| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2024/0438/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/460 |
| Огноо | 2024-06-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Түвшинбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 2024/ШЦТ/460
2024 06 11 2024/ШЦТ/460
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Будмаа,
улсын яллагч Н.Түвшинбаяр,
шүүгдэгч Б.П /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ............................ овогт Б.Пд холбогдох эрүүгийн 2311 00371 1694 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
................... овогт Б.П, регистрийн дугаар .................................,
Монгол Улсын иргэн, 1991 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар ..........................оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо ................................................. тоотод түр оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.П нь 2023 оны 01 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эбо” төвийн зочид буудлын 305 тоот өрөөнд иргэн Б.Н үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж зодон эрүүл мэндэд нь хамрын нурууны хугарал, зүүн доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.П нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Нямсүрэн намайг дуудхаар нь би очсон чинь нэг эмэгтэйтэй хамт байсан. Гэтэл тухайн эмэгтэйн хажууд өөрийгөө атман мэт харагдуулах гээд надад томроод байсан. Би найзыгаа цохисон нь үнэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна ...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Б.Н “...Би Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд эхнэр 2 хүүхдийнхээ хамт амьдардаг. Би ер хувиараа машин тэрэг янзалдаг ажил хийдэг юм. 2023 оны 01 дугаар сарын 21-ний өдөр би Мөнхжаргал гэж танилцсан эмэгтэйтэй Чингэлтэй дүүргийн "ЭБО" нэртэй зочид буудалд ороод архи уусан. Оройхон нь манай найз Пүрэвжав надтай утсаар ярьж байгаад миний байрлаж байгаа зочид буудалд ганцаараа ирсэн. Ингээд Пүрэвжав бид хоёр архи уусан ба доошоо бууж караокед дуулж байгаад эргэж буудалдаа орсон. Буудалдаа ороод би Пүрэвжавтай юунаас болсон юм бүү мэд муудалцаад барилцаад авсан. Тэгсэн чинь л Пүрэвжав учиргүй миний нүүр хамар уруу цохиод цус нөжтэй холиод хаясан. Энэ үед манай эхнэр ирээд цагдаа сэргийлэх болсон. Тэр шөнө Пүрэвжав эрүүлжүүлэхэд хоносон. Би гэмтлийн эмнэлэг явж толгойны зураг авахуулсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-31 дүгээр тал/,
Гэрч У.Мийн “...2023 оны 01 дүгээр сарын 21-ний шөнө манай нөхөр хаана байгаа нь мэдэгдэхгүй утсаа авахгүй байхаар нь байршил тогтоогчоор нь Чингэлтэй дүүргийн "ЭБО" төв гэсэн зочид буудалд байхад нь олж авсан. Намайг ороход манай нөхөр Нямсүрэн багийнхаа найз Пүрэвжавтай хамт шал согтуу байсан ба Пүрэвжав нь манай нөхрийг аймаар зодчихсон хамраас нь цус гараад мурийчихсан байсан. Тэгэхээр нь би цагдаа дуудаж Пүрэвжавыг бариулсан. Би тэр шөнө нөхрийгөө авч явж Гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Намайг очиход Пүрэвжав болон манай нөхөр хоёр байсан өөр нэг эмэгтэй байсан шиг санагдаж байна. Манай нөхөртэй ямар ч хамааралгүй юм билээ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дүгээр тал/,
Гэрч Д.Мийн “...Би 2023 оны 01 дүгээр сарын 21-ний 11 цагаас 2023 оны 01 дүгээр сарын 22-ны 12 цаг хүртэл хугацаанд “ЭБО" төвийн зочид буудалд хүлээн авагчаар хонож ажилласан. Намайг ажиллаж байх хугацаанд өдөр 20 цагийн үед нэг үл таних залуу нэг эмэгтэйн хамт манай зочид буудлын 305 тоот 2 ортой өрөөнд 95.000 төгрөг төлөөд орсон. Ингээд оройхон тэр хоёр хүн дээр гаднаас нэг намхан бор залуу орж ирсэн ба тэр хүмүүс өрөөндөө архи ууцгаасан. Ингээд шөнө 01 цагийн үед 305 өрөөнд хүмүүс зодолдоод байна дотроос нь цоожилчихсон байхаар нь өөрт байдаг түлхүүрээр хаалгыг онгойлгоод ортол хоёр залуу зодоон хийсэн бололтой түрүүлж орсон залуугийн хамраас нь цус гарчихсан эхнэрээ дуудсан, цагдаа дуудсан гэж хэлсэн. За цагдаа ирэх юм бол учраа олно биз гээд тэр өрөөнөөс гарсан. Энэ асуудал 01 цагийн үед болсон ба удалгүй хамраа цохиулсан залуугийн эхнэр нь цагдаагийн хамт ирээд цагдаа нар тэр 2 залууг аваад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-50 дугаар тал/,
Гэрч Ж.Бийн “...Пүрэвжав нь миний нөхөр байгаа юм бид хоёр дундаасаа нэг хүүхэдтэй. Гэрлэлтийн баталгаагүй хамтран амьдрагч байгаа юм. Нямсүрэн нь манай нөхрийн ангийнх нь хүүхэд байгаа юм. Би ганц, нэг удаа л зүс харж байснаас сайн танихгүй. Би ийм хэрэг болсон талаар сонссон ба тэгээд манай нөхөр Нямсүрэн хоёр хоорондоо эвлэрээд хэрэг нь хаагдсан гэж бодсон. Би тухайн үед хамт байгаагүй болохоор яг нөхөр Пүрэвжав хэлэхдээ би юу болсныг мэдэхгүй байна. Сүүлд манай Нямсүрэнтэй буудалд маргалдаад зодоон хийгээд тэгээд цагдаа сэргийлэх ирсэн гэж хэлсэн өөр онц юм яриагүй өнгөрсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Дугаар 1964 тоот дүгнэлтэд: “Б.Нд хамрын нурууны хугарал, зүүн доод зовхинд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтов. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон хугацаанд үүссэн байна. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ /хавтаст хэргийн 60-61 дүгээр тал/,
Иргэний нэхэмжлэгч Д.Гийн: “...Боржигон овогт Бямбацэрэнгийн Нямсүрэнгийн /РД:ЖИ89032814/ нь 2023 оны 01 дүгээр сарын 22-нд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гэмтлийн яаралтай тусламж 161.000 төгрөгний зардал гарсан байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Дөрвөд далай хаан овогт Б.Паас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дугаар тал/,
Шүүгдэгч Б.Пын “...Би Сэлэнгэ аймгийн Мандал сум 6 дугаар баг Баянхангай 167 тоот хаягт үндсэн оршин суух хаягтай боловч тухайн хаяганд дээрээ амьдардаггүй Улаанбаатар хотод энд тэнд түрээсийн байраар хэсэж эхнэр хүүхдийнхээ хамтаар амьдардаг юм. Би жүжигчин мэргэжилтэй бөгөөд энэ мэргэжлийнхээ дагуу БНХАУ-ын Эрээн хотод андууд баар гэх газруудад урлагын тоглолт хийх гэх мэтээр амьдардаг юм. Миний үйлдсэн хэрэг гэвэл би 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр би тэр үед хувиараа онлайн шопт хүргэлтээр хүргэдэг ажил хийдэг байхад манай 10 жилийн ангийн хүүхэд болох Нямсүрэн надтай гар утсаар ярьсан бөгөөд би Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байдаг ЭБО төв гэх газрын зочид буудалд байна намайг хүрээд ирээч гээд дуудсан юм. Би тухайн үед өөрийнхөө барьж явж байсан автомашинаар ЭБО төв гэх газарт нь явж очоод Нямсүрэнгийн байна гэсэн буудлын тоот өрөөнд нь орох үед Нямсүрэн архи уучихсан нилээн халамцуу байдалтай байсан ба бас нэг миний өмнө харж байгаагүй эмэгтэйтэй хоёулахнаа байж байсан юм. Би тэр өрөөнд ороод уулзаад байж байтал Нямсүрэн надтай цуг архи ууна гээд байсан бөгөөд би автомашинтай явж байгаа гэж хэлтэл намайг ойрд уулзаагүй юм байж гэх мэт зүйлс хэлж намайг ятгаж би тэнд байсан хоёртой цуг хамт архи хувааж ууж суусан юм. Би тэр хоёртой хамт архи хувааж ууж байгаад ЭБО төвийнх нь доод давхарт караокед орж ууж дуулж суусан юм. Бид нар буцаад хамт буудлын өрөөндөө орж дахин хамт архи хувааж уугаад суусан ба сууж байх үед Нямсүрэн өөрийгөө 10 жилд сурдаг байх үедээ атаман байсан гэж хэлээд надад томроод байсан ба тэрний дараа удалгүй намайг зүгээр сууж байтал миний шилэн хүзүү хэсэгт 2 удаа цохиод авсан ба тэр үед нь нээх тоолгүй орхичихсон ба удалгүй надруу томроод цуг явж байсан хүүхнийхээ хажууд эвгүй байдалд оруулаад байхаар нь би за найзаа одоо боль гэж хэлээд би Нямсүрэнтэй маргалдсан юм. Тэр үедээ би Нямсүрэнгийн нүүр хэсэгт 2 удаа гараараа цохисон ба Нямсүрэн цохиулсных нь дараанаас хамраас нь цус гарч байсан. Тэрний дараа Нямсүрэн бид хоёр хэрэлдэж маргалдхаа болиод учраа олоод байж байтал Нямсүрэнгийн эхнэр болох Марал- Эрдэнэ нь бид хэдийн байсан зочид буудлын өрөөнд ороод ирсэн. Тэгээд эхнэр нь намайг нөхөр зодсон гэж элдэв үгээр доромжилж байгаад цагдаа дуудсан ба цагдаа нар удалгүй хүрч ирээд намайг авч явж эрүүлжүүлэх байранд хонуулсан юм ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 69-71 дүгээр тал/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 79 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 74 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.
Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Б.П нь 2023 оны 01 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эбо” төвийн зочид буудлын 305 тоот өрөөнд иргэн Б.Н үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж зодон эрүүл мэндэд нь хамрын нурууны хугарал, зүүн доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Б.Н мэдүүлэг /хавтаст хэргийн 29-31 дүгээр тал/, гэрч У.Марал-Эрдэнийн мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дүгээр тал/, гэрч Д.Мөнхцэцэгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 48-50 дугаар тал/, гэрч Ж.Бадмаарагийн мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дугаар тал/, Иргэний нэхэмжлэгч Д.Ггийн мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Дугаар 1964 тоот дүгнэлт /хавтаст хэргийн 60-61 дүгээр тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл маргаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Б.Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.П үл ялиг зүйлээр шалтаглан хохирогчийн биед хамрын нурууны хугарал, зүүн доод зовхинд цус хуралт бүхий гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь хохирогч, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдох бөгөөд гэм буруугүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй ...” гэсэн санал, дүгнэлт гаргасан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Шүүх шүүгдэгч Б.Пд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн/ зэрэг нөхцөл байдлуудыг тус тус харгалзан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулж шийдвэрлэлээ.
Бусад асуудлын талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Н нь өөрт учирсан гэм хорын хохирлыг баримтаар гаргаж шүүгдэгчээс нэхэмжлээгүй бөгөөд хохирогчид шүүх хурлын тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргасан тул шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчийн зүгээс шинээр гаргаж өгсөн нотлох баримтаар шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгч Д.Ггийн нэхэмжилсэн 161.000 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Төрийн сангийн 100900020080 тоот дансанд тушаасан болох нь Хаан банкны шилжүүлгийн мэдээллээр нотлогдож байх тул,
Шүүгдэгч Б.Пыг иргэний нэхэмжлэгч Д.Г болон хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ........................ овогт Б.Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ