Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 223/ШТ2018/00013

 

 

 

 

 

 

 

 

Б.Б-н нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 151/ШШ2018/00628 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.Б-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч ТБС-ЭМГ холбогдох,

“Төв аймгийн БС-ЭМГ  даргын 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/18 дугаар Б.Н-г ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилохыг даалгуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх” тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч С.Сувдмаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай, хариуцагчийн төлөөлөгч Бадамханд, түүний өмгөөлөгч С.Сувдмаа, нарийн бичгийн дарга Г.Шаравдорж нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2007 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 24 дүгээр тушаалаар Төв аймгийн Батсүмбэр сумын Хүн эмнэлгийн дотрын эмчээр, 2013 оны 05 дугаар сард эх барих эмэгтэйчүүдийн эмчээр томилогдон 11 дэх жилдээ ажиллаж байсан. Гэтэл БС-ЭМГ  даргын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Б/18 дугаар Б.Н-г ажлаас халах тухай тушаал гарсныг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах 7 үндэслэлийг хуульчилсан, тухайн тушаал мөн хуулийн 40.1.4-ийг үндэслэжээ. Уг заалтаар хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан байдаг боловч ажил олгогч аль хэсгээр гэрээг цуцалж байгаа нь ойлгомжгүй, асуухаар хариу өгдөггүй. Ажлаас халах тухай тушаалд Хөдөлмөрийн гэрээний 12.2.3 дах заалтыг үндэслэсэн байх бөгөөд заалтад дурдсан 10 үйлдлийг бүгдийг нь гаргасан гэж ойлгогдохоор байна, тушаалын үндэслэх хэсэгт Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2018.03.22-ны өдрийн 122 тоот албан бичгийн 3 дахь заалт гэх үндэслэл заажээ. Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн тохирох хэсгийг баримтлах боловч байгууллагаас ирүүлсэн албан бичгийг үндэслэж байгаа нь хууль зөрчиж байна. Миний бие Батсүмбэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгчийн алан тушаал эрхэлдэг. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т Засаг дарга, эрх бүхий албан тушаалтан Хурлын төлөөлөгчийг ажлаас халах, чөлөөлөх, шилжүүлэх, өөрчлөх тохиолдолд саналаа тухайн шатны Хурлын Тэргүүлэгчдэд урьдчилан танилцуулж, зөвшилцсөн байна. гэж заасныг ажил олгогч Батсүмбэр сумын ИТХ-тай зөвшилцсөн асуудал байдаггүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Н.Намжилмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Б.Н-г ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор Хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан, Хөдөлмөрийн гэрээний 12.2.3, Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 122 тоот заалтын 3 дахь заалтыг үндэслэн эх барих эмэгтэйчүүдийн их эмч Б.Н-г 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ажлаас нь халсан. Б.Н Батсүмбэр суманд иргэдэд үр хөндөлтийн ажилбарыг хийж гүйцэтгэхдээ нууцаар өөртөө ашиг олох зорилгоор төлбөрийг бэлнээр өөрөө шууд авдаг, сумын хэмжээнд хийсэн үр хөндөлтийн мэдээг байгууллагын удирдлага, статистикт мэдээлдэггүй, энэ талаар иргэд, эмнэлгийн ажилчид удаа дараа надад хандаж асуудал тавьж байсан юм. Энэ байдал нь үнэн эсэхийг баримтжуулахаар байгууллагын камериар шалгахад нэг иргэнд үр хөндөлт хийсний дараа тухайн иргэн ширээн дээр нь мөнгө гаргаж тавьсан бичлэгийг диск дээр хуулж, шүүхэд нотлох баримтаар өгч байна. Мөн байгууллагын камериас нуугдаж амбулаторид үр хөндөлт хийсэн бохироо хаяагүй орхиж байсныг би бага эмч Аняг дуудаж асуухад 75 000 төгрөг авч үр хөндөлт хийсэн гэж хариулсан ба үүнийг би Аня бага эмчээр бариулж байгаад зургийг нь авсан. Энэ мэтчилэн эмч хүн үйлчлэгчид үйлчилгээ үзүүлсний төлбөрийг өөртөө бэлнээр авах нь ноцтой зөрчил юм. Дээрх үйлдлүүд нь Б.Нандинцэцэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 12.2.3-т Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ноцтой зөрчил гэдэгт дараах зүйлийг ойлгоно гээд 8-д албан тушаал эрх мэдлээ хэтрүүлэн хувийн зорилгод ашигласан бол гэж заасан бөгөөд дээрх үйлдэл нь Эрүүл мэнд, спортын сайдын 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/288 дугаар тушаалаар баталсан Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй тусламж үйлчилгээний журам-ын 2.4-д заасан үйлчлүүлэгч төлбөртэй тусламж, үйлчилгээний төлбөрийг зөвхөн төлбөр хураах төвлөрсөн цэгт төлж, төлбөр төлснийг нотлох баримт авна. гэж, Эрүүл мэндийн сайдын 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 148 дугаар тушаалаар баталсан Үр хөндөлтийг зохицуулах журам-ын 8-д Үр хөндөх ажилбар хийсэн эмч тухайн ажилбарын талаар Үр хөндөлт-ийн түүхэнд тэмдэглэж, үр хөндөлтийн бүртгэлийн маягтад бүртгэнэ., 9-д Эрт үеийн үр хөндөлтийг хийхийн өмнө эмэгтэйд үр хөндөлтийн талаар таниулж сонгосон аргаар үр хөндүүлэх зөвшөөрлийг бичгээр авч, үр хөндөлтийн түүхэнд хавсаргана. гэж, Монгол Улсын стандарт MNS5488:2005-ын 8.8-д Үр хөндөлтийн тайланг сар бүр аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дүн бүртгэлийн албанд мэдээлнэ. гэснийг зөрчсөн болно. Нэхэмжлэгч нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14.4-д заасан Засаг дарга, эрх бүхий албан тушаалтан Хурлын төлөөлөгчийг ажлаас халах, чөлөөлөх, шилжүүлэх, өөрчлөх тохиолдолд саналаа тухайн шатны Хурлын Тэргүүлэгчдэд урьдчилан танилцуулж, зөвшилцсөн байна. гэж заасныг ажил олгогч Батсүмбэр сумын ИТХ-тай зөвшилцсөн асуудал байдаггүй гэжээ. БС-ЭМГ  дарга ажил олгогчийн хувьд ажлаас халах, томилох эрхтэй. Эмч Б.Н төрийн үйлчилгээний албан хаагч тул Төрийн албаны тухай хуулийн 11.5-д Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хална гэж зааснаас Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн заалтыг удирдлага болгоно гэж заагаагүй юм.

Б.Н нь ТБС-ЭМГ эмэгтэйчүүдийн эх барих их эмчийн албан тушаалд ажилладаг, энэ эмнэлэг нь түүний хувьдаа ашиг орлого олдог, хувийн эмнэлэг бус төрийн өмчит эмнэлэг юм. Нэхэмжлэгч төрд ажилласныхаа төлөө төрөөс цалин хөлс авдаг. Гэтэл төрд орох орлогыг зөвхөн өөртөө бэлнээр авч холбогдох дүрэм, журам, стандартыг зөрчсөн үйлдлийг нь хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан онц ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас халсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Б.Н-г Төв аймгийн БС-ЭМГ  Эх барих эмэгтэйчүүдийн их эмчийн албан тушаалд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвөөс ажилгүй байсан хугацаанд урьд нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 1 750 987 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Н-т олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар дээрх хугацааны олговроос зохих журмын дагуу нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ТБС-ЭМГ даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Н улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд, хариуцагч Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвөөс1 750 987 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 42 965 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. 

 

Хариуцагчийн өмгөөлөгч С.Сувдмаа нар давж заалдах гомдолдоо: “... Төв аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.06.15-ны өдрийн 00628 тоот шийдвэрийг хариуцагчийн өмгөөлөгч эс зөвшөөрч доорх үндэслэлээр давж заалдаж байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-т Шүүх хуралдааны ирцийг нарийн бичгийн дарга бүртгэж, ирээгүй этгээдэд мэдэгдэх хуудсыг гардуулан өгсөн эсэх, ямар шалтгаанаар ирээгүй болохыг даргалагчид илтгэн танилцуулна.Гэсэн заалтуудыг ноцтой зөрчсөн. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.3-т зааснаар зөвхөн нэхэмжлэгчийн шүүх хурал хийлгэх хүсэлтийг үндэслэн, урьд нь нэг ч удаа шүүх хурал хийж, хойшлогдож байгаагүй хэргийг шүүх хуралд хариуцагч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105.1, 105.2-т заасан хүсэлт гаргах, шинээр нотлох баримт өгөх боломжийг хязгаарлаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107.3-т зааснаар хариуцагч талыг нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ нотлох, нотлох баримт гаргах, мэтгэлзэх боломжийг нь олгохгүйгээр хэрэгт ганцаараа оролцсон нэхэмжлэгч талд хэт ашигтайгаар шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна.

Хариуцагч тал тухайн өдрийн шүүх хуралд яагаад цагтаа оролцоогүй талаар: Шүүх хариуцагч Н.Намжилмаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 99.1-т заасны дагуу шүүх хурлын товыг албан ёсоор мэдэгдэж гарын үсэг зуруулж баталгаажуулаагүй юм. Ийм баримт хавтас хэрэгт байхгүй. Өмгөөлөгч С.Сувдмаа надад шүүх хурлын товд 2018.06.08-ны өдөр гэж гарын үсэг зуруулсан. Харин шүүгчийн туслах Э.Туул нь өмгөөлөгчид надад Н.Намжилмаагийн утас нь ер холбогдохгүй байна. Та хүндээ мэдэгдээрэй гэж хэлсэн. Өмгөөлөгчид үйлчлүүлэгчдээ шүүх хурлын товыг мэдэгдэж, үүнийг үндэслэн шүүх мэдэгдсэн гэж тооцох талаар хуульд зааж өгсөн зохицуулалт байхгүй хуульчлаагүй. Өмгөөлөгч би зарыг тухайн үед хариуцагчид хэлэх гэсэн боловч Н.Намжилмаагийн утас нь ер холбогдохгүй байсан. Н.Намжилмаа нь өөрийн барьж байсан гар утсаа хаяж гээгдүүлсэн тул шүүхэд өгсөн номер нь өмгөөлөгчийг залгасан ч холбогдохгуй байсан. Харин шүүх хурлаас өмнө Н.Намжилмаа нь өөр номероос буюу 99754618 дугаараас өмгөөлөгч надруу залгахад нь би “чиний утас ер холбогдохгүй байна гээд шүүх хурлыг 2018.06.15-ны өдрийн 11 цагт хийх байсан цагийг 2 цаг 30 минутанд хийнэ гэж” цагаа андуурч хэлсэн байсан. Учир нь өмнө БС-ЭМГ  жолооч Пүрэвдожийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Намжилмаад холбогдох шүүх хурлын цагтай андуураад хэлчихсэн байсан. 2018.06.15-ны өглөө өмгөөлөгч С.Сувдмаа би Н.Намжилмаатай шүүх хурлаас өмнө хот ороод эмнэлэгт үзүүлэх номер дугаар авахаар явна хоёулаа 02 цагаас өмнө хотоос чиний машинтай цуг ирье гэж тохироод хоёр талаасаа хотод уулзахаар болсон. Өмгөөлөгч намайг хотод эмнэлэг дээр очер, номер авах гээд дугаарлан зогсож байхад шүүгчийн туслах Э.Туул та яасан бэ? хурал орох гээд байна гэж залгахад нь би 02 цаг 30 минутаас биш билүү гэж асуухад үгүй 11 цагаас орох ёстой гэж хэлсэн. Бид нэгэнт цагтаа очоогүй, Н.Намжилмаад шүүхээс албан ёсоор мэдэгдээгүй юм чинь хариуцагч талыг оролцуулахаар шүүх нэг удаа хурлыг хойшлуулах байх гэж бодсон чинь шүүх хурлыг яг тэр дороо хийчихсэн байсан. Ядаж энэ өдрөө 2 цаг хүртэл хойшлуулсан бол бид ирчихсэн байх байсан. Бид хотод байсан учир ирж амжих байсан. Н.Намжилмаад шүүх хурлын зарыг шуудангаар хүргүүлсэн гэж шүүх тайлбарлаж 2018 оны 06 дугаар сарын 12-ы өдөр шүүх шууданд хийсэн боловч шуудангаар хүргүүлсэн мэдэгдэл нь хариуцагчид шүүх хурлаас нэг хоногийн дараа буюу 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Батсүмбэр сумын шуудангийн хүн мэдэгдлийг өгч гарын үсэг зуруулсан байна. Энэ өдөр хариуцагч шуудангийн мэдэгдэх хуудсыг гардан авсан учир түүнийг явуулсан өдрөөс гарын үсэг зуруулсан мэдэгдсэн гэж үзэхгүй. Гэтэл анхан шатны шүүх хурлын тэмдэглэлд хариуцагчийн төлөөлөгч Н.Намжилмаад шүүх хурлын товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна гэж тэмдэглэгджээ:

2. Хариуцагч хариу тайлбартаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 12 дахь хэсгүүдийн чухам аль заалтыг баримталсан халсан, Батсүмбэр сумын бага эмч Аня нь Нандинцэцэгийг үр хөндөлт хийж хийсэн мөнгөө бэлнээр авсныг харсан, Нандинцэцэг үр хөндөж тэр хүн нь эмчид мөнгө өгч байгаа нотлох баримт болох диск байгаа гэдгээ маш дэлгэрэнгүй бичиж тайлбарласан байхад энэ талаар нотлох баримтыг асууж аваагүй, тийм боломжийг хариуцагчид олгоогүй байж шүүхийн шийдвэртээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-ийн алийг нь сонгосон нь ойлгомжгүй, үр хөндөлтийн төлбөрийн 75,000 төгрөгийг өөрөө авч, эрх мэдлээ хэтрүүлэн мөнгийг хувийн зорилгод ашигласан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна гэж дүгнэлт өгсөнийг хүлээн зөвшөөрөхгүй, ажил олгогч Хөдөлмөрийн хуультай давхар МХГ-ын албан бичгийг үндэслэсэн босгохоос дан ганц МХГ-ын дүгнэлтээр халах тушаал гаргаагүй. Хурлын төлөөлөгчийг ажлаас халахдаа энэ хуулийг баримтлан Хурлын тэргүүлэгчтэй зөвшилцөнө гэсэн зохицуулалт хөдөлмөрийн хуульд хуульчлаагүй.

Мөн бид шүүхэд гэрч оролцуулах, асуулгах хүсэлт гаргах, шүүх хурал дээр Нандимцэцэг эмч үр хөндсөн хүнээсээ мөнгө авч байгаа бичлэгийг үзүүлэхээр бэлдсэн байсан. Байгууллагын дарга журам боловсруулах хяналт тавих үүрэгтэй ч гэсэн. Б.Н төрөөс цалин авдаг, төрийн албан хаагч хүн Б.Н-г хувийн эмнэлэг биш төрөөс цалин авахын зэрэгцээ төр иргэдэд үйлчилсэн төлбөрөө зөвхөн өөртөө авч ашиглах нь зөв юм шиг шүүх түүний хууль бус үйлдлийг нарийн шалгаж: шүүх хуралд талуудын тайлбарыг сонсож шийдвэр гаргахын оронд зөвхөн нэхэмжлэгчийн өөрсдийн нь өгсөн мэдүүлгээр дан ганц байгууллагын даргад бүх бурууг тохож жинхэнэ хууль бус үйлдэл хийсэн төрийн албан хаагчийн үйлдлийг дэмжин өөгшүүлсэн, хайцаалсан хэт нэг талд ашигтайгаар шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна. Иймд Төв аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.06.15-ний өдрийн 00628 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийг гэрч оролцуулах, нотлох баримт өгөх, шүүхийн шатанд мэтгэлцэх зарчмыг хангуулах үүднээс хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.  

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Б.Н нь Төв аймгийн БС-ЭМГ  даргын 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/18 дугаар ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилохыг даалгуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх” тухай нэхэмжлэлийг хариуцагч ТБС-ЭМГ холбогдуулан гаргасан байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч С.Сувдмаа нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр давж заалдах журмаар гомдол гаргасан байх боловч хариуцагч байгууллагын төлөөлөгч буюу БС-ЭМГ дарга Ц.Бадамханд нэхэмжлэгчийг анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилж, шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн, гомдлоосоо татгалзаж байгаа тухай хүсэлтээ давж заалдах шатны шүүх хуралдааны хүсэлт шийдвэрлэх шатанд илэрхийлж баримт, хүсэлтээ ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч давж заалдах шатны шүүх хуралдааны хүсэлт хянан шийдвэрлэх шатанд хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө гомдлоосоо татгалзсан бол шүүх хэрхэн шийдвэрлэхийг шууд зохицуулаагүй ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчмыг ханган, шүүх хөндлөнгийн байх зарчмыг хэрэгжүүлж давж заалдах гомдлоосоо татгалзах тухай хэргийн оролцогчийн хүсэлтийг шүүх хүлээн авах эсэхийг шийдвэрлэхийг хуулиар хориглоогүй болно.

 

Иймд давж заалдах гомдлоосоо татгалзах тухай хариуцагч Төв аймгийн БС-ЭМГ  дарга Ц.Бадамхандын хүсэлтийг хүлээн авч, хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Хариуцагч төсвийн байгууллага бөгөөд давж заалдах гомдол гаргахад хуулиар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх байтал 43 000 төгрөг төлснийг буцаан олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Нэхэмжлэгч Б.Б-н нэхэмжлэлтэй, хариуцагч ТБС-ЭМГ холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Төв аймгийн Иргэний хэргийн анхан шатны 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 151/ШШ2018/00628 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гаргасан гомдлоосоо хариуцагчийн төлөөлөгч Ц.Бадамханд давж заалдах шатны шүүх хуралдаан дээр татгалзсан хүсэлтийг хангасугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төв 2018 оны 07 дүгээр сарын 06-ны өдөр Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 дугаар дансанд давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43 000 төгрөгийг  шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Т.ЭНХМАА

           

                        ШҮҮГЧИД                                                          Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                                                               Ц.ӨРНӨНДЭЛГЭР