгдэгч Г.Аын бусадтай бүлэглэж болон ганцаараа үйлдсэн хулгайлах гэмт хэргүүд нь бусдын өмчлөх эрхэд санаатай хэлбэрээр халдаж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг 186 удаагийн үйлдлээр, хүндрүүлэх буюу “…үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэх шинжийг 1 удаагийн үйлдлээр хангаж байна.
Дээрх үйлдэлүүд нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж болох хохирогчийн эрүүл мэнд, амь насанд халдахгүйгээр хохирогч болон бусдад мэдэгдэхгүйгээр бусдын эд хөрөнгийг авах, хүндрүүлэх шинж болох үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрсэн гэх шинжийг бүрэн хангасан байх бөгөөд амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж идэвхтэйгээр үйлдэгдсэн гэмт хэрэг байна.
Түүний үргэлжилсэн 187 удаагийн үйлдлээр хулгайх гэмт хэрэг үйлдсэн нь “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинжийг хангана гэж үзэх нь зүйтэй.
Шүүгдэгчийн хохирогч нарын эд хөрөнгийг хулгайлан авч бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж тухайн эд хөрөнгийг захиран зарцуулах боломжийг өөртөө үүсгэж, эд хөрөнгийг нь нууцаар, хохирогчийн эрүүл мэнд, амь насанд халдахгүйгээр, бусдад мэдэгдэлгүйгээр авч хор уршигийг зориудаар хүсэж бий болгон үйлдсэн үйлдэл нь нийгэмд аюултай үйлдэл юм.
Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн хувьд гэмт этгээд нь амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж идэвхтэй үйлдлээр бусдын эд хөрөнгийг авч захиран зарцуулах боломжийг өөртөө үүсгэснээр төгс үйлдэгддэг.
Худалдаа, үйлчилгээ явуулах зорилгоор тохижуулан, бараа бүтээгдэхүүнээ байрлуулж тогтмол үйл ажиллагаа явуулж байсан байранд шүүгдэгч Г.А нь 1 удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэн хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд энэ нь хохирогч нарын өөрсдийн ажил хэргийг тогтмол гүйцэтгэхэд ашиглаж байсан үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд хамаарна.
Үйл ажиллагаа явуулах зориулалттай байр нь үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдийн эрх ашиг, орон зайг бусад этгээдийн орон зай, үйлдлээс тусгаарлан хамгаалж байх ёстой.
Хулгайлах гэмт хэргийн үр дагавар нь хууль бусаар, нууц аргаар, шууд санаатай, шунахай сэдэлт зорилгоор гэмт этгээд бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг эзэмшиж, захиран зарцуулж, иргэн, аж ахуй нэгжид хохирол учруулах байдлаар илэрнэ. Энэ үйлдэл нь өмчлөх эрхээ шударгаар эзэмшигчдэд материаллаг болон сэтгэл санааны хохирол учруулдаг.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ тодорхой эрхэлсэн ажилгүй, цалин орлогогүй байсан ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлаас дүгнэхэд өөрийн хэвийн аж төрөхөд шаардагдах мөнгө хэрэг болсон үедээ буюу олон удаагийн үйлдлээр хохирогч нарын эд хөрөнгийг хулгайлан хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Тухайн гэмт хэргийг үйлдсэн этгээд нь гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө, орлогоо ямар зүйлд, хэрхэн зарцуулснаас үл шалтгаалан өөрийн хувийн хэрэгцээг өөрөө шударгаар орлого олж хангаж чадахгүй байгаа нөхцөлд уг гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Энэ нь гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг цааш худалдан борлуулах, барьцаалж зээл авах, өөрийн хувийн хэрэгцээнд ашиглах зэргээр амьдралдаа хэрэглэж байгаагаар илэрхийлэгддэг.
Өөрөөр хэлбэл, хулгайлах гэмт хэргийг тодорхой цаг хугацааны давтамжтайгаар үйлдэж хууль бус аргаар олж авсан эд хөрөнгөөрөө амьжиргаагаа залгуулж, өөрөөр амьдрах боломж нөхцлийг бий болгоогүй бөгөөд энэхүү гэмт хэргийн улмаас бусдад учирч буй хохирол, хор уршгийн хэр хэмжээ байнга өсөн нэмэгдсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Аын ганцаараа үйлдсэн 147 удаагийн, бусадтай бүлэглэж үйлдсэн 40 удаагийн хулгайлах гэмт хэргүүд нь бусдын өмчлөх эрхэд санаатай хэлбэрээр халдаж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг, энэ гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэм буруутай үйлдэл болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, шүүгдэгчийн хэргийн талаар өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт цуглуулж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэг утга агуулга илэрхийлсэн, хоорондоо уялдаа бүхий бичгийн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Хохирогч нар нь шүүгдэгч Г.Аыг шанаа, хуруун дээрх шивээс болон гарын шуу хэсэгт байх цэцэг, нүдний дүрс бүхий шивээсээр нь шууд тодорхойлж мэдүүлдэг ба цагдаагийн алба хаагч нар камерийн бичлэгт үзлэг хийж Г.А болохыг шууд таньж тэмдэглэл үйлдсэн байна.
Шүүгдэгч Г.А нь хохирогч нарын эд хөрөнгийг хулгайлан авсан гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүх хуралдаанд иргэдийг төлөөлөн оролцсон иргэдийн төлөөлөгч нь “нийт 187 хэргийн үйлдэлтэй боловч энэ бол зөвхөн баригдсан тоо. Цаана нь баригдаагүй хэдэн үйлдэл байгаа нь сонин. Суллагдсан бүх явцдаа хулгай хийсээр байсан. Дахин дахин. 1 хулгайчаас болж өчнөөн иргэд эд зүйл, гар утсаараа хохирсон нь харамсалтай. Г.Аыг миний бие гэм буруутайд үзэж байна” гэсэн дүгнэлт гаргасан.
Иргэдийн төлөөлөгчийн уг дүгнэлт нь жирийн иргэний өөрийн ухамсар, итгэлийн үүднээс шүүгдэгчийн үйлдлийг буруутай болохыг ойлгож дүгнэсэн дүгнэлт юм.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус зааснаар шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүгдийг нь шинжлэн судлаж хохирлыг тооцох нь зүйтэй бөгөөд хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон хохирол тус бүрийг, бэлнээр алдагдсан мөнгө тус бүрийг уг дүнгээр нь хохиролд тооцож үзэхэд 187 удаагийн гэмт үйлдлийн улмаас бусдад 188.661.814 төгрөгийн хохирол учиржээ.
Шүүгдэгч Г.Аын үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах явцад хохирогч нарын эд зүйлс болох гар утсуудыг буцаан олгосон байна. Энэ нь 12.998.600 төгрөгийн үнийн дүн бүхий хохирол байна.
Хулгайлах гэмт хэргийг бусадтай бүлэглэн гүйцэтгэсэн нийт 40 удаагийн үйлдлийн хохиролыг тухайн гэмт хэрэгт хамтран оролцсон нийт оролцогч нарт тэнцүү хуваан Г.Ат оногдох хувь бүхий дүнг түүнээс гаргуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн зүгээс гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоос төлж барагдуулсан зүйлгүй байх учир мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон дүнгээр хохирлыг тооцон гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгох нь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх талаарх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангана гэж шүүх үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг,
5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болголоо.
Шүүхээс шүүгдэгч Г.Ат ял оногдуулахад хуульд тусгайлан хуульчилсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар “Шүүгдэгч Г.А хамгийн анх 0000 онд бусдын эд зүйлийг хулгайлсан 106 үйлдлээр хххххх шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5 жил 6 сарын хугацаагаар хорих оногдуулж байсан. Уг ялыг эдэлж байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр яллагчаар татагдсан. Өөрөөр хэлбэл хулгайн үйлдэл дээр яллагчаар татаж шүүхэд шилжүүлээд анхан шатын шүүхээр шийдэж, хяналтын шат шүүх хүртэл явсан. Хяналтын шатны шүүхээс хххххх шүүхээс шийдвэрлэсэн 106 үйлдэлтэй гэмт хэрэг дээр тухайн үйлдлийг нэгтгэж байж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж хэргийг буцаасан.
Үүний улмаас 106 үйлдэлтэй хххх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шинэ нөхцөл байдлын улмаас прокурор дүгнэлт бичин дахин хэлэлцүүлэхээр магадлал шийтгэх тогтоолыг хүчингүй болсон. Улмаар яллагдагчийг цагдан хорьж, тухайн хэргүүдийг нэгтгэн шалгах ажиллагаа явуулж байсан боловч хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоолууд нь хуульд зааснаар хүчингүй болсон учраас цагдан хорих хугацаа дууссан гэж үзэж яллагдагч суллагдсан.
Улмаар яллагдагч нь хххх өдөр суллагдаад мөн оны хххх хүртэлх хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн. Энэ хугацаанд шүүхэд хэргийг дахин шилжүүлэхэд шүүх дээрх хугацаанд үйлдэгдсэн хэргүүдийг нэгтгэж ирүүл хэмээн хэргийг прокурорт буцаасан. 00000-наас цагдан хорих хугацаа дууссан үйндэслэлээр дахин суллагдаад 000-нийг хүртэлх хугацаанд дахиад хулгай хийсэн. Ингээд яллагдагчид холбогдох бүх хэргүүдийг нэгтгэж шүүхэд шилжүүлсэн.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн нь бүрэн нотлогддог. Хохирогчийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч байгаа үйлдэл нь хулгайн гэмт хэргийн шинжийг хангаж байна. Шүүгдэгч нь 0000 хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр тухайн хэргүүдийг үйлдсэн байдаг.
Шүүгдэгч нь өөрийн гэсэн тодорхой орлого байхгүй, урт хугацаанд 187 удаагийн үйлдлээр хулгайн гэмт хэргийг үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэх үндэслэлтэй байх тул шүүгдэгч Г.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйл 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцох саналтай байна.
Шүүгдэгч 0000 сараас хойших үйлдлүүдийг бусадтай хамтран үйлдсэн. Тэр хүмүүс хүмүүсийн анхаарлыг сарниулж байгаад би эд зүйлийг нь авдаг гэж ярьж байна. Гэвч хэрэгт авагдсан баримтуудаар энэ талаар нотлогддоггүй. Камерын бичлэг болон хохирогч нарын мэдүүлэгээр 2 хүн байсан гэдэг боловч эд зүйлийг авч байгаа хүн нь А юм. Энэ асуудалтай холбоотойгоор хэрэгт зарим гэрч нарын мэдүүлэг авагдсан. Тухайлбал яллагдагчийн ярьж байгаа 000 нар мэдүүлэг өгсөн. Гэрч нарын мэдүүлэгт 000 огт хулгай хийх талаар ярилцаагүй гэж мэдүүлсэн. Камерын бичлэг дээр хоёулаа явж байгаад гараад гүйж байгаа үйлдлүүд харагдах боловч энэ нь хулгайн үйлдэлд хамт оролцсон гэдгийг нотлохгүй. Яллагдагч мөрдөн байцаалтын шатанд би ийм хүмүүстэй бүлэглэж үйлдсэн гэдэг асуудлаа огт мэдүүлээгүй. Өнөөдөр л шүүх дээр болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгийн хуралдаанд дээр энэ ярьж байна. Өөрийн өгсөн мэдүүлэг буруу зөв бичигдсэн, цаашлаад эрүүдэн шүүж мэдүүлэг авсан асуудлууд байсан бол энэ талаар яллагдагч нь гомдол гаргах боломжтой байсан. Гэтэл энэ талаар яллагдагч нь нэг ч гомдол гаргаж байгаагүй.
Харин эсрэгээрээ миний цагдан хорих хугацаа дуусчихлаа. Энэ хэргийг үндсэн хэрэг рүү нэгтгэчихсэн байгаа. Тийм учраас намайг суллаж өг гэдэг утга бүхий гомдол хүсэлтийг удаа дараа гаргаж байсан. Энэ нь хувийн баталгаанд гараад дахиад хулгай хийх асуудлаа үргэлжлүүлэх гэсэн санаа. Яг энэ аргаараа 2 удаа суллагдаад энэ хэрэг өнөөдрийг хүрж байна.
Энэ хэргийн цаана өнөөдөр 187 хохирогчийн эрх ашиг зөрчигдөж байна. Хохирогч нар нь Ат эд зүйлээ алдсан гэдэг групп нээчихсэн, мэдээлэл солилцоод явж байдаг. Гэтэл энэ хэргийг бүлэглэсэн хэрэг байхад хамт үйлдсэн хүмүүсийг нэгтгэж ирүүлээгүй, нэгтгэж шалгаагүй байна гэж гомдол хүсэлт гаргах боломжтой мөртөө өдий хүртэл хугацаанд огт гаргаагүй байж өнөөдрийн шүүх хуралдаан дээр ярьж байгаа нь үндэслэлгүй байна гэж прокурорын зүгээс үзэж байна. Үүнээс тухайн үйлдэлүүдэд өөр хүмүүсийн оролцоо байхгүй байна гэдэг нь харагдаж байна.
Яллагдагчийн мэдүүлэг нь дангаараа нотлох баримтаар үнэлэгдэх боломжгүй. Мөн тухайн хулгайлсан эд зүйлээ хүнд хямдхан өгөөд Орос улс руу гаргадаг гээд яриад байгаа. Гэвч энэ талаар баримт хэрэгт нэг ч байхгүй. Гар утас авдаг Нямаа гэдэг хүнд би гар утас өгдөг гээд байгаа боловч тухайн хүнээс гэрчээр мэдүүлэг авахад би олон хүнээс гар утас авдаг, би А гэдэг хүнийг танихгүй гэдэг мэдүүлгийг өгдөг. Хэрэгт авагдсан нотлох баримт, эрүүгийн хариуцлагын зорилт, шударга ёсны зарчмын хүрээнд энэ хэргийг эцэслэн шийдвэрлэж, хохирогч нарын хохирлын асуудал, цаашлаад дахин гэмт хэрэг үйлдүүлэхгүй байх боломж бололцоог хангах ёстой гэж үзэж байна.” гэсэн,
оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “шүүгдэгч нь насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдэж эхэлсэн. Өнөөдөр бол насанд хүрсэн байгаа. Тэрээр үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн. Хамгийн сүүлийн үйлдлээр гэмт хэргийг төгөссөн гэж үздэг. Гэмт хэрэг үйлдэгдэж төгөсхөд шүүгдэгч нь насанд хүрсэн байгаа учир түүнийг өсвөр насны яллагдагч, шүүгдэгч гэж үзэж хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэхгүй. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, давтамж, бусдад учруулсан хохирлоос барагдуулаагүй байдал, бусад нөхцөл байдлыг дүгнэж 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” тухай дүгнэлт гаргасан бол,
шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцохдоо гэм буруу болон эрүүгийн хариуцлагийн талаар “гэм буруу, хохирлын талаар прокурорын ярьсантай маргах зүйлгүй, гаргах тайлбаргүй. Хохирлыг хорих ангид очоод ажил хийж төлнө гэж үзэж байна. Өөрийгөө өмгөөлж гаргах тайлбаргүй. Бага наснаасаа эхлэж гэмт хэрэг үйлдсэн нь үнэн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Ял шийтгэлийн хувьд прокурорын гаргасан саналтай холбоотойгоор гаргах саналгүй. Миний буруу учраас бага ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлт тус тус гаргав.
Улсын яллагчаас гаргаж буй гэм буруутайд тооцуулах талаарх дүгнэлт нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгч хүлээн зөвшөөрч байгааг дүгнэх нь зүйтэй.
Шүүгдэгч Г.А нь насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдэж эхэлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байх хугацаанд насанд хүрсэн байна. Улмаар насанд хүрсэний дараагаар ч гэмт хэргийг үргэлжлүүлэн үйлдсэн байх тул түүнийг өсвөр насны шүүгдэгч гэж үзэх үндэслэлгүй юм.
Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж хуульчилсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдалтай шууд хамааралтай зохицуулалт болно.
Шүүгдэгч Г.Аын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, арга хэлбэр, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, учруулсан хохирлыг төлөөгүй байдал, гэмт үйлдэлдээ өгч байгаа үнэлэлт дүгнэлт, хялбар аргаар өөрийн хэрэгцээ болон амин зуулгыг залгуулах гэсэн санаатай үйлдэл, хулгайлах гэмт хэргийг удаа дараа үйлдэж ял шийтгүүлсэн талаарх хувийн байдал, талуудын санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан хорих ялыг тодорхой хэмжээгээр оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог учир шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Г.Аын гэмт хэргийн учир баривчлагдан цагдан хоригдсон хоногийг тооцход 2019 онд 108 хоног, 2020 онд 346 хоног, 2021 онд 365 хоног, 2022 онд 365 хоног, 2023 онд 189 хоног, 2024 онд 77 хоног, нийт 1.450 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож,
хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 32 ширхэг сидиг хэргийн хамт хадгалуулахаар тус шүүхийн Тамгын газарт шилжүүлж,
Х.Анужингийн 5624237050 дугаарын дансны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын шийдвэрийг хүчингүй болгож,
хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овогт Гийн Аыг ганцаар болон бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар есөн жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Г.Аыг шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ат оногдуулсан 9 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аын цагдан хоригдсон 1.450 /нэг мянга дөрвөн зуун тавь/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ааас 157.450.858 төгрөг гаргуулан хохирогч ххххх тус тус олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 32 ширхэг сидиг хэрэгт хавсаргуулан хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт тус тус шилжүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар ххххх тоот дансны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Г.Ат урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Ат хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ
ШҮҮГЧИД С.ӨСӨХБАЯР
Э.ЭНХТҮВШИН