Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/95

 

2024 оны 07 сарын 17 өдөр                 Дугаар 2024/ШЦТ/95                  Мандал сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж, нарийн бичгийн дарга С.Төртулах, Улсын яллагч                                          Б.Хишигсувд, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Хишигсувдаас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн 2432000000102 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *******, 40 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Жио Апекс” ХХК-д алтны дээж шалгагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт *******, урьд 1 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан. Үүнд:

 

Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 174 дугаартай тогтоолоор шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 01 жил 06 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэсэн, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, *******.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын “Гонир” 3 дугаар баг, Мандал салдаг уулзварын орчимд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ 0.70 хувийн согтолттой, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, “26-93 УЕК” Улсын дугаартай “Ниссан Ванетте” загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын “Гонир” 3 дугаар баг, Мандал салдаг уулзварын орчимд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ 0.70 хувийн согтолттой, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, “26-93 УЕК” Улсын дугаартай “Ниссан Ванетте” загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн болох нь Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******гийн мэдүүлсэн:”... Бие нь муудсан хүн хүргэж өгөх гээд л жолоо барьсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, Эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ю.Баяржаргалын 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж, гэмт хэргийг илрүүлсэн талаарх илтгэх хуудас, 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдөр *******гийн согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Цагдаагийн Ерөнхий газрын “Жолоочийн лавлагаа, мэдээлэл”-д жолооч *******гийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр  Дархан-Уул аймгийн Дархан суманд 01 жилийн хугацаагаар жолоодох эрхээ хасуулсан талаарх лавлагаа, Гэрч *******гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн:”...GEO APEX” ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт Цагаан чулуут гэх газарт алтны хайгуулын ажил хийж байгаа. Манай ажил 3 хоног амраад 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдөр амарч байх хугацаандаа ганцаараа “Хараа” нэртэй 0.5 литрийн архинаас 2 хундага архи уусан байсан. Дархан-Уул аймгийн Шарын гол сумаас танил хүн хот явж байна гэхээр нь өөрийн эзэмшлийн “26-93 УЕК” Улсын дугаартай “Ниссан Ванетте” маркийн тээврийн хэрэгслээ жолоодоод Дархан-уул аймгийн Улаанбаатар хот руу явдаг төв зам руу явж байтал цагдаа зогсоогоод миний согтуурлыг шалгасан чинь 0.70 хувийн согтолттой гарсан. Би бол хоёр хундага архи уучихсан юм, согтуурал шалгах багажаар үлээлгээд гарахгүй байх гэж бодож байсан юм. Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 02 сард цагаан сарын үеэр архи уугаад тээврийн хэрэгсэл жолоодож явж байгаад цагдаад баригдаад Дархан-Уул аймгийн Дархан сумын шүүхээр зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар 01 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж, 400000 төгрөгөөр торгуулах арга хэмжээ авагдсан юм...” гэх мэдүүлэг /ХХ-ийн дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирол учраагүй тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар: Прокурорын санал болгож, шүүгдэгч *******гийн хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, мөн зүйлд зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3000000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, мөн зүйлд зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3000000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Энэ хэрэгт ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 34.14 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8  дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон

             

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3000000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан ******* нь торгох ялыг 05 /тав/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.    

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5.Энэ хэрэгт ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                Ж.ЭРДЭНЭБАТ.