| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2024/0088/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/97 |
| Огноо | 2024-07-23 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Г.Тунгалаг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 2024/ШЦТ/97
2024 оны 07 сарын 23 өдөр Дугаар 2024/ШЦТ/97 Мандал сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж, нарийн бичгийн дарга С.Төртулах, Улсын яллагч Г.Тунгалаг, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Тунгалагаас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн 2432000890105 дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: *******, *******,*******,*******,*******, *******, *******,*******, урьд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 1998 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 15000 төгрөгөөр торгох ялаар,
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэн хэмжээ буюу 540000 төгрөгөөр торгох ялаар,
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнсэж тус тус шийтгэгдсэн, .
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэс петролиум” шатахуун түгээх станцын орчимд 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 19 цагийн орчимд “ Тоёота приус-20” загварын, “74-86 СБА” Улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож, авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэс петролиум” шатахуун түгээх станцын орчимд 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 19 цагийн орчимд “Тоёота приус-20” загварын, “74-86 СБА” Улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож, авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдсэн болох нь Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ийн мэдүүлсэн:”... Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир шүүх хуралдаанд дахин мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 07-15-р тал/,Цагдаагийн Ерөнхий газрын “Жолоочийн лавлагаа, мэдээлэл”-д 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 1 жилийн хугацаагаар жолоодох эрхээ хасуулсан лавлагаа /хх-ийн 16-22-р тал/,
Гэрч О.Чимэддоржийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн:”... Би 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 24 цагаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын замын цагдаагийн хяналтын постод үүрэг гүйцэтгэж байсан. Тэгсэн 16 цаг 40 минутын орчимд надад цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Ж.Түмэндэмбэрэл ах Мандал сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн баруун талын жалга руу нэг машин уначихсан байна. Жолооч нь согтуу байна гэж хэлсэн. Тэгээд би удалгүй очтол Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн баруун талын жалга руу цагаан өнгийн “Тоёота приус-20” маркийн “74-86 СБА” Улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь жалга руу машины хамар хэсгээр орчихсон зогсож байсан. Тэгсэн ******* гэдэг хүн машиныхаа хажууд ганцаараа согтуу надад “би машин бариагүй, манай хүүхэд барьж явж байгаад машиных нь рулыг нь би татаад булаацалдаад, тэгээд жалга руу орчихлоо, манай хүүхэд зугтаагаад явчихлаа, одоо ирнэ гээд” худлаа хэлээд зогсож байсан. Тэгээд би машин ачдаг крантай машин дуудаад, машиныг нь кранаар өргөөд, жалганаас гаргаад зогсож байтал *******ийн хүүхэд нь гэх нэг залуу ирсэн. Тэгээд надад би машиныг нь бариад явж байсан юм. Аав машин бариагүй гэж худлаа хэлээд байсан. Тухайн дуудлага дээр очихоос өмнө би хэн машин барьсан талаар мэдээлэл авчихсан байсан. Тэгээд би дараа нь колонкын хяналтын камерыг шүүж үзэхэд ******* өөрөө машинаа барьж явж байхдаа, тухайн колонкоос бензин хийгээд явж байгаад тэр жалга руу орчихсон байсан. Тийм учраас би тухайн тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаанд хийж, *******ийг согтуурлыг зэрэг хэмжигч багажаар үлээлгэж шалгахад 1.41 хувийн согтолттой байсан...” гэх мэдүүлэг, гэрч А.Ичинноровын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: ...” Би “тэс петролиум” ХХК-д түгээгч ажилтай юм. Намайг ажил дээр байхад 16 цагийн үед “74-86 СБА” Улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгсэл бензин авахаар ирсэн. Тухайн үед би гарч машинд нь бензин хийх гэсэн боловч тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан настай ах архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн согтуу байсан. Тухайн үед би та согтуу байна, таньдаг эрүүл хүн дуудаж жолоогоо бариулаа, энэ хавьд цагдаа их байна гэж хэлэхэд тухайн тээврийн хэрэгслийн жолооч миний үгийг сонсохгүй чимээгүй сууж байгаад бензинээ хийгээд машинаа унаад явчихсан. Би бензин хийж өгчхөөд ажлын байранд орох гээд алхаж байхад пид пад гэх чимээ гарахаар нь эргэж хартал тухайн “74-86 СБА” Улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай ажлын баруун талд байдаг жалга руу хамраараа яваад орчихсон. ...Тухайн тээврийн хэрэгслийн жолоочоос архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Тухайн жолооч өөрийн биеийг авч явах чадваргүй байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас ямар нэгэн хохирол, хор уршиг нэхэмжлээгүй тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар: Прокурорын санал болгож, шүүгдэгч *******ийн хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жил, 4 сарын хугацаагаар хасаж, мөн зүйлд зааснаар 2900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2900000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жил 4 сарын хугацаагаар хасаж, мөн зүйлд зааснаар 2900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2900000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 34.14 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил 04 /дөрөв/ сарын хугацаагаар хасаж, 2900 /хоёр мянга есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2900000 /хоёр сая есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан ******* нь торгох ялыг 10 /арав/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5.Энэ хэрэгт ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.