| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2021/03619/И |
| Дугаар | 183/ШШ2022/00470 |
| Огноо | 2022-02-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 183/ШШ2022/00470
2022 оны 02 сарын 25 өдөр Дугаар 183/ШШ2022/00470 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
УДИРТГАЛ ХЭСЭГ
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ....... тоот хаягт байрлах А СӨХ /0000000/
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ............ тоот хаягт оршин суух М овогт Ц.Д /0000000/
Нэхэмжлэлийн шаардлага: Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний төлбөрт 4 974 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А,
Хариуцагч Ц.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А СӨХ нь Ц.Д-д холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний төлбөрт 4 974 200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: А сууц өмчлөгчдийн холбоо /цаашид СӨХ/ нь Хан-Уул дүүргийн ........... 01, 01а, 01б байр болон И хотхоны 00а, б, в, гэрээ, д байрны нийт оршин суугчдын төлөөлөл болж ажилладаг. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т сууц өмчлөгч дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох үүрэгтэй, Иргэний хуулийн 148.2.3-т дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй гэж заасан байна. Гэвч сууц өмчлөгч 00в байрны 00 тоотод оршин суух Ц.Д нь 2019 оны 01 дүгээр сараас эхлэн СӨХ-д төлөх ёстой төлбөрөө төлөхгүй, хуулиар хүлээсэн үүргээ зөрчиж байна. Тус хотхоны оршин суугчид нь 2018 оны 8 дугаар сараас А СӨХ-д нэгдсэн. Анх Төрийн банканд нэхэмжлэх үүсгэгдэхгүй, Голомт банкны 000000000 тоот дансанд төвлөрүүлэн авдаг байсан бөгөөд өмнөх СӨХ-ны асуудал хуулийн байгууллагаар шийдэгдэж, 2020 оны 5 дугаар сараас Төрийн банканд нэхэмжлэл үүссэн болно. 2019 оны 01 дүгээр сараас 2020 оны 4 дүгээр сар хүртэлх 16 сарын СӨХ-ны төлбөр болох 2 340 800 төгрөг, Төрийн банкны нэхэмжлэхтэй 2 633 400 төгрөг, нийт 2019 оны 01 дүгээр сараас 2021 оны 10 дугаар сар хүртэлх 4 974 200 төгрөгийг хариуцагч Ц.Д-аас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд татгалзлаа дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: А СӨХ албан ёсоор ажиллаж байгаа 01а, 01б гэх байрууд болон И хотхоны зургуудыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн. А СӨХ манай И хотхонд албан ёсоор байгуулагдсан СӨХ биш болох нь Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газраас ирүүлсэн материалаас тодорхой байна. Анх 2016 онд энэ СӨХ байгуулагдахдаа 01, 01а, 01б гээд есөөс арван нэгэн давхар өндөр 3 блок, 38 айл бүхий байран дээр авсан зөвшөөрлөөр манай хотхонд ирж, 2019 оны 01 дүгээр сараас хойш оршин суугч бидний эрхэнд халдаж, СӨХ-ны төлбөрийг төлсөнгүй гэж айл болгоны хаалга дээр бичиг наадаг болсон. 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гэрчилгээг авсан байна. Энэ гэрчилгээг авахдаа 01а, 01б байранд бүрдүүлсэн шиг бүх иргэд гарын үсэг зураад оролцоно гэж бодтол тийм материал байгаагүй. Засаг дарга юуг үндэслэж гэрчилгээ өгсөн, ямар аргаар гэрчилгээ олж авсан бэ гэдэг ойлгомжгүй, СӨХ-нд ямар нэгэн төлбөр, гэрээ хийсэн зүйлгүй байхгүй атлаа хоорондоо уулзахгүй байгаа байдлаар нь далимдуулж айл айлаар дамжиж байхгүй айлуудыг дарамталж мэхлээд байна. Би энэ төлбөрийг төлөхгүй. Д.А гэдэг нэрээр 2018 оны 8, 9 дүгээр сард мөнгө авсан гэдэг баримт байна. Хувь нэрийн данс руу төлбөр төлөхгүй гээд дахин төлөөгүй. Миний хувьд ямар нэгэн гэрээ хэлцэл, төлбөр үйлчилгээг төлөх үүрэг хүлээлгэсэн ямар ч баримт байхгүй. Орон сууцны нийтийн өмчлөлийн төлбөр гээд байгаа боловч 9 давхарт амьдардаг, лифт ашигладаг байсан бол цэвэрлэгээ үйлчилгээний төлбөрийг өгөх нь зүйн хэрэг. Гэтэл манай байшин бол хаус буюу гэрийнхээ гадаа машинтайгаа граж руугаа ордог. Манай хотхоны 22 айл А СӨХ-ыг баталлаа гэсэн бол би олноо дагаад явах байсан. Гэвч 22 айлыг төлөөлсөн ямар нэгэн зүйл байхгүй. 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 46/08 дугаартай удирдах зөвлөлийн тогтоолоор 4 айлын гарын үсэг л байна. Бүгд цугларч чадахгүй, тус байрандаа байхгүйгээс болж нэг нэгээрээ шүүхэд дуудагдаж байна. Манай 22 айлын оршин суугчид орсон материал байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс: А СӨХ-ны гэрчилгээ, Төрийн банк ХХК-ийн тооцооны хүснэгт, Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэхүүд, 2022.01.22-ны өдрийн итгэмжлэл, 2022.01.22-ны өдрийн итгэмжлэл, 2018.10.02-ны өдрийн 07/18 дугаартай А СӨХ-ны Удирдах зөвлөлийн хурлын тогтоол, А СӨХ-ны 19/04 дугаартай гэрчилгээ, А СӨХ-ны Голомт банк ХХК-ийн дансны хуулга зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 3-6, 83-85, 89-00 ху/
Хариуцагчаас: Хан-Уул дүүргийн ............ тоот хаягт байршилтай 110 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ц.Д-ын байнга оршин суугаа хаягийн лавлагаа зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 31-32 ху/
Хариуцагчийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас А СӨХ-ны 16/08 дугаартай гэрчилгээ, 2016.04.14-ний өдрийн Бүртгэлийн комисс гэх хүснэгт, 2016.01.13-ны өдрийн 16/ дугаартай өргөдөл, 2016.01.13-ны өдрийн 16/003 дугаартай А СӨХ-ны хяналтын зөвлөлийг томилсон тухай хурлын тогтоол, А СӨХ-ны хяналтын зөвлөлийн товч анкет гэх хүснэгт, А СӨХ-ны удирдах зөвлөлийн товч анкет гэх хүснэгт, 2016.01.13-ны өдрийн 16/001 дугаартай А СӨХ байгуулах тухай хурлын тогтоол, 2016.01.13-ны өдрийн 16/001 дугаартай А СӨХ байгуулах тухай хурлын протокал, А СӨХ-г байгуулахыг зөвшөөрсөн айлуудын нэрс бүхий хүснэгт, 2016.04.25-ны өдрийн 16/009 дугаартай А СӨХ-ны хяналтын зөвлөлийн хурлын тогтоол, 16/004 дугаартай А СӨХ-ны захирлыг сонгох тухай хурлын тогтоол, 2015.04.25-ны өдрийн 16/006 дугаартай А СӨХ-ны бүх гишүүдийн хурлын тогтоол, 2015.04.25-ны өдрийн 16/007 дугаартай А СӨХ-ны бүх гишүүдийн хурлын тогтоол, 2015.04.25-ны өдрийн 16/008 дугаартай А СӨХ-ны бүх гишүүдийн хурлын тогтоол, СӨХ-ны үлгэрчилсэн дүрэм, 2015.02.23-ны өдрийн 2015/110 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт, 2016.04.20-ны өдрийн Хог хаягдлыг ачиж, тээвэрлэх гэрээ, А СӨХ-ны 19/04 дугаартай гэрчилгээ, Удирдах зөвлөлийн гишүүний анкетууд, 2018.03.02-ны өдрийн 02/18 дугаартай А СӨХ-ны УЗХурлын тогтоол, СӨХ-ны дүрэм, 2018.02.25-ны өдрийн 01/18 дугаартай А СӨХ-ны УЗХурлын тогтоол, 2018.09.28-ны өдрийн 46/18 дугаартай А СӨХ-ны УЗХурлын тогтоол зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна. /хх 35-77 ху/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч А СӨХ нь хариуцагч Ц.Д-д холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний төлбөрт 4 974 200 төгрөг гаргуулахаар шаардсанаас 4 201 400 төгрөгийг хангаж, үлдэх 674 800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч А СӨХ нь Хан-Уул дүүргийн ........... А хотхоны 01, 01а, 01б байр болон И хотхоны 00а, б, в байрыг хариуцан ажилладаг бөгөөд Ц.Д-аас СӨХ-ны төлбөрт 2019 оны 01 дүгээр сараас 2021 оны 10 дугаар сар хүртэлх 4 974 200 төгрөгийг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, Иргэний хуулийн 148.2.3-т дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй гэж заасны дагуу шаардах эрхтэй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна.
3. Хариуцагч Ц.Д нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд И хотхоны оршин суугчид СӨХ байгуулах тухай бүх гишүүдийн хурал хийгээгүй, А СӨХ-г А хотхоны 01, 01а, 01б байрны бүх гишүүдийн хурлаар үүсгэн байгуулсан СӨХ учир И хотхоны оршин суугчийн хувьд А СӨХ-д төлбөр төлөх үндэслэлгүй. Тус СӨХ-ны гэрчилгээнд И хотхон гэж тэмдэглэгдсэн нь хууль бус байна. Нөгөө талаас И хотхон нь нийтийн зориулалттай орон сууцны хотхон биш, амины орон сууцнууд байдаг тул СӨХ ажиллах шаардлага байхгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн А СӨХ-ны 16/08 дугаартай гэрчилгээ, 2016.04.14-ний өдрийн Бүртгэлийн комисс гэх хүснэгт, 2016.01.13-ны өдрийн 16/ дугаартай өргөдөл, 2016.01.13-ны өдрийн 16/001 дугаартай А СӨХ байгуулах тухай хурлын протокол, А СӨХ-г байгуулахыг зөвшөөрсөн айлуудын нэрс бүхий хүснэгт, 16/004 дугаартай А СӨХ-ны захирлыг сонгох тухай хурлын тогтоол, 2015.04.25-ны өдрийн 16/006 дугаартай А СӨХ-ны бүх гишүүдийн хурлын тогтоол зэрэг баримтаар А СӨХ нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо А 01 а, б, И-00а, б, в, г, д байрнуудын дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээг хариуцан ажиллахаар 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгүүлж Дүүргийн Засаг дарга гэрчилгээ олгосон болох нь тогтоогдож байна.
Зохигч, хариуцагч Ц.Д Хан-Уул дүүргийн ..........., И хотхоны 00в байрны 0 тоот орон сууцны өмчлөгч мөн эсэх талаар маргаангүй, харин Хан-Уул дүүргийн .............., И хотхоны 00а, б, в, г, д тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай амины орон сууцнууд А СӨХ-д харьяалагддаг эсэх талаар маргаантай.
5. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3 дахь хэсэгт сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд хуульд заасны дагуу оролцох үүрэгтэй байхаар тус тус зохицуулсан.
Хариуцагч Ц.Д нь нэхэмжлэгч А СӨХ-ны И хотхоны 00в байрны, 0 тоотын өмчлөгч мөн эсэх талаар маргаангүй байх тул нэхэмжлэгч А СӨХ нь дээрх хуульд зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Хариуцагчийн Хан-Уул дүүргийн ........., И хотхоны 00а, б, в, г, д тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай амины орон сууцны засвар үйлчилгээг А СӨХ хариуцдаггүй, И хотхоны оршин суугчид дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээг А СӨХ-д хариуцуулахаар хуралдаагүй гэх татгалзал хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл, 2019.01.21-ний өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргаас А СӨХ-д олгосон 19/04 дугаартай гэрчилгээнд И-00а, б, в, г, д байрнууд гэж тэмдэглэгдсэн, мөн хэрэгт авагдсан А СӨХ-ны Удирдах зөвлөлийн хурлын 2018.09.28-ны өдрийн 46/18 дугаартай тогтоолоор 2018.09.26-ны өдрийн И хотхоны оршин суугчдын хурлын протоколыг үндэслэн удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлийн гишүүнийг томилсон, Голомт банкин дахь 000000000 дугаарын дансанд 2018.11.19, 2018.12.18-ны өдрүүдэд Ц.Д-аас 10 дугаар сар, 11 дүгээр сар гэх утга бүхий 146 300 төгрөг шилжүүлсэн зэрэг үйл баримтыг нэгтгэн дүгнэвэл хариуцагчийн И хотхоны дундын өмчлөлийн засвар үйлчилгээг А СӨХ хариуцдаггүй гэх татгалзал татгалзал үгүйсгэгдэж байх тул төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангах үндэслэлтэй.
Тодруулбал, А СӨХ-ны гэрчилгээ 2019.01.21-ний өдөр олгогдсон байх тул төлбөр нэхэмжлэх эрх 2019 оны 02 дугаар сараас үүснэ гэж үзнэ. Иймээс хариуцагчийн 2018 оны 10, 11 дүгээр сарын СӨХ-ны зардалд төлсөн 292 600 төгрөгийг хасаж үлдэх төлбөрийг А СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2018.10.02-ны өдрийн 07/18 дугаар тогтоолд дурдсанаар 1 сарын зардлыг 143 500 төгрөгөөр тооцож, 2019 оны 02 дугаар сараас 2021 оны 10 дугаар сар хүртэл хугацааны төлбөрт 4 201 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 674 800 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
6. Шүүх, 2022.01.19-ний өдрийн 183/ШЗ2022/01237 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн Т.Мөнхбаяраас гэрчийн мэдүүлэг авхуулах хүсэлтийг ханган шийдвэрлэсэн боловч шүүх хуралдаанд хариуцагч уг хүсэлтээсээ татгалзсан болохыг тэмдэглэв.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангасан тул хангасан үнийн дүнгийн хэмжээгээр зохигчдод хуваан хариуцуулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар хариуцагч Ц.Д-аас 2019 оны 2 дугаар сараас 2021 оны 10 дугаар сар хүртэлх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний төлбөрт 4 201 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 674 800 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч А СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 94 537 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Д-аас 83 740 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А СӨХ-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭНХЦЭЦЭГ