| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2021/03929/И |
| Дугаар | 183/ШШ2022/00204 |
| Огноо | 2022-01-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 183/ШШ2022/00204
2022 оны 01 сарын 21 өдөр Дугаар 183/ШШ2022/00204 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
УДИРТГАЛ ХЭСЭГ
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ........... тоот хаягт байрлах Т ХХК /000000/
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ............. тоот хаягт оршин суух Б овогт Б.Н /00000000/
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 7 622 940 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З
Хариуцагч Б.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Содбилгүүн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т ХХК Б.Н-д холбогдуулан 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4 022 660 төгрөг, хүү 1 588 950 төгрөг, алданги 2 011 330 төгрөг, нийт 7 622 940 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Б.Н нь Т ХХК-тай 15900480 дугаар зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг тус тус байгуулж, 9.000.000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Тоёота Приүс 30 маркийн 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг үүрэг гүйцэтгэгчийн өмчлөлд шилжүүлсэн. Зээлийг эргэн төлөх хуваарийг талууд тохиролцож хавсралтаар баталсан боловч зээлдэгч уг хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийн байдлаар үндсэн зээл 4.022.660 төгрөг, хүү 1.588.950 төгрөг, алданги 2.011.330 төгрөг нийт 7.622.940 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Зээлдэгч Б.Н үүрэг гүйцэтгэх хугацааг 395 хоног хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөөр байна. Зээлдэгч нь 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл огт зээлийн эргэн төлөлт хийгээгүй бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2021 оны 6 дугаар сарын 06-ны өдөр дууссан. Талуудын үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээнд зааснаар үүрэг гүйцэтгэгчийн эзэмшилд байх хугацаанд зээлдэгч Б.Н зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул манай байгууллагаас гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, фидуцийн зүйлийг хариуцагчаас бодитоор гаргуулахаар шаардаж байсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй бөгөөд тус тээврийн хэрэгсэл олдохгүй, хаана байгаа нь тодорхойгүй тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй болоод байна. Иймд Б.Н-гаас үндсэн зээл 4.022.660 төгрөг, хүү 1.588.950 төгрөг, алданги 2.011.330 төгрөг нийт 7.622.940 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд татгалзлаа дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Миний бие Т ХХК-иас 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 15900480 дугаар зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг тус тус байгуулж 9.000.000 төгрөгийн зээл хүсэж гар дээрээ 8.500.000 төгрөгийг авсан. Уг компани нь гэрээ байгуулах үед бидэнд М ХХК-ийг шууд тулгасан ба тус даатгалын компани нь галын даатгал хийгээгүй. Бид гэрээний дагуу зээлээ төлсөөр байсан ба 5 сарын дараа буюу 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 01 цагийн орчимд машин шатаж үгүй болсон. Ингээд 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 09 цагт машин шатсан газар буцаж ирээд Т ББСБ ХХК болон М-тай холбогдож мэдэгдсэн боловч аль ч байгууллагаас нь хүн ирээгүй. М ХХК нь нөхөн төлбөр олгох боломжгүйг утсаар буцааж мэдэгдсэн. Би нэхэмжлэгч талаас зээлийн хүү бууруулах талаар олон удаа уулзсан. 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн Т ХХК-ийн Сайн барьцаалан зээлдүүлэх газрын зээл олгосон салбарынхантай ялангуяа тухайн зээлийг хариуцсан эдийн засагч н.Ч-тай удаа дараа очиж уулзан учир байдлыг тайлбарлаж, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахыг, зээлийн хүүгээ бууруулахыг, хүүгээ тэглэж өгөхийг эсвэл хөнгөлж өгөхийг гуйж хүсдэг байсан боловч тодорхой хариу өгдөггүй, дарга удирдлагадаа танилцуулдаг эсэх нь мэдэгдэхгүй, очих бүрд аргацаан буцааж, нэг удаа эмэгтэй зээлийн эдийн засагч нь Хууль, шүүхийн байгууллагаараа яваарай гэж дээрэнгүй байдлаар цаас шидлэн хашгичиж асуудалд хариуцлагатай хандаж байгаагүй. Иймд өөрөө санаачлан 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Т ХХК-ийн удирдлагуудтай уулзахаар Төв салбарт нь очиж дэд захирал н.Б-тай уулзахад Машинаа шатаагаад даатгалаас мөнгө авдаг бүлэглэлүүд бий болсон учир галын даатгалыг хассан тухай хэлсэн. Энэ хугацаанд зээлээ хэвийн төлсөөр, бүтэн 10 сар өнгөрсөн. Ингээд 2020 оны 11 дүгээр сард бүх нийтийн хөл хорио тогтоож, санхүүгийн хүндрэлд орж зээлээ төлж чадаагүй. Цаашид ч төлөх санхүүгийн чадваргүй болж ирсэн. Ингээд үл ойлголцол үүсч тухайн авто ломбард зээлээ төлөхийг шаардаж, хүү бид 2 зарим үед утсаар, мессежээр дарамтлуулж эхэлсэн. Энэ хугацаанд бид мөнгө санхүү, сэтгэл санааны дарамтад орж ирсэн хэдий ч 2020 оны 10 дугаар сарыг дуустал нийт 8.970.400 төгрөгийг төлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Нэхэмжлэгчээс: Т ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 21/1-0170 дугаартай итгэмжлэл, 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 15900480 дугаартай Зээлийн гэрээ, 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 15900480 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ, Сайн авто ломбардын Барьцаат зээлийн тооцооны хуудас, 15900480 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, 0000 ААА тээврийн хэрэгслийн зээлийн тооцооллын хүснэгт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 4-10 ху/
Хариуцагчаас: 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 15900480 дугаартай Зээлийн гэрээ, 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 15900480 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 11/291-2660 дугаартай Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймэр гарсан тухай акт, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 347/2660 дугаартай Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн шинжээчийн дүгнэлт, 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 19/2-249 дугаартай Т ХХК-ийн мэдэгдэл, 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 19/2-291 дугаартай Т ХХК-ийн мэдэгдэл, Мын авто тээврийн хэрэгслийн даатгал, Даатгалын гэрээ, хоорондоо харилцсан гэх зурвасын хуулбарууд зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 23-37 ху/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Т ХХК хариуцагч Б.Н-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7 622 940 төгрөг гаргуулахаар шаардсаны зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
2. Нэхэмжлэгч, 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Б.Н нь Т ХХК-тай 15900480 дугаар зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг тус тус байгуулж, 9 000 000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Тоёота Приүс 30 маркийн 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг үүрэг гүйцэтгэгчийн өмчлөлд шилжүүлсэн. Зээлдэгч нь 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл огт зээлийн эргэн төлөлт хийгээгүй, үндсэн зээл 4.022.660 төгрөг, хүү 1.588.950 төгрөг, алданги 2.011.330 төгрөг нийт 7.622.940 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Гэрээний хугацаа 2021 оны 6 дугаар сарын 06-ны өдөр дууссан бөгөөд фидуцийн зүйлийг хариуцагчаас бодитоор гаргуулахаар шаардсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй, тус тээврийн хэрэгсэл олдохгүй, хариуцагч шатсан гэж тайлбарласан тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй болсон. Иймд хариуцагч Б.Н-гаас үндсэн зээл 4.022.660 төгрөг, хүү 1.588.950 төгрөг, алданги 2.011.330 төгрөг нийт 7.622.940 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна.
3. Хариуцагч, 9 000 000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээ байгуулсан боловч 8 500 000 төгрөг хүлээн авсан. Зээлийн гэрээ байгуулахдаа нэхэмжлэгч байгууллагын санал болгосон даатгалын компанитай даатгалын гэрээ байгуулж фидуцын гэрээний эд зүйл болох автомашиныг даатгуулсан боловч гал гарах эрсдэл даатгалын тохиолдолд хамаарахгүй нөхцөлтэй гэрээ байгуулсан байсан нь гэрээний талуудын чөлөөт зарчим алдагдсан, 2020 оны 5, 6 дугаар сард зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу төлсөн боловч нэхэмжлэгчээс ирүүлсэн тооцоололд ороогүй байна. Нэхэмжлэгчийн тулгасан М-тай даатгалын гэрээ байгуулснаас болж 30 000 000 төгрөгийг хохирол хүлээж, зээлийн төлбөрт 9 000 000 төгрөг төлсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.
4. Хэрэгт авагдсан баримтаар, зохигч 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 9 000 000 төгрөгийг сар тутам 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохиролцсон 15900480 дугаар зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Тоёота Приүс 30 маркийн 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх /фидуц/-ын гэрээг тус тус байгуулсан үйл баримт тогтоогдож байна.
Зохигч зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд болон фидуцын гэрээний зүйл болох автомашин шатаж устсан тухайд маргаангүй.
Нэхэмжлэгч хариуцагчид 9 000 000 төгрөг хүлээлгэн өгсөн, зээл зээлийн хүүнд хариуцагч 8 084 015 төгрөг төлсөн, М ХХК-тай даатгалын гэрээ байгуулахаас татгалзах эрх зээлдэгчид нээлттэй байсан гэж, хариуцагч 9 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан боловч 8 500 000 төгрөг хүлээн авсан, зээл, зээлийн хүүнд 9 000 000 орчим сая төгрөг төлснөөс 2020.5,6 дугаар сарын төлөлт хасагдаагүй, даатгалын компанитай гэрээ байгуулахыг тулган шаардсаны улмаас галын эрсдэл тусгагдаагүй даатгалын гэрээ байгуулж 30 000 000 төгрөгийн үнэ бүхий автомашинаараа хохирсон гэж маргаж байна.
5. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар хүсэл зоригоо гарын үсэг тамга, тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байгуулагдсан ба, уг хэлцэл нь эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д заасан барьцаалан зээлдэх журмаар олгосон зээл болон Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан фидуцийн гэрээний харилцаанд хамаарахаар байна.
Түүнчлэн, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 286 дугаар зүйлийн 286.1, 286.2, 286.5-д барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй байхаар, талууд тохиролцсоноор хүү тооцохоор, барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн гэрээг бичгээр хийхээр тус тус зохицуулсан.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хуульд заасан дээрх шаардлагыг хангасан, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгө устаж үгүй болсон байх тул нэхэмжлэгч хариуцагчаас зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.
Хариуцагч 2020 оны 5,6 дугаар сард зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу төлсөн гэж маргасан боловч хариуцагчийн татгалзал хэрэгт авагдсан 2020.05.06-ны өдрийн ...орлого буурсны улмаас зээлээ хугацаанд нь төлж чадаагүй тул энэ сарын үндсэн төлөлтөөс чөлөөлж өгнө үү гэсэн агуулга бүхий гар бичмэл, нэхэмжлэгчээс ирүүлсэн зээлийн тооцооллын хүснэгтэд 2020.5.6 дугаар саруудад үндсэн зээл төлөгдөөгүй тухай бичилт зэрэг баримтаар үгүйсгэгдэхийн зэрэгцээ хариуцагч татгалзлаа бичгийн баримтаар нотлоогүй.
Мөн, 8 500 000 төгрөг хүлээн авсан гэж тайлбарласан боловч 8 500 000 төгрөг хүлээн авч, үлдэх 500 000 төгрөгөөр даатгалын төлбөр болон бусад зардлыг төлсөн үйл баримтын талаар зохигч маргахгүй байх тул зээлийн мөнгөн хөрөнгийг хэрхэн захиран зарцуулах нь зээлдэгчийн эрх хэмжээнд хамаарна гэж үзээд уг татгалзал үндэслэлгүй гэж дүгнэсэн.
Иймд хариуцагчийн гүйцэтгэсэн үүргийг 8 084 015 төгрөгөөр тооцоод үлдэх үндсэн зээл 4 022 668 төгрөг, 2020.11.08-ны өдрөөс 2021.11.08-ны өдөр хүртэл 13 сар 5 хоногийн зээлийн хүүг нэг сарын 3 хувиар тооцсон дүн болох 1 588 954 төгрөгийн хамт хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.
Харин алданги 2 011 330 төгрөгийг шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасныг баримтлан цар тахал дэгдсэн байдлыг харгалзан үзээд алдангийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Дээрхийг нэгтгэвэл, хариуцагч Б.Н-гаас зээлийн гэрээний үүрэгт 5 611 618 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 011 330 хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
6. Хариуцагчийн даатгалын гэрээтэй холбоотой татгалзалд шүүх нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй үндэслэлээр дүгнэлт өгөөгүй болохыг дурдаж байна.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангасан тул хангасан үнийн дүнгийн хэмжээнд зохигчдод хуваан хариуцуулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1, 232 дугаар зүйлийн 232.8-д заасныг тус тус баримтлан зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Б.Н-гаас 5 611 618 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 011 330 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136 980 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Н-гаас 104 736 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭНХЦЭЦЭГ