Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2022/00280

 

2022 оны 02 сарын 09 өдөр                          Дугаар 183/ШШ2022/00280                             Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

               УДИРТГАЛ ХЭСЭГ

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

нэхэмжлэгч- Сонгинохайрхан дүүрэг, ........... тоот хаягт оршин суух Х овогт Б.Т /00000000/

 

хариуцагч- Хан-Уул дүүрэг, ........... тоот хаягт оршин суух Х овогт Н.Т /00000000/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн төлбөр 7 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж

Хариуцагч Н.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Т нь Н.Т-т холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 7 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр тухайн тоот хаяг дээр байршилтай миний эзэмшилд байдаг үл хөдлөх эд хөрөнгийг Н.Т-тай түрээсийн гэрээ байгуулан түрээслүүлсэн. Гэрээгээр сар бүр 500 000 төлбөр төлөхөөр тохиролцсон ба гэрээний барьцаанд 500 000 төгрөг авсан. Сар бүр хийх ёстой төлбөрийг 10 хоногоор хожимдуулсан тохиолдолд тухайн сарын 14-ний өдрөөс эхлээд түрээсийн үйл ажиллагааг төлбөрийг бүрэн төлж барагдуулах хүртэл хугацаанд түр зогсоох арга хэмжээ авах ба алдангийг үргэлжлүүлэн тооцохоор заасан. Мөн 30 хоногийн хугацаатай бичлэгээ хадгалдаг камер, усны тэрэг гэх мэт эд зүйлсийг хүлээлгэж өгсөн байдаг. Гэвч одоо тэдгээр эд зүйлс хаана байгаа нь тодорхойгүй байгаа. 02 дугаар сарын төлбөрийг төлсөн боловч 3 дугаар сарын төлбөрөөс эхлээд өгөөгүй. Түүнээс хойш өгөхгүй явсаар ирэх намраас нь эхэлж бага багаар төлж эхэлсэн. Энэ үеэс түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг алдагдаж эхэлсэн. 2020 оны 12 дугаар сард объектынхоо хаалганы голыг сольсон боловч энэ хүмүүс дахиж шинэ гол хийгээд орчихсон байсан. Ажлын байран дээр нь явж ороод 6, 7 ширхэг багаж хэрэгслийг машиныхаа ард ачаад гэртээ авчирч тавьсан. Дараа нь Н.Т-т авсан талаараа мэдэгдээд төлбөрөө төлөөд аваарай гэдгийг хэлсэн. 2021 оны хувьд бүтэн жилийн төлбөр огт аваагүй. 2020 оны хувьд нийт 5 550 000 төгрөг авах ёстой байсан боловч 3 350 000 төгрөгийг авсан. Би ковидтой нөхцөл байдлыг харгалзаж үзээд бүтэн 3 сарын түрээсийг 50 хувиар буулгаж, 250 000 төгрөгөөр тооцсон. Мөн бүтэн нэг сарын төлбөрийг чөлөөлсөн. Үлдсэн төлбөрөө дуусгаад цаг тухайд нь төлбөрөө хийгээд яваарай гэхэд за гэж хэлсэн боловч огт төлбөрөө хийгээгүй. Иймд 2020 оны үлдэгдэл төлбөр 1 000 000 төгрөг, 2021 оны бүтэн жилийн төлбөр 6 000 000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын төлбөр 500 000 төгрөгийг хариуцагч Н.Т-аас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Тухайн объектыг түрээсэлснээс хойш эхний хоёр сард дэлгүүрийн зориулалтай байрыг урлан болгох гээд засвар хийсэн. Объектыг бүхэлд нь орчин үеийн шийдэлтэй болгож, гэрэлтүүлгийг сольсон. 6 000 000 төгрөгийн зардал гарсан байдаг. Тухайн үед засварын зардлыг түрээсийн төлбөрөөс хасна гэж тохиролцоогүй. 3 болон 4 дүгээр сараас Ковид-19 цар тахлын анхны тохиолдол бүртгэгдэж хөл хорио тогтоож эхэлсэн. 2020 онд 1 сарыг хөнгөлүүлэх хүсэлтэй байгаа. Мөн 2021 онд 4, 5 сар хөл хорио тогтоосон. Би төлбөрөө огт төлөхгүй гэж хэлээгүй. 2021 оны 5 сарын хугацаа, 2020 оны 2 сарын хөл хорионы хугацааг багадаа 5 сараар хөнгөлөх ёстой. Үүнээс гадна бүтэн жил 2 сарын хугацаанд объектыг цоожилсон атлаа бүтнээр нь төлбөрөө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Огт төлөхгүй гэсэн шаардлага надад байхгүй. Тодорхой хэмжээгээр төлбөрөө хөнгөлбөл төлөлтийг хийж чадна гэсэн байр суурьтай байна. Жилийн хугацаанд агуулахын зарчмаар ашигласан гэж бодож 6 сарын хугацааг 250 000 төгрөгөөр бодвол 3 000 000 төгрөг хасаж таарч байна. Хэрэв би объектоо ашигласан бол цувуулаад ч болов төлөх боломжтой байсан. 8 жил үйл ажиллагаа явуулж байгаа 12 ажилтантай компани. Анх түрээсэлсэн зорилго бол манайх шинэ тавилга болон будгийн ажил руу орж эхэлсэн бөгөөд будгийн кабин, урлангийн оффис хийж, зураачдаа суулгах зорилготой байсан. Гэвч нэг ч орлого олж чадаагүй байж бүтэн сарын төлбөрийг төлнө гэдэг боломжгүй. 5 сарын хугацааг 250 000 төгрөгөөр бодоод үлдсэн хугацааг 350 000 төгрөгөөр бодвол би төлөх боломжтой гэв.

 

Нэхэмжлэгчээс: 2021.11.19-ний өдрийн 1355 дугаартай итгэмжлэл, Ажлын байрны түрээсийн гэрээ, С.Ж-гийн Хаан банкны дансны хуулга, Сонгинохайрхан дүүргийн ............. тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо,Баруун баян уул 1 гудамж, 27, 27а тоот хаягт байршилтай худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 3-13, 25-26 ху/

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Нэхэмжлэгч Б.Т хариуцагч Н.Т-т холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 7 500 000 төгрөг гаргуулахаар шаардсанаас 6 400 000 төгрөгийг хангаж, үлдэх 1 100 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Б.Т хариуцагч Н.Т-тай 2020.01.29-ний өдөр ажлын байрны зориулалтаар Сонгинохайрхан дүүргийн .............. тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг нэг сарын 500 000 төгрөгөөр түрээслүүлэхээр тохиролцсон. Хариуцагч 2020 онд 3 350 000 төгрөг төлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс цар тахлын улмаас нэг сарын түрээсийг 100 хувь, 3 сарын түрээсийг 50 хувь тус тус хөнгөлсөн. Иймд 2020 оны түрээсийн төлбөрийн төлөөгүй үлдэгдэл 1 000 000 төгрөг, 2021 оны 12 сарын 6 000 000 төгрөг, 2021 оны 1 дүгээр сарын 500 000 төгрөг, нийт 7 500 000 төгрөг гаргуулахаар шаардаж байна гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна.

 

3. Хариуцагч Н.Т нэхэмжлэлийн шаардлагаас 3 000 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөх ба үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гээд түрээсийн гэрээний хугацаанд цар тахлын улмаас бизнесийн үйл ажиллагаа зогссон, нэхэмжлэгч түрээсийн байрыг цоожилсны улмаас түрээсийн зүйлийг зориулалтын дагуу эзэмшиж ашиглаагүй, агуулахын зориулалтаар ашигласан тул нэг сарын түрээсийг 250 000-350 000 төгрөгөөр тооцож төлнө гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

 

4. Хэрэгт авагдсан баримтаар зохигч 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ......... тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг нэг сарын 500 000 төгрөгөөр түрээслүүлэхээр харилцан тохиролцсон ажлын байрны түрээсийн гэрээг байгуулсан байна.

 

Талууд дээрх гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээний дагуу түрээс 3 350 000 төгрөг, барьцаа 500 000 төгрөг төлөгдсөн, хариуцагч түрээсийн байрыг чөлөөлөөгүй, нэхэмжлэгчийн түрээсийн гэрээг цуцлах саналыг хариуцагч хүлээж аваагүй, талууд гэрээний хугацааг сунгахаар амаар тохиролцсон зэрэг үйл баримтын тухайд маргаангүй.

 

Харин, цар тахлын улмаас түрээсийн төлбөрийг хөнгөлөх, түүнчлэн зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломж олгоогүйн улмаас түрээсийн төлбөрийг багасгах үндэслэлтэй эсэх талаар маргаантай байна.

 

5. Шүүх, талуудын хооронд байгуулагдсан гэрээг шинжлэн судлаад Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байгуулагдсан ба эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаанд хамаарах гэрээ байгуулагдсан гэж дүгнэлээ.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ба дээрх гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т заасан бичгээр байгуулах шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 

Хариуцагч түрээсийн гэрээний зүйлийг зориулалтын дагуу ашиглах боломж олгоогүй, түрээслүүлэгч ажлын байрны түлхүүрийг авснаар ажиллах нөхцөл бүрдээгүй, харин агуулахын зориулалтаар ашигласан гэж маргах боловч 2021 оны 4 дүгээр сард нэхэмжлэгч маргаан бүхий түрээсийн байрыг өөр этгээдэд түрээслүүлэх зорилгоор гэрээг цуцлах санал тавихад хариуцагч гэрээг цаашид хэвийн үргэлжлүүлэх санал гаргасан тухай талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагчийн татгалзал үгүйсгэгдэж байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчлэхээр, мөн хуулийн 295 дугаар зүйлийн 295.1-д эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийн ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцон тухайн эд хөрөнгийг хөлслүүлэгчид буцаан өгөхөөр, 295 дугаар зүйлийн 295.4-т гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийг буцааж өгөх хугацааг хойшлуулсан бол хөлслүүлэгч өөрт учирсан хохирлоо хожимдуулсан хугацааны турш төлбөл зохих хөлсний хэмжээгээр шаардах эрхтэй байхаар зохицуулжээ.

 

Иймд түрээсийн гэрээг хэвийн үргэлжлүүлэхээр тохиролцож, түрээсийн эд хөрөнгийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй байх тул агуулахын зориулалтаар ашигласан, эсхүл ашиг орлого олоогүй нь түрээсийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 

Гэхдээ нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахаар шийдвэрлэв. Тодруулбал, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2020 оны түрээсийн төлөгдөөгүй үлдэгдэл 1 000 000 гэж тодорхойлсон боловч 3 350 000 төгрөгийг хариуцагч төлсөн, үүнээс 3 сарын хөнгөлөлттэй түрээс 750 000, нэг сарын 100 хувь чөлөөлсөн 500 000 төгрөгийг тус тус хасахад 900 000 төгрөг үлдэхээр байна.

 

Түүнчлэн, 2021 оны 12 сарын түрээс 6 000 000 төгрөг байхаас барьцаанд төлсөн 500 000, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх тул 2022 оны 1 дүгээр сарын сарын түрээсийг шаардах эрхгүй үндэслэлээр тус тус 500 000 төгрөгийг хасаж тооцох нь зүйтэй.

 

Эцэст нь дээрхийг нэгтгэвэл, 2020 оны 2 дугаар сараас 2021 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны түрээсийн төлбөрт 6 400 000 төгрөгийг хариуцагч Н.Т-аас гаргуулан нэхэмжлэгч Б.Т-д олгохоор, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 100 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

6. Түрээсийн гэрээнд Л ХХК, М ХХК нарын тамга тэмдэг дарагдсан боловч зохигч Б.Т, Н.Т нарын хооронд уг гэрээ байгуулагдсан талаар талууд маргаангүйг дурдах нь зүйтэй.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангасан тул хангасан үнийн дүнгийн хэмжээнд ногдох тэмдэгтийн хураамжийг зохигчдод хуваан хариуцуулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 295 дугаар зүйлийн 295.4-т зааснаар хариуцагч Н.Т-аас 6 400 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Т-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 1 100 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н.Т-аас 117 350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Т-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

                                         

 

 

 

ШҮҮГЧ Д.ЭНХЦЭЦЭГ