Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2025/00182

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 153/ШШ2024/00582 дугаар шийдвэр,

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 206/МА2025/000017 дугаар магадлалтай,

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Б” ХХК-д холбогдох

Хохирол 71,838,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Э нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.“Т” ХХК нь “Б” ХХК-д холбогдуулан хохиролд 71,838,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 153/ШШ2024/00582 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэгч “Т” ХХК-ийн “Б” ХХК-аас гэм хорын хохиролд 71,838,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч “Т” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 518,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2-т зааснаар шинжээчийн хөлс 344,000 төгрөгийг нэхэмжлэгч “Т” ХХК-аас гаргуулан *** сургуулийн дансанд төлүүлж шийдвэрлэжээ.

3.Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 206/МА2025/000017 дугаар магадлалаар: Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 153/ШШ2024/00582 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК-аас 71,838,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгосугай.” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 518,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 518,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгосугай.” гэж, 3 дахь заалтын “...нэхэмжлэгч “Т” ХХК-аас” гэснийг “...хариуцагч “Б” ХХК-аас гаргуулан” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Л, өмгөөлөгч Б.Г нарын давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 518,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангийн зохих данснаас гаргуулан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г-д буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Э нар давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

4.1.Э салбарын нэгдсэн лабораторийн эрхлэгч Т.Н, химийн инженер Б.Ш нар зөвлөмж гаргасан. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.8, 51 дүгээр зүйлийн 51.12, Засгийн газрын 2006 оны 136 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан шинжээчийн эрх олгох журмын 5.1, 5.2-т заасныг тус тус үндэслэн шинжээчид тавигдах мэргэжлийн шаардлага хангасан, сургалтад хамрагдаж шалгалт өгч тэнцсэн байх зэрэг шалгуурыг эдгээр хүмүүс хангасан эсэх нь тодорхойгүй, түүнчлэн зөвлөх эрхгүй, инженерийн зэрэггүй байна.

*** салбарын нэгдсэн лаборатори 2021.12.09-10-ны хооронд “Б” ХХК-д шинжилгээ хийхдээ энэ талаар мэдэгдээгүй, дур мэдэн шинжилгээ авсан, усны дээжийг зохих журмын дагуу авч лабораторид хүргүүлсэн эсэх нь эргэлзээтэй, дээж авах үйл ажиллагааны журмыг зөрчсөн, зөвлөмж гаргахдаа “Б” ХХК-ийн тоног төхөөрөмж АНУ-ын бүрэн автомат, шүүлтүүр дотор зэврэлт байхгүй болгодог төхөөрөмжтэй гэдгийг анхаараагүй, *** аймгийн **** газарт сар бүр өгдөг усны шинжилгээний хариуг үзээгүйгээс гадна уг байгууллага нь үр дүнгээ бичээд байх ёстой нормтой харьцуулах үүрэгтэй болохоос дүгнэлт, зөвлөмж гаргах эрхгүй.

Бодит байдалд *** аймгийн Засаг даргын орлогч Т.Ж, Э төв ТӨҮГ-ын захирал Я.Н нар 2021.12.23-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ нууцаар байгуулсан, энэ талаар “Б” ХХК-ийн захирал Д.С-д мэдэгдээгүй бөгөөд гэрээ дүгнэсэн акт үйлдэж шийдвэр гаргасан, “Б” ХХК-ийн өмнөөс гэрээ байгуулж зөвлөмж гаргуулж, акт үйлдэх эрхгүй, тус компанийн оролцоогүйгээр дээж сорьц авах боломжгүй, сорьцыг хэт удаан хадгалсан, зөөвөрлөсөн тул үр дүн үнэмшилгүй.

4.2.Э.Б, З.Б нарын гаргасан 2024.06.10-ны өдрийн дүгнэлтийн талаар: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар шинжээч томилох нь хэргийн оролцогчийн хүсэлт, санаачилгад тулгуурлах ёстой. Гэтэл шүүх хэргийн оролцогчийн эрхэд хязгаарлалт хийж, тодорхой нэр бүхий этгээдийг шинжээчээр томилсон нь хуульд нийцэхгүй.

Нэхэмжлэгч 2020, 2021 онд паар цоорсон үндэслэлээр нэхэмжлэл гаргасан боловч З.Б, З.Б нарын дүгнэлт 2024.06.10-ны өдөр гарсан бөгөөд 2022 онд паар сольсноос хойш дахин эвдрэл гараагүй нь нэхэмжлэгч анхнаасаа стандартын шаардлага хангаагүй паар ашигласныг нотолно. Түүнчлэн эдгээр хүмүүс тоног төхөөрөмжийг нүдээр үзээгүй. ...тогооны ёроолд тунадасжих төмрийн нэгдлийн тундсаар зэв үүссэнийг тодорхойлох заалт эрчим хүчний шинжилгээний заавар, журамд байхгүй бөгөөд зөвхөн металл гадаргууд тогтсон хаг хурдасны шинжилгээ хийж төмрийн нэгдлийг тодорхойлж болно, тэжээлийн ус гэж байхгүй, нэг системээр нэг л ус дамжин эргэлдэж байгаа, Техник ашиглалтын дүрмийн 4.7.33-т сүлжээний нэмэлт ус болон сүлжээний усны чанарт тавигдах шаардлагыг тусгасан. Нэхэмжлэгч тал зэврэлтийн асуудал хөндсөн байхад хагтай холбоотой асуудал дахин дурдаж байгаа нь ойлгомжгүй байна, усны хатуулаг чанар нормоос 7 дахин их үзүүлэлттэй гарсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, усны хатуулаг ихсэхэд төмрийн агууламж ихэснэ гэж байхгүй. Хоёулаа эерэг цэнэгтэй тул нэгдэж нэмэгдэнэ гэж байхгүй.

4.3.Б.Ж шинжээчийн дүгнэлт гаргахдаа хувийн тэмдэг, байгууллагын тэмдэг дарж баталгаажуулаагүй, энэ хүнийг шинжээчээр томилсон шийдвэрийг өмгөөлөгч нарт мэдэгдээгүй шүүхийн ажиллагаанд гомдол гаргах эрхээр хангаагүй, мөн гаргасан дүгнэлт нь ашиг сонирхлын зөрчилтэй буюу барилгыг ашиглалтад оруулах улсын комисст ажилласан атлаа шинжээчээр дүгнэлт гаргасан, дүгнэлтдээ Т.Н, Б.Ш нарын зөвлөмжийг хуулбарласан, улмаар ****-н сорилт, туршилт эрдэм шинжилгээний төвийн 6/373 дугаартай тайланг ч мөн хуулбарласан тул тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан гэж үзэхгүй.

4.4.****-н итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын үр дүн нь бичгээр гаргасан тайлангийн үр дүнгээс өөр байна. Тухайн паарны металл 08 КП маркийн ган мөн гэдгийг батлахгүй, 08 нь буцламтгай металл гэсэн утгатай ба энэ шинж чанар нь зэврэлтийг идэвхжүүлэх үндсэн нөхцөл болдог шинж чанартай холбоотой дулаан дамжуулах системд хэрэглэхийг зөвлөдөггүй. ОХУ-ын ГОСТ 1050-88 стандарт нь шинэчлэгдэн ISO2009-ийн шаардлагад нийцүүлэн ГОСТ 31311-2005 болж 2018 оноос мөрдөж эхэлсэн, нэхэмжлэгчийн пааранд дээрх материалын таних тэмдэг, чанарыг илтгэсэн тэмдэглэл үсэг, тоо, лого байдаггүй, нэхэмжлэгчийн панелийн радиаторууд Бүгд Найрамдах Турк Улсад үйлдвэрлэгдсэн болон стандартын шаардлагад нийцсэн болохыг нотолж чадаагүй.

4.5.Нэхэмжлэгч 2019 онд ажил гүйцэтгэсэн, 2020 онд эвдрэл гарч эхэлсэн, 2022 онд цоорсон панелийн радиаторыг ширмэн радиатороор сольсны дараа дахин эвдрэл гараагүй, панелан паар цоорсон нь хариуцагчийн уснаас шалтгаалж цоорсон гэх үндэслэл тогтоогдоогүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Давж заалдах шатны шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй. Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээс гадна хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дулааны сүлжээний усны чанар, радиаторын чанарын талаар гаргасан тайлбар дүгнэлтийг нэхэмжлэгч үгүйсгэж, няцааж чадаагүй, шинжээч томилж дүгнэлт гаргуулах хүсэлтээс татгалзсан нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотолж чадаагүй.

Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2020-2022 онд цоорсон радиаторыг солих үүргийг нэхэмжлэгч гэрээний дагуу хүлээнэ. Нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч тал нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй талаар тайлбараа өгч, маргасан. Гэтэл давж заалдах шатны шүүх хариуцагчийг мөнгөн дүнгийн талаар маргаагүй гэж дүгнэсэн нь хууль зөрчсөн шийдвэр байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Э нарын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.09.18-ны өдрийн 001/ШХТ2025/00871 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б болон өмгөөлөгч Ж.Э нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

7.“Т” ХХК нь “Б” ХХК-д холбогдуулан хохиролд 71,838,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан үндэслэлээ “...Тус компани 2019 онд *** аймгийн *** суманд аймгийн прокурорын болон **-р цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэн улсын комисст хүлээлгэж өгсөн. Гэтэл тус барилгуудын паар цоорох, ус алдаж паркетан шал хөөх асуудал байнга гарч, бид тухай бүр паар солих ажил хийж байна ...энэ паар цоорсон шалтгаан нь дулаан түгээж байгаа халаалтын шугамын усны найрлагаас шалтгаалан цоорч байгаа нь албан ёсны лабораторийн шинжилгээгээр нотлогдсон...” гэж тайлбарласан.

8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... Эрчим хүчний тухай хууль болон “Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм”-ээр эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчид хэрэглэгчийн хоорондын харилцаа, тэдгээрийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлон зохицуулж байна. ...манайх дулаан үйлдвэрлэж, дамжуулах, түгээх үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа. ...“Т” ХХК-ийн суурилуулсан панелан радиатор чанарын шаардлага хангаагүйгээс үүдэн гарсан хохирлыг манайх хариуцах үндэслэлгүй, татгалзлаа нотлох баримтыг гаргаж өгсөн, эрчим хүчний салбарт мөрддөг техник ашиглалтын дүрэм, журмыг мөрддөг, нэхэмжлэгч чанаргүй паар суурилуулсан, **** лаборатори 2021 онд дээж авахдаа зөвшөөрөл аваагүй, шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлгүй, техник ашиглалтын дүрэм зөрчөөгүй, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, хохирол нэхэмжилсэн баримтад нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт байхгүй...” гэж маргасан байна.

9.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэгч “Т” ХХК-ийн “Б” ХХК-аас гэм хорын хохиролд 71,838,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ: “...нэхэмжлэгчийн гаргаж өгсөн гарал үүслийн гэрчилгээгээр панелууд Бүгд Найрамдах Турк Улсад үйлдвэрлэгдсэн хэдий ч стандартад нийцсэн нь нотлогдохгүй байна. Эрчим хүч хэрэглэгчийн төв дээж авахдаа “Б” ХХК-д мэдэгдээгүй, гарсан зөвлөмжийг танилцуулаагүй, шинжилгээ хийх журмыг зөрчсөн тул зөвлөмжийг нотлох баримтаар үнэлээгүй, 2024.06.10-ны өдрийн шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй боловч цаг хугацааны хувьд маргаж байгаа үйл баримтад хамааралгүй..., шинжээч Б.Ж дүгнэлт гаргахдаа тайлбар, зөвлөмжөөс хуулж бичсэн, өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт гаргаагүй тул шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй..., 2022 онд цоорсон радиаторыг ширмэн радиатороор сольсны дараа дахиж эвдрэл гараагүй, хэрвээ усны чанарт асуудал байсан бол радиаторыг сольсон ч дахин эвдрэх байсан гэх хариуцагчийн татгалзал нь шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдсон, нэхэмжлэгч уг үйл баримтад маргаагүй тул энэ үндэслэлээр нэхэмжлэгчийг хохирол шаардах эрхгүй гэж дүгнэнэ. ...2020-2022 онд “Б” ХХК-ийн дулааны шугам, сүлжээний усанд шинжилгээ хийлгээгүй тул 2023 онд гарсан шинжээчийн дүгнэлтийг үндэслэн үйл баримтыг нөхөж тогтоох, цоорсон радиаторыг усны чанартай шалтгаант холбоотой гэж үзэх боломжгүй... тухайн үед барилгад суурилуулсан панелийн радиоторын шинж чанараас шалтгаалсан байна...” гэж дүгнэсэн.

10.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК-аас 71,838,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгохоор шийдвэрлэхдээ: “...холбогдох байгууллагуудын шинжээчийн дүгнэлт, зөвлөмж ижил утгатай бөгөөд “Б” ХХК-ийн дулааны шугам сүлжээний усны чанар стандартаас 7 дахин их төмрийн агууламжтай болохыг тогтоосон тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэх бөгөөд хариуцагч татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй, ...*** аймгийн *** газар болон *** цэцэрлэг нь “Б” ХХК-тай эрчим хүч худалдах-худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд нэхэмжлэгч дээрх гэрээний оролцогч биш боловч уг гэрээний харилцаанаас үүссэн хохирлыг өөрийн зардлаар төлж барагдуулсан учраас талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэх эрхтэй байна, ...нэхэмжлэгч талаас өгсөн панелийн радиаторын үнэ, зарлагын баримт, үнийн дүнгийн талаар хариуцагч маргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй” гэсэн дүгнэлт хийжээ.

11.Дээрх байдлаар анхан шатны шүүх нэхэмжлэгч нь хариуцагчаас гэм хорын эрх зүйн хохирол шаардах эрхгүй гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч гэрээний дагуу хариуцагчаас хохирлоо шаардах эрхтэй гэж хуулийг зөрүүтэй хэрэглэж, ялгаатай шийдэл гаргасан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан “шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” гэх гомдлын хүрээнд хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэв.

12.Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл нэхэмжлэгч “Т” ХХК нь 2018.08.17-ны өдөр **** яамтай ***-н барилга /***-**** сум/ угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, 2018.09.14-ний өдөр ***** газартай *** аймгийн *** газрын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулж, 2019 онд Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр эдгээр барилгыг байнгын ашиглалтад оруулсан,

-байнгын ашиглалтад оруулснаас хойш эдгээр барилгад суурилуулсан панелийн радиатор 2020 оноос цоорч эхэлсэн ба 2022 онд *** аймгийн **** газрын 65 ширхэг, *** сумын *** цэцэрлэгийн 69 ширхэг, нийт 134 ширхэг цоорч хагарсан панелан радиаторыг ширмэн радиатороор сольсон, үүнээс хойш радиатор цоорч хагараагүй,

-хариуцагч “Б” ХХК нь *** аймгийн **** газартай байгуулсан 2019-2022 оны Дулааны эрчим хүчээр хангах гэрээний үндсэн дээр, *** сумын *** цэцэрлэгтэй гэрээгүйгээр тус тус дулааны эрчим хүчээр хангах үйл ажиллагааг явуулж байсан үйл баримт тогтоогджээ.

13.Нэхэмжлэгч нь хариуцагч “Б” ХХК-ийн үйлдвэрлэж хэрэглэгчид түгээж буй дулааны шугам сүлжээний усны чанараас шалтгаалж панелийн радиатор цоорсон, улмаар радиатор худалдан авсан, прокурор, цэцэрлэгийн панелийн радиаторыг ширмэн радиатороор солихтой холбоотой гарсан зардлыг өөрт учирсан хохиролд тооцож тодорхой мөнгөн төлбөр төлөхийг шаардаж байгаа тохиолдолд хариуцагчид ийм үүрэг үүсэх, нэхэмжлэгчид шаардах эрх үүсэх үндэслэлийг тодорхойлох шаардлагатай.

13.1.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар үүрэг хууль болон гэрээнд зааснаар үүсдэг.

Нэхэмжлэгч нь *** яам, **** газартай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр хийж гүйцэтгэсэн барилгын панелан радиаторыг ширмэн радиатороор сольж доголдлыг арилгаж Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасан хугацааны дотор Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний дагуу хүлээсэн захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ биелүүлсэн.

Харин хариуцагч “Б” ХХК нь нэхэмжлэгч “Т” ХХК-ийн *** аймгийн **** газрын болон мөн аймгийн *** сумын **** цэцэрлэгийн барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу барилгад суурилуулсан радиаторт баталгаа гаргах, доголдлыг арилгах зэргээр урьдчилан тохиролцсон нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Өөрөөр хэлбэл, зохигчийн хооронд гэрээ, хэлцэл хийгдсэн буюу шаардаж буй мөнгөн төлбөртэй холбоотой харилцан тохиролцсон гэх зүйл байхгүй учраас гэрээний үндсэн дээр үүрэг үүсээгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхүүд Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасан зохицуулалтын хүрээнд дүгнэлт хийсэн боловч нэхэмжлэгч “Т” ХХК нь ийнхүү ажил гүйцэтгэх гэрээний дагуу захиалагчийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн явдал нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулж хохирол гаргуулах шаардлагын үндэслэл болж чадах эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй орхисон байна.

13.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч “Б” ХХК нь *** аймгийн **** газар болон *** сумын **** цэцэрлэгтэй Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т заасан Дулааны эрчим хүчээр хангах гэрээний харилцааны үндсэн дээр хангагчийн үүргийг гүйцэтгэдэг ба мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6-д зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг *** зохицуулах зөвлөл, аймаг, нийслэлийн *** зохицуулах зөвлөл тус тус өөр өөрийн харьяаллын дагуу шийдвэрлэдэг.

Хэрэгт *** аймгийн **** газар болон *** сумын **** цэцэрлэгийн барилгад радиатор задарч ус алдсантай холбоотойгоор хэрэглэгчийн зүгээс Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д заасан стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хангагдах эрх зөрчигдсөн гэж үзэж хангагчид болон *** зохицуулах зөвлөлд хандсан, түүнчлэн ус алдсантай холбоотой хохирлын хэмжээг эрчим хүчээр хангагч, хэрэглэгч хамтран тогтоож, актаар баталгаажуулсан баримт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, хангагчийн буруугаас хэрэглэгчид хохирол учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тохиолдолд шаардах эрх хэрэглэгчид үүсэхгүй.

Улмаар Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5-д зааснаар эрчим хүчээр хангагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс эрчим хүч дутуу нийлүүлсэн, гэрээнд заасан тоо хэмжээ, чанарын үзүүлэлт бүхий эрчим хүчээр хангаагүй үндэслэлээр хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрх хэрэглэгч /*** аймгийн **** газар болон *** сумын **** цэцэрлэг/-ийн зүгээс нэхэмжлэгч “Т” ХХК-д шилжсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

13.3.Дээрх байдлаас үзэхэд давж заалдах шатны шүүх талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй гэсэн агуулга бүхий дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй байхаас гадна хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй, хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч хохирлоо нотолсон эсэх талаар “санхүүгийн анхан шатны баримтгүй” гэж маргасан (3хх 150) байхад үнийн дүнгийн талаар маргаагүй гэж дүгнэсэн нь буруу болсон байна. Иймд магадлалыг хүчингүй болгоно.

14.Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн гэм хор арилгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь эдгээр барилгын панелийн радиаторыг ширмэн радиатороор сольж хохирол учрахад хариуцагч байгууллагын буруутай ажиллагаа буюу дулаан түгээж байгаа халаалтын шугамын усны чанараас шалтгаалсан гэсэн агуулгыг илэрхийлж байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2-т зааснаар гэм хорын хариуцлага хүлээлгэхэд гэм хор учруулагч хууль бус үйлдэл /эс үйлдэхүй/ гаргасан нь тогтоогдсон, уг үйлдлээс хохирогчид гэм хор учирсан ба гэм хор болон үйлдэл /эс үйлдэхүй/-ийн хооронд шалтгаант холбоотой байх, гэм хор учруулагч гэм буруутай байх нөхцөлийг шаарддаг.

Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу *** аймгийн **** газар болон *** сумын **** цэцэрлэгийн барилгын ажлыг тэдгээр байгууллагад хүлээлгэн өгсөн ба ийнхүү хүлээлгэн өгснөөр радиаторын өмчлөх эрх *** газарт болон цэцэрлэгт шилжсэний дараа радиатор задарч ус алдсан үйл баримт бий болсон, ажлын үр дүн, эрсдэл захиалагчид шилжсэн байхад хариуцагчийн буруугаас түүнд гэм хор учирсан агуулгаар шаардлага гаргасан нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан зохицуулалтын агуулгад нийцэхгүй.

15.Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн барилгуудад суурилуулсан панелийн радиатор /Бүгд Найрамдах Турк Улсын/-ын гарал үүслийн гэрчилгээ байгаа боловч барааны таних тэмдэг, материалын чанарыг илтгэсэн тэмдэглэл, үсэг, тоо, лого, тохирлын гэрчилгээ, паспорт, ашиглалтын зааварчилгаа, үйлдвэрлэгчийн нэр, баталгааны хуудас байхгүй зэргээр MNS EN442-1:2021 стандарын шаардлага хангаагүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Мөн 2020-2022 оны радиатор цоорсон үйл баримтад 2023 оны усны сорилтын дүн, шинжээчийн дүгнэлт цаг хугацааны хувьд хамааралгүй, *** хөгжлийн төвийн *** нэгдсэн салбарын лаборатори 2021 онд “Б” ХХК-ийн дулааны шугам сүлжээний усны шинжилгээний дээж авахдаа тус компанид мэдэгдээгүй, гаргасан зөвлөмжийг танилцуулаагүй, шүүхээс томилогдсон шинжээч дүгнэлт гаргахдаа бусад шинжээчдийн дүгнэлтийн бичвэрийг хуулсан, өөрийн дүгнэлт хийгээгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримт үнэлэх журамд нийцсэн байна.

16.Анхан шатны шүүхийн гэрээний бус үүргийн хүрээнд буюу хуульд зааснаар үүсэх үүргийн тухайд хийсэн дүгнэлт буруу биш боловч талуудын хоорондох эрх зүйн харилцааны төрлийг оновчтой тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

17.Тогтоолын хянавал хэсгийн 12-т дурдсан хэргийн үйл баримт, талуудын мэтгэлцээнээс үзэхэд зохигчийн хооронд үүссэн харилцаа нь бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн харилцааны шинжийг агуулсан гэж үзэхээр байх боловч энэ харилцааны шаардах эрх бий болоогүй, шаардах эрх үүсэх урьдчилсан нөхцөл хангагдаагүй байна.

Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.3-т “Бусдын эд хөрөнгө болон эрх ашигт учирч болзошгүй аюулыг урьдчилан зайлуулах үйлдэл хийсэн этгээдэд хохирол учирсан бол энэхүү хохирлыг ашиг сонирхлоо хамгаалуулсан этгээд нөхөн төлөх бөгөөд талууд тохиролцож чадаагүй бол хохирлын хэмжээг шүүх тогтооно.” гэж, 491.6-д “Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн этгээд үүрэг гүйцэтгэхтэй холбогдон гарсан зайлшгүй зардлыг нөхөн төлөхийг ашиг сонирхлоо хамгаалуулсан этгээдээс шаардах эрхтэй.” гэж тус тус заасан.

18.*** аймгийн **** газар болон *** сумын **** цэцэрлэгийн барилгын радиатор задарч ус алдсан явдал нь усны чанараас болсон гэж үзвэл Эрчим хүчний тухай хууль болон гэрээгээр хүлээсэн хариуцагч байгууллагын үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хэрэглэгчид учирсан хохирлыг нэхэмжлэгч хангагчийн өмнөөс төлж барагдуулсан гэх дүгнэлтэд хүрч болзошгүй. Энэ тохиолдолд дээрх нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон байхыг шаардахын зэрэгцээ хариуцагч байгууллагын ашиг сонирхлын үүднээс үйлдэл хийсэн талаар түүнд мэдэгдсэн, ийнхүү гүйцэтгэлийн тайланг гаргасан гэж үзэх Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.5, 491.6-д заасан урьдчилсан нөхцөл хангагдаагүй байна.

Түүнчлэн, хангагчийн буруугаас хэрэглэгчид хохирол учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тохиолдолд панелийн радиаторыг ширмэн радиатороор сольсон нь хариуцагч “Б” ХХК-ийн хүсэл зориг, ашиг сонирхолд нийцсэн гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэгч “Т” ХХК зардлаа нөхөн төлүүлэхийг шаардах эрхгүй.

19.Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.3, 491.6-д заасан болон тус тогтоолд дүгнэсэн бусад үндэслэлээр нэхэмжлэгч хариуцагчаас хохирол шаардах эрхтэй болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, магадлалыг хүчингүй болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 206/МА2025/000017 дугаар магадлалыг хүчингүй болгож, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 153/ШШ2024/00582 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д” гэснийг “Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.3, 491.6-д” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Э нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Б” ХХК-аас 2025.07.01-ний өдөр төлсөн 517,140 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Г.АЛТАНЧИМЭГ

                ШҮҮГЧИД                                                        Н.БАТЗОРИГ

                                                                                             Н.БАЯРМАА

                                                                                             Э.ЗОЛЗАЯА