| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2021/03611/И |
| Дугаар | 183/ШШ2022/00279 |
| Огноо | 2022-02-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 183/ШШ2022/00279
2022 оны 02 сарын 09 өдөр Дугаар 183/ШШ2022/00279 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
УДИРТГАЛ ХЭСЭГ
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ............ тоот хаягт байрлах Н ХХК /000000/
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, .............. тоот хаягт байрлах Б ХХК /0000000/
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 2 540 361 387 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, О.М нар
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б
Гэрч Я.Э, Д.Ч нар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н ХХК нь Б ХХК-д холбогдуулан НИ-УДС/12/06 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээний төлбөр, алданги 698 633 284 төгрөг, НИ-УДС/12/07 дугаартай Худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр, алданги 1 841 998 102 төгрөг, нийт 2 540 361 387 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Манай зүгээс Б ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 540 361 387 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Б ХХК-тай 2012 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр НИ-УДС/12/06 дугаартай У аймаг, У дулааны станцын төслийн ажил гүйцэтгэх гэрээг, мөн өдрийн 12/07 дугаартай бараа материал худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 243, 343 дугаар зүйлүүдэд заасныг тус тус үндэслэн байгуулж ажилласан. 2012 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 06 дугаартай У дулааны станцын төслийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу У аймгийн У суманд байрлах Дулааны станцын төслийн гадна цахилгаан дамжуулах агаарын шугам, станцын утааны яндан, зуухны угсралт, түлш дамжлага, технологийн шугамын ажлыг гүйцэтгэж, ажлын гүйцэтгэлийн хариу төлбөрт 724 635 523 төгрөгийг авахаар харилцан тохиролцсон. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх гэрээний үүргийн 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор гүйцэтгэсэн. 06 дугаартай дээрх гэрээний 2.2-т зааснаар гэрээ байгуулж баталгаажуулан ажил эхэлснээр төлбөрийг тухай бүр гүйцэтгэлээр нь олгоно гээд уг төлбөр төлөх хугацаа 3 хоног гэж заасныг зөрчиж дутуу төлсөн. Н ХХК-ийн өглөг авлагын дэлгэрэнгүй тайлангаас харвал хариуцагч талаас 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд 5 удаагийн гүйлгээгээр нийт 258 880 000 төгрөгийг шилжүүлсэн нь харагдаж байна. Нэхэмжлэгч талын зүгээс гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлсэн атал хариуцагч талаас тухай бүр төлбөрийг төлөх үүргийг зөрчиж, өнөөдрийг хүртэл огт төлөөгүй, хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг ноцтой хохироож байна. Гэрээний 6.2, 6.3-т захиалагч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэж заасан. Алдангийн нийт хэмжээ 50 хувиас хэтрэхгүй байхаар заасны дагуу 465 755 523 төгрөгийн 50 хувь болох 232 877 761 төгрөг болж байх ба нийт 698 633 284 төгрөг болсон. Хоёрт 2012 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 07 дугаартай гэрээний дагуу хавсралтад заасан 1 227 998 735 төгрөгийн үнэ бүхий бараа материалуудыг бүрэн нийлүүлсэн бөгөөд 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж баталгаажуулсан. Өнөөдрийг хүртэл дээрх төлбөрөөс нэг ч төлбөр төлж барагдуулаагүй. Хариуцагч тал 07 дугаартай гэрээний 2.2-т заасан гэрээг баталгаажуулан бараа материалыг бүрэн хүлээлгэн өгснөөс хойш 30 хоногийн дотор төлбөрийг бүрэн төлнө гэх заалтыг зөрчсөн. Мөн 6.2-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги худалдагчид төлнө гэж заасан. Иргэний хуулийн 232.4-т заасны дагуу алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн нийт дүнгийн тал хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу 1 227 998 735 төгрөгийн тал хувь болох 613 999 368 төгрөгийн алданги болж байна. Нийт 1 841 998 102 төгрөгийг төлөх шаардлагатай. Хариуцагч Б ХХК нь нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг зөрчиж, удаа дараа төлөхийг шаардсан боловч огт төлөөгүй өнөөдрийг хүрлээ. Иймд нийт 2 540 361 387 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд татгалзлаа дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
Дулааны цахилгаан станцын тендерийн ажилтай холбоотой Н ХХК-тай 3 төрлийн гэрээг байгуулсан. Тухайн төсөл арга хэмжээний хувьд Б ХХК нь төвийн гүйцэтгэгч, Н ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр оролцож байсан. 3 төрлийн гэрээнээс зуух, зуухны сэлбэг хэрэгсэл нийлүүлэх гэрээний хувьд маргаан байдаггүй. Харин У аймаг, У-ын дулааны цахилгаан станцын төслийн ажил гүйцэтгэх гэрээ болон бараа материал худалдах, худалдан авах гэрээний тухайд маргаантай байгаа тул нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж үзэж байсан. Гэвч гэрээний 1.2-т тухайн ажлыг тодорхой хэмжээгээр хийж гүйцэтгэлгүй Н ХХК ажлыг орхисон байдаг. Иргэний хуулийн 343.2-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байхаар заасан байх ба Н ХХК буюу тухайн үеийн На ХХК-тай байгуулсан гэрээний 3.2-т зааснаар гүйцэтгэгч тал нь ажлыг фото зургаар авч баталгаажуулан ажлын гүйцэтгэлд хавсаргах, ажлын дараа бусад тоноглол эд зүйлийг хүлээлгэн протоколд хавсаргаж өгөх ёстой байсан. Гэвч энэ ажлаа хийгээгүй. Иргэний хуулийн 350.1.1-т гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх, гүйцэтгэх ажлын мөн чанар гүйцэтгэгчийн хувийн байдалтай холбоотой биечлэн гүйцэтгэвэл зохих ажлыг гүйцэтгээгүй гэж үзэж байна. Ажлыг хийж гүйцэтгээгүйгээс шалтгаалан 2014 онд дахин тооцоо нийлсэн акт үйлдсэн. Тус актаар ерөнхий гүйцэтгэгчид барилга байгууламжийг ашиглалтад орохтой холбогдуулаад нэг талд ажлын акт, цахилгааны схем зураг, газардуулгын акт, циплон зуух болон тоног төхөөрөмжийн баримт бичгүүдийг өгөх ёстой байсан боловч мөн л үүргээ гүйцэтгээгүй. Байгуулагдсан хоёр гэрээний тухайд ажлынхаа үр дүнг Б ХХК хүлээн аваагүй. Албан ёсоор хүлээлгэн өгөөгүй. Гэрээний 2-т хэрхэн хүлээлцэх талаар зааж өгсөн бөгөөд үүний дагуу хүлээлгэж өгсөн үйл баримт байдаггүй. Гуравт Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааны тухайд гэрээтэй холбоотой маргааны хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг. Иймд уг маргааны хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс: 2021.10.29-ний өдрийн 10/29 дугаартай итгэмжлэл, Н ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Н ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлийн архивын 2014.01.07-ны өдрийн тодорхойлолт, 2012.04.02-ны өдрийн НИ-УДС/12/06 дугаартай У аймаг, У-ын дулааны станцын төслийн ажил гүйцэтгэх гэрээ, 2012.04.02-ны өдрийн НИ-УДС/12/07 дугаартай Бараа материал худалдах, худалдан авах гэрээ, Зарлагын баримтууд, 2014.10.11-ний өдрийн Тооцоо нийлсэн акт, Н ХХК-ийн харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээний хүснэгт, Н ХХК-ийн өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан, Н ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны дансны дэлгэрэнгүй хуулга, 2014.12.22-ны өдрийн 68/20/4 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт, 2022.01.07-ны өдрийн 01/07 дугаартай итгэмжлэл, Б ХХК-ийн зарлагын падаан, нэмэгдсэн өртгийн албан татварын падаанууд, У аймаг У хотын Дулааны Цахилгаан Станцын ажилд Санхүүгийн газрын ажилтан Ч.Б-ы томилолтын удирдамж, Хангамж, аж ахуй, Бараа материал хариуцсан ажилтан Б.Б-ын хийх ажлын тодорхойлолт, 2013.05.01-ний өдрийн У аймгийн У суманд баригдаж буй дулааны станцад тавигдсан тоног төхөөрөмж, бараа материал хүлээн авсан акт, У ДС-ийн материалын тооллого эцсийн үлдэгдэл гэх хүснэгт, материалын тооллогын хуудас гэх хүснэгт, У ДС-ын цахилгааны багаж гэх хүснэгт, У ДС-ын засварын бригадын багаж гэх хүснэгт, 2012.11.15-ны өдрийн У аймгийн У суманд баригдаж буй дулааны станцад тавигдсан тоног төхөөрөмж, бараа материал хүлээлгэн өгсөн акт, фото зургууд, Халах гадаргууд шахалт хийсэн актууд, 2012.09.21-ний өдрийн Халаалтын тогоо түүний тоног төхөөрөмжүүдийг угсарсан, сорилтоор шалгарсан акт, 2012.09.22-ны өдрийн Халаалтын тогоо түүний тоног төхөөрөмжүүдийг угсарсан, сорилтоор шалгарсан акт, 2012.10.15-ны өдрийн Халаалтын тогоо түүний тоног төхөөрөмжүүдийг угсарсан, сорилтоор шалгарсан акт, Гагнуурын электродын сертификат зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 4-34, 73-76, 125, 150-222 ху/
Хариуцагчаас: Б ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Б ХХК-ийн дүрэм, Д.Р-гийн цахим иргэний үнэмлэхийн хуулбар, 2021.07.25, 2011.11.02, 2011.12.10, 2012.02.20, 2013.04.18, 2017.07.24, 2013.10.04, 2013.10.04, 2013.10.24-ний өдрүүдийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд, У аймгийн Дулаан 2 дугаар станцын барилга угсралтын ажлын зохиогчийн нэгдсэн дүгнэлт, 2015.03.23-ны өдрийн 03/27 дугаартай Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргад гаргасан хүсэлт, Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, 2021.12.08-ны өдрийн 12/09 дугаартай итгэмжлэл, 2014.10.10-ны өдрийн Барилга байгууламжийг хүлээн авч, ашиглалтад оруулах улсын комиссын хурлын тэмдэглэл, 2013.10.31-ний өдрийн У аймгийн У суманд баригдаж буй дулааны станцад тавигдсан тоног төхөөрөмж, бараа материал хүлээлгэн өгсөн акт, 2013.10.18-ны өдрийн У аймаг У сумын дулааны хоёр дахь эх үүсвэрийн зуух болон технологийн шугам хоолойн ус юүлсэн акт, У аймаг У сумын дулааны станцад томилолтын хугацаанд гүйцэтгэсэн ажлын тайлан, 01 дугаартай Зуух №1-ийг галлаж туслах тоноглолуудыг явуулж 72 цагийн туршилт тохируулга хийсэн акт, 2014.07.30-ны өдрийн У хотын 32 МВтын дулааны хоёрдогч шинэ эх үүсгүүрийн КВ-Ф-11.63-115 маягийн ус халаагуурын зуухны угсралтыг гүйцээх, туршилт тохируулга, зүгшрүүлэлтийн ажил хийх гэрээ, Халаалтын зуухны угсралтын ажил дуусгах, угсралтын дараах туршилт, зүгшрүүлэлтийн ажлын тайлан зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 37-42, 49-59, 63-65, 77-84, 224-237 ху/
Нэхэмжлэгч талын хүсэлтээр У аймаг дахь У-ын дулааны 2 дугаар станц ТӨХК-иас КВ-Ф-11, 63-115 зуухны техник ашиглалтын паспорт болон дулааны нүүрс зарцуулалтын тооцооллын баримтууд /хх 91-119 ху/-ыг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Н ХХК ажил гүйцэтгэх болон худалдах худалдан авах гэрээний үүрэгт 2 540 361 387 төгрөг гаргуулахаар хариуцагч Б ХХК-иас шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч 2012.04.02-ны өдөр Б ХХК-тай У аймаг дахь У-ын дулааны станцын төслийн ажил гүйцэтгэхээр тохиролцож, НИ-УДС/12/06 дугаартай, 724 635 523 төгрөгийн үнэ бүхий гэрээ байгуулсан ба гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж тохиролцсон ажлыг гүйцэтгэсэн. Ажлыг гүйцэтгэсэн боловч 258 880 000 төгрөг төлж, үлдэх 465 755 523 төгрөгийг төлөөгүй. Иймд гүйцэтгээгүй үндсэн үүрэг 465 755 523 төгрөг, 6.2, 6.3-т зааснаар алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцүүлэн гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцож 232 877 761 төгрөгийн хамт 698 633 284 төгрөг гаргуулахаар шаардаж байна. Мөн дээрх ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай бараа материалыг Б ХХК-д нийлүүлэх зорилгоор 2012.04.02-ны өдөр 1 227 998 735 төгрөгийн үнэ бүхий Бараа материал худалдах, худалдан авах НИ-УДС/12/07 дугаартай гэрээ байгуулж бараа материалыг нийлүүлсэн. Уг гэрээний төлбөр болох 1 227 998 735 төгрөгөөс нэг ч төгрөг төлөгдөөгүй. Иймд 1 227 998735 төгрөгийг 698 633 284 төгрөгийн хамт шаардаж байна гэж тус тус шаардах эрхээ тодорхойлсон.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд талуудын хооронд ажил гүйцэтгэх болон бараа материал худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэхдээ нэхэмжлэгч Н ХХК 2012.04.02-ны өдрийн НИ-УДС/12/06 дугаар гэрээний хавсралт 1-д заасан ажлыг бүрэн гүйцэтгээгүй буюу гэрээний гэрээний 3.2-т заасан гүйцэтгэсэн ажлыг фото зургаар авч баталгаажуулан ажлын гүйцэтгэлд хавсаргах, барилга байгууламжийг ашиглалтад орохтой холбогдуулаад ажлын акт, цахилгааны схем зураг, газардуулгын акт, циплон зуух болон тоног төхөөрөмжийн баримт бичгүүдийг хүлээлгэн өгөхөөр тохиролцсон боловч ийнхүү хүлээлгэж өгөөгүй. Иймээс бид гүйцэтгэсэн ажлын хэмжээнд тохирох хөлс болох 258 880 000 төгрөгийг төлөөд өөр компаниар дутуу ажлыг гүйцэтгүүлсэн. Худалдах худалдан авах гэрээний тухайд нэхэмжлэгч тухайн бараа материалыг нийлүүлээгүй бөгөөд талуудын хооронд тус цахилгаан станцад зуух, зуухны сэлбэг хэрэгсэл нийлүүлэх тухай өөр гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгчийн нийлүүлсэн гээд байгаа бараа материалын жагсаалт тухайн гэрээтэй хамааралтай байна. Мөн гэрээтэй холбоотой маргааны хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.
4. 2012.04.02-ны өдрийн НИ-УДС/12/06 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний тухайд:
Хэрэгт авагдсан баримтаар зохигч 2012.04.02-ны өдөр НИ-УДС/12/06 дугаартай, У аймаг, У-ын дулааны станцын төслийн ажил гүйцэтгэх гэрээ, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг ханган ажиллах хавсралт гэрээ зэргийг тус тус байгуулж, ажил гүйцэтгэх гэрээний хавсралт 1-д гүйцэтгэх ажлын нэр, ажлын хөлс, бусад зардал 724 635 523 төгрөг байхаар тохиролцсон үйл баримт тогтоогдож байна.
Талууд, дээрх гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээний төлбөрт төлөгдсөн үнийн дүнгийн хувьд маргаангүй.
Харин ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэгч тал гүйцэтгэсэн ажлын үр дүнгээ зохих ёсоор хүлээлгэн өгсөн эсэх, талаар маргаантай байна.
5. Шүүх, талуудын хооронд байгуулагдсан НИ-УДС/12/06 дугаартай гэрээг шинжлэн судлаад уг гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний төрөлд хамаарах ба Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэсэн.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Хариуцагч, нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгээгүй, гүйцэтгэсэн ажлын үр дүнг гэрээнд заасны дагуу хүлээж аваагүй, дагалдах бичиг баримтыг хүлээлгэн өгөөгүй, тухайн ажлыг өөр компаниар гүйцэтгүүлсэн гэж маргасан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.
Тодруулбал, талууд 2012.04.02-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 2014.10.11-ний өдөр тооцоо нийлсэн акт үйлдэхдээ ...төслийн ажил дуусаж, улсын комисст хүлээлгэн өгөх гэж байгаа тул дээрх гэрээнүүдийн үлдэгдэл төлбөрөөс 2014 онд улсын төсвөөс авах үлдэгдэл 578 000 000 төгрөгийг санхүүжилтээс 289 000 000 төгрөгийг туслан гүйцэтгэгч Н ХХК-д олгох гэж дурдсан, тухайн барилга байгууламжийг 2014.12.22-ны өдөр 68/2014 дугаар актаар улсын комисст хүлээлгэн өгсөн зэрэг үйл баримтыг харьцуулан дүгнэвэл хариуцагчийн татгалзал үгүйсгэгдэж байна гэж үзэхээр байна. /хх-27 ху/
Түүнчлэн, хариуцагч татгалзлаа нотлохоор 2014.07.30-ны өдрийн Б, Г ХХК нарын хооронд байгуулагдсан У хотын 35мвт-ын дулааны хоёрдогч шинэ эх үүсгүүрийн КВ-Ф-11.63-115 маягийн ус халаагуурын зуухны угсралтыг гүйцээх, туршилт тохируулга зүгшрүүлэлтийн ажил хийх гэрээг ирүүлсэн боловч тухайн гэрээгээр гүйцэтгэсэн ажлын тайланд зохигчдын хооронд байгуулсан НИ-УДС/12/06 дугаар гэрээний хавсралт 1-д тусгагдсан ажил дурдагдаагүй байх тул нэхэмжлэгчийн дуусгаагүй ажлыг гүйцээсэн болох нь нотлогдохгүй байна гэж үзсэн. /хх 226-237 ху/
6. 2012.04.02-ны өдөр НИ-УДС/12/07 дугаартай Бараа материал худалдах худалдан авах гэрээний тухайд:
Хэрэгт авагдсан баримтаар талууд 2012.04.02-ны өдөр НИ-УДС/12/07 дугаартай Бараа материал худалдах худалдан авах гэрээг байгуулж, У аймгийн У сум, дулааны станцын төсөлд нийлүүлэх материалыг худалдах худалдан авахаар тохиролцож, нийлүүлэх бараа материалын жагсаалтыг хавсралт 1-д тохиролцсон байна.
7. Шүүх, талуудын хооронд байгуулагдсан НИ-УДС/12/07 дугаартай гэрээг шинжлэн судлаад уг гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаанд хамаарах ба Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэсэн.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Талууд дээрх гэрээний төлбөр огт төлөгдөөгүй үйл баримтын тухайд маргаангүй, харин гэрээний дагуу бараа материалыг хүлээлгэн өгсөн эсэхэд маргаантай.
Нэхэмжлэгч шаардлагаа нотлохоор 2013.10.31-ний өдрийн У аймгийн У аймгийн У суманд баригдаж буй дулааны станцад тавигдсан тоног төхөөрөмж, бараа материал хүлээлгэн өгсөн акт гэх баримт ирүүлснийг хариуцагч зуух, зуухны дагалдах хэрэгсэл худалдах худалдан авах гэрээтэй холбоотой тооцоо нийлсэн акт гэж тайлбарласныг шүүх хариуцагчийн татгалзал нотлогдохгүй байна үзсэн. /хх-81,82/
Тодруулбал, дээр дурдсан актад 1. Б-1 блокт тавигдсан тоног төхөөрөмж, 2. Б-2 блокт 00 тэмдэгтэд тавьсан тоног төхөөрөмж, 3. Б-2 блокт 4,45 тэмэдэгтэд тавигдсан тоног төхөөрөмж гэх зэргээр багцлан жагсаалт үйлдсэн байгаагаас үзэхэд зуух, зуухны дагалдах хэрэгсэл гэж үзэхээргүй байхаас гадна дээр дурьдсан 2014.10.11-ний өдөр тооцоо нийлсэн актад маргаан бүхий 2 гэрээг дурьдаж, эдгээр гэрээнүүдийн үлдэгдэл төлбөрийг хэрхэн төлөх талаар тусгасан зэргийг харьцуулан дүгнээд хариуцагчийн татгалзал хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна гэж дүгнэлээ. /хх 163-164 ху/
8. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгч ажил гүйцэтгэх болох худалдах худалдан авах гэрээний үүргийг шаардах эрхтэй байх боловч гэрээний үүрэг шаардах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолохоор тус тус зохицуулсан.
Хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд байгуулагдсан 2012.04.02-ны өдрийн НИ-УДС/12/06 дугаар гэрээ 2013.07.01-ний өдөр хүртэл, НИ-УДС/12/07 дугаартай Бараа материал худалдах худалдан авах гэрээ 2012.12.31-ний өдөр хүртэл хугацаатай байгуулагдаж, 2014.12.22-ны өдөр барилга байгууламжийг улсын комисс хүлээн авсан байх тул нэхэмжлэгчийн шаардах эрхийг мөн үеэс бий болно гэж үзнэ.
Нэхэмжлэгч 2021.11.01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба 2014.12.22-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлж байсан эсэх талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон эсхүл тасалдсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах гурван жилийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
9. Нэхэмжлэгч Н ХХК нь На ХХК гэсэн нэртэй байсан ба 2013.12.19-ний өдөр хуулийн этгээдийн нэрийг өөрчилсөн тухай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа хэрэгт авагдсан болохыг дурдах нь зүйтэй. /хх-6 ху/
10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1, 75 дугаар зүйлийн 75.2.2-т зааснаар Б ХХК /0000000/-иас ажил гүйцэтгэх болон худалдах худалдан авах гэрээний үүрэгт 2 540 361 387 төгрөг гаргуулах тухай Н ХХК /0000000/-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Н ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 12 859 757 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭНХЦЭЦЭГ